Би олон нийтэд хандан нээлттэй байдлаар бүх цөмийн зэвсгийг үгүй хийхийг уриалж байдгийнхаа хувьд цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг одоогоор тавин улс зөвшөөрөн баталж, ирэх оны нэг дүгээр сараас эхлэн хүчин төгөлдөр хэрэгжүүлж эхлэх гэж буй явдлыг би туйлын сайшаан хүлээн авч байна. Энэ бол гарцаагүй түүхэн төдийгүй хүн төрөлхтний ирээдүйг сайнаар зөгнөж буй том үйл явдал юм. Аливаа зөрчилдөөнийг шийдвэрлэхэд илүү гэгээлэг бөгөөд боловсон зохион байгуулалттай зөв зам руу чиглэсэн алхам боллоо.
Энэхүү гэрээ хүчин төгөлдөр биелэж эл аймшигт зэвсгийг үгүй хийснээр манай дэлхийд удаан үргэлжлэх жинхэнэ, тогтвортой энх тайван цогцлох хүчин чармайлтад далайцтай хувь нэмэр болно гэдэгт би эргэлзэхгүй байна. Бидний үеийнхэн хүн төрөлхтний түүхэн дэх шинэ эриний босгон дээр ирсэн гэж би боддог. Бид бүгд бие биенээсээ харилцан хамааралтай оршдог тул олон үндэстэн, олон ард түмний гэр бүл хамтдаа энх тайван амьдрахад суралцах ёстой. Энэхүү гэрээг үр дүнд хүргэсэн НҮБ болон холбогдох гишүүн орнуудыг би сайшаан магтмаар байна. Энэ бол хүн төрөлхтний нэгдмэл байдал, бүх нийтийн үүрэг хариуцлагыг харуулсан үйл хэрэг юм.
Дэлхий ертөнц өнөөдөр энх тайван ирээдүйн төлөө анхны эерэг алхамыг хийлээ. Гэвч бидний туйлын зорилго бол эх дэлхийгээ цэрэггүй болгох явдал юм. Хэрэв зохих төлөвлөгөө гаргаж, хүмүүс давуу талаа сайжруулж чадвал энэ нь боломжтой гэж би итгэдэг. Цөмийн зэвсгийг устгах зорилготой эхний алхам хийгдсэн тул эх дэлхийг бүхэлд нь цэрэггүй болгох үйл хэрэг ч биелэх боломжтой гэж үзэж байна.
Цөмийн зэвсэггүй ертөнц бол хүн бүрт ач холбогдолтой. Өнөөдрийн бидэнд буй бодит байдал нь бид зөрчилдөөнийг шийдвэрлэхдээ харилцан ойлголцол, олон талт яриа хэлэлцээрт найдах ёстой гэдгийг харуулж байна. Тиймээс би энэ боломжийг ашиглан бүх улс орнууд энэхүү гэрээг хэрэгжүүлэхийн төлөө ажиллахыг уриалж байна. Ингэснээр дэлхий ертөнц бид бүгдэд илүү аюулгүй, амар тайван орчин байх болно.
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
2020 оны 10 дугаар сарын 26