Энэтхэг, ХП, Дарамсала, Тэгчин Чойлин – Өнөө өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өргөөнөөсөө “Оюун ухаан ба амьдрал” цахим хэлэлцүүлэгт оролцов. Түүнтэй хамт “Оюун ухаан ба Амьдрал” хүрээлэнгийн гишүүд болох Ричи Дэвидсон, Каролин Жейкобс, Түптен Жинпа, Сюзан Бауэр-Ву нар мөн оролцов. Дээрхийн Гэгээнтэн төлөвлөсөн цагаас арван минутын өмнө өрөөнд орж ирээд түүний өмнөх дэлгэцнээ гарч буй хуучны анд Ричи Дэвидсоны зүг баярлан инээмсэглээд хамраа оролдов. Дээрхийн Гэгээнтэн Дэвидсонтой уулзахдаа түүнийг том хамартай гэж хошигнодог ба тэд Шинэ Зеландад сурсан заншлын дагуу хамар хамраараа нийлж мэндэлдэг аж.
“Өглөөний мэнд!” гэж тэрээр бүгдэд нь хандаж мэндлэв. “Бид бие биенээсээ зайтай байгаа хэдий ч та бүгдтэй уулзаж байгаадаа баяртай байна. Юутай ч бид цахим сүлжээгээр цуглан бусдын сайн сайхны төлөө их зүйл хийх боломжтой байна.”
Сюзан Бауэр-Ву Дээрхийн Гэгээнтэнтэй дахин уулзах сайхан байна гээд амар мэндийг асуухад, “Би одоо 85 настай, бие минь эрүүл саруул байна. Энэ нь энэрэнгүй сайхан сэтгэлийг дадлага болгож, сэтгэлээ амгалан тайван байлгадагтай холбоотой гэж боддог."
Сансар огторгуй хэзээд оршихуй
Амьтан тэр хүртэл ажрах агаад
Алин тэр хэдий хүртэл би оршоод
Амьтдын зовлонг арилгах болтугай
“Энэ эрмэлзэлдээ хүрэхийн тулд амьдрал маань бусдыг гэсэн утга учиртай амьдралаар явах ёстой. Анхдугаар Банчэн Богд 108 насалсан ба найз нөхөд намайг мөн адил урт наслаарай гэдэг. Бид ойрын хорин жил хамтдаа байна гэж найдаж байна.”
“Бид үнэхээр үүнийг хүсч байна,” гэж Бауэр-Ву хэлэв. “Өнөөдөр бидэнтэй хамт байгаад бид маш их баяртай байна. Бид хамгийн сүүлд 11-р сард уулзсан ба түүнээс хойш дэлхий өөрчлөгдлөө.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам, “Олон жилийн турш бид “Оюун ухаан ба Амьдрал” уулзалтуудыг хийж ирсэн билээ. Энэ нь бидэнд туршлага солилцох боломжийг олгодог. Хамгийн гол зүйл бол бид хүн төрөлхтний мэдлэгийн санд хэр их хувь нэмэр оруулж чадах вэ гэдэг асуудал юм.” хэмээлээ.
Сьюзан Бауэр-Ву цахим хэлэлцүүлэгт 100,000 орчим хүн нэгдсэн гэж тэмдэглэв. Үнэн хэрэгтээ дэлхийн 14 хэлээр орчуулга явагдаж байгааг авч үзвэл оролцогчдын тоо 900 000 давсан байх. Тэрээр 33 жилийн өмнө анхны “Оюун ухаан ба Амьдрал” уулзалт дээр Дээрхийн Гэгээнтэн бусад оролцогчдод хандан дэлхий даяар туслах сонирхол, хүсэл эрмэлзлийг нь төрүүлсэн тухай дурслаа. Бауэр-Ву бусад оролцогчдыг танилцуулаад хэлэлцүүлгийн зохицуулагч Каролин Жейкобст цааш үргэлжлүүлэхийг урив.
Каралин, “Бид өнөөгийн хямралыг хэлэлцэхээр цуглараад байна. Хүн төрөлхтөн хэрхэн сэтгэлийн хатан чанар, энэрэл нигүүлсэлээр нэгдэж болох талаар асуумаар байна. Миний асуух гэсэн таван асуултын эхнийх нь: дэлхий нийтээрээ түгшүүр өндөр байгаа цар тахлын үеийн сэтгэл түгшээсэн байдал, тодорхойгүй байдал гэх зэрэгтэй тэмцэх ямар арга замыг авч хэрэгжүүлэх вэ?”
“Энэ өвчин ноцтой, аюултай байна. Үүн дээр олон шинжээчид анхаарлаа хандуулж байгаа тул надад нэмээд хэлэх зүйл алга байна. Судалгааны хүмүүс, эмчилж байгаа, асарч байгаа тэдгээр бүх хүмүүсийн үзүүлж буй хичээл зүтгэл, тусламжийг үнэлж талархаж байна. Олон эмч, сувилагчид өөрсдийгөө эрсдэлд оруулан ажиллаж байна.”
“Айж түгших нь өвчний явцыг улам хүндрүүлдэг гэдэгт би итгэдэг. Бид тогтвортой, тайван байх хэрэгтэй. Наймдугаар зуунд Наландагийн их мастер Шантидева бидэнд байгаа нөхцөл байдлаа судалж, дүн шинжилгээ хийхийг зөвлөж байж. Асуудалд шийдэл байвал хүчин чармайлт гаргах хэрэгтэй, ямарч шийдэл байхгүй бол цаг заваа үрээд, дэмий хоосон санаа зовох хэрэггүй. Энэ бол бодит арга зам юм. Бидний айдас, түгшүүрийг багасгахад тустай. Дэлхий ертөнц, галактикийн амьдралтай харьцуулахад нэг хүний амьдрал өчүүхэн төдий боловч төгсгөл нь мөнх бус. Төрлөөс төрөлд шилжих ямар нэг зүйл бий.”
“Бидний өмнө тулгарч буй бусад ноцтой асуудлуудын нэлээд хэсгийг бид өөрсдөө бий болгодог. Энэ өдрүүдэд Америкт арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг эсэргүүцсэн жагсаалууд болж байна. Эдгээр нь бидний сэтгэхүйн хандлагаас ихээхэн хамааралтай юм. Бид бүх хүн төрөлхтний эв нэгдлийн төлөө байх ёстой ба бидний хийх үүрэг мөн. Өнөөдөр амьдарч буй долоон тэрбум хүн бүгд ижил замаар төрж, ижил замаар насан эцэс болно. Төрөх, үхэхийн хооронд, амьд ахуйд бидний хооронд ялимгүй ялгаа байж болох ч, бид бүгдээрээ ижил юм.”
“Үүнээс гадна, хүн бүрийн ирээдүй бүх хүн төрөлхтний ирээдүйгээс хамаарна. Арьсны өнгөөр, шашин шүтлэгээр “манайх”, “танайх” гэх үзэл нь хоцрогдоод байна. Өнөөдөр дэлхийн эдийн засагт хил хязгаар гэж үгүй болсон үе. “Бид” болон “тэд” гэсэн хоорондын жижиг ялгааг хэт онцолсноор асуудал, зөрчилдөөн үүсгэж байна. Үүний оронд бид бүх хүн төрөлхтний төлөө санаа тавих ёстой. Бид бага залуу байхдаа нэг үзэл бодолтой, нас ахихад өөр үзэл бодолтой болдог ч өөрсдийгөө адилхан хүн гэж авч үздэг.”
“Арьсны өнгө, шашин шүтлэг, үндэс угсаагаар нь ялгасны улмаас бид бүгд ижил хүмүүс гэдгийг мартаж сатаардаг. Бид энэ дэлхий дээр хамтдаа амьдрах учир энэ санааг бусдад түгээх хэрэгтэй. Бид оюун ухаан, бие махбодь, сэтгэл хөдлөлийн хувьд бүгд ижил. Өнгөц ялгаан дээр анхаарлаа хандуулах нь мунхаг үйлдэл юм.”
“Энэтхэгийн олон талт байдлыг харцгаая: дэлхийн бүх томоохон шашнууд чөлөөтэй цэцэглэн хөгжиж байна. Өмнөд, хойд, зүүн, баруун хэсэгт хүмүүс өөр өөр хэлээр ярьдаг, өөр өөр бичиг үсэгтэй, гэвч бүгд Энэтхэгийн Холбоонд хамт амьдардаг.”
“Арьсны өнгөний ялгааг хэт их анхаарч үзвэл ач холбогдлыг улам их нэмэгдүүлдэг. Үүний оронд бид бүгдээрээ ижил хүмүүс гэдэг дээр онцолж анхаарсан нь дээр. Европын Холбоог авч үзье. Гишүүн орны хүмүүс нь өөр үндэстэн, өөр хэлээр ярьдаг, өөр өөрийн соёлд дуртай. Урьд нь тэд хоорондоо тулалдаж, бие биенээ хөнөөж байсан. Миний физикийн багш нарын нэг Карл Фридрих фон Вайцзеккерийг залуу байхад герман хүнд бүх францчууд дайсан болж харагдаж, харин франц хүмүүсийн нүдээр герман хүмүүс нь дайсан болж харагддаг байсан гэж ярьж байсан. Гэхдээ одоо бүх зүйл өөрчлөгдсөн юм. Дэлхийн II дайны дараа европчууд илүү төлөвшсөн хандлагыг баримталж Европын Холбоог үүсгэсэн билээ. Үүнээс хойш гишүүн орнууд хоорондоо байлдаж тулалдсангүй. Европын Холбооны санаанаас бид суралцах ёстой. Бид хязгаарлагдмал хийгээд сэтгэл санааны байдлаасаа үүдээд олон асуудлыг үүсгэж байдаг. Сэтгэл хөдлөл нь бидний амьдралын ердийн хэсэг боловч сөрөг сэтгэл хөдлөл нь бат бөх үндэс суурьгүй. Харин энэрэн нигүүлсэхүй гэх зэрэг эерэг сэтгэл хөдлөл нь учир шалтгаан дээр суурилдаг юм.”
Дээрхийн Гэгээнтэн квантын физикийн ойлголтод материаллаг зүйлс бодитой харагдаж байгаа мэт санагддаг, гэвч илүү гүнзгий дүн шинжилгээ хийхэд үзэгдэж байсан шигээ байдаггүй гэв. Мөн чанар гэдэг нь бат бөх, хатуу зүйл биш юм. Илүү гүнзгий харахад материаллаг зүйлс бөөмсөөс бүрддэг ба мөн чанар нь сэтгэлийн төсөөлөл гэдгийг олж харна.
Тэрбээр Энэтхэгийн цөмийн физикч Ража Рамана квантын физикийг олон хүн мэдлэгийн шинэ талбар гэж үздэг боловч ижил санаануудыг эртний Энэтхэгт эрт дээр үед олсон байсан гэв.
Хутагт Нагаржуна,
Аливаа зүйл огт үгүй гэвэл
Тэрээр шүтэн барилдах боломжгүй
Тиймээс аливаа зүйл үгүй бол
Түүний хоосон чанар ч үгүй гэжээ.
Хэрэв бид квантын физикийн үзэл бодлыг хүлээн авч чадвал сөрөг сэтгэл хөдлөлөөс ангижрах боломтой гэж Дээрхийн Гэгээнтэн хэлэв. Сөрөг сэтгэл хөдлөл нь бат бөх суурьгүй, харин энэрэн нигүүлсэхүй зэрэг бусад эерэг сэтгэл хөдлөлүүдийг учир шалтгааны болон бясалгалын аргаар улам сайжруулж болдог.
“Гайхалтай!”- гэж Каролин Жейкобс хэлэв. “Ричард, энэ талар дэлгэрэнгүй ярих өөр зүйл байна уу?”
Дээрхийн Гэгээнтний дараа Ричи Дэвидсон коронавирусын тахлын асуудлыг хөндөв. Тэрээр Хятад улсын хүн амын 54 хувьд нь хямралын дунд болон хүнд хэлбэрийн шинж тэмдэг илэрсэн талаар Хятадын шинжлэх ухааны нийтлэлээс эш татав. Бусад орны эрдэмтэн судлаачид тахлын дэгдэлтийн үеэр гарч буй сэтгэлзүйн бэрхшээлийн талаар бас ярьж байна. Халдвартай эсэхээ мэдэхгүй, эрсдэл хэр удаан үргэлжлэхийг мэдэхгүй, тахал хэзээ дуусахыг мэдэхгүй гээд тодорхой бус байдлыг даван туулахад бэрхшээлтэй байна.
Бид зарим зүйлийг хянах боломжтой, заримыг нь бид хянах боломжгүй байдаг гээд Дээрхийн Гэгээнтний дээр дурдсан Шантидева гэгээний зөвлөгөөг эш татав. Дэвидсоны ярьж буйгаар, бид сэтгэлээ хянан удирдаж сурах боломжтой. Аймшигтай мэдээ, тодорхой бус байдал нь бидэнд маш их хор хөнөөлтэй нөлөө үзүүлэх үед сэтгэлээ хянан удирдах нь онцгой ач холбогдолтой байна.
Дээрхийн Гэгээнтний АНУ-д болоод буй арьсны өнгөний хурцадмал байдлын талаар санаа зовж буйтай холбогдуулан 35-45 насны өнгөт арьстай хүмүүс коронавирусын улмаас нас барах магадлал арав дахин их байгааг Дэвидсон дурдав. Энэ бол бие махбодийн ноцтой асуудал юм.
Энэ хооронд хүмүүс өөрийн мэдэлгүй айдас түгшүүрт автаж байна гээд тэрээр “Айдаст автахгүйгээр сэтгэлээ хэрхэн удирдаж сурах вэ? Бид хэрхэн тайвширч, сэтгэлийн тэвчээр, тэнцвэрт байдалд хүрэх вэ? гэж асуув.
“Энэ өвчнийг судалж байгаа бөгөөд цааш үргэлжлэх ёстой,” гэж Дээрхийн Гэгээнтэн хариулав. “Вирусээс үүдэлтэй тул бие махбодь нь эсрэг биет болон дархлаа үүсгэх чадвартай. Гэсэн хэдий ч, сэтгэл айдастай байвал бид илүү эмзэг болдог, харин өөртөө итгэлтэй байдал нь бидний эрүүл мэндэд тустай.”
“Материаллаг амьдралын үүднээс авч үзвэл мэдрэхүйн ухамсар давамгайлдаг. XX зууны сүүл үе хүртэл эрдэмтэд оюун ухааныг, оюуны ухамсарт судалгаа хийдэггүй байв. Гэхдээ XX зууны сүүлээс тархинд нөлөөлж болох ямар нэгэн зүйл байгааг хүлээн зөвшөөрч эхэлсэн юм. Амьсгалаа хянах дасгал болон бясалгал хийх нь бидний оюуны ухамсарт нөлөөлдөг. Эдгээр нь эхлээд хэдэн секунд, дараа нь хэдэн минутаар сэтгэлээ төвлөрүүлэхэд тустай. Миний зарим найз нар хэдэн цагийн турш сэтгэлээ төвлөрүүлж бясалгадаг. Үүнийг задлан шинжлэх бясалгалтай хамт хийвэл юмсын мөн чанарт нэвтрэх чадвартай болно.”
“Энэтхэгийн нийтлэг уламжлал болох төвлөрөн бясалгах (шаматха), шинжлэн бясалгах (випашяна) нь их тустай. Эдгээр нь бидэнд саруул билиг оюун хийгээд сэтгэлийн хүчийг нэмж өгдөг. Үүнийг шашнаас ангид, бодит академик, судалгааны түвшинд хийх боломжтой.”
“Ричи Дэвидсон та ухамсар нь тархинд нөлөөлдөг гэдгийг ойлгоход маш их хувь хэмрээ оруулсан хүн. Үүний үр дүнд олон эрдэмтэд сэтгэл хөдлөл, дотоод ертөнц рүү анхаарлаа хандуулах болсон юм. Уур хилэн, айдас зэрэг сөрөг сэтгэл хөдлөл нь бидний ухамсрын төрх байдлын хэсэг боловч бясалгал хийснээр эдгээр сөрөг сэтгэл хөдлөлүүд ямар ч ашиггүй, хэрэггүй гэсэн баттай ойлголттой болно. Бид сэтгэлийн амгаланд хэрхэн хүрэх талаар суралцах хэрэгтэй байна. Тулгарч буй олон асуудлууд сөрөг сэтгэлээс үүдэлтэй байдаг. Бид дүн шинжилгээ хийж тэдгээрийг буруулах тал дээр суралцах хэрэгтэй байна. Бидэнд сэтгэл хөдлөлийн тал дээр хийх ажил их бий.”
Ричи Дэвидсон, “Оюун ухаан ба Амьдрал” хэлэлцүүлгээ анх эхлүүлж байх үед энэрэл нигүүлсэл гэдэг үгийг шинжлэх ухааны үүднээс ашигладаггүй байсан. Тэр үеийн үгсийн жагсаалтыг харахад энэрэл нигүүлсэл гэсэн үг байдаггүй байв. Дээрхийн Гэгээнтэн та бүхэл бүтэн үеийн эрдэмтэн судлаачдын өөрчлөлтийн хурдасгагч нь болсон юм. Хорин жилийн өмнө цөөхөн хүн мэддэг байсан энэрэн нигүүлсэхүй бидний сэтгэл хөдлөлд хэрхэн нөлөөлдөг болохыг эдүгээ олон хүн мэддэг болоод байна. Хорин жилийн өмнө Дарамсалад бид энэрэн нигүүлсэхүйг шинжлэх ухааны бүдүүвч зургаар гаргана гэж амласан юм. Тиймээс өнөөгийн шинжлэх ухаанд бясалгалын шинжлэх ухаан, бясалгалын неврологи гэсэн салбарууд гарч ирсэн билээ.”
“Энэрэн нигүүлсэхүйг хэдхэн удаа дадуулан бясалгахад л бидний мэдэхгүй далд ухамсрын атгаг сэжиг, өрөөсгөл хандлага зэрэг сөрөг сэтгэл хөдлөлтэй тэмцэж болохыг бид мэдэж авсан билээ. Энэрэн нигүүлслээр тэдгээр сөрөг хандлагыг багасгах боломжтой. Гэсэн хэдий ч, бид энэ мэдлэгээ хэрхэн илүү өргөн хүрээнд түгээх вэ гэдэг асуулт тулгарсаар л байна. Бүх долоон тэрбум хүнд үүнийг түгээх талаар таны өгөх зөвлөгөөг бид баяртай хүлээж авах болно. Урьд өмнө цөөн тооны хүмүүс шүдээ угаадаг байлаа, гэтэл өнөөдөр бүгд угаадаг болсон гэж миний дурьддаг жишээ байна.”
“Одоо байгаа боловсролын тогтолцоонд сэтгэл, оюун судлалын ойлголт өгөх тал дээр анхаардаггүй. Оюун ухаан, сэтгэл судлалын талаарх мэдлэгийг оруулах хэрэгтэй. Бид хүүхдүүдэд бие махбодийн эрүүл ахуйг заадагтай адил сэтгэлийн эрүүл мэндийг заах хэрэгтэй байна. Бидний мэддэг эртний Энэтхэгийн уламжлалд энэ талаар асар их мэдлэгийг агуулж байдаг юм. Жишээлбэл, гол сэтгэл болон сэтгэлийн 51 шинж чанарыг ялгадаг. Эдгээрийг гүйцэтгэх үүргээр нь тодорхойлдог. Энэ сэдвийг орчин үеийн эрдэм шинжилгээний хүрээнд судлах боломжтой гэдэгт итгэлтэй байна.”
“Бидэнд дотоод сэтгэлийн тухай ойлголт байхгүй тул цэцэрлэгээс эхлээд их дээд сургууль хүртэл боловсролын сургалтын хөтөлбөрт оруулах арга замыг хайж олох нь зүйтэй болов уу. Бага багаар эхлэх нь жижиг үрнээс том мод ургадагтай адил бид сэтгэлийн мөн чанарт нэвтэрсэн, маш нарийн ойлголттой болно. Бид сэтгэл хөдлөлийг ашиг тустай, хор хөнөлтэй гэж ангилан шалгаж шинжиж байх хэрэгтэй. Бид энэрэн нигүүлсэхүй зэрэг эерэг сэтгэл хөдлөлийг хөгжүүлж, уур хилэн, айдас зэрэг муу сэтгэл хөдлөлийг арилгаж сурах хэрэгтэй. Сэтгэл хөдлөл нь шалтгаантай байдаг ба бид үүнийг олж ойлгох хэрэгтэй.”
“Хүмүүсийг аз жаргалтай байлгахыг тулд одоо байгаа боловсролын тогтолцоо хангалтгүй байна. Эрдэмтэд энэ талаар асуулт тавих эрх мэдэлтэй байдаг. Хэрэв би үүнийг хийвэл лам хүн болохоор анхаарал бага татна. Орчин үед хүмүүс эрдэмтдийн санал бодлыг сонсох хандлагатай болсон.”
“Наландагийн уламжлалаар Бурхан Багшийн айлдварт шууд хүлээн авах бус, эргэлзэж шалгадаг байсан. Наландагий их сургууль нь сүм хийд төдийгүй сургалтын төв байсан бөгөөд эрдэмтэн мэргэд нь учир шалтгаан, логик, гүн ухааны үзэл онол дээр тулгуурладаг байв. Энэ уламжлалыг 8-р зуунд Төвөдөд ловон Шантаракшита нэвтрүүлж, тэр цагаас хойш бид чанд мөрдөж ирсэн билээ. Бидний логик сэтгэлгээ, судалгаа шинжилгээ хийх чадвар нь “Оюун ухаан ба Амьдрал” хүрээлэнгийн эрдэмтэн судлаачидтай яриа хэлэлцээр хийх үндэс болсон ба маш үр дүнтэй ч байна.”
Каролин Жейкобс Дээрхийн Гэгээнтнээс дэлхийг өөрчлөхийг эрэлхийлж буй залуучуудад ямар зөвлөгөө өгөх вэ гэж асуув.
“Дэлхий үргэлж өөрчлөгдөж байдаг. Шинжлэх ухаан урагшилж байна. Өнөөгийн дэлхий 100 жилийн өмнөхөөс эрс ялгаатай. XX зуун бол их хүчирхийллийн үе байсан. Хүмүүс зөрчилдөөнийг шийдвэрлэхийн тулд хүч хэрэглэхэд бэлэн байдаг байв. Өнөө үед санал зөрөлдөөн гарах үед яриа хэлэлцээрээр дамжуулан шийдвэрлэх нь зүйтэй. Энэ цаг үеэ яриа хэлэлцээрийн эрин үе болгоцгооё.”
“Өмнө нь хүмүүс бие биенээ хөнөөж байсан үед эцсийн ялалтанд хүрэх боломжгүй байв. Зарим эсэргүүцэгчид амьд үлддэг байлаа. Хэлэлцээр хийх нь илүү үр дүнд хүрэх бодлого юм. Миний зорилго бол бүх хүн төрөлхтний эв нэгдлийн зарчим дээр суурилсан боловсролоор дамжуулан яриа хэлцлийн сэтгэлгээг түгээх явдал юм. Дайн, зэвсэг хэрэггүй. Бид дэлхийн хэмжээнд зэвсэглэлээс татгалзах ёстой. Зэвсэг үйлдвэрлэх нь мөнгө, баялгаа дэмий хоосон үрж буй хэрэг мөн.”
“Зэвсэггүй дэлхийд бид өөртөө итгэлтэй, үнэнч, шударга байж яриа хэлэлцээрээр асуудлыг шийдэж байх болно. Бид зөвхөн өөрсдийн талдаа анхаарал хандуулалгүйгээр илүү өргөн цар хүрээтэй хандаж байх хэрэгтэй. Та бид бүгдээрээ нэг гариг дээр амьдардаг гэж бодож үзвэл, “миний үндэстэн”, “миний ард түмэн” гэх нь хэтэрхий хязгаарлагдамал мэт санагдана. Хүн бол нийгмээс хамааралтай нийгмийн амьтад гэдгийг эрдэмтэд нотолсон. Тийм учраас бид энэрэнгүй сэтгэлгээг бий болгох ёстой.”
“Боловсрол бол гол хүчин зүйл. Дэлхийн дулаарлын нөхцөлд бидэнд хэр их цаг хугацаа байгааг би мэдэхгүй. Гэхдээ бие биенээ хөнөөж цаг хугацаагаа өнгөрөөнө гэдэг бол утгагүй зүйл юм. Энэ нь үхлийн ирмэг дээр байгаа хоёр хөгшин хоорондоо маргалдахтай адил. Энэрэл нигүүлсэлтэй нийгэмд аз жаргалтай, амар амгалан амьдрах нь хавьгүй дээр шүү дээ.”
“Тиймээс найз нөхөд минь, бид бүгдээрээ хүн төрөлхтөн ахан дүүсээ сургах үүрэгтэй. Аз жаргалын жинхэнэ эх үүсвэр нь мөнгө биш, зэвсэг биш, харин сэтгэлийн дотоод үнэ цэнэ юм.”
Каролин Жейкобс сэтгэл хөдлөм яриа өрнүүлсэн Дээрхийн Гэгээнтэн, Ричи Дэвидсон нарт талархал илэрхийлэв. Сюзан Бауэр-Ву билиг ухаан, сайхан сэтгэлээсээ хуваалцсанд Дээрхийн Гэгээнтэнд гүнээ талархаж байгаагаа илэрхийлээд шинэ уулзалт хийхийг тэсэн ядан хүлээж байгаагаа хэлэв. Тэрбээр Дээрхийн Гэгээнтний багш нарын нэг, онолын Физикч Давид Бомын “Хязгааргүй боломж” киноны нээлт нь өнөө орой болох ба Дээрхийн Гэгээнтний төрсөн өдрөөр дахин үзүүлэх болно гэлээ.
Дээрхийн Гэгээнтэн хэлэхдээ илүү өргөн хүрээнд хувь хүний амьдралын нөлөө хязгаарлагдмал байдаг ч хэрэв бид оюун ухаанаа хүн төрөлхтний сайн сайхны төлөө ашиглах аваас бидний үзэл санаа ирээдүйн хойч үед ашиг тусаа өгөх болно гэв. Түүний хэлснээр нарийн ухамсар нь төрлөөс төрөлд шилждэг гэсэн нотолгоо байдаг. Хүүхдүүд урд насаа тодорхой санаж байдаг жишээг дурьдаад, эрдэмтэд үүнийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байж болох ч энэ тухай судлах хэрэгтэй гэлээ.
Дээрхийн Гэгээнтэн өөрийн туршлагаас харахад бусдыг эрхэмлэх, бодь сэтгэл болон шүтэн барилдлагын үнэн чанарын талаар өдөр бүр гүн бодож бясалгах нь сэтгэлийн хямралтай тэмцэхэд маш их тус болдог гэв.
“Ярилцлага маань одоо сурч байгаа хүмүүст ихээхэн тус дэм болсон гэж найдаж байна. Баярлалаа, баяртай.”