Энэтхэг, ХП, Дарамсала – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өдрийн номын айлдвараа эхлэхийн өмнө Төвөдийн залуу хүүхдүүдэд хандан өнөөдөр Японы Хирошима хотод цөмийн бөмбөг хаясны 75 жилийн ойн өдөр тохиож байгааг мэдэгдлээ.
“Дэлхийн II дайны төгсгөлд Хирошима хотод цөмийн бөмбөг хаясан бөгөөд гурав хоногийн дараа Нагасаки хотод ахин цөмийн бөмбөг хаясан юм. Энэ хоёр хотод хоёуланд нь би очиж билээ. Хирошима хотод бөмбөг унасан газрыг дурсгалын хэсэг болгосон бөгөөд тэнд буй байшингуудын тулгуур төмөр хайлсан байлаа. Мөн бөмбөгдөлтөөс амьд үлдсэн хэсэг хүмүүстэй ч уулзсан юм.”
“Нагасаки хотод очиход бөмбөг унасан газарт аймшигтай дүр зураг харагдаж байлаа. Дайн тулаан нь дайснаа дарах уур хилэнгээс үүдэлтэй байдаг. Гэтэл нөгөө талдаа хүний үндсэн чанар нь энэрэнгүй шүү дээ.”
“Би энэ дэлхийг зэр зэвсэггүй, ялангуяа цөмийн зэвсэггүй байгаасай гэж хүсдэг. Хирошима хотод цөмийн бөмбөг хаясны 75 жилийн ой тохиож буй энэ өдөр үүнийг санан дурсаж, дэлхийн энх тайвны төлөө эхлээд өөрийн дотоод сэтгэлдээ энх тайвныг бүрдүүлэх хэрэгтэй. Бид зөрчилдөөнийг яриа хэлцэлийн замаар шийдэх ёстой. Бид бүгд аз жаргалыг хүсдэгээрээ адилхан тул бусдад зовлон учруулах ёсгүй. Хэрэв гэр бүлд ямар нэгэн зөрчилдөөн үүсвэл бусад ахан дүүс нь аль боломжтой арга замыг хэрэглэх ёстой шүү дээ.”
“Харилцан хамааралтай болсон энэ цаг үед нөгөө талыг нухчин дарах тухай ойлголт цаг үеэ өнгөрөөсөн байна.”
“Одоогоос 75 жилийн өмнө яг юу болж өнгөрсөн тухай сайн санаж, бодох нь чухал юм. Тэнд очиход үнэхээр хүнд хэцүү байсан. Тиймээс бид энэ аймшигт зэвсэггүй дэлхийг бүрдүүлэх, жинхэнэ энх тайвныг бий болгохын төлөө ажиллах хэрэгтэй байна.”
“Дэлхийн дулаарал гэх мэт байгаль цаг уурын өөрчлөлтийн дэргэд ийм зэр зэвсгээр хөөцөлдөж байгаа нь үнэхээр утгагүй хэрэг юм. Энэтхэгт өнө эртний ахимса буюу хүч үл хэрэглэх, каруна буюу энэрэн нигүүлсэхүйн уламжлал тогтсон бөгөөд эдгээр уламжлалууд биднийг замчлах болно.”
“Сөрөг сэтгэл хөдлөл бидэнд зовлон авчирдаг ба бүрэн гүйцэд арилгахгүй л бол зовлон байсаар байх болно гэдгийг ухаарснаар үүнийг арилгахын төлөө хичээж эхэлнэ. Хутагт Нагаржуна энэхүү сэтгэлийн хирийг арилгах шүтэн барилдахуйн онолыг номлосноор нь Бурхан Багшид мөргөл үйлдсэн байдаг.”
“Энэтхэгт олон мэргэд төрөн гарсан боловч Бурхан Багшийн эцсийн таалалыг хутагт Нагаржуна тайлбарлаж, шавь нарт заасан юм. Наландагийн олон мэргэд шүтэн барилдлагын онолыг судалж үзээд ямар ч асуудлыг шүтэн барилдлагатай холбох боломжтой гэж үзсэн байна.”
“Хутагт Нагаржуна болон хутагт Аряадэва нар шүтэн барилдлагын онолыг эх сурвалжаас татаж тайлбарлахдаа ихэвчлэн учир шалтгааны үүднээс тайлбарласан байдаг. Бид тэднийг дагаж буй. Өнөөдөр бид бурханы шашинтан байх эсэхээс үл шалтгаалан шүтэн барилдлагын онолыг ухаарч чадвал асар их ач тусыг хүртэх болно. Хэрэв та юмс үзэгдэл бидний нүдэнд үзэгдэж буй шигээ бие даан оршдог эсэхийг нягталж үзвээс үгүй болохыг мэднэ. Тэр бүгд бусад хүчин зүйлээс хамааран оршдог.”
“Бид зарим нэгэн зүйлд шунах, эсвэл уурлах тохиолдолд тухайн зүйлийг үнэхээр сайхан, эсвэл үнэхээр муухай гэж хардаг. Гэвч энэ нь бидний гажуудсан буруу ойлголт юм. Би юмс үзэгдлийн талаарх нарийн судлагаа хийдэг квантын физикийн эрдэмтэд сэтгэл хөдлөлд хэрхэн хариу өгдөгийг мэдэхийг хүсдэг. Би үүнийг мэдэж авах болно.”
“Төвөдийн олон мэргэдийн нэг болох Богд Зонхов төв үзлийн талаар Энэтхэгийн олон эрдэмтдийн эх сурвалжийг судласан байна.”
Дээрхийн Гэгээнтэн номын айлдвараа үргэлжлүүлэхдээ өчигдөр зогссон 31 дэх шүлгээс үргэлжлүүлэн уншив. Тэрээр Бурхан Багш гэгээрлийн төлөө замнахдаа сөрөг сэтгэл хөдлөл мунхагаас үүдэлтэйг мэдсэн гэдгийг тайлбарлалаа. Мөн бидний сэтгэл оюун тодорхой бөгөөд ухаарах чадвартай гэдгийг онцлоод буруу үзэл, сэтгэлийн олон атгаг бодлууд бүгд сэтгэл оюуны үндсэн мөн чанарт байхгүй гэдгийг тэмдэглэв.
Богд Зонхов Манзушри бурханы зөвлөсний дагуу аглагт морилж бясалгалд шамдсан байна. Тухайн үед зарим хүмүүс Богд Зонховыг олон шавь нарт ном номлохоо орхих нь зохисгүй болов уу гэсэн санал дэвшүүлж байсан ч аль нь илүү ач тустай болохыг Манзушри бурхан зөвлөжээ. Ингээд Манзушри бурханы зөвлөсний дагуу Богд Зонхов аглагт саатаж нүгэл хилэнцээ арилгах, агуу их буян хураах үйлээ эхлүүлжээ.
Дээрхийн Гэгээнтэн үргэлжлүүлэн номоо уншлаа. Бид Бурхан Багш болон хутагт Нагаржуна нартай учирч тэдний айлдварыг сонсоогүй ч өнөөг хүртэл хадгалагдан ирсэн тэдний зохиол бүтээлүүдийг үзэж судлах боломжтой байна гэлээ. Хутагт Нагаржунайн бүтээлүүд төвөд хэлэнд орчуулагдсан ба ер нь эртний орчуулагч лозова нар болон тухайн үеийн номт хаадууд асар их ач гавьяа байгулсан гэдгийг тэмдэглэн хэлэв.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам үргэлжлүүлэн айлдахдаа Бурхан Багш болон хутагт Нагаржуна нар хэрхэн амьдарч байсан тухай дурдсан юм. Тэд эгэл хуврагын адил амьдарч байсан ба туслах, бараа бологч гэх мэт олон хүн тэдний дэргэд байдаггүй байжээ. Бурхан Багш бусад лам нарын адил винайн ёс жаягийг чанд сахидаг, өдөр бүр бадар барин идээнд морилдог байсан байна.
Дээрхийн Гэгээнтэн мөн Богд Зонховын төвөд багш нарын тухай дурдсан юм. Бригүн гаржүд ёсны багш Жанава, сажын ёсны Жэвзүн Рэндава багш, нинма ёсны Лховраг Дүвчин нарыг дурдлаа. Ялангуяа Богд Зонхов өөрийн багш Лховраг Дүвчинг Очирваань бурханы байдлаар хардаг байсан бол Лховраг Дүвчин Богд Зонховыг Манзушри бурханы дүрээр хардаг байсан түүхийг онцлов.
Богд Зонховын зохиол бүтээл нь нийт арван найман боть ном болдог. Бүдэн Гэгээн олон боть зохиол туурвисан боловч үндсэн онолын талаар бичсэн нь цөөхөн хэмээв. Дээрхийн Гэгээнтэн сажын ёсны мэргэдийн “Мөр ба үр”-ийн номлолын олон бүтээлийг уншиж судласан талаар ярьлаа. Мөн нинма ёсны Бадма Гарбу мэргэний ном бүтээлийг уншсан бөгөөд энэ бүгдээс онцгой нь Богд Зонховын зохиол бүтээл байсан гэдгийг тэмдэглэв. Богд Зонховын бүтээлийг түүний залуу насны болон хожуу үеийн бүтээл гэж ангилдаг байна.
Дээрхийн Гэгээнтэн номын бүх шүлгийг уншиж дууссаны дараа үзэгч хүүхдүүдээс асуулт асуухыг хүсэв. Хэрхэн дээдийн номыг анхааран авлага болгох талаар асуусанд Бурхан Багш олон шавь нарт, адил бус нөхцөлд, адил бус номын айлдвар айлдсаныг дурьдав. Энэ нь өвчнийг эдгээхийн тулд хүмүүст олон янзын эм, сувилгаа хэрэгтэй байдагтай адилхан хэмээн тайлбарлалаа.
Бусад хүмүүс өөрт нь муугаар хандсаны хариуд тэсвэртэй байх хэрэгтэй гэж дараагийн асуулт асуусанд хүүхдэд зөвлөв. Тэрээр “Бодьсадвын явдалд орохуй” номын 6-р бүлгийг үзэхийг зөвлөсөн ба энэ бүлэгт тэвчээрийг хэрхэн дадуулах тухай тайлбарласан гэв. Харин 8-р бүлэгт өөрийг бусдаар солих хэсэг, мөн энэрэл хайр, бодь сэтгэлийн тухай дэлгэрэнгүй тайлбарласан гэдгийг хэллээ. Үүнтэй зэрэгцүүлэн гүнзгий үзлийн зам мөр буюу хутагт Нагаржунайн “Билгүүний үндэс”, ловон Чандракиртигийн “Төвд орохуй” тэргүүтэй онолыг номыг үзэж судлах хэрэгтэй гэж зөвлөв.
Дөрвөн үүргийн талаарх асуултанд товч хариуллаа. Нэгдүгээрт, дэлхий дээр амьдран буй 7 тэрбум хүний нэг учир хүн төрөлхтний аз жаргалын уг үндэс болсон энэрэл хайрын тухай ойлголтыг бусдад түгээдэг гэв. Хоёрдугаарт, шашин хоорондын эв нэгдлийг хөгжүүлэх тал дээр үүрэг хүлээн ажилдагаа товч тайлбарласан юм. Гуравдугаарт, Төвөдийн улс төрийн эрх мэдлээ хүлээлгэн өгсөнөөс хойш Төвөдийн хэл соёлыг хөгжүүлэх, байгаль экологийг хамгаалах тал дээр үүрэг хүлээсэн гэдгээ мэдэгдэв. Эцэст нь тэрээр эртний Энэтхэгийн сэтгэл хөдлөл, оюун ухааны талаарх мэдлэгийг орчин үеийн Энэтхэгийн боловсролын системд оруулах тал дээр ажиллаж байгаагаа тайлбарласан юм.
Төвөдийн соёлын гол цөм нь Наланда уламжлал бөгөөд энэхүү уламжлалыг Төвөдүүд олон зуун жил хадгалан үлдээж чадсан байна. Дээрхийн Гэгээнтэн оюун ухаан ба сэтгэл хөдлөлийн талаарх энэхүү чухал уламжлалыг орчин цагт дэлхий нийтэд таниулах шаардлагатай гэж үзэж буй тул эрт үеэс өвлөгдөн ирсэн өөрсдийн соёл уламжлалдаа анхаарал хандуулах хэрэгтэй гэж Төвөд залуу хүүхдүүдэд зөвлөв. Өөрөө эс мэдвээс бусдад хэрхэн заах билээ.
Дараагийн асуулт нь өвчинг үйлийн үртэй холбон үзэх, мөн шалтгаан нөхцөл үүнд хэрхэн нөлөөлдөг тухай байлаа. Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа үйлийн үрээс үүдэлтэй өвчин, тухайн нөхцлөөс үүдэлтэй өвчин гэдгийг нарийн салгахад хэцүү гэв.
Тэрээр арван хоёр шүтэн барилдлагын тухай товч дурдаад энэ бүгдийн уг үндэс нь үнэхээр бүтсэн гэх буруу ойлголт бөгөөд энэ нь бидний сэтгэлийн хямрал, зовлон шаналалыг үүсгэдэг гэв. Хэрэв та үнэн мөн чанарыг сайтар ухаарч чадвал элдэв олон бодлууд аяндаа арилах болно.
“Хэрэв та харагдаж буй хүнийг нарийн судалж үзвэл ямар нэгэн зүйлийг энэ хүн гэж заах боломжгүйд хүрэх ба нэрийтгэлийн төдийд л оршихоос өөр аргагүй гэдгийг мэднэ. Нэгэнт өөрийн мөн чанараар оршихгүй тул бид үйлийн үр, нөхцөл шалтгааны талаар ярилцах боломжтой болно. Чандракирти гэгээн “Төвд орохуй”-д энэ тухай дэлгэрэнгүй тайлбарласан байдаг.”
“Би бодь сэтгэл болон хоосон чанарыг өдөр бүр бодож бясалгадаг ба хичнээн ач тустай болох нь ч тодорхой байна. Хоосон чанарыг бясалгаснаар уур хилэн, хүсэл шунал тэргүүтэй нисваанист муу сэтгэлийг арилгах хүчтэй ерөндөгийг олж чадна. Харин өөрийгөө бусдаар солих арга ухаанд суралцсанаар амин хувиа хичээхийг арилгах болно.”
Төвөдийн дунд сургуулийн захирал Цүлтим Доржэ талархалын үг хэлэхдээ нийт Төвөдийн ард түмэнд, ялангуяа Төвөдийн хүүхэд залуучуудад хандан номын айлдвар айлдсанд баяртай байгаагаа мэдэгдлээ. Тэрээр Дээрхийн Гэгээнтэнд урт наслахыг хүсэн ерөөгөөд дараагийн номын айлдвар Зүглаг Хан дуганд явагдаасай гэж хүсч байгаагаа илэрхийлэв.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам төгсгөлд нь ерөөлийн ном уншин өндөрлөөд дэлгэцээр түүнийг харж буй хүүхдүүдийн зүг гар далласнаар энэ удаагийн цахим номын айлдвар өндөрлөв.