Энэтхэг, ХП, Дарамсала - Өнөөдөр Энэтхэгийн Олон Улсын Төв (ЭОУТ) ба Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын дэргэдэх Бүх Нийтийн Хариуцлагын Сан (БНХС) хамтран Энэтхэгийн эртний өв уламжлал “каруна” ба “ахимса”-ийн тухай ярилцах, мөн зарим хуучны анд нөхөдтэй нь уулзуулж тэдний сонирхсон асуултанд хариулах зорилгоор Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг урьсан юм. Дээрхийн Гэгээнтнийг суудалдаа заларсан даруйд БНХС-ийн захирал Ражив Меротра түүнд мэнд дэвшүүлэв.
“Даши дэлэг Дээрхийн Гэгээнтэн, Бидэнтэй хамт байгаад бид бүгд маш их талархаж байна. Одоо ЭОУТ-ийн ерөнхийлөгч ноён НН Вохра таньд мэндчилгээ дэвшүүлнэ.”
Эрхэм Вохра Энэтхэгийн засгийн газарт ажиллаж байхдаа Дээрхийн Гэгээнтэнтэй тогтоосон олон жилийн харилцаагаа эргэн дурссан бөгөөд түүний төрийн албаны карьер Дээрхийн Гэгээнтэн Төвөдийг орхин Энэтхэгт цагаачлан ирж байгааг ерөнхий сайд Неру анх зарласан тэр өдөр эхэлж байжээ. Энэ хугацаанд тэрээр Дээрхийн Гэгээнтэнтэй олон удаа уулзах завшаан таарч байсны хамгийн сүүлийн уузалт түүнийг ЭОУТ дээр хүлээн авах үед тохиожээ. Эрхэм Вохра ярианыхаа төгсгөлд “Намаскар” гэж хэлээд Дээрхийн Гэгээнтэнд тавтай морилохыг дахин хүслээ. Дээрхийн Гэгээнтэн эхлээд эртний анд найз нартайгаа ингэж теле уулзалтаар дамжуулан дахин уулзаж байгаадаа маш их баяртай байгаагаа илэрхийлэв.
“Энэтхэг орон сүүлийн 61 жилийн турш миний орон гэр минь байлаа. Ерөнхий сайд НҮБ дээр нэгэнтээ хэлж байснаар Бурхан Багш Энэтхэг хүн байсан. Миний үзэл бодол бүхэлдээ Бурхан Багшийн айлдвар сургаал дээр суурилсан юм. Бурхан Багш шавь нартаа “Алтыг хайлуулж, тасдаж бас зүлгэж шалгадгийн адил хуврагууд та бүгд зөвхөн намайг хүндэтгэх үүднээс бус миний сургаал номлолыг сайтар шалгаж шинжилснийхээ дараа хүлээн авч дагахтун” гэж зөвлөсөн нь шинжлэх ухаанч хандлага шүү дээ.”
“Бид дүр төрхөөрөө Төвөд хүмүүс учраас зүс царай ялгаатай боловч сэтгэлгээний хувьд Энэтхэг хүмүүс юм. Үнэндээ VII зууны Төвөдийн хаан Тан улстай ойрын харилцаатай байсан ч төвөд үсгийг зохиохдоо Энэтхэгийн Деванагари үсэг дээр суурилсан нь машид учиртай байлаа. Дараагийн зуунд нь ч Төвөдөд Хятадын буддист багш нар байсан боловч тухайн үеийн Төвөдийн хаан буддизмын мэдлэгийг Наландын их сургуулиас оруулж ирсэнээс гадна их эрдэмтэн хувраг Шантаракшитаг Төвөдөд залсан билээ. Ловон Шантаракшита Төвөдүүд өөрийн бичиг үсэгтэй тул Энэтхэгийн буддизмын судар зохиолуудыг эх хэл рүүгээ хөрвүүлэх нь ашиг тустайг зөвлөсөн юм. Энэ зөвлөмжийн үр дүнд Бурхан Багшийн сургаал айлдварын 100 боть, мөн дараа дараагийн үеийн гайхамшигт эрдэмтэд болох Нагаржуна, Арьяндэв ба хутагт Асанга зэрэг бандита нарын зохиолууд болох 200 боть цуглуулга төвөд хэл дээр бий болжээ. Энэ цуглуулганд логик, гүн ухаан, оюун судлал ба винайн ёсны эрдэм мэдлэгүүд бүгд багтаж, бид ч үүнээс олон судар зохиолууд цээжлэн тогтоож суралцсаар ирсэн билээ. Би хувьдаа 7 настайгаасаа эхлээд олон тооны ном цээжилсэн. Ийм замаар миний болон олон Төвөд хүмүүсийн оюун санаа Энэтхэг үзэл бодлоор боловсрон хөгжсөн юм.”
“Өдгөө би 86 насанд хүрсэн ч өөртөө хүлээсэн дөрвөн үндсэн үүргээ хүлээсээр буй. Нэгдүгээрт хүн төрөлхтөнд Энэтхэгийн “каруна” ба “ахимса” уламжлалууд хичнээн хэрэгтэй бөгөөд чухал болохыг ойлгож буй учраас үүнийг дэмжин түгээн дэлгэрүүлэхийг зорьж байна. Хүн гэдгээрээ бид бүгд адилхан учир хамтдаа энх тайвнаар амьдрах шаардлагатай. Хоорондын зөрчил тэмцэл нь “бид” ба “тэд” гэсэн ялгавар бодлоос л гардаг. Гэтэл бид бие махбодь, ухамсар ба сэтгэл хөдлөлийн хувьд яг адилхан шүү дээ. Бид өрнө, дорно, урд, хойно амьдардагаас үл шалтгаалан нэг нэгэнтэйгээ хамаардаг. Дэлхийн эдийн засаг ч бүхэлдээ харилцан хамааралтай.”
“Бурханы шашны хуврага хүний хувьд бидний шашин хоорондын эв зохицол маш чухал гэдэгт би итгэдэг. Энэтхэг улсыг харахтун! Энд дэлхийн бүх шашны урсгал уламжлалууд цэцэглэж байна. Өөрийн уламжлалт шашнаас гадна энд Зороастрианизм, Иудизм, Христ ба Исламын шашнууд орон зайгаа олжээ. Шашин хоорондын эвсэг найрсаг, хамтран оршихуй боломжтой гэдгийг Энэтхэг бэлхнээ харуулж байна. Эдгээр шашнууд нь гүн ухааны үзэл онолуудын хувьд ялгаатай байж болох ч бүгдээрээ хайр ба энэрэл нигүүлслийг хамгийн түрүүнд түгээн дэлгэрүүлэхийг зорьдог бөгөөд өршөөл уучлал, хүлцэл тэвчээр ба эв зохицол, амар амгалангийн ач холбогдолыг чухалчилдаг билээ.”
“Шашны уламжлалууд нь хүн төвтэй учраас хүний суурь үнэт зүйлс дээр төвлөрдөг. Бид төрсөн даруйд эхийн энэрэл хайр байхгүй бол амьдарч чадахгүй шүү дээ. Бид нийгмийн амьтад тул нэг нэгнээсээ хамаарч амьдардаг. Өөрийн ойр дотно хүмүүстээ, нийгэм хамт олондоо санаа тавьдаг нь бидний энэрэл нигүүлслийн илрэл юм. Харин шашны уламжлалууд маань эдгээр чанаруудыг тэтгэн дэмждэг учраас би шашны уламжлал хоорондын эв зохицлыг дэмжин ажиллахыг зорьж ирсэн билээ.”
Дээрхийн Гэгээнтэн мөн өөрийгөө жирийн Төвөд хүн, өөрт нь олон Төвөд хүмүүс итгэл найдвар тавьдагийг дурьдаад 2011 онд сонгуулиар сонгогдсон удирдлагуудад өөрийн улс төрийн эрх мэдлээ шилжүүлсэн боловч Төвөдийн байгаль орчинд санаа тавих ажлаа үргэлжлүүлсээр байгаагаа тайлбарлав. Дэлхийн дулааралтай тэмцэхгүй бол ирэх арваас хорин жилд Ази тивийн усны гол ундарга, эх үүсвэр болсон олон гол нуурууд ширгэж үгүй болох аюул нүүрлэж байна. Тиймээс үүнээс сэргийлэхийн тулд ажиллах шаардлагатай гэлээ.
Мөн тэрээр Төвөдийн соёл уламжлалыг хадгалан авч үлдээхийг зорин ажиллаж байна. Бурхан Багшийн сургаал Төвөдөд дэлгэрсний дараа олон Төвөд хүмүүс оюун мэдлэгийн төв болсон Энэтхэгийн Таксила, Наланда, Викрамашила болон Одантапурийн их сургуулиудад суралцсан билээ. Үүний үр дүнд Төвөдийн буддизм логик зарчмыг сургалт судалгааны гол хандлага, арга зам болгожээ. Түүний хувьд орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтэдтэй харилцан үр өгөөжтэй уулзалт хэлэлцүүлгүүдийг өнөөг хүртэл хийж ирсэн нь чухамдаа энэ сургалтын аргын үр дүн гэдгийг онцлов. Хуучин цагт Төвөдүүд Энэтхэгчүүдийг багш, харин өөрсдийгөө шавь нь гэж үздэг байсан бол цаг хугацаа өнгөрөхөд энэ байр суурь солигдсоныг тэрээр наргиан болгон өгүүлээд тиймээс ч Төвөдийн энэ үнэ цэнэтэй соёл уламжлалыг хадгалан хамгаалахыг өөрийн гол үүрэг хариуцлага гэж үздэгээ тэмдэглэн хэлэв.
Дээрхийн Гэгээнтэн Төвөдийн ард түмэн Энэтхэг оронд эрдэм мэдлэгийн их өртэй гэдгийг дахин тодотгон хэллээ. Орчин үеийн мэдлэг боловсрол үнэ цэнэтэй боловч хэт материаллаг зорилготой гэдгийг тэрээр дурьдаад үүнийг эртний Энэтхэгийн ухамсар, сэтгэл хөдлөлийн тухай гүнзгий оюун мэдлэгийг эргээн сэргээх замаар тэнцвэржүүлэх хэрэгтэйг онцлов. Энэ мэдлэгийг хүч үл хэрэглэх зарчим ба энэрэл нигүүлсэл, мөн төвлөрөл болон шинжлэх бясалгалын ухаануудтай уялдуулан орчин үеийн боловсролтой хослуулж чадвал маш нааштай үр өгөөжийг бий болгож чадна. Үр дүнд нь хүмүүс сэтгэлийн ариун цэврээ хангаж, сөрөг сэтгэл хөдлөлийг амирлуулж сурах юм.
Өнгөрсөн зуунд Махатма Ганди хүч үл хэрэглэх зарчим нь ямар үр дүнтэй байж болохыг харуулснаар дэлхий даяар гүн гүнзгий сэтгэгдэл, нөлөө үзүүлж чадсаныг Дээрхийн Гэгээнтэн өгүүлээд, хэрэв Энэтхэгчүүд энэ цаг үед ухамсар ба сэтгэл хөдлөлийн тухай өөрийн эртний уламжлалт мэдлэгээ сэргээж чадвал дэлхий дахинд энэхүү эерэг үр нөлөөг авчирч чадна гэдэгт итгэлтэй байдгаа онцоллоо. Ийм учир тэрээр өнөөгийн Энэтхэг оронд эртний уламжлалт мэдлэгийг нь эргэн сэргээхийг зорьж үүрэг болгон хүлээн авсан юм.
Ражив Меротра богино асуулт хариултын хэсгийг хөтлөн явууллаа. Эхний асуултыг Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөх, мөн Энэтхэгийн Гадаад хэргийн сайд асан Шившанкар Менон тавив. Тэрээр таван настайдаа анх Дээрхийн Гэгээнтэнтэй уулзаж байсан бөгөөд өнөө цагийн асуудлуудад “ахимса” ба “каруна”-г хэрхэн ашиглаж болохыг мэдэхийг хүслээ.
“Энэ цаг үед “бид” ба “тэд” гэсэн ялгаан дээр хэт их төвлөрч байна. Гэвч дэлхий даяар олон хүмүүс ийм харалган үзэл бодлоос залхаж байна. Тэд ийм сэтгэлгээний үе өнгөрсөн гэдгийг ойлгож байгаа боловч урагшаа ямар алхам хийхээ мэдэхгүй байгаа юм. Ийм нөхцөлд эртний Энэтхэгийн хүч үл хэрэглэх зарчим ба энэрэл нигүүлслийн уламжлал тусгайлан ач холбогдолтой байх болно.”
“Энэтхэг улс өөрийн тусгаар тогтнолыг эргүүлэн олсны дараа тухайн үеийн удирдагчид нь боловсрол, тэр дотроо ухамсар ба сэтгэл хөдлөлийн талаарх мэдлэгт илүү анхаарал хандуулсан бол үнэхээр сайн байх байсан гэж би хааяа боддог юм. Тиймээс оройтолгүй энэхүү мэдлэгийн талаарх сонирхолыг сэргээх нь нэн чухал байна. Өнөө цагийн сэтгэлгээг өөрчлөн шинэ хандлагад оруулах хэрэгцээ үнэхээр байгаа бөгөөд Энэтхэг улс үүнд “ахимса” ба “каруна” дээр суурилан томоохон хувь нэмэр оруулж чадна.”
Энэтхэгийн дээд шүүхийн ахлах зөвлөх Фали Нариман хүний амьдралд залбирал мөргөлийн гүйцэтгэх үүргийг сонирхлоо. Сүсэг бишрэлтэй хүний хувьд мөргөл залбирал нь маш их үнэ цэнэтэй гэдгийг Дээрхийн Гэгээнтэн тодотгов. Гэхдээ шашнаас ангид байдлаар авч үзвэл юмсыг шинжлэн дүгнэх оюун ухаанаар таньж мэддэг байх нь чухал гэлээ. Илүү энх амгалан дэлхий ертөнцийг бий болгохын тулд өөрийн зүрх сэтгэлдээ амар амгаланг олсон байх хэрэгтэй. Харин үүнд хүрэхэд “ахимса” ба “каруна” чухал гэдгийг тэрээр онцлов. Шашнаас ангид хандлага гэдэг нь бид өөрсдийн оюун ухаанаа зөв ашиглан бид хийгээд амьд амьтан бүгд зөвхөн аз жаргалыг хүсдэг, тэгвэл үүний суурь үндэс нь сэтгэлийн амар амгалан мөн гэдгийг ухаарах хэрэгтэй болно. Хүний оюун ухааныг сайхан сэтгэлтэй хослуулах нь үүнд хүрэх хамгийн үр дүнтэй арга зам болдог.
Бараг газар сайгүй халдлага, хүчирхийлэл түгсэн энэ үед энэрэл нигүүлсэлт итгэл сүжгээ хэрхэн алдахгүй байхыг Махатма Гандийн ач хүү, улс төрч ба дипломатч Гопалкришна Ганди асуулаа.
“Бид өөрсдийн оюун ухаанаа ашиглах шаардлагатай. Заримдаа өөр арга зам байхгүй бол бусдын сайн сайхны төлөөх хатуу арга замыг сонгож болно. Тэгэхдээ энд хамгийн гол анхаарах зүйл бол таны өөрийн сэдэл юм. Хэрэв сэдэл чинь хор хөнөөлтэй байсан бол үр дүн нь ч хор хөнөөлтэй байх бөгөөд эерэг сэдэлтэй нөхцөлд хатуу байр суурь ч ашиг тус авчирах болно.”
“Квантын физикт үзэгдэл ба бодит байдлын хоорондын ялгааг тод харуулдаг. Зарим үед тухайн зүйлс сөрөг мэт харагдаж байвч бодит байдал дээрээ тийм биш байх боломжтой. Энэ нь бидний сэтгэлийн тусгалаас л шууд хамаарах юм. Хор хөнөөлт сэтгэл хөдлөлүүд юмс үзэгдлийн талаарх буруу үзэл дээр суурилдаг. Бид буруугаар ойлгосон зүйл дээр буруу дүгнэлт хийж, улмаар сайн эсвэл муу чанаруудыг хэтрүүлэн боддог.”
“Жишээлбэл бид дайснаа гэж тодорхойлсон тэр хүн ч бидний адил амар тайвныг хүсэж байгаа, тиймээс энэрэл нигүүлсэлд багтах ёстой гэдгийг мартчихдаг шүү дээ. Бид тэднийг дайсан гэж харж байгаа учраас тэд аюултай, түрэмгий үзэгдэх боловч бодит байдал дээр тэд ч бидний адил хүмүүс бөгөөд амар тайван, найз нөхөрлөлийг бас эрэлхийлж байгаа билээ.”
Нийгэм ба эмэгтэйчүүдийн эрхийн төлөө идэвхтэн Сиеда Хамид Энэтхэг дэх Муслимчуудын ирээдүйн тухай тавьсан асуултанд Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа ямартаа ч Энэтхэгт муслимын шиа ба сунни урсгалуудын хооронд зөрчил мөргөлдөөн байхгүй гэдгийг онцлоод Ладакын муслимууд шашин хоорондын эв зохицлын тухай уулзалт ярилцлага хийхэд нь тэрээр дэмжлэг үзүүлснээ дурьдав. Энэтхэгийн муслимчууд энэ улсад өөр олон шашны урсгал уламжлалууд байдгийг, мөн тэд хоорондоо эв найрамдалтайгаар хамтран орших боломжтой гэдгийг сайн мэддэг гэлээ.
Энэ үед Ражив Меротра ярианд оролцож Нью-Йоркд болсон 9-р сарын 11-ны террорист халдлагын дараа Исламыг бүхэлд нь хүчирхийлэл ба терроризмын гол эх үүсвэр болгон буруутгаж, сурталчилж эхэлсэн тэр цагт Дээрхийн Гэгээнтэн энэ ташаарлын эсрэг Исламыг дэмжин өөрийн үзэл бодлоо илэрхийлж байсныг эргэн дурсав.
“Террорист гэж дуудагдаж буй тэр хүмүүс нь хувь хүмүүс юм. Тэднийг Буддистууд, Еврэйчүүд, Христийн шашинтнууд, Хинду эсвэл Муслимчуудын дундаас олж болно. Бид хэдхэн хувь хүмүүсийн гэмт үйлдлээс шалтгаалж нийт нийгэм, уламжлалыг үгүйсгэж болохгүй шүү дээ.”
“Би бага наснаасаа л Муслим хүмүүстэй харьцаж ирсэн, Лхаст ирсэний дараа ч V Далай Лам сүмээ барихад нь газар олгож байсан муслимын цөөнхтэй уулзаж байсан билээ. Тэдний төлөөллийг Төвөдийн засгийн газрын арга хэмжээнүүдэд ямагт урьж оролцуулдаг байсан юм.”
“Хэрэв та нөхөрлөлийн гараа сунгавал шийдэж болохгүй асуудал гэж үгүй шүү дээ. Харин хардлага сэрдлэгийг тэтгээд байвал маргаан, зөрчил гарах нь тодорхой. Лхас дахь муслимчууд амар амгалантай хүмүүс байсан бөгөөд лам нар тэднээс Энэтхэгийн тухай мэдээлэл авдаг байлаа.”
Энэтхэгийн Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан Шиам Саран сэтгэлийн ариун цэврийг нийгмийн нэг хэсэгт, улмаар үндэсний, бас дэлхийн хэмжээнд хэрхэн хэвшүүлж болох талаар мэдэхийг хүсэв. Дээрхийн Гэгээнтэн түүнд хандан “ахимса” ба “каруна” эртний уламжлалуудыг боловсролын системд нэгтгэх шаардлагатайг онцоллоо. Цар тахал хумигдсаны дараа үүнийг хэрхэн хийж болох талаар боловсрол олгогчидтой Делид уулзаж ярилцахаар хүлээж байгаа гэдгээ тэрээр нэмж хэллээ. Наландын уламжлалд уур хилэн ба айдсаас ангижрах арга замуудыг тодруулаад зогсоогүй энэрэл нигүүлслийг хэрхэн төрүүлэн хөгжүүлэх тухай баялаг мэдлэг бий. Бидний зорилго бол эртний Энэтхэгийн энэ эрдэм мэдлэгийг орчин үеийн боловсролтой хослуулах явдал гэдгийг Дээрхийн Гэгээнтэн дахин тодотгосон юм.
Нийгмийн ба улс төрийн идэвхтэн Аруна Рой үзэн ядалт газар сайгүй тархаж, буруу зөвийн байр солигдон, шашнаас ангид үзлийг баримтлах нь алдаа мэт үзэгдэх болсон энэ хүнд цаг үед тохирох зөвлөмж өгөхийг Дээрхийн Гэгээнтнээс хүслээ.
“Хэрэв бид оюун ухаанаа зөв ашиглаж чадвал өнөөдөр тулгарч буй бэрхшээлүүдийг хялбар даван туулж чадна гэсэн хүчтэй итгэл надад байна. Нөхцөл байдал өөрчлөгдсөн учраас бид ч өөрсдийн хариу үйлдлээ дахин сайтар бодож боловсруулах хэрэгтэй. Тухайлбал баян, ядуугийн ялгаа гэх мэт ноцтой асуудлууд хаанаас үүдэлтэй болохыг судлаад эдгээрийг хэрхэн шийдэж болохыг тодорхойлох шаардлагатай. Бидэнд шинэлэг арга, хандлага хэрэгтэй бөгөөд урьдын явцуу үзэл бодлуудаасаа салах цаг болсон байна. Бид нэг нэгнийгээ “бид” ба “тэд” гэж ангилдагаа больж, хүн төрөлхтөн нэг гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой юм.”
“Арьсны өнгө, шашин шүтлэг ба үндэстний ялгаанууд байгаа боловч эдгээр нь тэргүүлэх ач холбогдолтой зүйлс биш билээ. Жишээ нь хүүхдүүд ийм ялгаануудад анхаарал хандуулдаггүй шүү дээ. Тэд инээд баясалтайгаар хамтран тоглохыг л илүүд үздэг. Бид бүгдээрээ хамтын аз жаргалтай амьдралыг хүсдэг гэдгээ мартаж болохгүй юм.”
“Дэлхий өөрчлөгдөж байна. Цаг уурын дулаарал үүний нэг тэмдэг мөн. Шинээр бий болж буй нөхцөлүүдтэй бид дасан зохицож, шинэ сэтгэлгээг хэвшүүлэх хэрэгцээ нэгэнт бий болжээ.”
Баба Амтегийн хүү, нийгмийн ажилтан Пракаш Баба Амте хүйсний хүчирхийллийг хэрхэн зогсоох тухай асуухад Дээрхийн Гэгээнтэн түүнд хандан өнгөрсөн үед юу буруу хийгдсэн, үүнээс бид юу сурч болох, хэрхэн өөрчлөлтийг авчирах хэрэгтэйг боловсролоор дамжуулан хэрэгжүүлэх ёстойг зөвлөв. Заримдаа шашны зан үйлүүд нь эр, эм хүмүүсийн ялгааг буруу талаас нь харуулах хандлага байдаг боловч ийм буруу үзлийг арилгахад боловсрол л хамгийн чухал үүрэгтэй гэдгийг тэрээр дахин тэмдэглэн хэллээ.
Энэхүү алсын зайны уулзалтанд оролцож үнэт зөвлөмжүүд айлдсанд Дээрхийн Гэгээнтэнд талархаад Ражив Меротра Дээрхийн Гэгээнтний өлмий бататгахын залбирлаас уншив:
Асар олон бурханы гурван нууц бүхэн
Амьтныг залан засахад ургасан хувилгаан бүжиг
Сансар нирвааны сайн буян гарах Чандмань
Сайтар бодитой, дамжсан ачит багшийн чуулгадад
Эгэл бид нар зүрхний угаас хүчтэй залбирваас
Эртний Цаст Төвөдийн аврал болсон Далай Ламын
Энхрий лагшин нас буян нь олон галавт батжин
Эрхэмлэн болгоон таалсан хэрэг зөнгөөр бүтээхүй дор адисла
“Баярлалаа. Боломжтой цаг ирэх үед бид бүгдээрээ, бас бусад хуучны анд нөхдийн хамт Делид уулзана гэж найдаж байна. Бид бүгдээрээ хүн гэдгээрээ адилхан, гэвч нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа учраас бид ч бас өөрчлөгдөх ёстой. Би барууны орнуудын материаллаг хөгжил дэвшлийг бишрэн хүндэлдэг, гэхдээ энд ухамсар ба сэтгэл хөдлөлийн гүнзгий мэдлэг ойлголт дутагдаж байна. Тиймээс эдгээр орны хүмүүс эртний Энэтхэгийн оюун мэдлэгийг түгээн дэлгэрүүлэхэд идэвхтэй үүрэг гүйцэтгэх шаардлагатай. Баярлалаа, баяртай.”