Энэтхэг, ХП, Дарамсала – Өнөө өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэхүү цахим номын айлдварын салшгүй хэсэг болох дэлгэцийн өмнө суудалдаа заларлаа. Тайландын лам хуврагууд “Мангала” судрыг уншиж дуссаны дараа Вьетнамын хэсэг хуврагууд өөрсдийн заншил дагуу “Зүрхэн судар”-ыг уншив.
“Өнөөдөр номын айлдварын хоёр дахь өдөр тохиож байна.” хэмээгээд Дээрхийн Гэгээнтэн айлдвараа эхэлсэн юм.
“Би буддын шашныг шүтэгч, Бурхан Багшийн шавь бөгөөд ловон Шантаракшита Төвөдөд үндэслэсэн винайн муласарвастивадин уламжлалын гэлэн хүн билээ. Винайн олон уламжлал бий. Жишээлбэл Хятадад дармакупта уламжлал дэлгэрсэн байна. Эдгээр уламжлалуудын хооронд бага зэрэг ялгаа байдаг боловч гол зарчим нь ижил билээ.”
“Энэхүү номын айлдвар нь Бурхан Багшийн үйл хэрэгт оруулж буй миний хувь нэмэр юм. Үүний зорилго нь дотоод сэтгэлийг засах, өөрчлөхөд оршино. Бид сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй. Шашны уламжлалууд үүнд хүрэх өөр өөр арга замыг тайлбарладаг. Энэтхэгт Бурхан Багшийн үеэс өмнө оюун санаа, сэтгэл хөдлөлийг судалсны үр дүнд хүчирхийлэл үл хэрэглэх нь ёс суртахууны хэв маяг болсон юм. Энэ нь юуны түрүүнд энэрэн хайрлах сэтгэлээс үүдэлтэй байлаа.”
“Бурхан Багш шавь нарынхаа зан чанар, оюуны цар хүрээнд тааруулж ном сургаалаа айлдсан юм. Тиймээс ширвага, брадигабудда болон бодьсадвын номлолууд бий болсон байна. Түүний ном сургаал нь сэтгэлийг номхотгох нарийвчилсан аргаар дүүрэн байдаг. Миний хувьд учир шалтгааны арга ухааныг голлодог Наландагийн уламжлалыг дагаж мөрддөг. Энэ уламжлал нь сэтгэлдээ өөрчлөлт гаргахад бидний чухал чадвар болох оюун ухаанаа ашиглахыг шаарддаг юм.”
“Би хэн нэгнийг бурханы шашинд оруулах гэж хичээсэнгүй. Өнөөдөр та бүгдийн олонхи нь уламжлалт бурханы шашинтай оронд амьдарч байна. Шашны уламжлалууд хоорондоо эв нэгдэлтэй байх нь маш чухал бөгөөд бусдыг итгэл үнэмшилдээ оруулах хүсэл нь шашин хоорондын эв найрамдалд тус дэм өгнө гэж бодохгүй байна. Шашны нэрийн өмнөөс тэмцэлдэж, цус урсгах нь тун харамсалтай. Мөн шашныг бусдыг ялах хэрэгсэл болгох нь ч зохисгүй юм.”
“Бурханы шашны уламжлалт улс орон, бүс нутгийн сүсэгтэн олны хүсэлтээр сургаал номлож байгаадаа би баяртай байна. Энэ удаагийн айлдвараар “Бодьсадвын гучин долоон гарын авлага” болон “Мөрийн гурван эрхэм” номын тайлбарлана, гэхдээ эхлээд буддын гүн ухааны талаарх удиртгал тайлбар хийе.”
“Санскрит уламжлалыг дагаж мөрддөг бидний ихэнх нь “Билгүүний зүрхэн” судрыг уншдаг. Үүнд хутагт Жанрайсиг Шарипутрад, “Язгуурын хөвгүүн хийгээд язгуурын охин хэн нь ч билгийн цаад чинадад хүрэхүйн гүн явдлаар явахыг хүсэгчид үүнчлэн шинжихтүн. Таван цогцос эдгээр нь ч мөн чанараар хоосон хэмээн чин үнэнээр сайтар харахтун.” Үүний “ч” тодотгол нь заримдаа “мөн” гэж орчуулагддаг бөгөөд хятад орчуулга болон хятад хувилбар дээр үндэслэсэн бусад орчуулганд байдаггүй. Зөвхөн санскрит хувилбарт энэ тодотгол байдгийг би олж мэдсэн юм.”
“Бурхан Багш анхдугаар номын хүрд эргүүлэхдээ бодьгалын би-үгүйг айлдсан билээ. Хоёрдугаар номын хүрдийн үед бодьгалын нэрийтгэлийн суурь болсон таван цогцос ч мөн адил хоосон чанартай болохыг айлдсан байна. Би-үгүй нь зөвхөн бодьгалд бус, бүхий л юмс үзэгдэлд хамаатай.”
“Ном сударт их хөлгөн, бага хөлгөн гэсэн нэр томъёо хэрэглэдэг. Миний хувьд их, бага гэсэн томьёололоос зайлсхийхийн тулд пали болон санскрит уламжлал гэж нэрлэхийг илүүд үздэг юм.”
“Бурхан Багш хутагтын дөрвөн үнэнийг анх айлдахдаа гэгээрлийн тухай айлдсан ба хоёрдугаар номын хүрдийн үед учир шалтгааны үүднээс үүнийгээ нарийвчлан тайлбарлажээ. Билиг барамидын сургаалын ач холбогдлын талаар ярьж болох нэгэн шалтгаан энэ юм. Үүнээс гадна Майдар бурхан ‘Жүд Лама’ номонд бидэнд буй бурханы язгуурыг тодорхой тайлбарласан билээ. Тиймээс бидний юмс үзэгдлийг хэтрүүлэн хүлээн авч буй нь олдмол хийгээд үүнийг арилгаж болох ба бидэнд буй дотоод бурханлаг чанараа хөгжүүлэх боломжтой юм шүү.”
“Бурханы билиг билгүүний лагшинг олоход сэтгэлийн далд ухамсарт үлдсэн мэдэгдэхүүний түйтгэр саад болдог. Энэ нь нисваанисын түйтгэрээс үлдсэн далд авъяас, дадал юм. Эдгээрийг ерөндөгийн хүчээр дарна. “Билгүүний зүрхэн” сударт: “Гурван цагт машид ажирсан бурхан бүгд ч билгийн цаад чинадад хүрэхүйд оршин ханьцашгүй дээд, үнэнхүү төгсгөсөн бурханы хутаг дор бурхан болмуй” гэж айлдсан нь хоосон чанарын тухай ойлголтыг гаргаж байна.”
“Төвөд хэлээр орчуулагдсан билиг барамидын сургаалыг бид “Арван долоон эх, хүү судар” буюу зургаан эх судар, арван нэгэн хүү судар гэж нэрлэдэг. Эх зургаан сударт билиг барамидын Бум буюу Зуун мянган шүлэгт, Нит буюу Хорин таван мянгат, Жадамба буюу Найман мянган шүлэгт номууд багтдаг. Хүү арван нэгэн сударт Долоон зуун шүлэгт, Очироор огтлогч, Билгүүний зүрхэн судар болон А үсэг ордог. Хамгийн дэлгэрэнгүй нь “Бум” судар ба хамгийн товч нь ганц “А” үсэг юм. “А” үсэг нь няцаах, хорих гэсэн утгатай ба юмс үзэгдэл нь бидэнд үзэгдэж байгаа шигээ байхгүй гэсэн утгыг илэрхийлдэг.”
“Бурхан Багш анхдугаар номын хүрдийг эргүүлэхдээ Хутагтын дөрвөн үнэн болон гэгээрлийн гучин долоон эрдмийг айлдсан билээ. Хоёрдугаар номын хүрд эргүүлэхдээ хорихуйн үнэн болон гэгээрлийн зам мөрийг нарийвчлан айлдсан байна. Гуравдугаар номын хүрдийн үед гэгээн гэрлийн сэтгэлийг тайлбарласан юм. Хоёрдугаар номын хүрдийн үед билиг барамидын сургаалыг айлдахдаа гадаад юмс үзэгдлийн мөн чанар болох хоосон чанарыг айлдсан бол гуравдугаар номын хүрдийн үед дотоод сэтгэлийн мөн чанар-гэгээн гэрлийг тайлбарлажээ.”
“Эцэст нь дотоод сэтгэлийн мөн чанар болох гэгээн гэрлийн тайлбар нь шавийг нууц тарнийн номд хөтөлж буй хэрэг билээ. Эдгээр нь Бурхан Багшийн номын айлдварыг тайлбарлах янз бүрийн аргуудын зарим нь юм. Ном сургаал нь дагаж мөрдөхөд зориулагдсан тул сайтар судлах нь чухал. Буддын гүн ухааныг судлахгүйгээр, эргэцүүлэн бодохгүйгээр бясалгахыг хичээх нь учир дутагдалтай.”
Дээрхийн Гэгээнтэн энэхүү цахим номын айлдварыг үзэж буй бүх хүмүүст хандан түүний хэлсэн үгэнд анхаарлаа хандуулж байгаад талархал илэрхийлэв. Тэрээр мөн эдгээр шавь нарын амьдардаг олон оронд багшилж буй Төвөдийн эрдэмтэн лам нарт талархал илэрхийллээ. Мөн “Билгүүний үндэс”, “Төвд орохуй”, “Шалгадаг ухааны тайлбар”-ын хоёрдугаар бүлгийг хятад хэл дээр орчуулсныг онцлов. Хэрэв эдгээр номуудыг вьетнам хэлэнд орчуулаагүй бол үүнд анхаарал хандуулахыг зөвлөсөн юм.
“Бодьсадвын 37 гарын авлага”-ыг үргэлжлүүлэн тайлбараа эхлээд Дээрхийн Гэгээнтэн энэ номын тайлбарт дамжлагыг ямар багшаасаа хүртсэнээ санахгүй байна гэлээ. Уншиж буй номыг Лхазүн багш хэвлэж өгсөн боловч Дээрхийн Гэгээнтэн түүнээс уг номын тайлбар авч байгаагүй гэв.
Хамгийн сүүлд уулзахдаа Лхазүн ринбочэ багш Дээрхийн Гэгээнтэнд “Та урт насална” гэж айлдсан байна. Учир нь Лхазүн ринбочэ Цагаан Дарь Эхийн шүтээн бүтээж залахад түүнээс гэрэл цацран дэргэд нь байсан Дээрхийн Гэгээнтний зураг руу шингэн орж буйг харсан байна.
“Бодьсадвын гучин долоон гарын авлага” номонд зовлон хуурмаг гэдгийг ойлгох, өгөөмөр сэтгэлээр хандах (өглөгийн барамид), ёс зүйн сахилга батыг сахин хамгаалах (шагшаабадын барамид), тэвчээрийг хөгжүүлэн дадуулах бүгд бодьсадва нарын дадлаг мөн гэдгийг айлдсан байна. Нисванист муу сэтгэлийг үлэмж үзэхүй (випашяна) болон амирлан оршихуй (самади) хослуулснаар дарах тул бодьсадва нар сэтгэлийн төвлөрлийг бясалгаж дияны дөрвөн эрдмийг олох хэрэгтэй. Бодьсадва нь гэтлэхүйн их хөлгөнд шамдаж буй нэгэнд ширүүн үг хэлэхгүй, түүний гэмийг өгүүлэх ёсгүй. Мөн шунан тачаах гэх мэт хөнөөлт сэтгэл хөдлөл төрсөн даруйд дарж, бодол санаа нь хаана байгааг өөрсдөөсөө асууж үргэлж хянаж, анхааралтай байх ёстой.
Богд Зонховын “Мөрийн гурван эрхэм”-д гэгээрэлд хүрэх замын товчлон гаргадаг. Гурван эрхэм зүйл нь магад гарахуй, бодь сэтгэл, үнэн үзэл юм. Богд Зонхов олон жилийн хугацаанд буддын гүн ухааныг хичээнгүйлэн судалсны эцэст өөрийн шавь Цахо Агваандагвад хүсэлтийн дагуу захидал болгон бичиж энэхүү номыг зохиосон байна. Богд Зонхов дагалдан явуулсан захиандаа, “Энэхүү сургаалыг хичээнгүйлэн хэрэгжүүлж, миний зөвлөгөөг дагаж мөрдвөл хожим би бурханы хутгийг олсоны дараа хамгийн эхэнд ном сургаалыг чамд номлох болно.” гэсэн ажээ.
Эхний шүлгүүдэд гэтлэхийн төлөө чин сэтгэлээсээ хичээхгүй бол оршихуйн хүрдний таашаалд баригдсан хүлээсийг таслах боломжгүй гэдгийг тодорхой харуулж байна. Нэг хормыг ч бүү алдаарай. Хэрэв та өдөр, шөнөгүй гэтлэхүйн хүсэл эрмэлзэлтэй байж чадвал магад гарахуйн сэтгэл хүчтэй төрж байна гэсэн үг юм. Зургаа, долоо, наймдугаар шүлгүүд нь бодь сэтгэлийг төрүүлэх арга ухааныг заажээ. Гэвч Дээрхийн Гэгээнтэн магад гарахуйг бодож бясалгах үедээ долоо, наймдугаар шүлгүүдийн үгийн өөрчилж уншдаг гэв.
7. Хүчиргүй бэрх дөрвөн мөрөний усгалд автаж,
Тайлахуй бэрх үйлийн хүлээсээр чанга хүлэгдэж,
Басхүү би-д барихуйн төмөр торонд хоригдоод
Балар мунхагийн түнэр харанхуй бүрхсэн
8. Хязгаар үгүйеэ сансарын төрлөөс төрөлд
Тасралт үгүйеэ гурван зовлонд нэрвэгдэх
Энэ мэт энэлсэн эхүүдийн мөн чанарыг
Эгнэгт санан сэтгэлийн дээдийг үүсгэхтүн
Дээрхийн Гэгээнтэн номын айлдвараа өндөрлөөд асуулт хариултыг эхлүүллээ. Тэрээр эхний асуулт асуусан багшид зөвлөхдөө хүнд хэцүү үед бусдад туслах хүсэл эрмэлзэл нь чин сэтгэлээсээ байвал эр зориг, хичээнгүй байдал, тэсвэр тэвчээрийг хөгжүүлэх боломж болно гэж айлдлаа. Зургаан барамидын дадлагыг бусдыг хайрлах, энэрэх сэтгэлтэй хослуулж болно.
Магад гарахуйн сэтгэлийг хүсэл, шуналд автсан үед хэрхэн төрүүлэх вэ гэсэн асуултанд Дээрхийн Гэгээнтэн, бид материаллаг хурдацтай хөгжлийг хүлээн зөвшөөрсөн ч үүний үр дүнд хүмүүс илүү аз жаргалтай байгаа эсэхийг асуулаа. Тэрээр олон хүн дотоод сэтгэлийн амар амгаланг эрэлхийлдэг, бусдын сайн сайхны төлөө амьдарснаар энэ нь биелэнэ гэж хариуллаа.
Бясалгалууд дотроос хамгийн оновчтой нь юу вэ гэсэн асуултанд Дээрхийн Гэгээнтэн самади буюу төвлөрлийн бясалгал, випашяна буюу нягтлан судлах гэсэн хоёр төрлийн бясалгал байдаг гэж тодруулсан юм. Самади гэдэг нь сэтгэлээ төвлөрүүлэхийг хэлнэ. Үүнийг эзэмшсэний дараа нягтлан судлах аргыг эхлүүлдэг. Тэрээр Нагаржунайн сургаалыг дагадагийн хувьд нягтлан шинжлэх бясалгалыг чухалчилдаг ба хамгийн дуртай объект нь хоосон чанар хэмээн айлдлаа. Мөн сэтгэлийн тунгалаг бөгөөд танин ухаарах чанар, магад гарахуй, бодь сэтгэлийг бясалгадаг байна.
Бусдыг энэрэх сэтгэлээс үүдэн хүмүүст ашиглуулах мэт сөрөг таагүй байдал үүссэн үед хэрхэх тухай асуултанд Дээрхийн Гэгээнтэн хайр, энэрэлийн дадлыг тэсвэр тэвчээр, сэтгэл ханамжтай хослуулан бэхжүүлж байхыг зөвлөв. Хайр, өгөөмөр сэтгэл, ёс суртахуун зэргийг дадуулах болсон шалтгааныг эргэцүүлэн бодоорой гэв.
Багшийг шүтэх ёсны тухай асуултанд Дээрхийн Гэгээнтэн ерөнхий эрдмийн сургуулийн сайн багшид шаардагдах чанаруудыг онцоллоо. Багш нь хүүхдүүдэд сонирхолтой, хүртээмжтэй байдлаар хүргэх өргөн мэдлэг, чадвартай байх, мөн багш нь шавь нартаа хайртай, халамжтай байхын зэрэгцээ тэдний хэтийн сонирхлыг харгалзан үздэг байх хэрэгтэй гэв.
“Шашин талаасаа авч үзвэл багшийг буяны садан гэж нэрлэдэг. Богд Зонхов бусдын сэтгэлийг номхотгохын тулд эхлээд өөрийн сэтгэлийг номхотгосон байх ёстой гэж айлдсан байна. Энэ нь багш хүн ёс суртахуунтай, энэрч хайрласан сэтгэлтэй, билиг ухаантай байх гэсэн үг юм. Ийм багш шавь нараа буяны зүгийн арга замаар бүхэлд нь хөтөлж чаддаг байх хэрэгтэй. Багш нь Хоёр үнэний сургаал, Хутагтын дөрвөн үнэний сургаал болон Гурван эрдэнэд аврал одуулах сургаалыг дэс дараалалтайгаар тайлбарлаж чаддаг байх ёстой. Номын багш хүн эрдэм төгс, дадлага туршлагатай байх хэрэгтэй.”
Туршлагын тухайд Дээрхийн Гэгээнтэн Мял Богд гурван жил бясалгалд сууснаар гэгээрэлд хүрээгүй, харин сургаал номлолоо насан туршдаа даган мөрдөсний үр дүн гэж онцлов. Үүнтэй адил их мастер, Анхдугаар Далай Ламын шавь Хайдүв Норсанжамц дөчин жил аглагт сууж эрдэм номд суралцсан. Гэгээрэлд хүрэх замд ахиц дэвшил гаргана гэдэг тийм амар зүйл биш гэдгийг дурдлаа.
Нэгэн залуу Дээрхийн Гэгээнтнээс өнөөгийн нөхцөл байдалд хэвийн амьдралдаа хэрхэн эргэн орох вэ гэж асуув. Юуны түрүүнд ном сударт орчлон ертөнцийн үе шатуудыг айлдсан байдаг ба гариг ертөнц хоосон орон зайгаас үүсч, оршиж, устаж үгүй болно гэдгийг Дээрхийн Гэгээнтэн дурдав. Тэрээр өвчний эрин үе явагдаж буй, мөн дэлхийн дулаарлын онцгой байдал ган зудын эрин үеийг илэрхийлж байна гэлээ.
Цар тахлын талаар Дээрхийн Гэгээнтэн, энэ өвчнөөр өвдөн шаналж буй өвчтөнүүдийг асарч буй олон эмч, сувилагчдын хичээл зүтгэлийг үнэлж, талархаж буйгаа дахин илэрхийлсэн юм. Дарь Эх бурханы зүрхэн тарнийг унших нь өвчнийг дарахад тустай гэж зөвлөөд үүнийг мөн өөрөө өдөр бүр уншиж буйгаа мэдэгдлээ. Мөн,
Сансар огторгуй хэзээд оршихуй
Амьтан тэр хүртэл ажрах агаад
Алин тэр хэдий хүртэл би оршоод
Амьтдын зовлонг арилгах болтугай гэсэн ерөөлийг уншдаг гэж нэмж айлдлаа.
Эцэст нь магад гарахуйн сэтгэлгүйгээр бодь сэтгэлийг хөгжүүлэх, дадлага болгох боломжтой эсэхийг асуув.
Дээрхийн Гэгээнтэн,
“Мөрийн гурван эрхэм”-ийн ойлголт нь нэг өдрийн дотор бий болохгүй. Магад гарахуй нь учир шалтгаанаас үүдэлтэй. Бодь сэтгэл ч учир шалтгаан хийгээд үнэн үзэлд суурилдаг бөгөөд юмс үзэгдлийн мөн чанарыг ойлгох нь ч учир шалтгаанд суурилдаг. Тиймээс эдгээр нь хамаг амьтанд туслах чин сэтгэлийн хүслээр өдөөгдөх ба буддын гүн ухааныг судалж суралцах, бодож нягтлан баттай ойлгох, түүнийгээ дадал болгох замаар улам хөгжих болно.” гэж айлдлаа.