Энэтхэг, ХП, Дарамсала, Тэгчин Чойлин – Энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цахим холбоос ашиглан өмнө нь Хевлет Пекэрдийн инженер, одоо Кришнагийн Ухамсар Олон Улсын Нийгэмлэгт (ISKCON) харьяалагдах санваартан Гаур Гопал Дастай ярилцлаа. Холбоос нээгдмэгц Дас Дээрхийн Гэгээнтэнд хандан "Намасте" хэмээн мэндчилэхэд "Би бэлэн байна" гэж хариулав.
Гопал Дас энэхүү ярилцах завшаан тохиосонд хичнээн их баяртай байгаагаа илэрхийлээд Дээрхийн Гэгээнтэнд богино танилцуулга хийв. Тэрээр танилцуулгын төгсгөлд бид бүгдээрээ багш нараар, өөрсдийн мэдлэг боловсролоор дамжуулан бие хүн болж төлөвшдөг гэдгийг тэмдэглэн хэлээд Дээрхийн Гэгээнтнийг өөрийн төлөвшил, хүмүүжлийн талаар ярьж өгөхийг урьлаа.
"Би их баяртай байна. Надад мөн адил таатай завшаан тохиож байна. Учир нь энэ ярилцлагыг таньтай, Энэтхэг хүнтэй, хэрвээ та дүргүйцэхгүй бол жирийн нэгэн Энэтхэг хүнтэй ярилцаж байна” гэснээр Дээрхийн Гэгээнтэн яриагаа эхлэв. “Орчин үеийн Энэтхэгчүүд материаллаг зүйлсэд их анхаарал хандуулж байгаа мэт санагддаг. Тэртээ 3000 жилийн өмнөөс л Энэтхэг орон "ахимса" ба "каруна" уламжлалыг хадгалан хамгаалж ирсэн билээ. Харамсалтай нь энэ уламжлалууд өнөөдөр зарим талаараа орхигдсоор байна.”
“Би Наланда уламжлалыг дагагч хүн. Наландагийн мастерууд бүгд Энэтхэгчүүд байсан юм. Будда мөн адил Энэтхэг хүн байсан төдийгүй, өөртөө “ахимса” ба “каруна” уламжлалыг эзэмшсэн билээ. Гэсэн хэдий ч бусад багш нараас онцгойрсон зүйл нь шавь нартаа өгсөн түүний зөвлөгөө байлаа. Шижир алтыг шалгахдаа шатааж, зүсэж, үрж мөн чанарыг нь таньдагтай адил намайг хүндэлсэн хүндлэлээр бус миний сургаалыг шалгаж, нягталж үзэхийг зөвлөсөн байна. Нагаржуна тэргүүтэй Наландагийн мастерууд энэ зөвлөгөөг дагаж уялдаа холбоотой, нягтлан шалгаах арга ухааныг уламжлан авсан юм.”
"Карунагаас үүдэлтэй эртний Энэтхэгийн ахимса буюу хүч үл хэрэглэх зарчим нь сэтгэл төвлөрлийн эрдэм “Шамата”, мөн чанарыг ухаарах “Випашяана” бясалгалыг хөгжүүлэх нийтлэг уламжлалаас үүдэлтэй болов уу гэж надад санагддаг. Мөн чанарыг ойлгохын тулд оюун санааг тогтуун тайван байлгаж, оюуны хүчин чадлыг тэлсэнээр нарийн учир шалтгааныг олж, бүрэн гүйцэд дүн шинжилгээ хийх чадварт хүрнэ. Учир нь бидний оюун ухаан ихэнхдээ сарнисан байдаг.”
“Дүн шинжилгээ хийх нь зөвхөн сэтгэхүйн ухамсарт л хамаарагдах билиг оюун тул үүнийг ашиглахыг хүсвэл бидэнд оюун ухааны талаархи мэдлэг туршлага зайлшгүй хэрэгтэй болж ирнэ. Энэтхэг улс оюун ухааны талаарх мэдлэгийг дэлхийн олон хүмүүст өгөх бүрэн боломжтой гэж би үздэг.”
“Хамаг ухамсарт амьтад бусдын сайхан сэтгэлийн ачаар оршин тогтнодог. Эхийн хайр халамж үгүй бол хүн төрөлхтөн орших боломжгүй. Бид бусдын энэрэл нийгүүслээс хараат оршино. Тиймдээ ч ялгаатай харагдах гүн ухааны ойголтуудаас үл шалтгаалан бүх шашны уламжлалууд хайр ба энэрэл нийгүүлсэлийн тухай сургаалыг түгээж байдаг юм.”
"Ахимса" ба "каруна" бидэнд сэтгэлийн амар амгалангийн суурийг бий болгож өгдөг. Оюун санааны амар амгаланг сүйтгэгч нь уур хилэн бөгөөд “ахимса” ба “каруна” нь түүнийг үгүй хийх ерөндөг юм. Орчин үеийн боловсролд бие махбодийн эрүүл мэндийг заадаг, гэвч бидэнд эртний Энэтхэгийн уламжлалаас үүдэлтэй сэтгэлийн эрүүл ахуйн боловсрол мөн адил хэрэгтэй. Хэрвээ бид дотоод амар амгаланд хүрэх чин хүсэлтэй бол оюун санааны талаарх гүн ойлголтыг зайлшгүй олж авах шаардлагатай.”
"Би өөрийгөө эртний Энэтхэгийн үзэл санааны элч хэмээн төсөөлдөг. Хаашаа ч явсан, тохиол бүрдэх болгонд би шашнаас ангид “ахимса” ба “каруна”-ийн тухай ярьдаг юм.”
Гаур Гопал Дас хэлэхдээ Энэтхэгийн бүх хүмүүст хамааралтай, Энэтхэгийн үнэт зүйлсийн талааранхаарал хандуулан, олон нийтэд таниулдаг Дээрхийн Гэгээнтэнд талархал илэрхийлэв. Дас цааш нь ярихдаа эдгээр эртний үнэт зүйлийг орчин үеийн арга замаар хэрхэн хэрэгжүүлэх тал дээр Дээрхийн Гэгээнтэн санаа зовниж байгааг анзаарсан талаар онцолсон юм. Үүнийг бусдын тусламжгүйгүйээр зам хөндлөн гарч чадахгүй зогсох сохор ба тахир дутуу хоёр эртэй харьцуулан тайлбарлалаа. Тахир дутуу хүн явж чадахгүй, харин сохор хүн харж чадахгүй. Гэвч тэд бие биедээ туславал, тахир дутуу боловч харж чадах эрийг сохор хүн түшиж хамтдаа замыг хөндлөн гарч чадах юм. Үүнийг Дас орчин үеийн боловсролыг алхах хөлтэй зүйрлэвэл, эртний мэдлэгийн тусламжаар харах нүдтэй болно хэмээн харьцуулсан юм.
Дас Дээрхийн Гэгээнтний энх тайвны талаар хэлсэн сургаалуудыг онцолж энх тайвныг цогцлооход бид бүгд хэрхэн оролцох тухай асуув. Өнөөдөр хүмүүс сэтгэл зовниж, түгшиж байхдаа амар амгаланг бий болгох өөрчлөлтийг хэрхэн хийх вэ гэж асуулаа.
Дээрхий Гэгээнтэн хариуд нь хүн төрөлхтөн тодорхой нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, оюуны чадамжаа ашиглан шийдвэр гаргах мөнхийн шаардлагатай тулгарсаар ирсэн бөгөөд ёс зүй ба оюун ухаан нь энэрэл нийгүүлсэлтэй байх ёстойг үргэлж сануулдаг талаар тайлбарлав.
XX зууныг хүртэл эрдэмтэд зөвхөн тархийг судалсаар ирсэн тухай Дээрхийн Гэгээнтэн дурьдаад энэ зууны төгсгөл үед л тархинд нөлөөлдөг оюун ухаан гэгч зүйл байдгийг ойлгож эхэлсэн гэлээ. Мөн эрдэмтэд гүн бясалгал нь тархинд өөрчлөлт өгдөг байж болзошгүй тухай олж нээсэн байна. Эцэст нь эрдэмтэд өнөөдөр оюун ухаан чухал болохыг, мөн энэрэл нийгүүлслийг төлөвшүүлэх ёстойг хүлээн зөвшөөрч байна.
Түүнчлэн Дээрхийн Гэгээнтэн квант физикт гадаад төрх байдал болон бодит байдлын ялгааг судласан дүгнэлтийг дурдав.
“Энэ бол туйлын чухал ойлголт, учир нь хөнөөлт сэтгэл хөдлөл аливаа юмсыг харагдаж байгаагаар нь хүлээн авч, өнгөц эндүүрсэн дүгнэлтэд хүрдэг. Эртний Энэтхэгийн уламжлалд аливаа юмс хэзээ ч харагдаж байгаагаараа орших боломжгүй гэдгийг нотлосон юм. Сэтгэлийн амар амгаланг сайжруулах нэг зам бол эртний Энэтхэгийн мэдлэгийг орчин үеийн шинжлэх ухаантай хослуулах явдал мөн.”
Дээрхийн Гэгээнтэн үргэлжлүүлэн "Зарим эрдэмтдийн хэлдэгээр бид нийгмийн амьтан учраас бусдад санаа тавих төрөлх чанартай. Бидний амьдрал тэднээс шалтгаалж байна. Ийм л учраас бид үр хүүхэддээ сэтгэл хөдлөлийн талаар, тэр дундаа хөнөөлт сэтгэл хөдлөлийг хэрхэн зогсоох талаар зааж сургах хэрэгтэй. Бид бүгд эрүүл хүн, эрүүл нийгмийг бий болгох талаар суралцах ёстой. Эртний Энэтхэгийн уламжлал үүнд хувь нэмрээ оруулж чадна. Яг л Махатма Ганди өнгөрсөнд зуунд хүчирхийлэлгүй байхын үнэ цэнийг ил болгосонтой адил. Яг одоо, эдүгээ XXIзуунд Энэтхэг хүмүүсийг сэтгэлийн амар амгаланг олох арга замуудад сургаж чадна.”
Дас нэг нэгэндээ туслах, нэг нэгэндээ үйлчлэх ёстой гэдэгтэй санал нийлэв. Гэвч биднийг юу хойш нь татаад байгааг мэдэхийг хүслээ.
Дээрхийн Гэгээнтэн түүний үүрэг зорилгуудын нэг нь шашин хоорондын эв найрамдлыг сурталчлах явдал гэдгийг онцоллоо. Тэрээр бүх шашны уламжлал нь хайр ба энэрэл, хүлцэл, уучлал, ёс суртахуунтай байх тухай сургаал түгээж байдгийг дахин дурдлаа. Шашин хоорондын гүн ухааны, үзэл онолын ялгааг бус, шашны мөн чанарыг анхаарах ёстой гэсэн юм.
“Шашны адил бус олон уламжлал хоорондоо зохицон орших боломжтой гэдэгт би итгэлтэй байна. Энэтхэгийг хар. Дэлхийн бүх шашны уламжлал цэцэглэн хөгжиж байна. Мөн энэ бүх шашны сургаалд энэрэл ба уучлал багтсан байна.”
“Би Ладах дахь муслимын шашинт найзууд, мөн Иран зэрэг бусад муслимын шашинт орнуудын төлөөлөгчидөөс энэ сэдвээр уулзалт зохион байгуулахыг хүсдэг. Энэтхэгийн шашны удирдагчид хөршүүддээ шашин хоорондын эв найрамдалд хүрч болохыг харуулахын тулд илүү идэвхтэй байх ёстой. Одоо үед олон хүн бясалгал болон иогийн сургуулилт хийж байна. Тэд ч мөн адил шашин хоорондын эв нэгдлийг дэмжиж, энэ дэлхийд хамтдаа байгаа 7 тэрбум ахан дүүст хайр, сайхан сэтгэлийн чухлыг ойлгуулах талаар ажиллавал маш сайн. Өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээж, ирээдүйгээ хамтдаа бүтээж чадна шүү дээ.”
Дас үүнтэй ч мөн санал нийлж, хүмүүс хамтдаа сүсэг бишрэлийнхээ амин чухал уламжлалд анхаарах хэрэгтэй гэв. Тэрбээр өмнө нь Дээрхийн Гэгээнтэнтэй уулзаж байсан талаар дурсан яриад баяр баяслыг бусад олон зүйлтэй хэрхэн холбож болох талаар асуусан юм.
“Олон жилийн өмнө Лондонд зочлохдоо нэгэн цайны үдэшлэг дээр очиход ахимаг насны Англи эр надад хандан, “Би мэдэхгүй” гэж хэлэхдээ ямар бэлтгэлтэй, бэлэн байгааг минь биширч байна гэж билээ. Шударга, үнэнч байх нь маш чухал. Үүн дээр нэмж хэлэхэд миний бодлоор Төвөдүүд бид нар ерөнхийдөө байгалиасаа ийм баяр баясалтай байх аа.”
“Үүнээс гадна миний энэрэнгүй үзлийн дадлага маань “бүх хүн төрөлхтөн миний ахан дүүс мөн” гэж үздэг утга агуулгатай. Бусдыг энэрч хайрлах нь аз жаргалын үндэс, харин өөртөө төвлөрөх нь сэтгэлийн түгшүүр, уур хилэнгийн үндэс болдог.”
“Надад урам зориг хайрлагч зүйл бол VIII зууны үед эртний Энэтхэгийн их эрдэмтэн ловон Шантидевагийн туурвисан “Бодьсадвын явдалд орохуй” ном юм. Үүний VI бүлэгт тэвчээр ба уур хилэнгийн талаар, VIII бүлэгт бусдыг аз жаргалтай болгоход туслах тухай өгүүлдэг. Энэ бол миний хэрэгжүүлэхийг хичээдэг, оюун санааны амар амгаланг гүн мэдрүүлдэг хүчин зүйл мөн. Энэ номонд таны дайснууд тэсвэр тэвчээрийн багш болдог тухай өгүүлдэг. Учир нь тэдэнгүйгээр та тэвчээртэй байх чадварыг эзэмшиж чадахгүй шүү дээ.”
“Би өглөө сэрсэн даруйдаа бусдыг энэрч хайрлах энэрэнгүй сайхан сэтгэлийг боддог. Ингэснээр энэ нь миний өдөр тутмын дадлагын гол үндэс болдог юм. Та “би”-д итгэдэг бол би “би үгүй”-д итгэдэг. Гэвч бид хоёрт хоол хүнс, унтаж амрах адилхан хэрэгцээ байдгаас гадна адилхан энэрэл нийгүүлслийг хөгжүүлэх ёстой. Хэрэв бид хүчин чармайлт гаргаж чадваас энэрэл нийгүүлслийн чадвараа нэг өдөр, нэг долоо хоног, нэг жил, түүнээс цаашлан үргэлжлүүлэн хөгжүүлж чадна.”
"VIII зуунд Төвөдийн эзэн хаан Тисрон Дэзэний урилгаар Наландагийн их мастер Шантаракшита Төвөдөд залран ирэхдээ учир шалтгааны арга ухааныг хөгжүүлэх тал дээр онцгой анхаарсан билээ.”
Эцэст нь Гаур Гопал Дас Дээрхийн Гэгээнтнээс өөрийн урт амьдралын туршид ямар гурван онцгой зүйл сурч авсаныг асуулаа.
“Саяхан дурдсан ловон Шантидэва хэцүү үе тохиолдоход тухайн бэрхшээлийг даван туулж чадах эсэхээ шинжлэн үзэх ёстой гэж зөвлөсөн юм. Хэрэв бэрхшээлийг даван туулах боломжтой бол та үүнд чармайлт гаргах хэрэгтэй. Хэрэв боломжгүй бол, түүнд санаа зовж, нэмж өөрийгөө тавгүйтүүлэх хэрэггүй. Үүнийг би их бодит зөвлөгөө гэж үздэг.”
"Боловсролын шинэчлэлийн тухайд Дели хотын ерөнхий сайд Дели хотын сургуулиудад илүү чадвартай, илүү аз жаргалтай хүүхдүүдийг төлөвшүүлэх үүднээс “Аз жаргалын сургалтын хөтөлбөр”-ийг нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн. Үүнтэй уялдуулан Энэтхэгийн эртний мэдлэгийг орчин үеийн боловсролтой хослуулах арга замын талаар хэлэлцүүлэг зохион байгуулах нь их зүйтэй санагддаг юм. Хүүхдийг илүү аз жаргалтай байх арга замыг зааж, түүнийг өргөн хүрээнд ашиглах боломжийг бүрдүүлэх бодит хэрэгцээ бий.”
Гаур Гопал Дас цаг гарган ярилцаж бодол, сэтгэгдлээ хуваалцсанд Дээрхийн Гэгээнтэнд талархаж буйгаа илэрхийлэв. Тэрээр бидний ярилцлагаас үр дүн их гарна гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдлээ.
Дээрхийн Гэгээнтэн төгсгөлд нь, “Зарим эрдэмтэд дэлхийн дулаарал арав арван жилээр нэмэгдсээр бидний хяналтаас гарч болзошгүй хэмээн мэдэгдэж байна. Үүний уршгаар нуур, голууд, бидний ундны усны эх үүсвэр алга болоход хүрч байна. Бидэнд үлдээд буй богино цаг хугацаанд өөр хоорондоо зөрчилдөхгүй, хамтдаа аз жаргалтай байхыг хичээцгээе.” хэмээлээ.