Энэтхэг, Бихар, Бодьгаяа – Олон хоног үргэлжилсэн бүрхэг манан арилан гийсэн энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өөрийн байрлах Гандан Пэлжэйлин хийдээс Калачакра номын айлдварын талбайд морилон ирлээ. Гандан Шарзэ болон Жанзэ дацангийн хамба лам нар, мөн Намжал дацангийн лам хуврагууд Дээрхийн Гэгээнтнийг урин залж, шашир малгай, номын чойгоо өмссөн байв. Дээрхийн Гэгээнтэн замын хоёр талаар зогсон түүнийг хүлээх олон хүний зүг мэндлэн явж байлаа.
Ойролцоогоор 35,000 хүн энэ удаагийн номын айлдварт хүрэлцэн ирсэн ба тэдний ихэнх нь лам хуврагууд, үлдсэн нь 67 орны 2500 зочид байлаа. Дээрхийн Гэгээнтэн цугласан олны зүг гар даллан, аль болох олон хүнтэй гар барьж, уулзахыг хичээж байв.
Тайзан дээр Дээрхийн Гэгээнтний сэнтийн ойр сажа уламжлалын тэргүүн Сажын Ширээт, гэлүгба уламжлалын тэргүүн Гандан Ширээт, мөн Ризон ринбочэ, дараа нь Тувагийн шинэ хамба лам суусан байлаа.
Төдөлгүй Энэтхэг, Шриланкийн найман лам пали хэлээр Мангала судрыг уншиж, дараа нь Бодьгаяа дахь Рүүт институтын дэргэдэх Майдар сургуулийн сурагч хүүхдүүд санскрит хэлээр “Билгүүний Зүрхэн” судрыг аялгуулан уншсан юм.
Эцэст нь лам, энгийн хүмүүс нийлсэн Хятадын төлөөлөл мандарин хэлээр мөн “Билгүүний Зүрхэн” судрыг уншсан юм.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам айлдвараа эхлэв.
“Гэгээрэлд хүрснийхээ дараа Бурхан Багш Сарнатад анхны номын айлдвараа айлдсан билээ. Анхны номын айлдвар нь Хутагтын Дөрвөн Үнэний сургааль байсан бөгөөд энэ нь түүний бүхий л айлдвар сургаалийн суурь үндэс нь болсон юм. ‘Ангид гэтлэхүйн судар’ газар газарт дэлгэрэхдээ ялимгүй өөр онцлогуудыг агуулсан байна. Хутагт Нагаржунагаас дамжсан винайн Муласарваставадин уламжлал Төвөдөд дэлгэрсэн бөгөөд пали уламжлалыг хадгалдаг улс орнуудтай ихэд төстэй байдаг. Дараа нь Бурхан Багш Тас цогцолсон ууланд хурц ухаант шавь нарт зориулан Билиг барамидын сургаалиа айлдсан билээ.”
“Хожим Бурхан Багшийн сургааль Энэтхэгээс Азийн бусад улс оронд дэлгэрч эхэлсэн юм. Өнөөгийн баруун дахь шинжлэх ухааны эрдэмтэд, мэдлэг боловсрол бүхий хүмүүс үүнд, ялангуяа оюун ухаан, сэтгэл хөдлөлийн талаарх судалгааг сонирхох болсон байна. Гэгээрэл нирваан, урд хойд насны тухай ярихаас урьтаж учир шалтгаан, логик зарчмаар Бурхан Багшийн сургааль нотлогдох боломжтой.”
“Азийн ихэнх улс орнууд Бурхан Багшийг сүслэн дагадаг, гэхдээ бидний сүсэг бишрэл маань мэдлэг дээр үндэслэсэн байх учиртай. Ловон Харибадра “Утгыг тодруулагч” номондоо учир шалтгааны үүднээс итгэл бишрэл олдог, эсвээс дан ганц сүсэг бишрэлийг голлодог хоёр зүйлийн шавь нар байдгийг дурдсан юм.”
“Хутагтын Дөрвөн Үнэнийг номлох үедээ Бурхан Багш орчлон хорвоогийн зовлон, гэгээрлийн ач тусын тухай тайлбарласан билээ. Тэрээр суурь үндэс байхгүйн учир сөрөг муу сэтгэл хөдлөлийг даван туулах бүрэн боломжтой гэж айлдсан байна. Үүнээс улбаалж хоёр үнэний ойлголт бий болдог.”
“Бурхан Багш бурханы хутгийг олсон даруйдаа “Гүн бөгөөд амирлангуй, цацралаас хагацсан, хуран эс үйлдсэн гэгээн гэрэл, рашаан мэт номыг би оллоо. Гэвч үүнийг номлох аваас хэн ч үл ойлгох тул аглагт чимээгүй сууя” хэмээн айлдсан байна. Үүний гүн бөгөөд амирлангуй гэдгээр анхны номын хүрдийг, цацралаас хагацсан гэдэг нь хоёр дугаар номын хүрд буюу билиг барамидын сургаалийг, гэгээн гэрэл гэдгээр машид нарийн ухамсарыг гаргасан ханьцашгүй дандрын сургаалийг тус тус илэрхийлдэг юм. Энэ нь мөн бурханы хутагийг олох дэс дараалалыг харуулж буй.”
“Мөн Бурхан Багш “Бурхад бусдын хилэнцийг усаар угааж арилгахгүй, амьтдын зовлонг гараараа авахгүй, өөрийн эрдмийг бусдад юүлэхгүй. Үнэнийг зааж гэгээрэлд хөтөлнө” хэмээн айлдсан. Бурхан биднийг зовлонгоос татан гаргана гэсэн буруу хандлага бидэнд бий. Үнэн хэрэгтээ ийм боломжгүй. Нэг ч амьтан зовлонг хүсдэггүй, бүгд жаргалыг хүсдэг. Гэсэн ч ихэнх нь үүнийг олж авахын тулд өөртөө буй саруул оюун ухаанаа ашиглаж чаддаггүй. Амьтад ихэвчилэн бие махбодийн таашаалыг голлон анхаардаг. Хүмүүс бид оюун ухаанаа өөрчилж, сэтгэлийн таашаалыг илүү олж авах боломжтой билээ.”
“Бүх шашин итгэл үнэмшил, аврал одуулдагаараа адилхан. Мөн бүх шашин энэрэл хайр хичнээн чухал болохыг номлодог. Самхяа, жейн, бурханы шашин гурвуул бүтээгч Эзэн тэнгэрийг хүлээн зөвшөөрдөггүй. Бурхан Багш “Өөрөө өөрийнхөө аврагч мөн” хэмээн айлдсан юм. Аз жаргал нь бидний дотоод сэтгэл оюунаа өөрчилсний үр дагаварт бий болдог. Адгуус амьтад түр зуурын биеийн зовлонгоос л салахыг хүсдэг, харин хүмүүс үүнээс илүү сэтгэж бодох, төлөвлөх бүрэн боломжтой билээ.”
“Зовлон нь догшин буруу сэтгэлээс үүдэлтэй. Хятадад “Билгүүний Зүрхэн” судрын төгсгөлд гурван хор арилах болтугай гэсэн ерөөл уншдаг уламжлалтай.
Нисваанисын гурван хор арилах болтугай
Билгүүний зул бадрах болтугай
Гадаад, дотоодын барцад саад арилах болтугай
Бодьсадвын явдлаар замнах болтугай
“Зарим хүмүүс өөрөө гэгээрэлд хүрэхийн тулд юмсын мөн чанарыг судалдаг, харин энэ нь бусдын төлөө гэх бодь сэтгэлтэй холбогдох аваас бурханы хутагт хүрэхийн уг шалтгаан болж эхэлдэг юм. Тиймээс энэ шүлгийн гол утга нь бид саад тотгор бүгдийг арилган бодьсадвын явдлаар замнаж, эцэст нь бурханы хутагт хүрэх болтугай гэсэн утгатай билээ.”
“Бид догшин сэтгэлийг эм уугаад номхоруулах боломжгүй. Эм өчүүхэн л тус болж магадгүй. Харин эртний Энэтхэгийн энэрэнгүй бөгөөд хүчирхийлэл үл хэрэглэх уламжлал нь уур хилэн гэх мэт догшин сэтгэлийг арилгах хүчтэй ерөндөг болж чаддаг юм. Үүн дээр нэмээд сэтгэл төвлөрлийн эрдмээр бодит үнэнийг судладаг.”
“Бидний сэтгэл санаа хямарсан үед түүнийг үнэн зөвөөр нь таньж, арилгах хэрэгтэй. Урт хугацаанд бидний сэтгэл догшин, буруу замаар явсан нь зовлон үүсэх шалтгаан болсон байна. Юмсын мөн чанарыг буруугаар хүлээн авсны улмаас, тодруулбал тэдгээрийг бусдаас үл хамааран бие даан оршиж буй гэх буруу бодлын эрхэнд сөрөг сэтгэл хөдлөл бий болдог. Хэдийг хүртэл үзэгдэл юмсыг үзэгдэж буй чигээр нь хүлээн авна төдийг хүртэл сөрөг сэтгэл хөдлөл үүссээр л байх болно.”
“Хутагт Нагаржуна “Үйл хийгээд нисваанисыг арилгавал гэгээрэлд хүрнэ, үйл хийгээд нисваанис нь атгагаас үүдэлтэй, тэр нь төсөөлөлөөс бий болдог. Төсөөлөлийг хоосон чанарыг ухаарснаар арилгана” гэж айлдсан юм. Аливаа зүйлийн мөн чанарыг хэтрүүлэн үзсэнээр уур хилэн, хүсэл шунал бий болдог. Бид юмсыг харахдаа тухайн зүйлийн үнэн мөн чанарыг хардаггүй, үзэгдэл төдийд ханддаг, тиймээс Бурхан Багш юмсын мөн чанар-хоосон чанарыг айлдсан юм.”
Дээрхийн Гэгээнтэн цааш нь номлохдоо Билгүүний Зүрхэн судраас эш татан “Дүрс хоосон” гэдгийг тайлбарласан юм. Дүрс байгаа боловч үзэгдэж буйг шигээ оршдоггүй, түүнд өөрийн мөн чанар байхгүй ажээ.
Мөн тэрээр ловон Буддхапалитагийн “Хэрэв юмс өөрийн эрхээр оршдог бол бусадтай шүтэлцэн орших хэрэг юун” гэж айлдсаныг эш татан тайлбарласан юм.
Тэрээр Билгүүний Зүрхэн сударт гардаг тарнийг мөн тайлбарлав. Бидний сэтгэл оюун нь бурханлаг чанартай ба сэтгэлийн хир нь сэтгэлийн мөн чанарт оршдоггүй тул үүнийг арилгаж, бурхан болох бүрэн боломжтой хэмээн айлдлаа.
Дээрхийн Гэгээнтэн суралцах, дадлага болгох замаар билиг оюунаа хөгжүүлэх шаардлагатай талаар ярьлаа. Эрт цагт Төвөдөд Самяалин хийдэд Хятадын даянч нар ирж юу ч бодохгүй сууснаар гэгээрэлд хүрч чадна гэж номлосон нь хэсэг зуур олныг хамарч эхэлсэнд ловон Шантаракшита Энэтхэгээс өөрийн шавь Гамалашилаг уриж, тэрээр Хятадын даянч нартай мэтгэлцэж ялсан тухай ярив.
“Ловон Шантаракшита болон Гамалашила нар Төвөдийн буддизмын үндэслэсэн бөгөөд өдгөөг хүртэл 1000 гаруй жилийн хугацаанд бид хадгалан ирж чадсан билээ. Ингэхдээ суралцах арга замыг голлосон юм. Жишээлбэл хутагт Майдарын “Илт Онохуйн Чимэг” номыг эхлээд цээжилж, дараа нь Энэтхэгийн Харибадра тэргүүтэй эрдэмтэд болон Төвөдийн эрдэмтдийн тайлбарыг уншиж судлан тодорхой ойлголт авна, дараа нь түүнийхээ талаар бусадтай мэтгэлцэх зарчмаар судалдаг. Энэ нь учир шалтгааны үүднээс судалдаг уламжлалт сургалт юм.”
“Богд Зонхов гүнзгий суралцахыг онцгойлон айлджээ. Тэрээр нууц тарнийн номлолд суралцахын өмнө бодь сэтгэл, хоосон чанар зэрэгт гүнзгий суралцаж, дадлага суулгасан байна.”
“Бодьсадвын 37 гарын авлага” номыг тайлбарлаж эхлэхдээ зохиогч Жалсрай Тогмэд Санбу нь бодь сэтгэл төрүүлсэн бодьсадва хүн байсныг тэмдэглэн хэллээ. Дараа нь Жанрайсиг бурханд мөргөл үйлдсэн мөргөлийн шүлгийг уншиж, энэ хэсэг хутагт Нагаржунайн “Билгүүний Үндэс” номын мөргөлийн шүлэгтэй адилхан байгааг тайлбарласан юм. Хутагт Нагаржуна “Билгүүний Үндэс” номны мөргөлийн шүлэгт хоосон чанар, шүтэн барилдлагыг найман зүйлээр тайлбарласан байна.
Дараа нь муу нөхдийг тэвчих, номын садан буяны багшийг шүтэх тухай дурдсан байна. Дээрхийн Гэгээнтэн энэ хэсэгт багш хүний эрдмийг дурдахдаа Богд Зонховын “Их бодь мөрийн зэрэг”-ээс эш татан тайлбарласан юм. Түүнд “Бусдын сэтгэлийг номхотгохын тулд эхлээд өөрийн сэтгэлийг номхотгосон байх шаардлагатай” гэж айлджээ. Сэтгэлээ номхотгох арга нь ёс суртахуун, сэтгэл төвлөрөл, билиг оюун гэсэн гурван зүйл байдгийг мөн тайлбарлалаа.
Дараагийн хэсэгт чухаг дээд гуравт аврал одуулах тухай гарав. Гэгээрэл нирваанд хүрээгүй ертөнцийн тэнгэрүүд өөрөө зовлонтой атлаа бусдыг зовлонгоос хэрхэн гэтэлгэж чадах билээ гэдгийг энд дурджээ. Дээрхийн Гэгээнтэн энэ хэсэгт ертөнцийн зарим тэнгэрүүд тангарагаа зөрчих тохиолдол бий гэдгийг тэмдэглэн хэлсэн юм. Жишээлбэл Шүгдэн тангарагаа зөрчсөн болохыг V Далай Лам тодорхойлсон гэдгийг дурдаад зарим лам нар Шүгдэнг Богд Зонховыг шашныг хамгаалагч гэдэг нь буруу хэмээн онцлов.
Наймдугаар бүлэг нь зовлонг даван туулахыг хүсч буй хүмүүст ямар боломж байгааг үзүүлжээ. Есдүгээр бүлэг нь эгэл хүмүүс хүртэхүйн жаргалыг хүсдэг, тэр нь ихэвчлэн хувирахуйн зовлон байдгийг дурдаад үл хувирах гэгээрлийн амгаланг хүсэх тухай номлосон байна.
Орчлонгийн үндсийг таслахын тулд мунхагийг даван туулах, үүний тулд чин үнэнийг ухаарах хэрэгтэй. Энэ хэсэгт Дээрхийн Гэгээнтэн Далай Лам арван хоёр шүтэн барилдлагыг харуулсан орчлонгийн хүрдийг Бурхан Багш зуруулсан тухай тайлбарласан юм. Арван хоёр шүтэн барилдлага нь мунхагаас үүдэлтэй ба эцэст нь өтлөх, үхэх хүртэл явагддаг. Хэрэв мөн чанарыг танисан саруул билиг оюунаар мунхагийг арилгаж чадвал бусад шүтэн барилдлагууд төрөх боломжгүй болно.
Аравдугаар шүлэг нь чухаг гуравт аврал одуулан бодь сэтгэл төрүүлэх тухай номлосон байна. Энэ хэсэгт Дээрхийн Гэгээнтэн Далай Лам бодь сэтгэлийг өдөр бүр, өглөө сэрсэн даруйдаа бясалгадаг хэмээлээ.
“Хэрэв та бусдын тусыг илүүд үзэж, бусдыг хүндэтгэх аваас аливаа бүхэн эерэг болно. Бусдын төлөө гэх сайхан сэтгэлтэй бол та эрүүл саруул, урт настай, олон найз нөхөдтэй байх болно.”
“Хулгайн тухай гаргасан дараагийн шүлэг дээр Хүннү Лама ринбочэ багш надад нэгэн түүх ярьсан юм. Нэг удаа дээрэмчид Тогмэд Санбуг дээрэмдэн өөрт нь байсан бүх зүйлийг хаман одох үед тэрээр хулгайчдад хандан энэ замаар явбал хүмүүс та нарт саад болно, харин нөгөө замаар явбал амжилттай зугатаж чадна гэдгийг зөвлөж байсан гэдэг.”
Дараа нь бусдын гэм алдааг өөр дээрээ хүлээн авч, дайсныг өөрийн тэвчээрийн хүндэт багш гэж үзэх тухай айлдсан байна. Мөн омог бардам төрөх нь бусдын төлөө гэх сайхан сэтгэлийг үгүй хийдэг тухай өгүүлжээ. Өөртөө эрдэх үед хоосон чанарыг бодож бясалгах тухай зөвлөсөн байна.
25-31 дэх шүлэг хүртэл зургаан барамид буюу өглөг өгөх, ёс суртахууныг сахих, тэсвэр тэвчээрийг дадуулах, хичээл зүтгэл гаргах, дияаны бат төвлөрлийг олох, билиг оюуныг хөгжүүлэх зургаан зүйлийн тухай номлосон байна.
Эцэст нь сөрөг сэтгэл хөдлөл төрөх үед түүнийг арилгах тухай зөвлөв. Бидний сэтгэл гэж чухам юу вэ гэдгийг өөрсдөөсөө асуух хэрэгтэй гэлээ.
Энэ өдрийн номын айлдвар өндөрлөхийн өмнө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам маргааш олон нийтэд бодьсадвын санваар хүртээж, Жанрайсиг бурханы авшиг хүртээнэ хэмээн зарлав.