Энэтхэг, ХП, Дармасала - Дээрхийн Гэгээнтэн Далай Лам "Та бүхэнтэй мэндчилье" хэмээн айлдаад Тайваний сүсэгтнүүдэд зориулсан Богд Зонховын ‘Сайтар номлолын шим’ номын тайлбарын 3 дахь өдрийн айлдвараа эхэллээ.
“Билгүүний зүрхэн судар”-ын төгсгөлд "Бодьсадвын явдлаар явах болтугай" гэж гардаг. Магадгүй зүгээр нэг ерөөхөөс илүү зориг шийдэмгийгээр “Бодьсадвын явдлаар явъя” гэж бодох нь зүйтэй болов уу.”
“Хэдийгээр та хоосон чанарын талаар гүн гүнзгий мэдлэг туршлагатай ч энэ нь мэдэгдэхүүний түйтгэрт тулгарч буй саад бэрхшээлийг даван туулах боломжгүй. Үүний тулд таньд бодь сэтгэл хэрэгтэй. ‘Төвд орохуй’ номонд энэрэл нигүүлслийг зохих ёсоор үнэлсэн байдаг. Гэгээрлийн эхнийшатны энэрэл нигүүлсэл нь бурханы хутагт хүрэх үндэс юм. Дунд шатанд нигүүлсэл нь бодь сэтгэлийг нэмэгдүүлдэг хүчин зүйл бөгөөд та бурханы хутагт хүрэх үед энэ нь таны туйлын зорилгодоо хүргэж буй хэрэг билээ.”
“Бодь сэтгэлийг хоосон чанарыг ухаарсан билиг билгүүнтэй хослуулснаар та бүх нисваанисын түйтгэр, мэдэгдэхүүний түйтгэр зэрэг саад бэрхшээл, зовлонт сэтгэл хөдлөл бүрийг даван туулах болно. Та амьтад зовж шаналж байгааг хараад тэвчихгүй бөгөөд тэдэнд туслахаар ажиллах болно.”
“Бид сургаалыг үргэлжлүүлэн уншина. Сургаалын төгсгөлд свантантрика төв үзлийг дагагчдын нотолгоонууд, дараа нь прансангика төв үзлийн нотолгоонуудыг тус тус тайлбарласан байна. БогдЗонхов Бурхан Багшийн “Шүтэн барилдахуйн магтаал”–д бид шүтэн барилдлагыг ухаарч чадвал хэт туйлширсан үзэл бодолд автахгүй байж чадна гэж айлдсан байдаг. Шүтэн барилдаж гарахуйн онолнь Бурхан Багшийн хамгийн чухал сургаал юм.”
Дээрхийн Гэгээнтэн, ловон Чандракирти ‘Төвд орохуй’ номондоо хэрэв аливаа зүйлс бодитой оршин тогтнодог байсан бол учир шалтгааны зөрчил үүсэх дөрвөн логикийг тайлбарласныг дурдав. Хэрэв юмс үзэгдэл өөрийн мөн чанараар бүтсэн ахул Хутагтын хоосон чанар дээрх тэгш агуулахуйн билиг оюун нь юмс үзэгдлийг үгүйсгэхэд хүрнэ, мөн өөрийн мөн чанараар бүтэх аваас аливаа зүйлийн мөн чанарын талаархи эцсийн дүн шинжилгээнд олдоход хүрнэ гэх зэрэг ойлголтууд болохыг товч тайлбарлав.
Дээрх Дээрхийн Гэгээнтэн өдөр бүр бясалгахдаа эдгээр дөрвөн зүйлийг эргэцүүлэн боддог тухайгаа айлдлаа. Тэрээр үргэлжлүүлэн хувь хүний бодол, ухамсар нь бүх зүйлсийг ямар нэгэн бодитой, бие даасан оршихуйтай мэтээр санадаг. Таны сэтгэлд хоосон зүйл гарч ирэхэд түүнийг үгүйсгэхийг хүсч байгаа бол энэ нь та тухайн зүйл хэрхэн оршиж байгаа талаар нягталж байгаа хэрэг юм.
1) Хутагт нь аливаа зүйлст өөрийн мөн чанар байгаа эсэхийг нягталсны дараа түүний оюун билиг юмс бүхэн хоосон чанартайг ойлгож мэддэг. Хэрэв юмст өөрийн мөн чанар байсан бол Хутагтын оюун ухаан тэднийг олох ёстой. Юмс үзэгдэл бүхэн ямар нэгэн өөрийн мөн чанартай байсан бол Хутагтын хоосон чанарын тэгш агуулах билиг оюун нь юмс үзэгдлийг үгүйсгэхэд хүрэх учир энэ нь зохисгүйд хүрэх юм.
Хэрэв өөрийн билэг чанарыг шүтэх болвоос
Түүнийг үгүйсгэснээр бодит зүйлүүд эвдрэх тул
Хоосон чанар юмсыг эвдэхүйн уг шалтгаан болвоос
Тэр нь зохисгүй, тиймийн тул бодит бус
2) Хэрэв юмс бусад зүйлээс үл хамаарах өөрийн мөн чанартай байсан бол эцсийн дүн шинжилгээнднотлогдох ёстой. Хэрэв бид жинхэнэ бодит байдлыг үзүүлж чадвал эцсийн дүн шинжилгээгээр нотлох хэрэгтэй болно. Гэсэн хэдий ч егүзэрба нар үүнийг үзүүлэх ямар ч зүйлийг олоогүй. Доод тогтсон таалалууд өөрсдийгөө тодорхойлсон шинж чанар бүхий хүчин төгөлдөр танин мэдэхүй байх ёстой гэж үздэг. Хэрэв ийм тохиолдол байсан бол тэр объект эцсийн шинжилгээгээр нотлогдох байсан. Үнэндээ өөрийн мөн чанараараа оршин тогтнох объект гэж байдаггүй.
Алины тул бодит эдгээрийг нэн ажиглаваас
Тэр ямагт мөн чанарт бодитоос нааш дор
Оршихуй олдох бус, тиймийн тул ертөнцийн
Томъёололын үнэнд нэн ажиглалыг бүү үйлд
3) Хэрэв дотоод мөн чанартай юмс нь шалтгаанаас үүдэлтэй бол эцсийн үнэмлэхүй утгын үгүйсгэл ч буруудахад хүрнэ.
4) Бурхан Багшийн юмс үзэгдлүүд нь өөрийн мөн чанараар хоосон гэх сургаал үнэн биш болно.
Тэр ямагтын ухаан алин нэгнээр
Өөр ба бусдаас үүсэх зохистой бусын
Тэрхүү ухаанаар томъёололд ч зохистой бус аваас
Таны үүсэл алин бээр мөн болох вэ
“Аливаа юмст өөрийн гэсэн мөн чанар гэж байдаггүй, нэр томьёололын төдий зүйл юм. Тэдгээр нь нөхцөл шалтгаанаас хамаарч үүсдэг. Дүрсийн хоосон чанарын тухай ярихад физик зүйл ба дүрсийг шинжлэн судалбал мөн чанар нь хоосон болохыг олж мэднэ.”
"Эдгээр дөрвөн логик төөрөгдлийг Богд Зонховын ‘Сайтар номлолын шим’ болон ‘Их бодь мөрийн зэрэг’-ийн тусгай ойлголтын хэсэгт тайлбарласан билээ.”
“Аливаа зүйлс нь зөвхөн бидний бодол санаа, хэл яриа, үзэл баримтлалаар тодорхойлогддог. Хоосон чанарын ойлголт нь юмс үзэгдлийг хоосон болгодоггүй – юмс үзэгдэл нь угийн хоосон чанартай гэдгийг нотлож байгаа хэрэг юм. Бүх зүйлс өөрийн мөн чанараараа хоосон билээ. Тэдгээр нь бусадзүйлээс хамаарч оршдог тул хоосон чанартай гэж үздэг. Энэ бол Богд Зонховын энэхүү номонд дурдсан гол санаануудын нэг юм.”
“Төвд орохуй” номонд ’Бодьсадва нар анхдугаар газарт хүрэхэд ширвага, брадига нарыг язгуур үндсийн сүрээр дардаг гэж заасан юм. Харин долоо дахь газарт хүрч ирэхэд оюун ухаанаараа (билиг билгүүнээр) тэднийг давна. Ловон Чандракирти үүнийг өөрийн тайлбартаа ширрвага, брадигахутагтууд хоосон чанарыг шууд ухаардаг гэж нотолсон юм.”
“Бодьгалын би үгүй”-г ерөнхий ойлголтоор ухамсарлах нь бодит оршин тогтносон бодьгалтай зууралдах явдлыг арилгахад тодорхой хэмжээгээр тус болох боловч энэ нь буддын шашны бус уламжлалуудтай адил бүх нисваанисыг дарж чадахгүй.”
“Бодьгалын “Би үгүй”-г сайтар ухамсарлахын тулд юмс үзэгдлийн мөн чанарыг ухамсарлах хэрэгтэй. Чандракирти Хутагт Нагаржунайн ‘Эрдэнийн эрхи’ номноос эш татан “Хэдийг хүртэл цогцосыг баримтлана төдийг хүртэл “Би”-г баримтлана, хэрэв “Би”-г баримтлах аваас үйл хураааж, үйлээс төрөх, өвдөх тэргүүтэн гарна гэж айлдсан юм.”
"Нэгэн удаа би Богд Зонховын ‘Төвд орохуй’-д хийсэн тайлбар ‘Таалалыг машид тодруулахуй’-г уншаад аянганд цохиулсан юм шиг санагдаж билээ. Би өөрөө бодитоор байхгүй юм шиг санагдсан боловч дараа нь ‘Эрдэнийн эрхи’ номыг судлаад зөвхөн “би үгүй”-н ерөнхий ойлголтыг мэдрэх нь хангалтгүй гэдгийг ойлгосон юм. “Би” өөрийн мөн чанар үгүй, зөвхөн нэр томьёололын төдий зүйлгэдгийг та олж харах хэрэгтэй. Хэрэв бие цогцын объектив байдлыг даван туулж чадахгүй бол та “бодьгалын би үгүй”-н онолыг бүрэн ухамсарлаж чадахгүй.
"Би 'Төвд орохуй', ‘Сайтар номлолын шим’-д дурдсан эдгээр дөрвөн зүйлийн няцаалтыг эргэцүүлэн боддог. Төвөдүүд бид маани байнга уншиж байдаг ч эдгээр дөрвөн зүйлийг өдөр бүр эргэцүүлэн бодож үзвэл сайн байна.”
“Бид хоосон чанарыг бодох хэрэгтэй, гэхдээ бас бодь сэтгэлийг бясалгах хэрэгтэй. Шантидевагэгээний ‘Бодьсадвын явдалд орохуй’ бол бидний өөрийгөө энхрийлэх хандлагыг ялахад туслах хамгийн сайн сургаал юм. Тэрээр маш тодорхой айлдсан билээ.
Ертөнцийн зовлон юу буй тэр бүхэн өөрийгөө жаргуулах хүслээс төрнө. Ертөнцийн амгалан юу буй тэр бусдыг жаргуулах хүслээс төрнө.
Олныг номлохын хэрэг юун? Нялхас өөрийнхөө л тусыг үйлдэх ба бурхад бусдын тусыг зохиомуй. Энэ хоёрын ялгааг шинжсүгэй.
Өөрийн аз жаргалыг бусдын зовлон лугаа үнэхээр эс арилжваас Бурхан эс бүтэх бөгөөд орчлон дор ч жаргах боломжгүй.
"Бид зовлонг хүсдэггүй, аз жаргалтай байхыг хүсдэг. Гэхдээ бид амин хувиа хичээх сэтгэлээр ертөнцийн янз бүрийн зовлон, бэрхшээлийг бий болгодог. Хэрэв бид амин хувиа хичээж төөрөлдвөлбурханы хутагт ч хүрч чадахгүй.”
Уйтгар алжаас бүхнийг үргээх
Бодь сэтгэлийн ажнайг хөлөглөөд,
Улам жаргал нэмэх аянаас
Ухаантан хэн бээр залхах билээ
“Би өдөр бүр хоосон чанар, бодь сэтгэлийг бясалгадаг. Та бүхнийг ч мөн адил бясалгахыг уриалж байна. Энэ хоёр нь бидний гол дадлыг багтаасан юм. Тиймээс сайтар судалж, тунгаан бодож, бясалгаарай.”
Дээрхийн Гэгээнтэн бодь сэтгэлийн бясалгалыг удирдан явуулж энэхүү айлдварыг өндөрлөх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр номын нөхөддөө Бурхан Багш Шагжамүниг өөрийн орой дээр, мөн ойрын найман шавь, бодьсадва нар болон Нагаржуна мэт Энэтхэгийн их мэргэдүүд хамтбайна хэмээн төсөөлөхийг зөвлөв.
“Хүннү Лама ринбочэ ‘Бодь сэтгэлийг магтаал’-д сэтгэл санаагаа тайвшруулахын тулд та бодь сэтгэлийг бясалгах хэрэгтэй гэж бичсэн байдаг. Бусдад туслах, дараагийн амьдралдаа илүү өндөр төрөлд төрөх нь бодь сэтгэлийг бясалгасны үр дүн юм. Бодь сэтгэл бол өөртөө болон бусдад ашиг тусаа өгдөг хүчин зүйл билээ.”
Дээрхийн Гэгээнтэн энэхүү бясалгалын зан үйлийн чухал шүлгүүдийг уншиж, номын нөхөддөө бодь сэтгэлийг бясалгахыг уриаллаа.
Бурхан, Ном хийгээд Чуулганы дээдэд
Бодийг хүртэл би аврал одуулмой
Өглөг тэргүүтэй миний үйлдсэн чуулганаар
Амьтны тусын тулд бурхан болох болтугай
Авралт чухаг дээд гуравт би аврал одуулая
Аливаа хилэнц бүгдийг тус тусад нь наминчилая
Амьтны буянд даган баясая
Агуу бурханы бодийг сэтгэлээрээ бария
Бурхан, Ном хийгээд Чуулганы дээдэд
Бодийг хүртэл би итгэмүй
Өөрийн ба бусдын тусыг машид бүтээхийн тулд
Өнөд бодийн сэтгэлийг үүсгэж үйлдье
Ачит бодийн сэтгэлийг үүсгэж үйлдээд
Амьтан бүгдийг би бээр зочинд урьмуй
Сэтгэл зохистой дээд бодийн явдлаар замная
Амьтны тусын тулд бүрхан болох болтугай
Тэрээр бясалгалын зан үйлийг дуусгахдаа ‘Бодьсадвын явдалд орохуй’ номноос зарим шүлгийг давтан айлдлаа.
Өнөөдөр төрсөн минь нь үр бүтээлтэй
Амьдрал минь зөв замаар замнаж байна
Өдгөө би бурханы язгуурт төрөв
Одоо би Бурханы хөвгүүн боллоо
Мөн тарнийн зан үйлийн үеэр хөндлөнгөөс оролцож болзошгүй зэтгэрийг зайлуулах заншил байдаг, гэвч бодь сэтгэлийн үүднээс авч үзвэл таны дайсан гэж үзэх зүйл нэг ч байхгүй хэмээн тайлбарлалаа.
Дээрхийн Гэгээнтэн оролцогчдын сонирхсон асуултанд хариулахдаа бодьгал болон юмс үзэгдэл нь “би үгүй”–н чанартай болохыг дурдлаа. Төрөлхийн зовлонгийн талаар, энэ нь бидэнтэй хамт ирдэг зовлонг хэлдэг хэмээн тайлбарлав. Бид эхлэлгүй цагаас бодит оршихуйн талаар буруу ойлголттой байсан бөгөөд үүний үрээр орчлонгийн төрөл авч, зовж шаналдаг хэмээлээ.
Төгс аз жаргалын тухай асуултанд хариулахдаа ‘Төвд орохуй’ номноос эш татав.
Тиймийн тул оюуны гэрлээр гийгүүлэн зохиосон
Өөрийн гарт буй алганы хээ мэт
Эдгээр гурван сансрыг язгуураас төрөх үгүй хэмээн
Онож томьёоны үнэний хүчээр түрдэхүйд одмуй
Үргэлж түрдэхүйд багтах онол лугаа төгсөвч
Итгэл үгүй амьтанд нигүүлсэхүйг төрүүлмүй
Сайвар одсоны зарлигаас төрсөн хийгээд брадигабуд сэлтийг
Хоцрол үгүй бүхнийг тэгш болсон сэтгэлээр ялагдуулам үйлдмүй
Янагуух ба үнэмлэхүйн уужим цагаан жигүүрээ дэлгэж
Хунгийн хаан бээр бусад шувуудыг тэргүүнд
Дүүлэн нисч, хүчит буяны салхийг хөлөглөн
Бурханы эрдмийн далайн дээд чинадад одмуй
Шинжлэх ухааны туршилтанд хулгана гэх мэт амьтдыг ашиглах нь зөв эсэхийг асуухад Дээрхийн Гэгээнтэн, хүн төрөлхтөнд ашиг тусаа өгөх, амь насыг аврахын тулд хийж байгаа бөгөөд зориудаар зовлон шаналал үүсгэх гэсэн оролдлого биш бол үүнийг хүлээн зөвшөөрч болох юм гэж айлдсан юм. Мөн бусдын зовлонг үүрч байгаагаар төсөөлөх оюун ухааны арга нь ерөнхийдөө бодит өөрчлөлтийг авчрахгүй гэж зөвлөв. Түүний хэлсэнээр Бурхан Будда, бодьсадва нар тоо томшгүй олон байдаг боловч амьтдын зовлон шаналалд шууд нөлөөлдөггүй.
Хэрэв та юмс үзэгдлийг долоо, эсвэл таван талын учир шалтгаанаар бодож шинжилснээр тусдаа бие даасан зүйлийг олж чадахгүй бол та “Би үгүй”-н ойлголттой болж буй хэрэг хэмээн тайлбарлалаа. Үүнтэй адилаар, хоосон чанарыг бясалгасны үр дүнд бодьгаль болон юмс нь хоосон чанартай болохыг олж мэдэх боломжтой. Төв үзлийн сургууль нь аливаа зүйлс бий болсон цагаасаа л жинхэнэ оршихуйгаас ангид байдаг гэж баталдаг.
Айлдвар өндөрлөхөд Дээрхийн Гэгээнтэн: "Би энэ номын чухал зүйлүүдийг товч тайлбарлалаа. Цар тахал ирэх жилд дуусах байх, би энд Зүглаг Хан дуганд болон Бодьгаяад дахин номын айлдвар явуулах боломжтой болно хэмээн найдаж байна.”
“Бурхан Багш айлдахдаа бид өөрөө өөрсдийн эзэн, ямар амьдрал руу хөтлөх нь бидний гарт байдаг гэсэн билээ. Хамгийн чухал зүйл бол бодь сэтгэлийг хөгжүүлэх, хоосон чанарын тухай ойлголтыг бий болгох гэсэн дээдийн ном сургаалыг хэрэгжүүлэх явдал юм. Мэдээжийн хэрэг би ядмын бясалгал хийдэг ч гэсэн бодь сэтгэл ба хоосон чанарыг бясалгадаг дадал нь надад үнэхээр өөрчлөлт авчирсан билээ. Эдгээрийг тайлбарласан чухал сургаалууд бол ‘Бодьсадвын явдалд орохуй’, ‘Билгүүний үндэс’ ба ‘Төвд орохуй’ зэрэг номууд юм.”
“Миний хувьд өөрчлөлтийг өөртөө бий болгох тал дээр зарим ахиц дэвшил гарсан гэж бодож байна, тиймээс та бүхэн ч адилхан чадах болно. Бурхад бусдын нүглийг усаар угаадаггүй, амьтдын зовлонг гараараа арилгадаггүйг санаарай. Тэд өөрсдийн ухааныг бусдад юүлдэггүй. Үнэнийг заах замаар тэд бусдыг гэгээрэлд хүргэдэг.”
“Хэрэв та сургаалуудыг судалж, тунгаан бодож, бясалгавал өөрчлөлтөнд хүрэх нь тодорхой юм шүү.”