Энэтхэг, ХП, Дарамсала, Тэгчин Чойлин – Өнөө өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай лам Амити их сургуулийн зохион байгуулсан цахим семинарт оролцов. Тэрээр зочны өрөөнд орж ирээд алгаа хавсран залбирч мэндлээд суудалдаа суув.
Гургаоны Амити их сургуулийн дэд захирал, профессор П.Б. Шарма Дээрхийн Гэгээнтэнд мэнд хүргээд үйл явдлыг товч танилцуулсан юм.
Тэрээр юуны түрүүнд “Өдгөө бид хүн төрөлхтөнд хэрхэн үйлчилж, тус хүргэх вэ?” хэмээн асуув. Захирал, доктор Асим Чаухан бүх нийтийн үнэт зүйлс, хамтын ажиллагаа нь Амити их сургуулийн үйл ажиллагааны үндэс суурь болдог гэдгийг нэмж хэллээ. Тэрээр эх дэлхийгээ илүү энх тайван байлгахын тулд бид юу хийх вэ гэж асуув.
Дээрхийн Гэгээнтэн:
“Баярлалаа. Тантай ярилцаж, туршлагаасаа хуваалцах нь миний хувьд нэр төрийн хэрэг. Би Энэтхэг ахан дүүстэйгээ илүү дотно байдаг. Учир нь би эртний Энэтхэгийн мэдлэгт суралцсан билээ. Наймдугаар зуунд Төвөдийн эзэн хаан Тисрон Дэзэн Хятадын эзэн хаантай нягт харилцаатай байв. Гэсэн ч тэрээр Наланда их сургуулийн гүн ухаантан, логик сэтгэлгээний их мастер, ловон Шантаракшитаг Төвөдөд урихаар шийджээ.”
“3000 жилийн турш Энэтхэг улс хүч үл хэрэглэх зарчим “ахимса”, энэрэнгүй үзэл санаа “каруна” уламжлалыг дагаж ирсэн бөгөөд төвлөрөн бясалгах “шаматха”, шинжлэн бясалгах “випашяна” зэргийг мөн дадуулж бясалгадаг хүчтэй уламжлал дэлгэрсэн байна.”
“Бид Энэтхэг орныг Арьяа Бүми буюу ариун дагшин орон гэж үздэг. Лалын шашинтнууд Мекка руу явахыг хүсдэгтэй адил бурханы шашинтнуудын хувьд, төвөдүүд бид Бодьгаяад ганц удаа ч болов ирж мөргөл үйлдэх хүсэл тээж явдаг билээ.”
“Төвөдүүд бид өөрсдийгөө Энэтхэг багш нарын ‘chela’ буюу үнэнч шавь нар нь гэж үздэг ба эртнээс бид онцгой холбоо барилдлагатай явж ирсэн билээ. Гэсэн хэдий ч, бидний 1000 жилийн турш хадгалсаар ирсэн эртний мэдлэгт өнөөгийн Энэтхэгчүүд анхаарлаа бага хандуулж байна. Бид ловон Шантаракшита хэрхэн заасан аргын дагуу судалж, түүний зааврыг дагаж мөрдөж ирсэн юм. Бид учир шалтгааны буюу логикийн уялдаатай арга замыг баримталж, эргэлзэж шалгадаг. Жишээлбэл, хутагт Нагаржунайн бүтээлүүд бидэнд маш чухал учраас би өдөр бүр түүний шастир бүтээлийг уншдаг.”
“Угтаа бид буддын гүн ухааныг үзэх шалтгаан нь уур хилэн хийгээд хор хөнөөлт сэтгэл хөдлөлтэй тэмцэх, түүнийг дарах чадвартай болох явдал мөн. Миний хувьд, өдөр тутам энэрэл нигүүлсэлд үндэслэсэн альтруизм буюу бусдыг эрхэмлэх сэтгэлийг бясалгадаг. Үүнийг их багш Шантидева ийн бичсэн байна.
Сансар огторгуй хэзээд оршихуй
Амьтан тэр хүртэл ажрах агаад
Алин тэр хэдий хүртэл би оршоод
Амьтдын зовлонг арилгах болтугай
“Бүхий л хөнөөлт сэтгэл хөдлөл нь гагц амиа бодсоноос үүсдэг бөгөөд бодь сэтгэл нь үүний эсрэг үйлдэл хийн зогсоодог.”
“Буддын гүн ухааны тухайд, Мадхамаяка уламжлалын үзэл нь квантын физикийн орчин үеийн зарчимтай нийцдэг. Энэтхэгийн цөмийн физикч Ража Раманна надад квантын физик нь Баруунд шинэ нээлт болж байхад хутагт Нагаржуна 2000 жилийн өмнө энэ үзэл онолыг дэвшүүлж байсан тухай ярьж билээ. Юмс үзэгдэж байгаа шигээ оршдоггүй гэдэгт тэд санал нийлдэг. Юмс үзэгдлүүд бодитойгоор оршиж байна хэмээн санагдаж болох ч, квантын физик нь үүнийг илүү гүнзгий судалж үнэн биш болохыг нотолсон юм. Хутагт Нагаржуна бие даасан оршихуй нь хоосон чанартай гэж бичжээ. Юмс үзэгдэл бүхэн бусад хүчин зүйлтэй шүтэлцэж, хамааран оршдог гэдэг нь буюу шүтэн барилдлагын ойлголт юм.”
“Уурлаж, айж байх үедээ юунд уурлаж, юунаас айдаг болохыг шинжлээд үзэхэд ихэвчлэн сэтгэлийн тусгал байдаг.”
“Би “Энэтхэгийн Буддын сонгодог зохиол дахь шинжлэх ухаан ба философи” гэсэн нэртэй бидний эмхэтгэн гаргасан номноос Хятадын их сургуулийн профессоруудад илгээсэн юм. Тэд уншаад төвөдийн буддизмын шинжлэх ухааны арга барил нь Энэтхэгээс бидэнд ирсэн Наландагийн уламжлалд суурилсан байна гэж дүгнэжээ.”
Дээрхийн Гэгээнтэн өөрийн дөрвөн үүрэг хариуцлагыг тодорхойлов. Долоон тэрбум хүмүүс бүгд адилхан. Бид нийгмийн амьтад учраас бусдаас хамаардаг, тэд эргээд биднээс хамаардаг. Бусдыг “бид” болон “тэд” гэсэн утгаар харах нь цус, аллагад хүргэж болзошгүй зөрчилдөөнийг бий болгодог. Тиймээс тэрээр бүх хүн төрөлхтний эв нэгдлийг бэхжүүлэхийн тулд чадах бүхнээ хийж байна гэлээ.
Бурханы шашинтан хүний хувьд Дээрхийн Гэгээнтэн шашин хоорондын эв найрамдлыг дэмжих үүрэг хариуцлага хүлээсэн байна. Тэрээр шашны нэрийн өмнөөс хэн нэгэнтэй тулалдах, эсвэл хүний амь насанд хүрэхийг байж болшгүй зүйл гэж үздэг. Харин шашны өөр уламжлалууд философийн өөр болон эсрэг тэсрэг үзэл санааг дэвшүүлэх нь зүй ёсны гэдгийг хүлээн зөвшөөрдөг ажээ.
“Энэтхэгийн олон уламжлалд төрлөөс төрөлд дамжих, бие сэтгэлээс тусдаа орших “би” буюу атман гэсэн ойлголт байдаг. Харин Бурхан Багш “би үгүй”-г номолсон юм. Шашны уламжлалын энэ олон үзэл онолын ялгааг үл харгалзан хинду, буддист, христ, лалын, жүүд гэх зэрэг бүх шашин хайр энэрлийг номлодог билээ. Үүн дээр үндэслэн шашин хоорондын эв нэгдэлд хүрэх боломжтой. Үүний бодит үлгэр жишээ нь Энэтхэг улс мөн.”
Дээрхийн Гэгээнтэн “Төвөдийн ард түмэн түүнд итгэж найддаг, түүхэндээ ч мөн ард түмнийхээ өмнө үүрэг хариуцлагатай байж ирсэн” гэв. Гэсэн хэдий ч 2001 онд сонгогдсон удирдлагад шилжүүлэх замаар улс төрийн эрх мэдлээс татгалзсан байна. Төвөдийн экологийг хамгаалах талаар зөвхөн төвөдийн ард түмний сайн сайхны төлөө төдийгүй Төвөдийн усны эх үүсвэрээс хамаардаг Ази тивийн бүх хүмүүсийн нэрийн өмнөөс ярих шаардлагатай байгааг тэрээр онцоллоо. Төвөдүүд эртний Энэтхэгийн мэдлэг ухааныг зөвхөн мөргөл, зан үйлээр хязгаарлалгүй нухацтай судалж, хадгалж ирсэн нь ижил чухал холбогдолтой байжээ. Төвөдүүд сонгодог ном судар цээжилж, тэдгээрийн утгыг нэг бүрчлэн судлан мэтгэлцээний аргаар судалж ирсэн байна.
Дээрхийн Гэгээнтэн 1959 онд сургуулиа албан ёсоор дүүргэсний дараа сурсан зүйлээ гарын авлага болгон дадуулж ирсэн гэв. Тэрээр сайхан сэтгэлийг хөгжүүлж, хөнөөлт муу сэтгэлээс салахыг зорин ажиллаж ирсэн байна. Үүний үр дүнд тэрээр нүүрэндээ хиймэл бус жинхэнэ, чин сэтгэлийн инээмсэглэлтэй байдаг гэж хэлэв. Энэ нь түүний оюун санааны үргэлж амгалан тайван байдлыг илтгэдэг байна.
“Эдгээр үндэслэлээр би өөрийгөө эртний Энэтхэгийн сэтгэл санааны элч гэж нэрлэдэг. Ялангуяа “ахимса” болон “каруна” – хүч үл хэрэглэх зарчим болон энэрэнгүй үзэл санааны элч гэж үздэг.”
Ингээд асуулт хариулт эхлэхэд эхний асуулт хүчирхийлэлтэй тулгарсан үед энх тайван, хайр энэрлийг хэрхэн хадгалж үлдэх вэ гэсэн асуулт байлаа.
“Хүчирхийлэлээс татгалзах нь энэрэлээс үүдэлтэй. Хэрэв та бусдыг энэрэн хайрлавал, тэдэнд тус дэм болохоос биш хор хохирол учруулахгүйг хичээнэ. Оюун ухаанаа ашиглаад бодвол уур хилэн сэтгэлийн амар амгаланг сүйтгэдэг гэдгийг мэднэ. Мөн гэр бүл, хамт олны найрсаг уур амьсгалыг ч үгүй хийдэг. Бидэнд дотны анд нөхөд хэрэгтэй нийгмийн амьтад юм. Энэрэл нигүүлсэл нь найз нөхдийг татдаг ба уур хилэн, хүчирхийлэл нь эсрэгээрээ, бидний мөн чанартай нийцэхгүй. Бид хоорондоо зохицон аз жаргалтай амьдрах арга замыг олох хэрэгтэй.”
Дараагийн оролцогч сайхан сэтгэлтэй хүмүүс шунаг сэтгэлтэй хүмүүсээс илүү их зовж харагддаг гэхэд Дээрхийн Гэгээнтэн үүнтэй санал нийлэхгүй байна гэж хариулав. Дотоод сэтгэлийн амар амгаланг төдийлөн анхаардаггүй, материаллаг зорилго нь давамгайлж байдаг нийгэмд догшин ширүүн, тэмцэлдэж байгаа хүмүүс илүү өндөр амжилтанд хүрч байна гэж санагдаж магадгүй. Гэхдээ энэ үнэлэмж нь тэдний дотоод сэтгэлийн байдлыг харгалзан үздэггүй. Хинду хийгээд бурханы шашны эрдэмтэн мэргэдийн нээж олсон эртний Энэтхэгийн эрдэм мэдлэг нь оюун ухааны үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй тайлбар өгдөг болохыг тайлбарладаг ажээ. Эдгээр нь хор хөнөөлтэй сэтгэл хөдлөлийг арилгаж, эерэг сэтгэл хөдлөлийг арвидуулахад оршино. Гол нь энэ эртний мэдлэгийг орчин үеийн боловсролтой хослуулах нь чухал байна гэдгийг онцолсон юм.
“Өнгөрсөн зуунд Махатма Ганди хүч үл хэрэглэх үзлийг маш чухал гэж үзсэн бөгөөд энэ нь Нелсон Мандела, Мартин Лютер Кинг зэрэг эрхмүүдэд гүн нөлөө үзүүлсэн юм. Энэ зуунд бид үүн дээр энэрэн нигүүлсэх сэтгэлийн ач холбогдлыг нэмж түгээх хэрэгтэй байна.”
“Өнөөдөр Энэтхэгт баян, ядуугийн ялгаа асар их хэвээр байсаар байна. Хүн төрөлхтөн бид ахан дүүсийнхээ төлөө илүү их санаа зовж, анхаарал халамж тавих хэрэгтэй. Энэхүү зорилгод хүрэх нэг арга нь энэрэн нигүүлсэх сэтгэлийг гарын авлага болгон хүчтэй дадуулах хийгээд үүний үндсэн дээр хүчирхийлэл үл хэрэглэх зарчмыг баримтлах явдал юм. Бид оюун санаагаа сургаж дадуулахаас эхлэх боломжтой.”
“Миний нэг хуучны анд Төвөдөд олон жил шоронд хоригдсон юм. Тэрээр суллагдаад Энэтхэгт ирэв. Түүний үзэж харсан зүйлийн талаар бид ярилцах үед тэрээр заримдаа аюул тохиолдож байсан гэлээ. Амь насанд нь аюул учирж гэж бодоод түүнээс юу болсоныг лавлахад тэрээр хятадуудыг энэрэх сэтгэлгүй болох вий гэдэг айдас хэд хэдэн удаа төрж байсан тухайгаа ярьсан юм.”
Амити их сургуулийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч, доктор Ашок К Чаухан Дээрхийн Гэгээнтэнд түүний үгийг сонсоод маш их бахархаж байгаагаа онцолж, энэтхэг хүмүүсийн амьдралыг сайн сайхнаар өөрчлөнө гэдэгт итгэлтэй байна гэв. Тэрээр Дээрхийн Гэгээнтний найз доктор Прадип Чоубиг танилцуулж, Дээрхийн Гэгээнтний эрүүл мэнд сайн байгааг хараад маш их байртай байгаагаа хэллээ.
“Би энэ орны сайн сайхны төлөө чадах бүхнээ хийх үүрэгтэй. Эртний Энэтхэгийн мэргэн ухаанаас түгээн хуваалцахад дэлхийн өнцөг булан бүрт хүрч чадна” гэж Дээрхийн Гэгээнтэн хариулав.
Ковид-19 тахал нь маш их бэрхшээл учруулж байгааг онцолж, сэтгэлийн хямралыг хэрхэн даван туулах талаар докторын зэрэг горилж буй оюутан эмэгтэй асуув.
“Хэрэгтэй гэж боддог дараах аргыг би дагадаг. Үүнд: хэрэв нөцхөл байдлыг засаж болмоор байвал санаа зовох хэрэггүй. Өөрөөр хэлбэл, бэрхшээлээс гарах шийдэл, арга зам байгаа бол өөрийгөө хянах чадвараа алдах нь утгагүй тул зохих арга хэмжээ авах нь шийдэлд хүргэнэ. Тэгэхээр аливаа асуудалд санаа зовохоос илүүтэй эрч хүчээ шийдэл олоход төвлөрөн зарцуулах нь илүү оновчтой. Эсвэл, нөхцөл байдлыг засч залруулах боломжгүй, шийдэх арга байхгүй бол санаа зовох хэрэггүй юм. Учир нь юу ч хийж чадахгүй. Энэ тохиолдолд та юу болж байгааг хурдан хүлээн авах тусам танд даван туулахад хялбар байх болно. Энэ арга нь асуудлыг шууд шийдвэрлэх, аливаа зүйлийг бодитоор харах гэсэн утгатай. Энэ бол амьдралд их тустай арга мөн.”
Далай Ламын дүрээр эргэн төрөх эсэхийг асуухад Дээрхийн Гэгээнтэн: “Энэ миний хувийн асуудал. Гэсэн хэдий ч, та бүгдэд би хамгийн дуртай ерөөлөө, мөн үүнтэй холбоотой цаглашгүй хүсэл тэмүүллээ ярисан. Хүн бүр нийгмийн нэг хэсэг нь болж байдаг тул бидний амьдралын зорилго бол бусдыг зовоох бус бусдын сайн сайхны төлөө чадах бүхнээ зориулах явдал юм. Нэг талаараа бид бүгд хувийн ашиг сонирхолд хөтлөгддөг, гэхдээ бусдын төлөө анхаарал халамж тавих нь хувийн ашиг сонирхлыг хангах хамгийн ухаалаг арга юм.”
Профессор П.Б. Шарма Амити их сургуулийн нэрийн өмнөөс Дээрхийн Гэгээнтэнд цаг зав гарган ярилцсанд талархал илэрхийлснээр энэ удаагийн ярилцлага өндөрлөв.