Энэтхэг, ХП, Дарамсала – Энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хүүхдийн бүхий л хөгжилд анхаарал хандуулан судлагаа явуулж буй Майнд Мингл төвийн хүсэлтээр цахим ярилцлагад уригдсан байлаа.
Тус төвийг үүсгэн байгуулагч, захирал Навин Шармиа үг хэлэхдээ Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг тухлан саатахыг уриад түүнтэй ярилцах мөрөөдөл ийнхүү биелэж байгаад туйлын баяртай байгаагаа дуулгасан юм. Тэрээр Майнд Мингл төв нь АНУ-ын Емори их сургуулиас гаргасан “Нийгмийн харилцаа, сэтгэл хөдлөл, ёс зүйд суралцахуй” сургалтын хөтөлбөрийг Энэтхэгт хэрэгжүүлж буй багтай хамтран ажилдаг талаар мөн тэмдэглэн хэллээ. Ингээд тэрээр орчин үеийн боловсролын системд шашнаас ангид ёс суртахууны хэрэгцээний талаар бидэнд заавар зөвлөгөө өгөөч хэмээн хүссэн юм.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Баярлалаа” хэмээгээд яриагаа эхлэв.
“Миний гол зорилго бол аз жаргалтай дэлхийг бий болгох явдал билээ. Дутуу мэдлэгээр аз жаргалыг олж чадахгүй. Өндөр мэдлэгтэй ч аз жаргалгүй амьдарч буй хүмүүс өнөөдөр нэлээдгүй бий. Орчин үеийн боловсролын тогтолцоо нь материаллаг зорилгод чиглэжээ. Тиймээс аз жаргалтай байхын тулд олон мянган жилийн турш өвлөгдөж ирсэн эртний Энэтхэгийн ахимса буюу хүч үл хэрэглэх, каруна буюу энэрэнгүй үзлийг эзэмших хэрэгтэй. Энэрэнгүй сайхан сэтгэл нь бидэнд дотоод сэтгэлийн амар амгалан, дотоод сэтгэлийн эрч хүчийг бий болгож, айдас түгшүүрийг үгүй хийдэг юм. Хүч үл хэрэглэх гэдэг нь бид бие болон хэлээр бусдад хорлолтой үйл үйлдэхгүй гэсэн үг. Тиймээс хүчирхийллийг үнэнхүү тэвчихэд нэн тэргүүнд энэрэнгүй сэтгэл хэрэгтэй.”
“Олон мянган жилийн туршид Энэтхэгчүүд тогтуун амгалан ба нягталж судлах арга замаар оюун ухааныг гүн гүнзгий судласан билээ. Баруунаас дэлгэрсэн орчин үеийн боловсролын систем нь сөрөг сэтгэл хөдлөлийг хэрхэн удирдах арга ухааныг заадаггүй. Үүний үр дүнд өндөр мэдлэгтэй хүмүүс цөмийн зэвсэг тэргүүтэй зэр зэвсэг хийх, үйл олноор нь үйлдвэрлэх зэрэгт мэдлэг чадлаа зориулж байлаа. Эдгээр зэр зэвсгийн шинэ дэвшил нь мэдлэг ухаан, техник сэтгэлгээг шаардсан бөгөөд ёс суртахууны болгоомжлолыг бүрэн гээсэн билээ. Энэ хөгжил дэвшил нь энэрэл хайр ба хүч үл хэрэглэх зарчмуудыг бүрэн орхигдуулсан юм.”
“Дотоод сэтгэлийн амар амгаланг олж чадахгүй тохиолдолд асар нарийн хүний оюун ухаан нь уур хилэн, айдас түгшүүр зэрэг сөрөг сэтгэл хөдлөлийн суурь болно. Өнөөдөр хүн бүхэн биеийн эрүүл мэнддээ анхаарч байна. Үүнтэй адил сэтгэл хөдлөлийн эрүүл мэндэд ч анхаарал хандуулах хэрэгтэй. Ингэхийн тулд энэ талаар зааж сургасан эртний Энэтхэгийн мэдлэгийг олж авах нь зүйтэй. Тиймээс би Энэтхэг улс эртний хүч үл хэрэглэх, энэрэн нигүүлсэх мэдлэгийг орчин үеийн материаллаг боловсролтой нарийн уялдуулж чадна гэдэгт итгэдэг юм.”
“Өнгөрсөн зуунд Махатма Ганди хүч үл хэрэглэх зарчмыг итгэлтэйгээр дагасан бөгөөд дэлхийн олон оронд түүний үлгэр жишээг дагагч нар төрөн гарав. Африкт Нелсон Мандела, Америкт Мартин Лутер Кинг түүнийг даган гарч ирсэн билээ. Мартин Лутер Кингийн эхнэр хожим надтай уулзаж нөхрийнхөө тухай дурсахдаа Махатма Гандиг ихэд биширдэг, бүр түүнтэй адилхан хувцас өмсөхийг хүсдэг байсан талаар ярьж билээ.”
“Өдгөө XXI зуунд эртний Энэтхэгийн хүч үл хэрэглэх, энэрэнгүй сайхан сэтгэлийг хөгжүүлдэг мэдлэгийг орчин үеийн боловсролтой нийлүүлэх хэрэгтэй.”
Тэрээр өөрийн дөрвөн үүргийн талаар товч танилцууллаа. Дэлхийн долоон тэрбум хүний нэг учир шүтлэгтэй шүтлэггүй хүн бүрт аз жаргал шаардлагатай гэдэгт анхаардаг гэв. Хэрэв хүн төрөлхтөн илүү аз жаргалтай, илүү тайван, айдасгүй байж чадвал дэлхийн энх тайван аяндаа бий болно гэлээ.
“Сөрөг сэтгэл хөдлөлийг удирдах арга замд суралцахгүй бол тэмцэл тулаанаар сэвтсэн өнгөрсөн зууныг л сэргээх болно. Өнгөрсөн зуунд шинжлэх ухааны мэдлэгийг аймшигт хүчирхийлэл үйлдэхэд ашигласан шүү дээ. Харин хүмүүс энх тайвныг илүүд үзэж буй энэ үед энэрэл хайрын чухлыг бусдад ойлгуулах тал дээр би үүрэг хүлээн ажиллаж байна.”
“Шинжлэх ухааны эрдэмтдийн судлагаагаар бидэнтэй адилхан нэгдэж амьдардаг амьтан бүхэн нэг нэгэндээ анхаарал хандуулдаг төрөлхийн араншинтай гэдэг нь тогтоогдсон байна. Тиймээс хүний үндсэн чанарыг эерэг бөгөөд энэрэнгүй гэж үзжээ. Бага балчир хүүхдүүд эхийн энэрэл хайраас хамааран өсөж том болдог. Харин сургуульд явж эхэлснээр энэ байдал алдагдаж эхэлдэг. Багадаа нэг нэгнийхээ арьс өнгө, шашин шүтлэг гэх зэргийг үл тоон тоглодог байсан хүүхдүүд том болохын хэрээр нэг нэгнийхээ хоёр дахь түвшний ялгаанд анхаарал хандуулж эхэлдэг ба улмаар “бид” ба “тэд” гэж хуваагдаж байна.”
“Ямартаа ч бид адил бус шашин шүтлэг, арьс өнгө, баруун, зүүн, хойд, урд зүгийн хүн гэх мэт ялгаанаас үл хамаарч хамтдаа амьдрахаас өөр арга зам байхгүй. Мөн илүү хэрэгцээ нь эргээд бидэнд аюул занал учруулж байна. Учир нь дэлхийн дулаарлаас шалтгаалж цаг агаар улам халсаар байгаа билээ. Зарим эрдэмтэд хэрэв байдал ийн үргэлжилвэл цэвэр усны эх ундрага хатаж үгүй болно гэж үзжээ. Бид цаашдаа зөвхөн манай бүлэг, манай ард түмэн, миний нутаг гэдэг дээр төвлөрөх ёсгүй. Бид нэг нэгнээ надтай л адилхан хүн гэдгээр харж, хамтдаа амьдарч, хамтдаа ажиллах шаардлагатай.”
“Би бурханы шашинтан хүнийхээ хувьд бүх шашин адил бус цаг үед, адил бус газар нутагт үүсч бий болсноос үл хамаарч энэрэл хайр, тэсвэр тэвчээр, уучлал, хувийн сахилга бат, сэтгэл ханамжийн тухай адилхан номлодог гэж үздэг. Бүтээгч Эзэн тэнгэрт итгэдэг, үл итгэдэгээс хамаарч өөр үзэл онол дэлгэрсэн ба энэ нь энэрэл хайрыг хөгжүүлэх адил бус арга замууд юм. Буддын шашны хувьд ч адил бус үзэл онолын олон түвшин бий.”
“Энэтхэгт бүх шашин өөр хоорондоо эв нэгдэлтэй, зэрэгцэн оршиж байна. Зарим үед бага зэрэг асуудал үүсдэг ч энэ нь улс төрийн гэх мэт үйл хэрэгтэй холбоогүй байдаг. Би Энэтхэгт олон шашин зэрэгцэн эв найртай оршиж байгааг хараад шашин хоорондын эв нэгдлийг бий болгох боломжтой хэмээн үзэж өөртөө үүрэг хүлээн ажиллаж байгаа билээ.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цааш нь өгүүлэхдээ өөрийн гурав дахь үүрэг нь Төвөд хүн гэдэгтэй нь холбоотой, өөрөөр хэлбэл Төвөдийн ард түмэн түүнд итгэл найдвар хүлээлгэж байгаа гэдгийг тайлбарлалаа. Тэрээр 2011 онд шинээр сонгогдсон улс төрийн удирдлагад өөрийн улс төрийн бүхий л эрх мэдлээ хүлээлгэн өгсөн цагаас хойш Төвөдийн соёл уламжлалыг хадгалан авч үлдэхийн төлөө анхаарал хандуулж эхэлсэн байна. Мөн эх нутаг Энэтхэгтээ алдагдсан эртний Наландагийн уламжлалыг Төвөдүүд хадгалан авч ирсэн ба үүнийг өнөөгийн Энэтхэг ахан дүүстэй хуваалцахыг хүсдэг хэмээн айлдсан юм.
Түүхэн талаасаа Төвөдүүд Энэтхэгчүүдийг багш, өөрсдийгөө тэдний шавь гэж үзсээр ирсэн байна. Өнөөдөр багш нарын нутагт эртний мэдлэг алдагдаж үгүй болсон бөгөөд Төвөдөд хадгалагдаж буй энэхүү уламжлалыг өвлүүлэн авч явах тал дээр мөн үүрэг хүлээсэн болохоо Дээрхийн Гэгээнтэн тайлбарласан юм. VII зуунд Төвөдийн Соронзон Гамбу хаан хятад үсгээс илүүтэй Энэтхэгийн диванагари үсгийг үндэслэн төвөд үсгийг зохиолгосон байна.
Төдөлгүй VIII зуунд Тисрон Дэзэн хаан Энэтхэг орныг буддын судлалын эх үндэс болохыг мэдээд ловон Шантаракшитаг урин залж, түүний зөвлөсний дагуу пали болон саскрит хэл дээрх буддын эх сурвалжуудыг төвөд хэл рүү орчуулж эхэлсэн байна. Энэ ажлын үр дүнд төвөд хэл дээр хутагт Нагаржуна, Чандракирти, Дармакирти тэргүүтэй олон мэргэдийн ном зохиолыг багтаасан 300 гаруй боть номтой болсон юм. Дээрхийн Гэгээнтэн хэдийгээр 85 насыг зооглож байгаа ч цаг зав гарах бүрт эдгээр ном бүтээлийг уншиж судладаг гэдгээ дурьдав.
Тэрээр Наланда уламжлалын үнэт зүйл нь учир шалтгааны зарчим юм гэдгийг онцоллоо. Эртний Наландагаас дэлгэрсэн Төвөдийн буддын шашин дахь шүтэн барилдлагын онол нь орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтдийн сонирхолыг машид татаж байна. Үүнтэй зэрэгцэн буддын гүн ухааны нарийн үзэл онолыг оновчтой илэрхийлж чадах төвөд хэл ч үнэт өв болохыг тэрээр тэмдэглэн хэлэв.
“Би Энэтхэгт дүрвэн ирсэний дараа Нерутэй уулзаж, Төвөдийн сургууль барьж өгөхийг хүссэн ба төвөд хэл дээр нэмээд хинди болон англи хэлний хичээл хэрхэн оруулах талаар ярилцаж билээ. Тэрээр англи хэл дэлхийн хэл болсон учир заавал үзэх хэрэгтэй гэж зөвлөсөн юм. Ер нь Неру бидэнд маш сайхан хандсан билээ. Тэрээр миний амьдрах газрыг Дарамсала хотоор сонгож, мөн бусад олон мужийн захирагч нарт захидал илгээн төвөд иргэдийг суулгах газар олгож өгөхийг хүссэн юм. Уг хүсэлтийг хамгийн уриалгахан хүлээн авсан нь Карнатака мужийн захирагч Нижалингаппа байсан юм. Ийнхүү манай том дацан хийдүүд Карнатака мужид байгуулагдаж эдүгээ Төвөд, Энэтхэг, мөн бусад улс орноос ирсэн 10,000 гаруй лам хуврагууд буддын гүн ухаанд суралцаж байна.”
“Мөн Төвөдийн байгаль экологийн асуудал бий. Төвөд нь Азийн ихэнх улс орны цэвэр усны эх ундрага юм. Тиймээс би Төвөдийн өндөрлөгийн онгон байгалийг авч үлдэх, ой модыг устгах зэргийг явуулахгүй байх нь миний үүрэг хэмээн үздэг билээ.”
“Бид дүрвэгсэд, гэвч бидэнд сайхан орон гэр олдсон юм. Бид эх орноо алдсан ч багш нарынхаа нутагт ирсэн билээ. Миний дөрөв дэх үүрэг бол эртний Энэтхэгийн нандин мэдлэгийг эх нутагт нь сэргээх явдал юм. Урьд өмнө хэлсэнчлэн Энэтхэг орон эртний мэдлэгийг орчин үеийн боловсролтой уялдуулж чадах хамгийн зөв орон гэж би боддог.”
“Би одоо 85 настай. Гэвч би эрч хүчтэй хэвээр байна. Ирээдүйн 20 жилд би амьд сэрүүн байж чадна. Та бүхэнд баярлалаа.”
Дээрхийн Гэгээнтэн эртний Энэтхэгийн мэдлэгийг сэргээхдээ шашнаас ангид агуулгаар нь сэргээх нь зүйтэй гэж үзэж байгаагаа асуулт хариултын үеэр тайлбарлалаа. Сүсэг бишрэл бус, мэдлэг боловсролыг ашиглаж чадвал энэ ажил амжилттай болж чадна гэв. Мөн үүнийг сэргээх гол зорилго нь ямар нэгэн шашны төлөө бус, хувь хүний аз жаргалыг бий болгохын төлөө гэдгийг онцолсон юм. Хамгийн гол нь шашнаас ангид хандлагаар энэрэнгүй сайхан сэтгэл, хүч үл хэрэглэх зэргийг дадлагжуулах явдал билээ. Ингэснээр хүчирхийлэлгүй, энэрэнгүй сайхан нийгмийг бий болгож чадна.
Тэрээр Индонезээс асуулт асуусан хүнд хариулахдаа хэдий Индонез улсад муслим шашин зонхилдог боловч Азийн бусад улс орны заримд нь буддын, заримд нь хиндү, мөн заримд нь христийн шашин зонхилж байгааг дурьдлаа. Шашнаас ангид гэдгийг хэрхэн ойлгох талаар тайлбарлахдаа шашны ямар нэгэн уламжлалд туйлширч, мухар сүсэгт автан бусдад хорлол хүргэхийг тэвчих ба ямар ч хүнд сайнаар хандах ёстой хэмээв. Хамгийн чухал нь илүү нээлттэй байх хэрэгтэй. Тэрээр Индонез улсад морилохдоо Борободур дахь суварганд мөргөж байснаа дурсан ярьлаа.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цааш нь айлдахдаа хувь хүний сонголтыг эрхэмлэдэг нь ардчилалын үндсэн зарчим гэв.
“Хэрэв та христ, муслим тэргүүтэй бүтээгч Эзэн тэнгэрийг хүлээн зөвшөөрч түүнд итгэдэг бол энэ нь хувь хүний шийдэл билээ. Мөн таньд Эзэн тэнгэр ертөнцийг бүтээсэн гэх ойлголт төдийлөн таатай бус, буддын болон жейнийн үзэл онолыг таатай хүлээн авах нь таны л сонголт юм. Ямар нэгэн шашин шүтсэнээр таны сөрөг муу сэтгэл хөдлөл арилж, энэрэнгүй сайхан сэтгэлтэй болж байгаа нь тухайн шашныг шүтсэний гол зорилго мөн.”
Ковид 19-тэй холбоотой асуултанд хариулахдаа өөртөө эрсдэл хүлээн авч, өвчтөнийг асран аюулын өөдөөс сөрөн тэмцэж буй бүхий л эмч, сувилагч нарт машид талархалтай байгаагаа тэмдэглэн хэлэв. Энэхүү вирусыг үгүй хийхийн тулд олон талын судлагаа хэрэгтэй, мөн аюурвед, юунани, йог, Төвөд болон Хятадын уламжлалт эм эмчилгээ ч үр нөлөө үзүүлж болох юм гэлээ.
Навин Шарма үг хэлэхдээ өнөөдрийн ярилцлага олон багш нарт үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэн хэлээд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд талархал илэрхийлсэн юм.
Дээрхийн Гэгээнтэн төгсгөлд нь үргэлж суралцах ёстой гэдгийг зөвлөв. Наландагийн их багш нар сургалт судлагаагаа хэзээ ч зогсоогоогүй бөгөөд нягталж судлах замаар мэдлэгээ улам тэлж байсан гэдгийг дурдлаа. Материаллаг түвшинд сэтгэл ханах нь сайн хэрэг, харин гүн гүнзгий мэдлэг олох тал дээр хэзээ ч хил хязгаар байхгүй хэмээлээ.