Энэтхэг, ХП, Дармасала – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өнөө өглөө суудалдаа заларсны дараа түүнтэй Сингапур, Тайланд, Малайз, Индонез, Вьетнам, Хонконг зэрэг зургаан орны буддист оюутнуудын өмнөөс хатагтай Ви Не Нг мэндчиллээ. Тэрээр эхлээд Тайландын Чианг Май дахь бясалгалын төвийн лам хуврагууд 'Мангала' судрыг пали хэл дээр унших ба дараа нь Малайзын хийдийн хоёр эмэгтэй хувраг ‘Билгүүний зүрхэн’ судрыг хятад хэл дээр унших болно гэлээ.
Дээрхийн Гэгээнтэн Бурхан Багш 2500 гаруй жилийн өмнө номын хүрд эргүүлж айлдвараа айлдаж эхэлсэн гэдгийг дурдсанаар энэ удаагийн номын айлдвараа эхэллээ.
“Бид өнөөдөр асар их материаллаг хөгжлийн гэрч болж байгаа ч хүмүүс жинхэнэ аз жаргалын эх үүсвэрээс алгасарсан байна. Шашны уламжлалыг дагадаг олон хүмүүс сэтгэл хөдлөлийн тэнцвэрээ хадгалах нь аз жаргалтай байхад тустай гэж үздэг.”
“Бурхан Багшийн сургаалын үндэс нь ‘Хутагтын дөрвөн үнэн’ юм. Энэ сургаал пали болон санскрит уламжлал аль алинд нь байдаг. Энд зовлон, түүний шалтгаан, зовлонгоос салсан гэгээрэл, түүнд хүрэх арга замын талаар айлджээ. Зовлонгийн шалтгаан юу болохыг ажиглавал бид сэтгэлзүйн салбар руу хөтлөгдөн сэтгэлийн үйл ажиллагааг авч үзэх хэрэгтэй болно. Зовлонгийн шалтгааны ихэнх нь шунал, уур хилэн гэх мэт муу сэтгэл хөдлөлүүд юм. Эдгээр нь сэтгэлийн угийн мөн чанар биш ээ.”
“Хутагт Нагаржуна зовлонгийн шалтгаан нь муу үйл ба тэр нь сөрөг сэтгэл хөдлөлөөс үүддэг. Энэ бүгдийн уг үндэс нь мунхаг юм гэж онцлон тэмдэглэсэн байдаг. Бурхан Багш сөрөг сэтгэл хөдлөлийг арилгах замаар зовлонг зогсоох боломжтой гэж айлдсан юм. Тэрээр энэ тухай билиг билгүүний сургаалд хамгийн нарийн тайлбарласан ба ‘Билгүүний зүрхэн’ судрын тарниас эш татан таван зам мөрийг тоймлон үзүүлсэн билээ.”
“Мунхагаас болж сөрөг сэтгэл хөдлөл үүсдэг. Энэ нь аливаа зүйл хэрхэн оршдог тухай бидний буруу ойлголт юм. Өнөө үед квант физик юмс нь үзэгдэх байдал шигээ оршдоггүй гэж мэдэгдэж байна. Бид ‘Билгүүний зүрхэн’ судраас хоосон чанарын дөрвөн илэрхийлэлийг харах боломжтой.
“Дүрс хоосон, хоосон нь дүрс, дүрс нь хоосон чанараас өөр зүйл бус, хоосон чанар нь дүрсээс өөр зүйл бус.”
“Бурхан Багш шүтэн барилдлагын тухай сургаалаар дамжуулан хэтрүүлэх үзэл ба үгүйсгэх үзлийн аль алины туйлыг даван туулах боломжтойг тайлбарласан билээ.”
“Буддын сургаал нь Хятад, Вьетнам, Япон мөн Бирм, Тайланд, Шри Ланка зэрэг орнуудад хүрч Ази тив даяар дэлгэрсэн юм. Мөн пали ба санскрит уламжлал бий болсон. Санскрит хэлийг судлагааны хэл хэмээн үздэг бөгөөд түүний уламжлал нь логик, учир шалтгааныг ашиглахад тулгуурласан байдаг. Алтны дархан алтыг шалгадаг шиг өөрийн хэлснийг нягтлалгүйгээр хүлээн авахгүй байх тухай Бурхан Багшийн зөвлөгөөг дагаж, санскрит уламжлалыг дагагчид түүний сургаалыг нарийвчлан шалгаж, шууд хүлээн авах хэсэг ба тайлбарт хэсэг гэж ангилсан юм. Энэ нь шинжлэх ухааны арга барилтай төстэй билээ.”
“Бурхан Багшийн шүтэн барилдлагын талаар тайлбарласнаар аливаа зүйлс нь өөрийн мөн чанараар бие дааж оршдоггүй. Тэдгээр нь зөвхөн нэр томъёололын төдийд оршдог. Дүрс нь бодит дотоод оршин тогтнолгүй байдаг. ‘Билгүүний зүрхэн’ сударт дурдсанчлан ‘Дүрс нь хоосон чанараас өөр зүйл биш, хоосон чанар нь дүрсээс өөр зүйл биш. Энэ нь хэтрүүлэх ба үгүйсгэх гэсэн хоёр туйлын баримтлалыг арилгах юм.”
Хутагт Нагаржунайн талаар Дээрхийн Гэгээнтэн айлдахдаа бид түүнийг ямар хүн байсныг мэдэхийн тулд түүний намтрыг хайх шаардлагагүй гэв. Бид түүний зургаан үндсэн сургаалыг унших боломжтой. Нэрт эрдэмтэд болох Чандракирти, Буддхапалита нар түүний ‘Билгүүний үндэс’ -т тайлбар бичсэн байна. Тэд учир шалтгааны ухааныг баримтлан бусдын буруу үзлийг няцааж, өөрийн байр сууриа илэрхийлж, шүүмжлэлийг дараалан няцааж байжээ.
Дээрхийн Гэгээнтэн, өнөө үед Энэтхэгт сэргээн байгуулагдсан сүм хийдүүдэд хутагт Нагаржунайн ‘Билгүүний үндэс’ номыг цээжилсэн лам хуврагууд олширсоор байгааг дурдав. Бусад нь ‘Илт онохуйн чимэг’ ба ‘Төвд орохуй’-г цээжилсэн байдаг (тэрбээр өөрийгөө үүнд багтаав). Эдгээр сургаалиудыг цээжилсэнээр Буддхапалита, Бхававивека, Чандракирти нарын тайлбаруудыг судалж, тэдний ном зохиолыг учир шалтгааны үүднээс магадлан судалдаг. Энэ нь Шантаракшита гэгээн Төвөдөд буддын шашны суурийг тавихдаа зөвлөж байсан арга юм.
Дээрхийн Гэгээнтэн Чандракиртигийн 'Төвд орохуй' номноос дурдаад түүний номын тайлбарт Васубандху, Дигнага, Дармапала нар Нагаржунайн санааг буруу ойлгосон гэж шүүмжилсэнийг эш татлаа. Тэд үгийг илүү онцолж, нарийн сургаалын утгыг орхигдуулсан тул жинхэнэ утгыг нь ойлгож чадаагүй гэж үзсэн байна.
Тэрбээр ‘Билгүүний үндэс’ сургаал нь хятад хэл дээр орчуулагдсан бөгөөд улмаар вьетнам, япон, солонгос хэл дээр орчуулагдсан болохыг дурдлаа. Бид энэ номонд бичигдсэн зүйлийг унших, судлах шаардлагатай байгаа нь хамгийн чухал асуудал гэдгийг онцлон айлдав. Санскрит уламжлалыг дагадаг бүх хүмүүс ‘Билгүүний зүрхэн’ судрыг уншдаг боловч цөөхөн хүн түүнийг судалдаг. Японы хамба лам нэгэн удаа Дээрхийн Гэгээнтэнд түүний лам хуврагууд болон сүсэгтнүүд ‘Билгүүний зүрхэн’ судрыг тогтмол уншдаг ч утгын талаар ойлголтгүй уншдаг байсан гэж хэлжээ. Тиймээс утгыг нь тайлбарлан өгч байгаад нь ихэд баяртай байгаагаа Дээрхийн Гэгээнтэнд уламжилсан байна.
Дээрхийн Гэгээнтэн бага байхдаа ‘Төвд орохуй’ номын өвөрмөц үг, хэллэгийг цээжлэхэд түүнд хэцүү санагдаж байсныг дурсав. Энэ нь түүнийг уурыг хүргэж, номныхоо үсгийг нь хумсаараа үрж арилгаж байсан байна. Хожим нь тэрээр уг сургаалыг судалж, ойлголттой болсныхоо дараа шүтэн барилдлага нь юмсын харьцангуй чанарыг илэрхийлдэг болохыг ухаарчээ.
"Аряадива гэгээн ‘400 шүлэг’ бүтээлдээ:
Биед биеийн эрхтэн түгэх мэт
Мунхаг нь нисваанис бүгдэд түгнэ
Тиймийн тул мунхагийг дарснаар
Нисваанис бүгдийг арилгана гэж айлджээ.
“Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, уур уцаар, хүсэл шуналтай тэмцэх тодорхой арга замууд байдаг боловч хоосон чанар, шүтэн барилдлагыг ойлгосноор бүх сөрөг сэтгэл хөдлөлийг үндсээр нь устгах боломжтой гэсэн үг юм.”
"Хутагт Нагаржуна бид үйл хийгээд нисваанисын эрхээр орчлонд эргэлддэг, тиймээс үйлийн үр, сөрөг сэтгэл хөдлөлийг арилгах замаар л гэгээрэлд хүрч чадна гэж тайлбарласан юм. Тэрээр зовлон нь аливаа зүйлийг үзэгдэж байгаа шигээ оршин байдаг гэж үздэг мунхагаас улбаатай гэжээ. Сэтгэлийн зовлон нь юмс үзэгдлийн мөн чанарыг хэтрүүлсэн төсөөлөлийн үзлээс үүсдэг. Ийм буруу үзлийг бид бодит байдлыг ойлгосноор л арилгаж чадна.”
“Бид юмс бодит байдлаар, бие даан оршдог гэсэн санаатай зууралддаг. Энэхүү хэтрүүлсэн үзэл бодлоос болж хүсэл шунал, уур уцаар гэх мэт муу сэтгэл хөдлөлүүд бий болно.”
Дээрхийн Гэгээнтэн цар тахлын улмаас хүмүүстэй биечлэн уулзах боломжгүй энэ үед интернэтээр холбогдох боломжтой болсонд таатай байгаагаа илэрхийлэв. Тэрээр христийн шашин гэх мэт бүтээгч Эзэнд итгэдэг шашны уламжлалууд хайр, энэрэл нигүүлслийн ач холбогдлыг номлодог тул олон хүнд тус болдог гэж тэмдэглэв. Харин буддын шашныг дагагчид, ялангуяа санскрит уламжлалыг дагаж мөрддөг хүмүүс энэрэл нигүүслийг хоосон чанарын тухай ойлголттой хослуулах сурах хэрэгтэй гэж зөвлөлөө.
“Хүмүүс сэтгэлийн амар амгаланг олохыг хүсдэг. Аз жаргалыг хүсдэггүй хүн гэж байдаггүй. Шашны талаас авч үзвэл буддын шашны ном сургаал нь буддын шашинтнуудад зориулагдсан боловч түүний шинжлэх ухаан, гүн ухааны үзэл санаанууд нь хүн бүхэнд ач тустай билээ.”
‘Бодьсадвын гучин долоон гарын авлага’ ном руу шилжихэд Дээрхийн Гэгээнтэн зохиолч Жалсрай Тогмид Санбу нь Бүдон гэгээнтэй нэг үеийн хүн байсныг дурдав.
Тэрээр Үлчүд амьдардаг байсан тул нутгийн нэрийг нь заримдаа нэмж оруулдаг ба нэрний эхний хэсэг болох ‘Жалсрай’ нь түүнийг бодьсадва хэмээн ихэд хүндэтгэдэг байсныг илтгэнэ.
Бурхан Багшийн ойрын найман шавь нараас Жанрайсиг нь энэрэн нигүүлсэхүйн сургаалыг сахин хадгалах үүрэг хүлээсэн гэж Дээрхийн Гэгээнтэн тодруулаад, тиймээс энэ сургаалын эхэнд Жанрайсиг бурханд мөргөл үйлдэн хүндэтгэл үзүүлж байна гэлээ.
Дээрхийн Гэгээнтэн Бурхан Багшийн сургаалыг судлах, эх орноо орхих, бясалгал хийх, энэ амьдралаа орхих нь бодьсадвын явдлууд болохыг илтгэсэн шүлгүүдийг тасралтгүй уншив.
Зургадугаар шүлэг нь зөвхөн судалж мэдсэн төдийгүй хувийн туршлага хуримтлуулсан оюун санааны багшид итгэх хэрэгтэй.
Богд Зонхов өөрийн амьдралдаа маш их судалж, сургаал бүгдийг өөрийн анхааран авлага болгон авч, хэрэгжүүлж, өөрийн туршлагыг бий болгосон гэдгээ айлдсан байдаг.
Дараагийн шүлгүүдэд хэрэв та бусдыг аз жаргалгүй байдалд хүргэх юм бол танд муу үр дагавар гарах болно. Хэзээ ч буруу зүйл хийхгүй байх хэрэгтэй.
Гэгээрэлд хүрэхийг эрмэлзэх хэрэгтэй гэдгийг харуулсан ес дэх шүлэгт дунд төрөлхийтний нийтийнзам мөрийг тоймлон харуулав.
Дараагийн шүлгийн гол утга нь хэрэв энэрэл нигүүлслийг хэрэгжүүлснээр таны эргэн тойронд элэгсэг уур амьсгал байгаа бол та аз жаргалтай байх болно.
Дээрхийн Гэгээнтэн Шантидева гэгээний дараах зөвлөгөөг сануулав. “Өөрийнхөө аз жаргалыг бусдын зовлонгоор сольж чадаагүй хүмүүсийн хувьд бурханы хутаг олохыг бүү хэл орчлонд аз жаргалтай байж яахин чадах билээ.”
Энэ нь арван нэг дүгээр шүлэгт давтагдав. Бусдад хичнээн эелдэг хандах тусам танд илүү их тусаа өгөх болно. Бид бүгд байгалиас заяасан хувийн ашиг сонирхолтой бөгөөд үүнийгээ гүйцэлдүүлэх ухаалаг арга бол бусдад үйлчлэх явдал юм.
Дараах шүлгүүдэд бусдын сайн чанаруудыг ярьж хэлж байхыг сургасан бөгөөд та өстөн дайсандаа тусалсаны хариуд тэд ээж шиг тань сайхан сэтгэлээр хандах болно гэжээ.
Мөн цөхрөлтгүй байх, омог бардамгүй байхыг зөвлөсөн байна. Хайр энэрлийн сэтгэлийг төрүүлж, өөрийн оюун санааг захир. Мэдрэмжийн таашаалыг давстай ус мэт үзээрэй.
Бясалгал хийхдээ юмс бүгдийг хоосон гэж үзэх ба бясалгалын дараа таны оюун санаатай холбоотой гаднах байдал хуурмаг зүйл болохыг бодох хэрэгтэй.
Аливаа зүйлийн гадаад байдал түүнийг харж буй хүнээс хамаарна гэдгийг санаарай. Сэтгэл татах зүйлсийг хуурмаг зүйл гэж үзээд түүнд шунахаас татгалз. Эдгээр нь бодьсадвын гарын авлага юм.
Дээрхийн Гэгээнтэн хорин гуравдугаар шүлэгийн дараа зогсч маргааш үргэлжлүүлнэ гэв. Тэрбээр үзэгчдээс асуулт асуухыг хүслээ. Эхний асуулт нь ирээдүйд сайн төрөлд төрөхийг хэрхэн баталгаатай болгох талаар сонирхсон асуулт байлаа. Тэрээр хариулт болгон Майдар бурханы сургаалиас “Муу заяанаас сайн заяанд төрүүлдэг, улмаар өтлөх ба үхэл үгүйд хүргэх бодь сэтгэлд би мөргөмүй” хэмээн эш татав. Хувиа хичээхгүй байх тусам аз жаргалтай болно. Хэрэв та бусдад туслах аваас илүү өндөр төрөлд төрөх шалтгааныг бий болгоно. Наад зах нь сайхан сэтгэлтэй байж, бусдад хор учруулахгүй байх хэрэгтэй.
Эхлэн суралцагчид “Мөрийн гурван эрхэм”-ийг хэрхэн ойлгох вэ гэсэн асуултанд Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа, магад гарахуй, бодь сэтгэл, зөв үзэл гурвыг товчлон тайлбарлалаа.
Тэрбээр жинхэнэ магад гарахуйг ойлгохын тулд дөрвөн үнэний нэг болох харьцангуй ба туйлын үнэн гэсэн хоёр үнэнийг ойлгох хэрэгтэй гэж тодотгов.
Дээрх Дээрхийн Гэгээнтэн энэ хоёр үнэний талаар удаан хугацааны турш бодож тунгааж байснаа дурдсан юм. Аливаа зүйл хэрхэн оршиж байгааг судалж үзэх хэрэгтэй. Хоёр үнэнийг ойлгосноор та зовлонг зогсоох боломжтой гэдгийг ойлгох болно.
Амиа боддог хүмүүст хэрхэн туслах вэ гэсэн асуултанд Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа, хүмүүс хэт хувиа хичээсэн, бардам зантай бол бусад хүмүүс тэдэн рүү ойртохоос болгоомжилдог гэж хариулав. Бид бүгд тодорхой хэмжээгээр өөрийн хэргийг хичээдэг боловч үүнийг ухаалагаар хийхийн тулд бусдын төлөө санаа тавих хэрэгтэй болно гэсэн юм.
Дээрхийн Гэгээнтэн өнөө үед дэлхий дээр тулгараад байгаа нэг асуудал нь баян, хоосны ялгаа гэлээ. Тэрээр чинээлэг хүмүүст хандан тусламж хэрэгтэй байгаа хүмүүст материаллаг туслалцаа үзүүлэхээс гадна тэдний боловсролд туслахыг уриалсан юм.
Мөн тэрээр Хятадад социализмын талаар судалсаныхаа дараа өөрийгөө социалист гэж үздэг болсон гэв.
Цар тахлын тухайд хэлэхдээ эмчилгээний арга хайж буй судалгааны ажилд талархаж байгаагаа илэрхийлэв. Энэ зуур, олон нийт өөрсдийгөө болон бие биенээ хамгаалахын тулд шаардлагатай бүх урьдчилан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн авах ёстой гэлээ.
Хүүхдүүд аз жаргалтай өсч торнихыг хэрхэн баталгаажуулах тухай асуултын хариултанд тэрээр боловсролыг хөндөв. Баруунаас гаралтай орчин үеийн боловсрол нь материаллаг хөгжилд голчлон анхаардаг. Харин Энэтхэг болон Азийн бусад оронд сөрөг сэтгэл хөдлөлийг хэрхэн тайвшруулж сурах уламжлал байдаг. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд оюун санаа, сэтгэл хөдлөлийн үйл ажиллагааны талаар олж мэдэх, сөрөг сэтгэл хөдлөлийг зогсоох аргыг судлах арга замаар сэтгэл хөдлөлийн эрүүл ахуйг хөгжүүлэх нь чухал гэдгийг Дээрхийн Гэгээнтэн дурдлаа. Хүүхдүүд төрөлхийн цэвэр ариун, цагаан сэтгэлтэй байдаг. Эдгээр чанаруудыг хадгалах, сайжруулах нь чухал гэдгийг цохон тэмдэглэв.
Эцэст нь Дээрхийн Гэгээнтнээс Хонгконгод өрнөж буй үйл явдлын талаар зөвлөгөө авав. Бидэнд тулгараад байгаа байгалийн гамшиг гэх мэт олон асуудал дээр нэмээд улс төрчдөөс учруулсан олон бэрхшээл бас байдгийг тэрээр тэмдэглэв. Хонконгт Хятадын нөлөө улам бүр нэмэгдэж байгаа ч Хонконгчуудыг сэтгэл хөдлөлд автахгүй байхыг уриаллаа.
“Тулгарч буй асуудлуудад шийдвэрлэх арга замыг эрэлхийл. Хэрэв засах боломж байгаа бол санаа зовох шаардлагагүй. Хэрэв засах боломж байхгүй бол санаа зовох нь ямар ч тус нэмэргүй. Асуудал тулгарахад түүнийг даван туулах арга замыг олох шаардлагатай. Уур амьсгалын өөрчлөлттэй адил төстэй бэрхшээл нь бидний хяналтаас гадуур байж болох юм. Гэсэн ч та хурц оюун ухаантай, зүрх зоригтой учраас тулгарч буй саад бэрхшээлийг даван туулах шийдвэрээ бүү орхиорой.”