Энэтхэг, ХП, Дармасала, Тэгчин Чойлин - Өнөөдөр Богд Зонховын нирваан дүр үзүүлсэн дүйчэн өдөр буюу Зулын 25-ны өдөр байлаа. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам дэлхий дахинтай интернэтээр харилцдаг өрөөндөө ороход Өмнөд Энэтхэгийн хийдээс Богд Зонховын соёрхол ‘Мэгзэм’ уншиж буйг сонсов. Үүний дараа I Далай Лам Гэндэндүб гэгээн Богд Зонховыг магтан дуулсан ‘Зүүн зүгийн цаст уулсын дуу’ залбирлыг хамтран уншлаа.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам,
“Өнөөдөр бид Богд Зонховын нирваан дүр үзүүлсний ойг тэмдэглэж байна. Тэрээр Төвөд дэх Бурхан Багшийн үндсэн сургаалуудыг тайлбарлагчдын дунд тэргүүлэх байр суурийг эзэлдэг байлаа. Түүний онцгой чанар нь өргөн мэдлэгтэй, сурч мэдсэн зүйлээ амьдрал дээр хэрэгжүүлдэг байв. Мөн тэрээр юу мэдэж сурснаа бидэнтэй хуваалцсан юм.”
“Төвөдийн бүх агуу эрдэмтдийн дундаас Богд Зонхов нь уг сургаалуудын хүнд, ярвигтай үзэл санаанд илүү их анхаарлаа төвлөрүүлж байсан билээ. Түүний бичсэн ном зохиол, ялангуяа төв үзлийн үүднээс хоосон чанарыг тайлбарласан таван бүтээлээс нь харж болно: “Их бодь мөрийн зэрэг”-ийн үлэмж үзэхүй, “Бага бодь мөрийн зэрэг”-ийн үлэмж үзэхүй, Хутагт Нагаржунайн ‘Билгүүний үндэс’-ийн тайлбар “Их тайлбар ухааны далай”, Чандракиртигийн “Төвд орохуй”-н тайлбар болох “Таалалыг тодруулахуй”, мөн “Сайтар номлолын шим” номууд юм.”
Богд Зонхов “Сайтар номлолын шим” номондоо “Төвд орохуй” номын VI бүлгийн гурван шүлгийг (34, 35, 36-р шүлэг) онцолсон бөгөөд юмс үзэгдэл өөрийн зүгээс бодитой оршиж байгаа тохиолдолд урган гарах дөрвөн логик алдааг тодорхойлсон байдаг. Би эдгээр гурван шүлгийг өдөр бүр уншдаг.”
Дээрхийн Гэгээнтэн Богд Зонховын шүлгээс түүний сурах, дадлага болгох хандлагыг харуулсан шүлгийг эш татав.
Эхэндээ би илүү их сурахыг бодож хайсан
Дунд нь бүх сургаалыг увидаст ургуулсан
Эцэст нь өдөр, шөнөгүй дадлага болгосон
Энэ бүх буянаа бурханы шашин дэлгэрхийн төлөө зориулая
‘Дүшидийн орны зуун тэнгэр’ хэмээх Богд Зонховыг бясалган шүтэх уншлагад түүний тухай ийнхүү дурджээ.
Цөвүүн энэ цагт ихийг сонсох ба бүтээхүйд хичээсэн
Ертөнцийн наймыг тэвчиж, чөлөө учралын хэргийг гаргасан
Итгэл таны аугаа их үйлс зохиолд
Би бээр сэтгэлийн угаас даган баясмуй
Дээрхийн Гэгээнтэн цааш нь айлдахдаа түүнийг дагагч болохын хувьд бид ч бас ийм байдлаар дадлага хийх ёстой. Агуу их сургаалуудыг, ялангуяа миний өмнө дурдсан төв үзлийн таван сургаалыг судалж үзээрэй. Гэхдээ үүний зорилго нь сургаалыг хэрэгжүүлэхийн төлөө гэдгийг байнга санаарай гэв.
“Бид энд цагаачлалд байхдаа Брайбун, Гандан, Сэра гэсэн гурван том хийд, мөн таван үндсэн номыг судалдаг бусад сургалтын төвүүдийг сэргээн байгуулав. Энэ нь биднийг Наландын уламжлалыг сахин хамгаалагчид гэдгийг тодорхойлж буй явдал юм. Гэхдээ бид сурч мэдсэн зүйлээ бодит байдал дээр дадал болгох хэрэгцээгээ мартах ёсгүй.”
Дээрхийн Гэгээнтэн “Шүтэн барилдахуйн магтаал” номыг нээгээд түүний төгсгөлд нь байгаа Богд Зонховын гайхалтай чанаруудыг харуулсан шүлгийг эхлээд эш татлаа.
Эгнэшгүй багш түүнийг даган хувраг болоод
Эрхэм бурханы зарлигийг сайтар судалж
Ирмүүн йогийн явдалд хичээгч нэгэн гэлэн
Их арш түүнээ ийнхүү биширмүй
Тэрбээр шүлгүүдийг гүйлгэн унших зуураа арван хоёр шүтэн барилдлагын талаар дурдсан бөгөөд энэ нь бид хэрхэн сансрын хүрдэнд эргэлддэг, мөн эндээс гэтлэхийн тулд мунхагийг хэрхэн даван туулж болохыг харуулдаг гэж тайлбарлав. Хэрэв юмс өөрийн мөн чанартай байсан бол бид юуг ч өөрчилж чадахгүй гэж айлдлаа. Шүтэн барилдлагын талаар Жонэ Лама ринбочэ “Шүтэх (хамаарах)гэдэг нь хоосон чанар буюу үнэмлэхүй үнэнийг, барилдах гэдэг нь огт байхгүй бус, харьцангуй үнэнийг илэрхийлнэ.” гэж айлдсаныг тайлбарласан юм.
Мөн тэрээр хутагт Нагаржуна ямар хүн байсныг мэдэхийн тулд заавал түүний амьдралын түүхийг мэдэх албагүй. Харин түүний бичсэн ном зохиолыг унших нь чухал бөгөөд улам нарийн ойлгоход тус болох ловон Чандракиртигийн бүтээлүүд бидэнд байна гэж айлдлаа.
Зам мөрийн үе шатуудыг хураангуй тайлбарласан “Бодь мөрийн зэргийн хураануй утга” номыг үргэлжлүүлэн уншиж эхлэхээс өмнө Дээрхийн Гэгээнтэн энэ төрлийн сургаал нь Адиша гэгээнээс эхэлсэн ба гэгээрэл хүрэх зам мөрийг хүмүүсийн гурван төрлийн оюуны чадавхиар тайлбарласан байдгийг онцлов. Тэрээр судалгаа, дадлагын зорилго нь бид зөвхөн сэтгэлийн зовлон шаналалыг, түүнээс үлдсэн сэтгэхүйн төөрөгдлийг даван туулах явдал юм гэдгийг айлдлаа.
Дээрхийн Гэгээнтэн бодь сэтгэл төрүүлдэг хоёр арга замын талаар дурдав. Энэ нь “уг, үрийн долоон увидас” ба “өөрийгөө бусадтай тэгшитгэн солих” гэсэн аргууд юм. Сүүлчийн аргыг ловон Шантидевагийн “Бодьсадвын явдалд орохуй” номонд тодорхой заасан байдаг боловч энэ номын тайлбарт эшийн дамжлага Төвөдийн төв нутагт түгээмэл биш байсан байна. Тиймээс энэ нь Дээрхийн Гэгээнтэн Энэтхэгт ирсний дараа Хүннү Лама ринбочэгээс энэ номын тайлбарт эш хүртэх нэгэн шалтгаан болжээ.
Уг номын сүүлчийн шүлгүүдэд хүрч ирэхэд тэрбээр ловон Чандракиртигийн үндэслэлийг дагаснаар бодитойгоор оршиж байгаа юмсыг олж чадахгүй болохыг тайлбарлав.
Дээрхийн Гэгээнтний айлдсан гурав дахь ном нь “Мөрийн гурван эрхэм” байсан бөгөөд уг номыг Богд Зонхов Цахо нутгийн ноён Агваандагвын хүсэлтээр зохиожээ. Тэрбээр бусдыг энэрч хайрласан бодь сэтгэлийг төрүүлэх тухай номлосон хэсэгт энэ талаар дурдахдаа, эхлээд өөрийн нөхцөл байдлыг бодож бясалгавал гэгээрэлд хүрэх шийдвэр гаргахад хүчтэй түлхэц болохыг олж мэднэ гэлээ.
Үзэл онолын хэсэгт Богд Зонхов “Үзэгдлээр хоосон чанартайг, хоосноор үгүйсгэх туйлшралыг няцаадаг, энэ хоёрыг нэгэн зэрэг ухаарч чадвал аливаа туйлшралд автагдахгүй гэжээ.
Ийнхүү Дээрхийн Гэгээнтэн Богд Зонховын гурван гол бүтээлийг уншаад бодь сэтгэлийг үүсгэх товч бясалгалыг удирдав. Төгсгөлд нь тэрбээр сонсогчдоос Богд Зонховын зааж сургасныг өөрийн сурч мэдсэн зүйлтэйгээ нэгтгэх дадлага хийх амлалт өгөхийг хүслээ.
Монголын хувилгаан Ламын Гэгээн болон Төвөдийн Сэргон, Лэлүн ринбочэ нар товч асуултууд тавьсан ба Дээрхийн Гэгээнтэн тус бүрд нь товч товч хариулт өгсөн юм. Мөн Лэлүн ринбочэ Дээрхийн Гэгээнтэнд урт удаан наслахын төлөө залбирч, мөн гүн гүнзгий, олон сургаал үргэлжлүүлэн айлдах хүсэлт тавьж байгаа талаар зүүдэлсэн гэдгээ айлтгав.
Дээрхийн Гэгээнтэн - “Төвөдөөс ирүүлсэн зургуудыг үзээд би Төвөдийн ард түмний сүсэг бишрэлийг мэдэрдэг бөгөөд улмаар надад урт удаан амьдрах хүсэл эрмэлзлэл төрдөг. Тиймээс Төвөдийн ард түмэн надад итгэл найдварыг өгсөн билээ.”
“Биднийг цагаачилан ирэхэд олон хүмүүс Төвөдийн буддын шашны талаар төдийлөн мэддэггүй байсан. Тэр үеэс хойш байдал өөрчлөгдсөн бөгөөд үүнд бид тодорхой хувь нэмэр оруулж чадсан гэж боддог.”
“VII Далай ламын үеийн эрдэмтэн Гадог Гэцэ намайг 113 наслана гэж бошиглон айлдсан байна. Би олон түмний сүсэг бишрэлийн хүчээр 110 нас хүртлээ амьдарч чадна гэсэн итгэл надад бий. Би урт наслахын төлөө залбирч байна, мөн та бүгд ч надтай нэгдэн залбираарай.”
Ерөөлийн уншлага унших үед Дээрхийн Гэгээнтэн бандида малгайгаа өмссөн бөгөөд энэхүү уншлагаар энэ удаагийн айлдвар өндөрлөв.