Энэтхэг, Дармасала, Тэгчин Чойлон - Өнөө өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг доктор А.П.ЖАбдул Каламын Олон улсын сангаас товч яриа хийж, дэлхийн дахины оюутнуудын асуултанд хариулахыг урьсан юм. Түүнд доктор Абдул Каламын ач зээ нар болон уг сангийн үүсгэн байгуулагчид мэндчилгээ дэвшүүлэв. Тэд Дээрхийн Гэгээнтнийг цахим сүлжээгээр дамжуулан өргөөнөөсөө тэдэнтэй холбогдсонд маш их хүндэтгэлтэй хандаж байгаагаа илэрхийлэв. Доктор Абдул Каламын илүү тайван амгалан дэлхий ертөнцийн тухай “Зүрх сэтгэл нь зөв шударга бол зан төрх нь сайхан байдаг. Зан төрх нь сайхан бол гэртээ эвтэй найртай байдаг. Гэртээ эв найртай байвал үндэстэн дэг журамтай байдаг. Үндэстэн дэг журамтай байвал дэлхий ертөнц амар амгалан байна” гэж хэлсэн үгийг эш татав.
“Эрхэм андууд аа, Доктор Абдул Каламыг дурсах, ярих боломж олдсон нь миний хувьд маш их нэр төрийн хэрэг юм. 1956 онд анх намайг Энэтхэгт ирэхэд Ражендра Прасад ерөнхийлөгч байсан. Дараа нь түүнийг доктор Радхакришнан залгамжилсан юм. Надад олон жилийн турш олон ерөнхийлөгч, ерөнхий сайд нартай уулзах завшаан тохиож билээ. Тэдний дотор доктор Абдул Калам нь онцгой хүн байсан юм. Тэрээр жирийн нэгэн гэр бүлээс гаралтай ч боловсрол, нөр их хөдөлмөрийн үрээр нэрт эрдэмтэн болсон байна. Мөн эелдэг зөөлөн, үнэнч шударга, нэр хүндтэй удирдагч байсан билээ.”
"Өнөөдөр бид түүнийг дурсан, Энэтхэгийн олон мянган жилийн түүхтэй соёл, ялангуяа шашин хоорондын эв зохицлыг хадгалах соёл уламжлалын талаар ярих боломжтой болж байна. Доктор Абдул Калам бол тус улсад хамгийн өндөр албан тушаал хашиж байсан мусальман шашинтан байлаа. Дэлхийн бүх шашинууд энд цэцэглэн хөгжиж, бие биенээ хүндэтгэн хамтдаа оршин буй учраас Энэтхэг орон олон шашин хоорондоо эв найрамдалтай байх боломжтой гэдгийг нотлон харуулж байна.”
“Мөн түүнчлэн Энэтхэгт эртний уламжлал болох "ахимса, каруна" буюу хүч үл хэрэглэх, энэрэнгүй сэтгэл гэсэн гайхамшигтай үзэл санаанууд байдаг. Энэтхэгийн эрдэмтэд өөрсдийн судалгаандаа логик хандлагыг сонгосон юм. Нэрт логик сэтгэгчид энэ талаар олон бүтээлүүд туурвисан байна. Нэмж дурдахад Энэтхэгийн шашны уламжлалууд нь оюун ухаан, төвлөрөл, самади, аналитик ойлголт зэргийг сургах ерөнхий аргуудтай.”
“Сайхан сэтгэл, өөрөөсөө илүү бусдыг энэрэх дадал нь хүний хөгжил цэцэглэлттэй холбоотой. Бидний өмнө тулгараад байгаа олон асуудал энэрэн хайрлах сэтгэл дутагдсаны шууд үр дүн байдаг тул "каруна" ба "ахимса" гэсэн ойлголт өнөө үед ч чухал ач холбогдолтой байна. Энэ нь миний нэг үүрэг билээ. Энэтхэгийн мэдлэг, ялангуяа оюун санааны амар амгаланд хүрэх боломжийг олгодог ухамсар, сэтгэл хөдлөлийн талаархи мэдлэгийг сэргээх зорилготой.”
“Хэдийгээр энэ мэдлэгийн ихэнхийг шашны ном сургаалиас олж авдаг ч үүнд шашны бус, эрдэм шинжилгээний арга замаар суралцах боломжтой гэж би үзэж байна. Хүн бүхэн амар амгалан амьдрахыг хүсдэг ба энэрэн хайрлах, хүч үл хэрэглэх нь үүнд чухал ач холбогдолтой юм.”
Дэлхийн өнцөг булан бүрээс залуу оюутнуудын түүнд тавьсан асуултуудад Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа энгийн гэр бүлийн гишүүд дэлхий дахины амар амгаланд хувь нэмрээ оруулж чадна гэдгийг нотлов. Тэрбээр Махатма Ганди гэдэг хувь хүн хүч үл хэрэглэх хандлагыг анх Өмнөд Африкт, дараа нь Энэтхэгийн эрх чөлөөний тэмцлийн нэг хэсэг болгон сурталчилсан жишээг дурдав. Түүний ард зэвсэгт хүчин байгаагүй ч түүний энэ хүчирхэг үлгэр жишээг Нельсон Мандела, Мартин Лютер Кинг нар дагасан билээ.
“Үзэл санаанууд ганц нэг хүнээс эхэлж болно, гэхдээ тэдгээрийг хүн төрөлхтөн өргөнөөр авч хэрэгжүүлснээр хүрээгээ тэлдэг. Та бүхэн шиг соёлын арвин өвтэй залуучууд дэлхийн энх тайванд тодорхой хувь нэмэр оруулж чадна.”
Дээрхийн Гэгээнтэн амар амгалан дэлхийг ертөнцийг хадгалан хамгаалах талаар хэлэхдээ орчин үеийн боловсрол нь материаллаг зүйлд төвлөрөх хандлагатай байгаа бөгөөд оюун санааны амар амгаланг хэрхэн хөгжүүлэх тал дээр төдийлөн анхаарал хандуулахгүй байгааг дурдав. Орчин үед технологийн хөгжлийг онцолж байгаа нь хүсэл шуналд хөтөлж байна. Хэрэв бидний амьдрал зөвхөн материаллаг зорилгод л төвлөрч, түүнийг хамгаалахын тулд хүчирхийлэл үйлдэхэд хүрвэл үр дүн нь амар амгалан ирнэ гэдэг хэцүү зүйл гэж Дээрхийн Гэгээнтэн онцлон айлдлаа.
Гэсэн хэдий ч XX зууны төгсгөлд олон хүмүүс, түүний дотор эрдэмтэд сэтгэлийн амар амгаланг хэрхэн хөгжүүлэх талаар сонирхож эхэлсэн юм. Зарим эрдэмтэд оюун санааны өөрчлөлт нь тархинд нөлөөлж болохыг анзаарч эхлэлээ. Дээрхийн Гэгээнтэн амар амгалан байдал нь бидний мэдрэхүйн ухамсартай бус харин оюун санааны ухамсартай холбоотой болохыг тайлбарлав.
“Хүмүүс бид нийгмийн амьтан мөн. Бид амьдарч буй нийгмийнхээ төлөө бодитоор санаа зовдог. Бид энэрэнгүй сэтгэл, бусдын хайр халамжгүйгээр амьдрах боломжгүй. Биднийг төрсөн цагаас эхлэн хойш ээж маань асарч халамжилдаг ба түүний зэрэгцээ ээжийг маань халамжилдаг хамаатан садан, хөршүүд мөн байдаг. Энэрэл нигүүлсэлийг бид том болоод сурдаггүй, үүнийг бид төрөнгүүтээ л мэдэрдэг.”
“Өнөөгийн ертөнцөд материалист сэтгэлгээ маш их бэрхшээлийг бий болгож байна. Үүн дээр дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлт явагдаж байгаа нь нэн тулгамдсан асуудлууд юм. Энэ 9-р сар бол хамгийн халуун 9-р сар байсан гэж мэдээлээгүй гэж үү? Эртний судруудад ертөнц бүтэх, оршин тогтнох, устах тухай өгүүлдэг бөгөөд хэрэв бид энэ тухай санаа зовнихоо зогсоовол дэлхий улам хурдан сүйрэлд ойртох болно.”
“Бид энэ талаар юу ч хийхгүй бол гол мөрөн, нуурууд ширгэх болно гэж мэргэжилтнүүд хэлж байна. Дэлхийн экологи, энх тайван байдалд онцгой анхаарал хандуулах цаг болжээ. Зэр зэвсэг үргэлжлүүлэн үйлдвэрлэж, дайнд оролцох нь өөрсдийгөө сүйтгэдэг. Бусдыг "бид", "тэд" хэмээн үзэх, хүч хэрэглэх арга хэрэглэх нь бүрэн хоцрогдлоо. Бид ‘ахимса’, ‘каруна’ - хүч үл хэрэглэх, энэрэл нигүүлслийн сайхан сэтгэлд найдах хэрэгтэй."
“Биднийг зовоож буй бэрхшээлүүдийн ихэнх нь бидний өөрсдийн бүтээл байдаг. Тиймээс бид сэтгэлийн амар амгаланг тогтоож сурах нь маш чухал юм. Байнгын уур уцаар, айдас түгшүүртэй байх нь дотоод амар амгалангийн аливаа мэдрэмжийг үгүй хийдэг бол бусдыг энэрэн хайрлах, халамжлах сэтгэл нь эдгээр сөрөг сэтгэл хөдлөлийг бууруулдаг. Энэрэнгүй үзэлтэй байх, хөршүүдээ ах эгч нар шиг бодох нь илүү дээр шүү дээ. Энэ нь миний хүн төрөлхтний нэгдмэл байдлыг суртчилахыг хичээдэгийн учир шалтгаан юм.”
“Арьс өнгө, шашны итгэл үнэмшил, үндэстний ялгаа байдаг ч би хаана ч очсон хүмүүсийг ахан дүүс минь гэж боддог. Бид хүн гэсэн утгаараа үндсэндээ адилхан шүү дээ. Хүүхдүүд хамт тоглож байгаа нэгний итгэл үнэмшил, үндэс угсаа, баян эсвэл ядуу зэргийг огт тоодоггүй. Тэд хүн төрөлхтний нэгдмэл байдлыг байгалийн жамаараа хүндэтгэдэг. Энэ жижиг гариг дээр бид бүгдээрээ хамтдаа амьдрахын тулд энэхүү сайхан хандлагыг хадгалах ёстой.”
“Европын холбоог жишээ болгоё. Олон зууны турш байлдаж, бие биенээ хороосны дараа Дэлхийн II дайны дараа Европын улсууд EХ (ЕU)-г байгуулж, тэдний хоорондын тэмцэл зогссон юм. Латин Америкийн холбоо, Африкийн холбоо гэх мэт дэлхийн бусад улс орнуудад ижил төстэй холбоо хэрэгтэй байна. Энэтхэг, Хятад нь дэлхийн хамгийн олон хүн амтай улсууд бөгөөд эдгээр улсууд Япон болон Бирм, Тайланд, Вьетнам зэрэг улсуудтай хамтран Азийн холбоо байгуулбал хичнээн сайн бэ.”
“Хэрэв цаашид цэргийн хүч шаардлаггүй болбол ямар их хэмнэлт хийх боломж гарах бол? Бид илүү амар тайван ертөнцийг үзэхийг хүсч байгаа л бол хамтран ажиллаж сурах хэрэгтэй. Залуу хүмүүс та бүхэн өмнөх үеийн зан чанарын хэв маягийг дагах ёсгүй. Харилцан хамааралтай, даяаршсан дэлхийн шинэ нөхцөл байдал нь шинэ үзэл санааг шаардаж байна. Миний өмнө хэлсэнчлэн хүмүүсийг ‘бид’, ‘тэд’ гэж хуваах нь хоцрогджээ.”
“Бурхан Багшийн үед хүмүүс харьцангуй тусгаарлагдсан жижиг нийгэмд амьдардаг байв. Тэд интернационализмын (дэлхий дахины эв санааны нэгдэл) мэдрэмжгүй байсан. Одоо бид дэлхийн даяаршсан эдийн засаг, технологийн дор амьдарч, энэ нь бид бүгдийг улам ойртуулж байна. Энэтхэг бол агуу үндэстэн боловч бусад үндэстнүүдтэй сайн харилцаатай байх хэрэгтэй. Бодит байдал бид бүгд хамтдаа ажиллах ёстой гэдгийг сургаж байна.”
“Алсын хараагүй хувийн ашиг сонирхол ба хүсэл шунал, уур, айх зэрэг сэтгэлийн цочмог хөдлөл нь хэрэггүй зүйл. Эдгээр нь өнгөц, гадна талын дүр төрх дээр суурилдаг төөрөгдөл юм. Гадаад төрх байдал нь квант физикийн үзэж байгаагаар бодит байдалтай нийцдэггүй. Учир шалтгаан дээр үндэслэн төлөвшүүлж болох энэрэл нигүүлсэл гэх мэт эерэг сэтгэл хөдлөлүүд нь сөрөг сэтгэл хөдлөлийг багасгахад тусалдаг.”
Коронавирусын цар тахлын эсрэг хэрхэн хариу арга хэмжээ авахыг асуухад Дээрхийн Гэгээнтэн Энэтхэгт өвчтэй хүмүүсийн тоо нэлээд их байгаа боловч эдгэрсэн хүмүүсийн тоо мөн адил байгааг ажигласан байна. Тэрбээр судлаачид сайн ажиллаж, ахиц дэвшил гаргаж байх шиг байна гэж цохон тэмдэглэв. Гол нь өвчтөнүүд өөрсдийгөө сэтгэл санааны хямралд оруулахгүй байх нь тэдний төрөлхийн дархлааг алдагдуулахгүй байх боломжтойг онцлов. Бусдын төлөө амьдарахын тулд тэдэнд эр зориг, урам хэрэгтэй гэж хэлээд өөртөө итгэлтэй байж, эерэг сэтгэлгээтэй байхыг зөвлөсөн юм.
Баян, ядуугийн хоорондын ялгааны талаархи асуултанд Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа ядуу хүмүүс ч эрхтэй бөгөөд чинээлэг хувь хүмүүс болон чинээлэг улсууд тэдэнд туслахад илүү их анхаарал хандуулах ёстой гэж айлдлаа. Тэрбээр баян, ядуугийн ялгаа улам бүр нэмэгдэж байгаа нь ёс суртахууны хувьд буруу бөгөөд бид бүгдээрээ хамт амьдрах ёстой учраас үүнийг засахын тулд хүчин чармайлт гаргах хэрэгтэйг сануулсан юм.
"Хүмүүсийн оюун ухаан нь нэг объектыг өөр өөр өнцгөөс харах чадвартай. Ингэснээр бид аливаа зүйлийг өөр өөр түвшинд харах боломжийг олгодог. Бид өнгөрсөн хугацаанд хийгдсэн зүйлийг зүгээр л давтах ёсгүй. Нөхцөл байдал өөрчлөгдсөн үед бидний энэ талаар бодох хандлага ч өөрчлөгдөх ёстой. Би өмнө нь нэг бус удаа хэлсэнчлэн ‘бид’ ба ‘тэд’ гэж хуваах нь хоцрогдсон байна. Бид бүх дэлхийг, бүхэл бүтэн ертөнцийг бодох ёстой. Бид явцуу үзэл бодолтой байхын оронд илүү өргөн цар хүрээтэй хандлага хэрэгтэй. Залуучууд та илүү нэгдмэл үзэл баримтлалыг хэрэгжүүлснээр ихээхэн хувь нэмэр оруулж чадна.”
"Түрүүнд хэлсэнчлэн бидэнд өөртөө итгэх итгэл, эр зориг, сэтгэлийн тайван байдал, ёс суртахууны доройтолд орохгүй байх нь чухал, эдгээрийг олж чадвал бид тулгарсан бэрхшээлээ даван туулж чадна."
Зохион байгуулагчид Дээрхийн Гэгээнтэн болон бусад оролцогчдод хэлэлцүүлэгт оруулсан хувь нэмэрт нь талархал илэрхийлэв.
“Хамгийн гол зүйл бол өөртөө итгэх явдал юм. Үүний гол хүчин зүйл бол шударга, үнэнч байх явдал. Ингэж чадсанаар таны итгэл үнэмшил улам батжина. Өөртөө итгэх итгэл нь сөрөг сэтгэл хөдлөлтэй хослосон тохиолдолд сүйрэлд хүргэх болно. Хүн төрөлхтөн нь төрөлхийн өөдрөг үзэлтэй билээ. Хэрэв та үнэнч шударга, өөртөө итгэлтэй бол оюун ухаанаа сайн ашиглаж чадна. Бид ихэвчлэн оюун ухааныг сайхан сэтгэлтэй хослуулж, үнэнч шударга байдлыг дэмжихийг хичээдэг.”
“Баярлалаа, баяртай.”