Энэтхэг, ХП, Дарамсала - Өнөөдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Хүн төрөлхтөн тэсэн үлдэхийн тулд энэрэнгүй сэтгэлийг төлөвшүүлэх нь, түүний хэрэгцээ, шаардлага” сэдэвт хэлэлцүүлэгт уригдан оролцлоо. Энэхүү арга хэмжээг Эмори их сургуулийн дэргэдэх Төвлөрлийн шинжлэх ухаан, энэрэнгүй сэтгэлд суурилсан ёс зүйн төв (CCSCBE) зохион байгуулсан юм. Тус төвийн захирал гэвш Лобсан Тэнзин Неги Дээрхийн Гэгээнтэн болон дэлхийн өнцөг булан бүрээс яриаг сонсч буй бүх хүмүүсийг угтлаа.
Захирал Неги Эмори их сургуулийн шинэ захирал Грегори Фенвесийг Дээрхийн Гэгээнтэнд танилцуулав. Тэрбээр Дээрхийн Гэгээнтнийг Эмори их сургуулийн захирлын нэрэмжит хүндэт профессор, мөн энэрэнгүй сэтгэлийн ач тусыг идэвхтэй сурталчлан ажилладаг болохыг тэмдэглээд халуун дотноор угтан авав. Фенвес Дээрхийн Гэгээнтэнтэй хамтран ажиллах боломж олдсон нь энэхүү шинэ албан тушаалыг сонгох хүчин зүйл болсныг дурдсан юм.
Гэвш Лобсан Тэнзин Неги Дээрхийн Гэгээнтэнд Эмори их сургуулийн дэргэдэх Төвлөрлийн шинжлэх ухаан, энэрэнгүй сэтгэлд суурилсан ёс зүйн төвийн үйл ажиллагааг танилцууллаа. Тэрээр Эмори-Төвөдийн шинжлэх ухааны санаачилга нь хэд хэдэн томоохон дацан хийдэд буддын лам нарт шинжлэх ухааны иж бүрэн, тогтвортой боловсрол олгох хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлсэн тухайгаа тайлбарласан юм. Хөтөлбөр нь дацан хийдийн багш, судлаачдыг бэлтгэх дөрөв дэх шатандаа явж байгаа бөгөөд ингэснээр хийдэд шинжлэх ухааны боловсрол олгох үйл ажиллагаа цаашид тогтвортой явагдах боломжтой болжээ.
Дээрхийн Гэгээнтэн хүний суурь үнэлэмжийг боловсролд нэгтгэх нийгмийн харилцаа, сэтгэл хөдлөл, ёс зүйн хөтөлбөрийн нээлтэд жил хагасын өмнө оролцсон ба үүнээс хойш дэлхийн 145 орны 58,000 гаруй сурган хүмүүжүүлэгчид тус хөтөлбөртэй танилцаад байна. Үүний зэрэгцээ, нийгмийн харилцаа, сэтгэл хөдлөл, ёс зүйн хөтөлбөрийн сургалтын материалыг Дээрхийн Гэгээнтний дэмжлэг болон бусдын өгөөмөр сэтгэлийн ачаар дэлхий даяар чөлөөтэй ашиглах боломжтой болжээ.
Түүнчлэн сүүлийн арван таван жилийн хугацаанд танин мэдэхүйн үндэст суурилсан энэрэнгүй сэтгэлийн сургалтад дэлхийн өнцөг булан бүрт коллеж, анагаахын чиглэлээр суралцаж буй оюутнууд, эмч, сувилагч, цэргийн ахмад дайчид, олон нийт өргөнөөр хамрагдсаныг дурдав.
Ингээд Неги Дээрхийн Гэгээнтэнтэй ярилцлагад оролцох хоёр оролцогчийг танилцууллаа. Доктор Санжай Гупта нь Эмори их сургуулийн мэдрэлийн мэс засалч, багшаар ажиллахын зэрэгцээ CNN телевизийн эрүүл мэндийн ахлах сурвалжлагчаар ажилладаг. Хатагтай Мелани Уолтон бол хүмүүнлэг, сайн үйлсийн “Роб ба Мелани Уолтон” сангийн үүсгэн байгуулагч юм. Энэхүү сан нь дэлхийд энэрэнгүй сэтгэлийн соёлыг хөгжүүлэхийг зорьж байгаа Эмори их сургуулийн дэргэдэх Төвлөрлийн шинжлэх ухаан, энэрэнгүй сэтгэлд суурилсан ёс зүйн төв (CCSCBE)-ийн ажлыг харамгүй дэмждэг байна.
2020 он нь энэрэнгүй сэтгэл ус шиг үнэ цэнэтэй болохыг ойлгуулсан жил байлаа хэмээн Мелани Уолтон яриагаа эхэллээ. Тэрээр энэрэнгүй сэтгэл нь шударга бус нийгэмд хэрхэн үнэ цэнээ хадгалах талаар асуув.
Дээрхийн Гэгээнтэн,
"Юуны түрүүнд би та бүхэнтэй технологийн тусламжтайгаар уулзаж чадсандаа ямар их баяртай байгаагаа хэлмээр байна. Эмори их сургууль ба бидний хамтын ажиллагаа удаан хугацаанд үргэлжилж ирсэн. Эмори их сургууль нь Төвөдийн эрдэмтдэд үр өгөөжтэй олон хөтөлбөрийг нэвтрүүлсэн юм.” хэмээн яриагаа эхлүүллээ.
“Сүүлийн жилүүдэд сэтгэлийн амар амгалан гэж юу болохыг хүмүүс их анхаарах болжээ. Урьд өмнө үүний ач холбогдлын талаар нэг их ярьдаггүй байсан. Гэсэн хэдий ч материаллаг болон технологийн хөгжлийг үл харгалзан бид маш олон бэрхшээлтэй тулгарсаар байна. Хэрэв бид сэтгэлийн амар амгаланг хөгжүүлэх арга дээр илүү анхаарал хандуулбал бидний үйл ажиллагаа энх тайван байдал руу чиглэх болно. Хэн ч асуудалтай нүүр тулахыг хүсдэггүй. Хүн төрөлхтний өөрөө өөртөө учруулсан олон бэрхшээл нь бидний уур уцаар, сэтгэл хямралаас үүдэлтэй гэдгийг бид ойлгох ёстой.”
“Эртний Энэтхэгийн уламжлалд оюун ухаан, сэтгэл хөдлөл хэрхэн ажилладаг ба хичнээн хор хөнөөлтэй байж болохыг тайлбарладаг. Энэ мэдлэг нь шашны эх сурвалжаас үндэстэй боловч өнөө үед бид иргэний боловсролоор суралцах боломжтой. Бид бүгд хор хөнөөлтэй сэтгэл хөдлөлийг хэрхэн даван туулж, эерэг чанаруудыг хөгжүүлэх талаар сурч болно. Эмори их сургууль энэ талаар нэлээд удаан хугацаанд судалгаа шинжилгээний ажил хийсэн бөгөөд энэ нь маш ач тустай байна.”
Др Санжай Гупта үг хэлэхдээ Дээрхийн Гэгээнтэнд өнөөдөр түүнтэй хамт байх нь ямар их нэр төрийн хэрэг болохыг мэдэгдлээ. Мөн өөрийн цагаа бусдын тусын тулд харамгүй зориулдаг Дээрхийн Гэгээнтний өгөөмөр сэтгэлийг үргэлж биширч явдгаа илэрхийлэв. Тэрээр Дээрхийн Гэгээнтний ковид цар тахлын үед сэтгэлийн хаттай байх талаар хэлсэнтэй санал нэг буйгаа мэдэгдээд энэхүү хямралын үеэр бусдад туслахын төлөө өөрийгөө зориулсан хүмүүс олон байгаа ч нүүрний маск зүүхээс ч татгалздаг хүмүүс мөн байгааг тэмдэглэв. Тэрээр хэрхэн хүмүүсийг илүү энэрэнгүй байхыг урамшуулж болох талаар мэдэхийг хүслээ.
Бидэнд тулгараад буй энэ цар тахал дэлхий нийтэд учраад буй нь хичнээн харамсалтайг Дээрхийн Гэгээнтэн онцлов.
“АНУ, Энэтхэг, Европ, Хятадад олон хүмүүс амь насаа алдлаа. Энэ талаар надаас илүү мэдлэгтэй мэргэжилтнүүд үүнийг шийдвэрлэх арга зам хайн ажиллаж байна. Би бол зүгээр л буддын шашны лам хүн, гэхдээ хэтэрхий их санаа зовох нь бидэнд асуудал үүсгэж байх шиг санагдаж байна. Бид айдас, түгшүүрт автахгүй байвал тустай. Бидэнд өөрсдийгөө хамгаалах дотоод хүч хэрэгтэй. Хэрэв бид айдас, түгшүүрт автвал илүү өвчинд өртөмтгий болно.”
“Биеийн эрүүл ахуй нь эрүүл мэндээ хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг, гэсэн ч бид сэтгэлийн эрүүл ахуйгаа анхаарч үзэх цаг иржээ. Сэтгэлийн эрүүл ахуйн үнэ цэнийн үлгэр жишээ болсон 18 жилийн турш Хятадын шоронд хоригдож байсан миний танил ламын түүх байдаг юм. Хожим түүнтэй уулзан хуучилж байх үед мөнөөх лам хэд хэдэн удаа аюулд орсон гэдгийг сонсоод би түүний амь насанд нь аюул тулгарчээ гэж бодсон юм. Ингээд түүнээс юу тохиолдсон тухай лавлахад, тэрээр зарим үед Хятадын шоронгийн хуягуудыг өрөвдөх сэтгэлээ алдах аюулд орсон гэж билээ. Түүнд сэтгэлийн амар амгалан хичнээн чухал болохыг, энэрэнгүй сэтгэл түүнд хэрхэн тусалсныг би ойлгосон юм.”
“Эрдэмтэд биднийг төрсөн цагаасаа л энэрэл хайрыг мэдэрдэг болохыг тогтоосон билээ. Бидний амьдрал бидний амьдарч буй нийгмээс хамааралтай тул бусдыг энэрэх, тэдэнд анхаарал хандуулах нь бидний биологийн шаардлага юм.”
“Багачууд байгалиасаа инээмсэглэсэн нэгэнд эерэг хариу үзүүлдэг. Тэдэнд бусдын арьсны өнгө, итгэл үнэмшил, үндэс угсаа хамаагүй. Гэвч үүхдүүд сургуульд сурч эхэлснээр арьсны өнгө, итгэл үнэмшил, гарал үүслийн ялгааг илүү анхаарч эхэлдэг. Үүнээс хардалт, айдас, үл итгэлцэл үүсч байна. Боловсрол нь энэ бүгдийг үгүй хийж, хүн төрөлхтний нэгдмэл чанарт илүү их анхаарал хандуулах ёстой. Хүн гэдэг утгаараа бид бүгд адилхан, бүгдээрээ хамт амьдрах ёстой.”
Мелани Уолтон Дээрхийн Гэгээнтнийг Франц Алттай хамтран бичсэн ‘Бидний цорын ганц гэр’ хэмээх шинэ номонд талархал илэрхийлэв. Тэрээр эрүүл гариг дэлхийн төлөөх зүрх сэтгэлийн боловсролын ач холбогдлын талаар асуулаа.
“Бид шашин шүтэх эсэхээс үл хамааран аливаад бодитоор хандах ёстой. Бид даян дэлхий, хүн төрөлхтний талаар илүү нээлттэй сэтгэж, шинжлэх ухааны ололтод тулгуурласан боловсрол эзэмших хэрэгцээтэй тулгараад байна.”
Санжай Гупта Өмнөд Энэтхэгийн Мундгод хотод Дээрхийн Гэгээнтэнтэй уулзаж жинхэнэ, дотно инээмсэглэлийн ач холбогдлын тухай хуучилсныг дурсав. Одоо хүн бүр маск зүүж, бие биедээ хүрч чадахгүй болсон тул бид хэрхэн халуун дулаан мэдрэмжийг илэрхийлэх вэ хэмээн асуулаа.
Бусдыг хэдий хэмжээнд хардана тэр хэмжээгээр та нарын хооронд зай үүснэ гэж Дээрхийн Гэгээнтэн хариуллаа. Хэрэв та хүн бүрт нээлттэй хандаж чадвал танд бүх дэлхий нэг гэр бүл мэт санагдана. Танд айдас, түгшүүр бага байх болно. Хүчирхийлэл үл үйлдэх, бусдыг хохироохгүй байх Энэтхэгийн уламжлал үүнд үнэтэй хувь нэмэр оруулж байна.
“Би хаашаа ч явсан хүн төрөлхтний нэгдмэл байдлын тухай ойлголтыг түгээхийг хичээдэг. Би уулзсан хүн бүрийг надтай адилхан гэж хардаг. Үүнийг минь хүмүүс эергээр хүлээн авдаг юм. Амьтад ч ялгаагүй. Вена дахь нэгэн цэцэрлэгт хүрээлэнд шувууд хүмүүсийн гараас эмээлгүй хооллож байсныг санаж байна. Айдас нь тусгаарлагдмал байдлыг бий болгодог тул бусадтай нээлттэй байх нь тустай. Хэрэв би ширүүн догшин царайлвал надтай найрсаг бусаар л хандана шүү дээ.”
“Халуун сэтгэл хүний аз жаргалын гол хүчин зүйл юм. Тиймээс л шашны бүх уламжлалд энэрэнгүй сэтгэлийг сургадаг. Хэрэв та “Эзэн”-д итгэдэг бол бид бүгд нэг энэрэнгүй эцгийн хүүхдүүд тул бие биенээ энэрэн нигүүлсэх ёстойг ойлгоно. Бүтээгч “Эзэн”-ийг хүлээн зөвшөөрдөггүй шашны уламжлалд хойд нас байдаг гэдэгт итгэдэг тул энэрэнгүй сэтгэлийг хөгжүүлэхийн ач тусыг чухалчилдаг юм.”
Дээрхийн Гэгээнтэн ‘Бидний цорын ганц гэр’ хэмээх номондоо энэрэнгүй сэтгэлийн хувьсгал хийх тухай уриалсанд сэтгэл нь хэрхэн хөдөлсөн тухайгаа Мелани Уолтон дурсав. Тэрээр энэрэнгүй сэтгэл эх дэлхийгээ хамгаалах илүү шийдэмгий арга мөн эсэх талаар асуув.
Орчин үеийн боловсрол нь хүүхдүүдэд хүн төрөлхтний нэгдмэл байдлын талаар заадаггүй учир хангалтгүй байна хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариуллаа. Гариг дэлхийгээ хайрлан хамгаалах нь бид бүгдэд хамаатай. Бид явцуу хувийн ашиг сонирхолд бага анхаарах хэрэгтэй. Тэрээр өглөө бүр сэрмэгцээ доорх шүлгийг өөртөө сануулдаг гэв.
Орчлон ертөнц хэдийг хүртэл оршино
Төдийг хүртэл амьтад оршсоор байх болно
Тэр хүртэл би ч оршсоор байж
Амьтдын зовлонг арилгах болтугай
Мөн Дээрхийн Гэгээнтэн өглөө сэрмэгцээ "Би сэрлээ, гэхдээ энэ "би" хаана байна хэмээн асуудаг гэлээ.
“Хэрэв сайтар нягталж Будда, Буддагийн бие лагшин, үг зарлигийг төсөөлж үзвэл тэдгээрийн аль нь ч Будда биш юм. Тэгэхээр Будда хаана байна? ‘Би’ гэж тодорхой мэдрэх ямар ч үндэслэл байхгүй. Зөвхөн нэр томьёо төдий юм. Эдгээр зүйлийг эргэцүүлэн бодоход “би” гэх хүчтэй бодол багасдаг. Юу ч харагдаж буй шигээ оршдоггүй нь квант физикийн ажиглалтаар ч батлагдаж байна. Үүний зэрэгцээ, алтруизмыг хөгжүүлэх нь бидний амин хувиа хичээхийг арилгана.”
“Бид аливаа зүйлийг эерэг, эсвэл сөрөг талаас нь боддог. Бид хүмүүсийг найз нөхөд эсвэл өрсөлдөгч гэж үздэг. Гэхдээ энэ дайсан яг хаана байгааг судлах нь зүйтэй. Миний үндсэн дадлага маань саруул билиг оюунаар энэрэнгүй сэтгэлийг хөгжүүлэх явдал юм.”
"Билиг билгүүний хувьд би хутагт Нагаржуна, ловон Чандракирти нарын сургаал номыг дагадаг. Би Чандракиртигийн ‘Төвд орохуй’ болон түүний тайлбарыг үргэлж уншдаг. Хутагт Нагаржуна Васубандху, Диигнага зэрэг агуу мастеруудын үзлийг шүүмжлэхэд би тэдний зөрчилд харьяалагдахгүй нь азтай юм шиг санагддаг.”
“Энэрэнгүй сайхан сэтгэл нь юу ч харагдаж буй шигээ оршдоггүй гэх үзэлтэй хосолсноор хүчирхэг практик бий болгодог. Үүнийг дагаж мөрдсөнөөр бид сөрөг сэтгэл хөдлөлөө бууруулж чадна.”
Хатагтай Уолтон бусдыг асрах нь бидний сайн сайханд хэрхэн хувь нэмэр оруулдаг тухай асуухад Дээрхийн Гэгээнтэн бид бүгд өнөөдөр долоон тэрбум хүний нэг хэсэг бөгөөд бид үлгэр жишээ үзүүлэх ёстой гэдгийг дахин онцоллоо.
“Би энэрэнгүй сэтгэлийн үнэ цэнийн талаар олонтаа ярьдаг, гэвч ямар нэгэн зүйл бүтэхгүй үед бусдад уурлах аваас хоёр нүүртэн болно шүү дээ. Сайн үлгэр жишээ үзүүлэх нь бусдад үйлчлэх хамгийн зөв арга юм.”
Энэрэнгүй сэтгэл цаг хугацаа өнгөрөх тусам яагаад бүдгэрдгийг Доктор Гупта лавлав.
“Хэрэв бид учир шалтгаанд бус зөвхөн зөн совин, мэдрэмжинд найдсан тохиолдолд ийм байх болно. Наланда уламжлал нь үндэслэлтэй, логик хандлагыг баримталдаг аналитик бясалгалд суурилдаг. Нэгэн удаа би Японд илтгэл тавьж байхдаа төвлөрлийн бясалгал сайн боловч аналитик бясалгал илүү үр дүнтэй болохыг онцолсон билээ. Намайг сонсож буй тэдгээр хүмүүст би Бурхан Багшийн заасан зүйлийг хэлэлцэж, мэтгэлцэж байж гүн гүнзгий ойлгох болно хэмээн зөвлөсөн юм.”
“Аливаа зүйл харилцан хамааралтайгаар бий болдог гэдгийг хүлээн зөвшөөрөх нь аливаа зүйл өөрийн мөн чанараас бүтсэн хэмээх буруу ойлголтыг үндсээр нь устгадаг. VIII зуунд Төвөдөд ирсэн агуу гүн ухаантан, логикч Шантаракшитагаас бидний анх сурч мэдсэн зүйл энэ юм. Тэрээр багшийн хэлсэн зүйлийг байнга судалж, нягталж байхыг бидэнд сургасан билээ. Бурхан Будда нягтлан шинжлэх, дүн шинжилгээ хийхийг айлдсан. Энэхүү уламжлалыг дагадаг буддын шашин нь логик, учир шалтгааны үндэслэлтэй тул бид шинжлэх ухааны эрдэмтэдтэй бүтээлчээр хамтран ажиллах боломжтой болсон юм.”
“Бид илүү гүнзгий түвшинд харьцангуй ба үнэмлэхүй үнэн гэх хоёр үнэнд анхаарлаа хандуулдаг. Туйлын үнэн нь үл мэдэхүйг үндсээр нь арилгадаг бол харьцангуй үнэн нь бидний хувиа хичээсэн хандлагыг дарах болно. Миний дадлага маань энэхүү хоёр үнэнээс улбаатай. Бидэнд шинжлэх ухааны эрдэмтдээс сурч мэдсэн, мөн тэдэнд биднээс сурч мэдсэн зарим зүйл ч бий. Хүний дүн шинжилгээ хийх, бодит байдлыг гүнзгий ойлгох чадвар маш үнэ цэнэтэй.”
Мелани Уолтон энэрэнгүй сэтгэлийн ач холбогдлыг чухалчлаад, Төвлөрлийн шинжлэх ухаан ба энэрэнгүй сэтгэлд суурилсан ёс зүйн төв маргаашнаас эхлэн энэрэнгүй сэтгэлийн онлайн бясалгал зохион байгуулах талаар Дээрхийн Гэгээнтэнд мэдэгдэв. Үүнд хүн бүр оролцох боломжтой ажээ. Мөн 2021 оны 2 дугаар сараас эхлэн энэрэнгүй сэтгэлийн 21 хоногийн сургалт явуулах ба оролцогчид бүгд Дээрхийн Гэгээнтнийг эрүүл, урт удаан наслахыг ерөөж буйг дамжууллаа.
Төгсгөлд нь гэвш Лобсан Тэнзин Неги Дээрхийн Гэгээнтэнд талархал илэрхийлэв.
Дээрхийн Гэгээнтэн,
“Миний түрүүн хэлсэнчлэн бүх шашны уламжлал хайр энэрлийг сургадаг. Энэ нь олон түмэнд хэрэгтэй. Тиймээс бид халуун дулаан сэтгэл, хайр энэрлийг дэлгэрүүлэх ёстой. Энд байгаа бүх найз нөхөддөө, оюун санааны ахан дүүс нартаа хийж буй ажилд нь талархал илэрхийлье. Би үүнд талархаж байна. Насан эцэслэх хүртлээ би энэ ертөнцийг илүү сайн сайхан болгохын төлөө чадах чинээгээрээ хувь нэмэр оруулахаар шийдсэн билээ.”
“Баярлалаа.”