Энэтхэг, ХП, Дарамсала – Энэ өдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам суудалдаа залармагц Жакарта дахь “Цагаан Дарь Эх” буддын төвийн оюутнууд “Билгүүний зүрхэн” судрыг индонез хэлээр уншлаа. Тэднийг уншлага уншиж дууссаны дараа Дээрхийн Гэгээнтэн талархал илэрхийлээд өнөөдөр номын айлдварын гурав дахь өдөр тохиож байна гэсэн юм.
“Өнөөдөр ‘Мөрийн гурван эрхэм’ номыг тайлбарлаж дуусгаад дараа нь бодь сэтгэл төрүүлэх уншлага уншина. Хэрэв та нарын өмнө бурханы дүр шүтээн байвал шүтээний өмнө, байхгүй бол өмнийн огторгуйд бурханыг төсөөлөн бясалгаснаар энэхүү зан үйлийг хийгээрэй.”
“Индонезийн сүсэгтнүүд өнөөдрийн номын айлдварын гол шавь нар болж байна. Танай улсад муслимын шашинтай олон хүмүүс байдаг ч Боробудур дахь суврагаас үзвэл урьд өмнө бурханы шашин хүчтэй дэлгэрч байсан нь тодорхой билээ. Адил бус шашнуудад адил бус үзэл онол байх нь мэдээжийн хэрэг юм. Тэр бүү хэл бурханы шашин дотор ч адилгүй олон үзэл онол бий. Ямартаа ч бүхий л шашин энэрэл хайр, тэсвэр тэвчээр, уучлал, сэтгэл ханамжийг адилхан номлодог. Эдгээр шашны уламжлалууд хүмүүст ач тусаа өгч байгаа тул би бүх шашинд хүндэтгэлтэй ханддаг.”
“Бурхан Багш олон газарт, олон шавь нарт, адил бус сургаал олныг номлосон ч бүх сургаалын уг үндэс нь сайхан сэтгэл, ёс суртахууныг эрхэмлэх явдал байлаа. Буддистууд өөрсдөө гэгээрэлд хүрэхийг зорьдог бол “Бүтээгч Эзэн”-ийг хүлээн зөвшөөрдөг шашинтнууд “Эзэн”-тэйгээ хамт байхыг хүсдэг. Гэвч хэн хэн нь энэрэл хайрыг эрхэмлэн дээдлэх тал дээр адилхан юм.”
“Түүх, соёлын уялдаа холбоотойгоор уламжлалт шашнаа шүтэх нь зүйтэй гэж би байнга зөвлөдөг. Өнөө цагт бид нааш цаашаа төвөггүй явдаг болсон тул өөрсдийн уламжлалт шашнаас өөр шашин шүтлэгтэй хүмүүстэй амархан уулздаг болсон билээ. Тэдгээр хүмүүстэй эелдэг харьцаж, нөхөрсөг байх нь чухал юм шүү. Индонезийн ахан дүүсдээ хандан хөрш муслимчуудтай нөхөрсөг харилцаж, улс орныхоо эв нэгдлийг улам хөгжүүлээрэй гэж хүсье.”
“Бурханы шашинт бид нар “Чухаг Гурав”-т аврал одуулж, итгэн сүслэдэг. Гэтэл “Бурхан” дангаараа биднийг аврах уу гэвэл үгүй. Харин “Бурхан” бидэнд гэгээрэл нирваанд хүрэх арга замыг заасан юм. “Чухаг Гурав”-аас “Ном чухаг” гэдэг нь дээдийн номыг хэлэх бөгөөд бид үүнийг даган мөрдөж, өөртөө төрүүлэх ёстой. Харин “Хувраг чухаг” нь бидэнд гэгээрлийн зам мөрөөр замнахад үлгэр дууриал болдог. Миний хувьд хутагт Нагаржуна үүний тод жишээ билээ. Түүний ном зохиолыг унших үед үнэхээр гайхамшигтай хувраг гэдэг нь тодорхой байдаг.”
“Бурхад бусдын хилэнц түйтгэрийг усаар угаахгүй, бусдын зовлонг мутраараа авахгүй, мөн өөрийн эрдмийг бусдад өгөх боломжгүй гэж Бурхан Багш айлдсан билээ. Хамгийн чухал нь “Бурхад” гэгээрэлд хүрэх арга замыг айлдсан явдал юм. Бурхан Багш гэгээрэлд хүрэхдээ ямар арга замаар, хэрхэн явж ирсэн өөрийн туршлагаа бусадтай хуваалцсан билээ.”
“Би өндөр насанд хүрсэн буддын лам хүн. Миний хувьд өглөө сэрсэн даруйдаа бодь сэтгэл болон хоосон чанарыг бясалгадаг ба дараа нь ядмын бясалгалаа эхэлдэг. Ийнхүү өнгөрсөн олон жилийн хугацаанд ингэж бясалгал хийснээр надад үнэхээр өөрчлөлт гарлаа. Би сүүлийн 60 жилийн хугацаанд хоосон чанарыг бясалгаж, 50 жилийн турш бодь сэтгэлийг тасралтгүй өдөр бүр бясалгаж ирсэн юм. Үр дүнд нь надад ямар ч асуудал тохиолдсон би дотоод сэтгэлийн тэнцвэрээ хадгалж, ямар ч асуудлыг өөрт ашигтай талаас нь харж чаддаг болсон байна. Хуврагийн хувцас өмсчихөөд дээдийн номыг дадлага болгохгүй бол хуурмаг явдал болно. Өдгөө би 85 насанд хүрсэн хөгшин хүн, та бүхнийг хуурах шаардлага огт байхгүй билээ.”
Дээрхийн Гэгээнтэн үргэлжлүүлэн ярихдаа пали сурвалжийг дагадаг теравада уламжлалын олон найз нөхөдтэй гэдгээ дурдсан юм. Тэрээр өмнө номын айлдварт ирсэн тэднийг хошигнон, учир шалтгааны зарчмыг дагахгүй бол аливаа зүйлийг хазах шүдгүй, хөгшин хүнтэй адил гэж хэлсэн байна. VIII зуунд их сэтгэгч, гүн ухаантан, учир шалтгааны ухааны гарамгай мастер ловон Шантаракшита Төвөдөд бурханы шашныг дэлгэрүүлсэн бөгөөд энэ нь Наландагийн нарийн уламжлал байсан гэдгийг тэмдэглэн айлдсан юм.
Мөн тэрээр учир шалтгааны ухаанд суралцсан нь түүнийг орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтэдтэй ярилцах боломж олгосон гэлээ. Шинжлэх ухааны эрдэмтэдтэй олон дахин уулзсан нь харилцан ашигтай байлаа. Учир нь Төвөдүүд матери болон квант физикийн талаар нарийн ойлголттой болсон бол орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтэд сэтгэл судлалын тал дээр илүү сонирхолтой болж эхэлсэн байна. Өнгөрсөн хугацаанд орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтэд ухамсар болон сэтгэлийн аз жаргалыг хэрхэн бий болгох тал дээр анхаарал хандуулдаггүй байсан нь эдүгээ өөрчлөгдөж эхэлсэн ажээ.
Өнөөдөр зарим эрдэмтэд өндөр түвшний бясалгагч нар насан эцэслэх үедээ бясалгалын түвшинд орж, хэдэн өдрийн турш тэр байдлаа хадгалан үлдэж чаддагийг судлаж байгаа аж. Клиник үхэл, уураг тархинд үхжилт явагдсан ч бие цогцос нь муудахгүй байж чадаж байна. Бурханы шашинд үүнийг хий, судал, дусал, нарийн ухамсарын ойлголтоор тайлбарлаж чадна. Харин орчин үеийн судлаач нар шинжлэх ухааны үүднээс тайлбарлахыг хичээж байна.
Дээрхийн Гэгээнтэн “Бодьсадвын гучин долоон гарын авлага” номны сүүлийн шүлгийг уншиж дуусаад “Мөрийн гурван эрхэм” номын тайлбартаа оров. Энэ номын эхэнд магад гарахуйг төрүүлж нирванд хэрхэн хүрэх тухай өгүүлсэн ба дараа нь бурханы хутагийг олохыг хүссэн бодь сэтгэлийг төрүүлэхгүй бол бурханы хутагийн уг үндэс болж чадахгүй гэдгийг тайлбарласан байна.
Дараа нь хоосон чанарыг онож мэдсэн билиг оюун үгүй бол орчлонгийн үндсийг тасалж үл чадах тул шүтэн барилдаж гарахуйн ойлголтыг авахын төлөө хичээх хэрэгтэй гэж айлдсан байна. Шүтэн барилдлагыг ойлгосноор хоосон чанарыг бүрэн гүйцэд ойлгох боломжтой. Хутагт Нагаржунайн шүлэг үүнийг тодорхой харуулдаг.
Шүтэн барилдаж гарсаныг
Хоосон чанартайд номлов
Тэр нь шүтэж нэрийдсэн учир
Тэр нь төв мөр болой
Иймийн тул шүтэлцэж гараагүй
Нэгээхэн ч байгаа бус
Тиймийн тул хоосон бус
Нэгээхэн ч юм байгаа бус болой
Дээрхийн Гэгээнтэн үргэлжлүүлэн бид үзэгдэж байгаа юмс бүгдийг үнэхээр өөрийн мөн чанараар оршиж байгаа мэт хардаг ч түүний мөн чанарыг нягтлан судлахад олдох зүйл байхгүй гэдгийг тайлбарласан юм.
“Та нар намайг харах үед Далай Лам үнэхээр өөрийн мөн чанараар оршиж буй мэт харагдана. Гэвч долоо, эсвээс таван учир шалтгааны зарчмаар Далай Ламыг судлан үзвэл энэ нь Далай Лам байна гэх зүйл олдохгүйд хүрэх болно.”
Юмс үзэгдэл өөрийн мөн чанараар бүтээгүй ч огт байхгүй бус биш. Богд Зонхов “Мөрийн гурван эрхэм” номондоо,
Хуурмаггүй шүтэн барилдлагат үзэгдэл ба
Хоосныг зөвшөөрөх хагацсан хоёр ойлголт
Хэдий чинээнд тусдаа үзэгдэхийг хүртэл
Хэзээд Чадагчийн таалалыг үл ономуй
Хэзээ нэгэнтээ сөөлжих үгүйгээр нэгэн зэрэг
Хуурмаггүй шүтэн барилдлагыг үзсэн төдийд
Магад мэдлийн орны баригдах бүгдийг эвдэвээс
Магадтайяа тэр л цагт үзлийн нягтлал гүйцнэ
Дээрхийн Гэгээнтэн “Мөрийн гурван эрхэм” ном нь гүн утгатай боловч товч, цээжлэхэд амар тул номын айлдвар сонсож буй хүмүүст цээжилж, утгыг нь бодож байхыг зөвлөлөө.
“Ингэж чадвал та цаг завтай үедээ энэ номын нарийн утга учрыг тунгаан бодох боломжтой болно. Мөн нойр хулжсан үед ч энэ тухай сайн бодож байгаад унтвал унтах үеийн бүхий л нойр нь буян болох юм шүү. Хэрэв энэ ном та нарын өөрсдийн хэлээр орчуулагдаагүй бол орчуулах хэрэгтэй.”
“Би энэ номын тайлбарт дамжлагыг Дадаг ринбочэ, Лин ринбочэ, мөн Тижан ринбочэ гэх гол гурван багшаасаа хүртсэн юм.”
Тэрээр номын айлдварын төгсгөлийн буяны үйлд бодь сэтгэлийг төрүүлэх уншлага уншина гэлээ. Номын айлдвар сонсож буй хүмүүсийг өмнийн огтогуйд Бурхан Багш шадар найман шавийн хамт заларч буйгаар төсөөлөхийг хүсэв. Дээрхийн Гэгээнтэн уншлагыг гурван удаа унших ба гурав дахь удаа уншиж дуусах үед бодь сэтгэл төрж байна хэмээн бодож бясалгахыг айлдсан юм.
Авралт чухаг дээд гуравт би авралыг одуулмой
Аливаа хилэнц бүгдийг тус тусад нь наминчилмой
Амьтны буянд даган баясмуй
Бурханы бодийг сэтгэлээрээ барьмой
Бурхан, Ном хийгээд Чуулганы дээдэд
Бодийг хүртэл би итгэмүй
Өөрийн ба бусдын тусыг машид бүтээхийн тулд
Бодь сэтгэлийг үүсгье
Бодь сэтгэлийг үүсгээд
Амьтан бүгдийг би зочинд урьмуй
Сэтгэл зохистой дээд бодийн явдлаар замная
Амьтны тусын тулд бүрхан болох болтугай
Ингээд асуулт хариулт эхлэв. Эхний асуулт нь дэлхийн хүн амын өсөлтийн тухай байлаа. Анх манай дэлхий дээр цөөн хүн, амьтан байсан ба алгуур нэмэгдэж олон болсон гэв. Тэр бүү хэл өвс ургамал зэрэг амьгүй зүйлүүд ч анхандаа бага цөөн байсан бол хожим улам нэмэгдсэн гэж тайлбарлалаа.
Дараагийн асуулт нь дөнгөж сая уншиж дууссан номтой холбоотой байлаа. Богд Зонхов айлдахдаа үзэгдлээр хэтрүүлэх туйлшралыг арилгана гэсэн байна. үүнийг Дээрхийн Гэгээнтэн тайлбарлахдаа бид аливаа зүйлийг харахад тэрхүү зүйл үнэхээр буй гэж харагдана. Энэ төдийд юмсын мөн чанарыг тодорхойлж чадахгүй. Харин сэтгэл төдийтний үзлээр гадаад материаллаг юмсыг үгүйсгэсэн ба төв үзлийн онолоор юмс үзэгдэл бүхэн өөрийн мөн чанараар орших боломжгүй гэж үзсэн байна.
Төв үзлийн онолоор юмс үзэгдэл бүхэн өөрийн мөн чанараар оршоогүй, нэр томьёололын төдийд оршиж буй гэж үздэг. Бурханы шашнаас бусад онолд “Би” гэдгийг хүлээн зөвшөөрдөг бол буддын бүх гүн ухааны түвшинд “Би үгүй”-н онолыг өөр өөрийнхөөр тайлбарладаг байна. Эдгээрээс хамгийн нарийн түвшин нь хутагт Нагаржунайн онол билээ. Тэрээр “Эрдэнийн эрхи”-д,
Хэдийг хүртэл “цогцос”-ыг баримтална
Төдийг хүртэл “би”-г баримтална
“Би”-г бармитлах аваас үйл хураах ба
Үйл байваас төрөх бий болмуй
Дээрхийн Гэгээнтэн 50 жилийн өмнө “бодьгалын би үгүй”-г бясалгаж байх үедээ өөрөө байхгүй мэт ойлголт төрж, тухгүй байдалд орж байсан байна. Тэрээр энэ үед “бодьгалын би үгүй”-н ерөнхий хэлбэрийг баттай ойлгосон боловч нарийн чанарыг ойлгож чадаагүй байсан гэдгээ дараа нь мэджээ.
Ахмад хүмүүс, ялангуяа дан ганц сүсэг бишрэлийг голлодог хүмүүст хэрхэн туслах вэ гэсэн асуултанд Дээрхийн Гэгээнтэн адил бус хоёр буддист байдаг хэмээн тайлбарласан юм. Төвөд болон Азийн бусад орнуудад сүсэг бишрэлийг голлодог олон хүн байдгийг дурдаад тэдэнд учир шалтгааны талаар тайлбарлахад хүндрэлтэй байдаг гэлээ. Гэвч энгийн аргаар тэдэнд өөрчлөлт хийх боломжтой. Учир шалтгаан болон сургаал номлолын талаар ойлголттой байх нь XXI зууны буддист байхын гол утга учир юм хэмээн тайлбарлав.
“Би жоохон хүүхэд байхдаа анх Төвөдийн Зуу бурханы өмнө гэнэн сахил хүртсэн тэр л цагаас хойш Чухаг Дээд гуравт аврал одуулж байна. Эхэн үедээ миний аврал одуулах нь сүсэг бишрэлээс л хамаарч байсан юм. Гэвч алгуур гэгээрэл болон түүнд хүрэх арга замыг мэдэж эхэлснээр Чухаг Дээд гуравт итгэх итгэл маань улам хүчтэй болсон билээ. Мөн оюун санааны үйл явц нь дотоод сэтгэлийн өөрчлөлтөөс үлэмж хамаатай гэдгийг мэдсэн юм.”
Үйлдвэрийн хог хаягдлын талаарх асуултанд Стокхолмын жишээг дурдлаа. Үйлдвэрийн бохир хаягдлаа голын усруу асгасны улмаас тэр гол ямар ч загасгүй болсон байна. Ингээд ард түмний эсэргүүцэл өрнөж, үйлдвэрүүд голын усанд бохир хаягдлаа хаяхаа болисон байна. Үр дүнд нь голын ус цэвэршиж, загас эргэн иржээ.
“Бидэнд үйлдвэрлэл болон эрүүл эдийн засаг хэрэгтэй. Гэвч бидний үйл хэрэг маань хүрээлэн буй байгаль орчинд сөргөөр нөлөөлж, эвдэж сүйтгэх ёсгүй.”
Тайландын хувраг асуухдаа цаг завгүй энэ амьдралд сэтгэлийн амгалан тайван байдлыг хэрхэн бий болгох вэ гэлээ.
“Өглөө ажилдаа явахаас өмнө ойролцоогоор нэг цагийн өмнө бясалгал хийх хэрэгтэй. Ердийн үед бидний сэтгэл байнга гадагш цацарч байдаг бол энэ үед аль болох дотогшоо, зөвхөн сэтгэл дээрээ төвлөрөх хэрэгтэй. Түүн дээр аль болох удаан хугацаанд төвлөрч чадвал сэтгэл амгалан тайван болно. Энэ үед сэтгэлийн мөн чанарыг илүү сайн ойлгож бодох хэрэгтэй.”
“Миний таньдаг Тайландын нэгэн лам гурван цагийн турш баттай төвлөрч чаддаг. Хамгийн чухал хэсэг нь сэтгэл төвлөрсний дараа нягтлан судлах бясалгал юм шүү.”
Энэ удаагийн номын айлдварыг зохион байгуулагчдын зүгээс Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд талархал илэрхийллээ. Тэрээр Дарамсалад эргэн очих хүсэлтэй байгаагаа хэлээд Дээрхийн Гэгээнтэнд эрүүл энхийг хүсэв.
Дээрхийн Гэгээнтэн хариуд нь энэ жил цар тахлын улмаас явах боломжгүй байгаа ч ирэх жил байдал өөрчлөгдөнө гэдэгт итгэлтэй байна гэв. Ирэх жил тэрээр Сингапурт айлчлах ба тэндээсээ Тайваньд зочлох бодолтой байгаагаа мэдэгдлээ.
Түүнийг номын айлдвар сонссон хүмүүст талархал илэрхийлсэнээр энэ удаагийн үйл ажиллагаа өндөрлөсөн юм.