Энэтхэг, ХП, Дарамсала - Өнөөдөр Дээрхийн Гэгээнтэн өөрийн өргөөнөөс Жанрайсиг бурханы авшиг хүртээхэд шаардлагатай урьдчилсан бэлтгэл ажлыг алгуурхнаар хийж эхлэлээ. Түүний ойрын шадарлам нар шаардлагатай үед нь туслаж байв. Дээрхийн Гэгээнтний баруун талд жижиг мандал асар зассан байх ба үүний ард 1000 мутарт, 1000 мэлмийт Жанрайсиг бурханыг залсан байлаа. Энэ удааДээрхийн Гэгээнтэнд дэлхийн өнцөг булан бүрт байгаа лам нар болон найз нөхдөө харах боломж бүрдүүлж том дэлгэцүүдийг түүний өмнө байрлуулсан байлаа.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болсоны дараа нөхцөл байдлын талаар тайлбарлав. " Энэ цаг үед олон хүмүүс надаас Жанрайсиг бурханы авшиг хүртээх боломжийн талаар асуусан. Тиймээс би энэ үйл ажиллагааг цахим сүлжээгээр хүртээж байна. Өнгөрсөн жилийн авшигийг цахим сүлжээгээр дамжуулж Төвөдөд буй олон хүн хүртсэн гэж сонссон. Мөн түүнчлэн Бодьгаяад явагдсан Ямандагийн авшигийг ч олон хүн цахим сүлжээгээр дамжуулан хүртсэн байна.”
"Хэрэв та энэхүү авшгийг хүртэх чин хүсэлтэй, мөн миний би ийм арга замаар авшиг өгөхийг зорьсон үед та авшиг хүртэнэ гэдэгт би итгэлтэй байна. Жанрайсиг бурхан бол энэрэл нигүүслийн бурхан юм. Хэрэв та түүнд залбирч, түүнд анхаарлаа төвлөрүүлэх бясалгал хийвэл энэ нь таны энэрэн хайрлах сэтгэлийг дээшлүүлэхэд тусална. Бодьсадва нар хоосон чанар ба хамаг амьтныг энэрэн нигүүлсэх сэтгэл дээр тулгуурласан гэрээрлийн төлөө хичээдэг.
"Долоон тэрбум хүн төрөлхтний дундаас хэн нь ч зовж шаналахыг хүсдэггүй. Бид бүгд аз жаргалыг хүсдэг. Бид телевизийн мэдээгээр арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, амь хөнөөх зэргийг ердийн мэт үйлддэг хүмүүсийн тухай мэдээллийг хардаг. Миннеаполист африк гаралтай америк залууг цагдаа нар хөнөөсөнтэй адил арьс өнгөөр ялгаварлан гадуурхах тохиолдлуудаас гадна шашныг ялгаварлан гадуурхах үзэгдэл ч бий.”
Эрдэмтэд хүний мөн чанарыг энэрэнгүй гэж үздэг бөгөөд хорхой шавьж хүртэл хайр энэрэлээс хамааран оршин тогтнодог. Тааламжтай байдал, өвдөлтийн мэдрэмжийг мэдэрч буй бүх амьтад эцсийн эцэст хайр энэрлийн ачаар оршин тогтнодог. Хэрэв хүмүүс бид бие биендээ энэрэн хайрлах сэтгэлээр тусалж, үйлчилж байвал бид аз жаргалтай байх болно. Нөгөөтэйгүүр, бид уур хилэн, атаархлын сэтгэлд автвал зовох болно.
Дээрхийн Гэгээнтэн өөрийн дөрвөн үндсэн үүргээ товч дурдав. Нэгдүгээрт, хүмүүст аз жаргалтай байхад нь туслах үүрэгтэй. Хэрэв та сайхан сэтгэлтэй бол аз жаргалтай байх болно, хэрэв та байнга уурлаж, атаархдаг бол аз жаргалтай байж чадахгүй. Хүмүүсийг сайхан сэтгэлтэй байхыг уриалдаг гол учир нь энэ ажээ. Хайр ба энэрэл нигүүлсэл нь хамаг амьтанд ач тустай зүйл хэмээн онцлов.
Тэрээр материаллаг хөгжил, орчин үеийн боловсролын үр дүнд хүмүүс ихэвчлэн гаднаас аз жаргалыг эрэлхийлж байдаг ба оюун санааг огоордог гэдгийг тайлбарласан юм. Жинхэнэ, байнгын аз жаргал нь бид өөрсдийн хяналтгүй бодлуудыг номхруулахаас хамаардаг. Хүмүүс сайхан сэтгэлтэй бол бусдад болон өөртөө тусалдаг.
Энэхүү Жанрайсиг бурханы авшиг хүртээх жинхэнэ учир шалтгаан нь энэрэл нигүүсэл дэлгэрэхэд түлхэц өгөх явдал юм гэдгийг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэв.
Тэрээр бусад шашнуудад анхаарлаа хандуулж үзэхэд тэдгээр шашнууд бүгд сүсэгтнүүддээ хайр ба энэрэл, тэсвэр тэвчээр, хувийн сахилга бат гэх мэт чанаруудыг хөгжүүлэхэд нь урам зориг өгдөг болохыг ажигласан байна. Тиймээс шашин хоорондын эв зохицол, хүндэтгэл нь аяндаа бий болох ёстой. Хэдийгээр хайр, энэрэл нигүүлслийг номлосоор атал шашны нэрийн өмнөөс бусадтай зөрчилдөх тохиолдол байдгийг шүүмжлээд Дээрхийн Гэгээнтэн шашин хоорондын эв зохицлыг дэмжихийн төлөө тууштай байгаагаа мэдэгдэв. Тэрээр шашин хооронд эв найрамдалтай байхын нэгэн жишээ болгон шашны уугуул уламжлалууд гаднаас дэлгэрсэн бусад шашинтай эв зүйтэйгээр хамтран оршдог Энэтхэгийг жишээ татлаа.
"Би төвөд хүн" гэж Дээрхийн Гэгээнтэн үргэлжлүүлэв. "Төвөдүүд надад найдвар хүлээлгэж бас итгэдэг. Би Ассамд байх үеэр гэнэтийн шуурганы үеэр жижиг онгоцоор нисэж байхдаа өөрийгөө аюулд буйг мэдрэн, “Хэрэв би амь эрсдэх юм бол зургаан сая төвөдүүд яах вэ?” гэж бодож байсан. Тэд намайг хүндэтгэж байдаг учраас би тэдэнд туслахын тулд чадах зүйлээ хийх үүрэгтэй.”
"Бид улс орноо алдсан, бидний зарим нь дүрвэгсдийн адил амьдрах ёстой болсон. Бидний хувьд нэг талаараа давуу тал болсон юм. Бид Бурхан Буддагийн амьдарч, сургаалиа айлдаж байсан, мөн түүний дараа Хутагт Нагаржуна ба түүний шавь нар заларч байсан энэ ариун нутагт амьдарч байна. Энэтхэг бол бидний бүхий л мэдлэгийн эх сурвалж юм. Энэ бол ардчилал. Энэ газар би Пандит Нерутай танилцсан. Дараа нь Энэтхэгийн олон удирдагчид миний найзууд болсон.”
“Энд цагаачлалд байхдаа бидний олонх нь Өмнөд Энэтхэгт дахин байгуулагдсан шашны сургалтын төвүүдэд амьдарч байна. Миний өмнө байгаа дэлгэцнээс би Гандан Ширээт ламыг харж байна. Лам хуврагууд та нар бүгд Наландагийн уламжлалыг сахигчид юм. Эрдэмтэдтэй уулзан хэлэлцүүлэг хийх, санал бодлоо солилцох зэргээр бид дэлхий дахинд өөрсдийн мэддэг зүйлээрээ томоохон хувь нэмрээ оруулж ирлээ. Та суралцаж, суралцсанаа хэрэгжүүлснээр зөвхөн манай соёл, ард түмэнд төдийгүй нийт хүн төрөлхтөнд үйлчилж байгаа юм.”
“Ловон Шантаракшита бидэнд буддын Наландагийн уламжлалыг авчирснаас хойш мянга гаруй жилийн турш бид хүн төрөлхтний соёлын өвийн нэгээхэн хэсэг болох энэхүү уламжлалыг хадгалсаар ирсэн. Шашин шүтлэг сонирхдоггүй хүмүүс ч гэсэн энэ мэдлэгээс ашиг тусыг нь хүртэх боломжтой. Биднийг анх цагаачлан ирэхэд хүмүүс манай уламжлалыг ламаизм хэмээн нэрлэж байсан. (Түүний өмнөх дэлгэцэн дээр гарч байгаа Тюрман, Берзин нар руу дохин) Тэд энэ бүхнийг мэднэ. Энэ үзлийн хамгийн чухал нь лам нар ба тэдний малгай нь гэж үздэг байв. Харин одоо бол бидний уламжлалыг Энэтхэгийн баттай үндэс суурьтай Наландагийн уламжлал мөн гэдгийг хүмүүс ойлгож эхэлсэн билээ.”
"Энэтхэгт орчин үеийн боловсрол нь материаллаг зорилгод төвлөрч, дотоод мэдлэгийг үл хайхрах тал руу хандсан боловч сүүлийн үед эртний Энэтхэгийн мэдлэг ба оюун ухаан, сэтгэл хөдлөлийн талаарх ойлголтыг сонирхох нь ихсэж байна.”
“Тиймээс би өнөөдөр дэлхий дахинд энэрэл нигүүлсэл хэрэгтэй байгаа учраас энэхүү Жанрайсиг бурханы авшиг хүртээх гэж байгаа юм.”
Дээрхийн Гэгээнтэн шавь нарын бэлтгэлийг хангах урьдчилсан зан үйлүүдийн дотор саад тотгорыг арилгах зорилгоор тэдгээрт балин өгч явуулдаг уламжлал байдгийг тэмдэглэв. Өглөө эрт гэгээрэлд хүрэх хүсэл эрмэлзэлийг хөгжүүлснээр хамаг амьтныг би өөрийн зочинд урина гэдэг боловч өдөр нь тэдгээрийг хөөн явуулах нь төдийлөн тохиромжгүй мэт санагдаж байгаа тул энэ заншлыг дагаж мөрдөхөө больж байгаагаа тэрээр мэдэгдэв.
Дээрхийн Гэгээнтэнд бурханы лагшин, зарлиг, таалалыг бэлэгдсэн мандлыг Гандан Ширээт өргөв.
"Түүхэндээ Төвөдийг Жанрайсиг бурханы орон гэдэг. Соронзон Гамбу ба Тисрэн Дэзэн хаадын үеэс эхлэн олон агуу лам нар, удирдагчид Жанрайсиг бурхантай холбоо тогтоодог байв. Тэр бол Төвөдтэй онцгой барилдлагатай бурхан юм.
"Агуу их V Далай Лам нэгэн удаа дияан бясалгал хийж байхдаа ах дүү гурван Жанрайсиг гэж нэрлэгддэг бурхадын шүтээнийг цуглуулан авчирсан байдаг. Тэдгээрийн нэг болох Вати Санбу шүтээн нь Зонгар Чодэ хийдийн лам нарын хамгаалалтанд байсан аж. Төвөдөд үймээн самуун гарахад тэд энэхүү шүтээнийг Төвөдөөс Балба руу аваачиж чадсан ба дараа нь Дарамсалад надад авчирч өгсөн юм.”
“Сүүлд Зонгар Чодэ хийдийг Өмнөд Энэтхэгт дахин байгуулах үед би энэхүү шүтээнийг тэдэнтэй явуулах уу үгүй юу гэдгийг шийдээд энд үлдээсэн билээ. Миний анзаарсан нэгэн зүйл бол түүний нүүр нь нөхцөл байдлаас хамаарч хувиран өөрчлөгдөж байдаг. Би түүнтэй ярилцаж байна гэж зүүдлэсэн бөгөөд би түүнээс хоосон чанарыг оносон эсэх, илтэд онолж мэдсэн эсэхийг асуухад тэр тийм гэж хариулж билээ.”
"Намайг 1000 мутарт, 1000 мэлмийт Жанрайсиг бурханы авшиг хүртээхэд хамгийн гол нь цэвэр ариун сэдэлтэй байх ёстой."
Дээрхийн Гэгээнтэн эхлээд гэнэн санваар, дараа нь бодьсадвын санваарыг тус тусад нь хүртээлээ.Энэхүү урьдчилсан бэлтгэл ажлын төгсгөлд тэрбээр Жанрайсиг бурханы авшигийг маргааш зохих ёсоор хүртээнэ гэдгээ мэдэгдсэн юм. Мөн түүнчлэн Арслангийн дуут Жанрайсиг бурханы даган соёрхол хүртээнэ гэдгээ мэдэгдэв.