Тэгчин Чойлинг, Дарамсала, ХП, Энэтхэг, ХП, Дарамсала - Өнөөдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ерөнхий сайд Нарендра Модигийн 70 насны төрсөн өдрийн тэмдэглэлт өдөрт зориулж “Энэ өдрийг олон жил аз жаргалтайгаар тэмдэглэхийг ерөөж, эрүүл энх, урт наслах болтугай” хэмээн залбирсан захидал явууллаа.
“Дэлхийн дахинд байсаар буй коронавирусын аюулаас үүдэн үндэстнүүдийн хэмжээнд болон хүмүүсийн хувьд энэ жил хүнд хэцүү байна. Олон улсын хамтын ажиллагааны үр дүнд халдварын тархалтыг зогсоох зохимжтой сайн вакцинууд удахгүй гарна гэдэгт би туйлын их найдаж байна. Энэтхэг улсын төв болон мужийн удирдлагууд ард олондоо тулгараад буй хэцүү асуудлуудыг бага ч болов хөнгөвчилөхийн тулд чадах бүхнээ хийж байна. Энэ хямралаар бий болсон асар том сорилыг давах туулахын тулд таны авч хэрэгжүүлсэн зохимжтой арга хэмжээнүүдэд чин сэтгэлийн гүнээс талархаж буйгаа би илэрхийлье.”
“Эрүүл мэндийн хувьд бие, сэтгэцэд аюул нүүрлээд зогсохгүй, хүүхдүүдийн боловсрол тасалдаж, дэлхий даяар хүмүүс амь зогоох зүйлгүй болж байна. Эдгээр нөхцөл байдлууд, ялангуяа жирийн хүмүүст сэтгэлийн айдас, түгшүүрийг бий болгож байна.”
“Хүмүүс ихэвчлэн өөрст тулгарч буй эдгээр сорилуудыг хэрхэн даван туулах вэ гэж надаас асуудаг. Би асуудал нэг бүрийг өөр өөр өнцөгөөс бодитоор харахыг зөвлөдөг. VIII зууны үеийн Энэтхэгийн их эрдэмтэн Шантидева тулгарсан асуудал шийдэгдэж болох эсэхээс үл хамааран шалган үзэхийг зөвлөсөн зөвлөгөөг би үргэлж дотроо санаж явдаг юм.”
“Энэ мэт тодорхойгүй цаг үед олон жилийн өмнөөс Энэтхэгийн хүч үл хэрэглэх ‘Ахимса’, энэрэн нигүүлсэх ‘Каруна’ зэрэг уламжлалууд бусдад сайхан сэтгэлээр хандах хандлагаар илэрхийлэгдэх ба чухал ач холбогдолтой төдийгүй хэрвээ бид тайван, нэгдмэл байдлаар урагшлахыг хүсэж байгаа л бол эдгээр уламжлал зайлшгүй шаарлагатай гэдэгт би бүрэн итгэдэг юм.”
Дээрхийн Гэгээнтэн захидлын төгсгөлд Төвөдүүд Энэтхэг орныг ариун дагшин орон хэмээн үзэж, түүхэндээ өнө удаан холбоотой явж ирснийг тэмдэглээд “Сүүлийн 61 жилийн туршид Төвөдийн цөллөгдсөн ард түмний хувьд Энэтхэг орон гэр минь боллоо. Би энэ боломжийг дахин нэг ашиглаад засгийн газар болон Энэтхэг улсын хүмүүст биднийг халуун дулаанаар угтан авсанд гүнээ талархаж буйгаа илэрхийлье” хэмээжээ.