Энэтхэг, ХП, Дарамсала, Тэгчинчойлин - ОХУ дахь “Төвөдийг хамгаалах сан” (Save the Tibet)-гийн захирал хатагтай Наталья Иноземцева өнөөдрийн Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон ОХУ-ын тархи, мэдрэл судлалын салбарын эрдэмтэн, судлаачдын хамтарсан уулзалтын зорилгыг товч танилцууллаа. Тэрээр уулзалтыг анх 2017 онд Дели хотноо “Суурь мэдлэг" хэмээх сэдвээр, мөн 2018 онд Дарамсала хотод тус тус зохион байгуулж байсан талаар дурдаад, ОХУ-ын эрдэмтэн, судлаач нар “Түгдам” буюу туршлагатай бясалгаач лам нар клиник үхлийн дараа ч нарийн сэтгэл нь биедээ оршдог үзэгдлийг судлах төсөл эхлүүлсэн тухай танилцуулсан юм.
Дараа нь ОХУ-ын ШУА-ийн профессор, Санкт-Петербург хот дахь “Хүний тархи судлалын хүрээлэн”-г үүсгэн байгуулагч Святослав Медведев судалгааны ажлаа товчхон танилцуулав. Тэрээр судалгааны багийнхан Билакупэ болон Мундгод дахь Төвөдийн хийдүүдэд судалгааны лаборатори байгуулж, бясалгал хийж байгаа 104 ламыг ажиглан судалсан тухай дурдав. Мөн судалгааны явцад Жүдод хийдийн нэгэн лам түгдам-д 37 хоног сууж байгааг ажигласан байна. Энэ ажиглалтынхаа үеэр судлаачид задлан шинжилгээний эмчийг урьж авчран, үхлийн үе шат тус бүрд бясалгаач ламын биед ямар өөрчлөлт орж байгааг тодруулах үзлэг хийлгэжээ. Ийнхүү түгдам-д сууж байгаа хүний бие махбодь энгийн үхлээр нас барсан хүнийхээс ихээхэн өөр болохыг ажиглаж мэдсэн нь шинжлэх ухааны хувьд анхны баримт болсон байна.
Дээрхийн Гэгээнтэнд хандан түгдам-д сууж байгаа хүмүүсийг судлах нь ерөнхийдөө хүн төрөлхтөнд ямар ач холбогдолтой байж болохыг тодруулж өгөхийг хүсэхэд “Төвөдийн буддын шашинтнууд хүн насан эцэслэх үед биеийн махбодиуд шингэх үйл явц явагддаг гэдэгт итгэдэг. Бясалгалын эрдмийг сайтар эзэмшсэн хүн эцсийн амьсгалаа хураасны дараа үзэгдэх, түгэх, олохуй гэсэн гурван үзэгдлийг дамждаг. Энэ үед 80 атгаг буюу эгэл үзэгдлүүд бүгд хураагдсан байх болно. Эдгээрээс 33 нь үзэгдэх шатанд, 40 түгэхүйн шатанд, 7 нь хамгийн сүүлийн олохуй шатанд алга болдог” гэж хариуллаа.
“Энэ талаар илүү их судалгаа хийх шаардлагатай байна. Дээрх гурван үзэгдэл нь махбод хураагдах үйл явцтай холбоотой эсэхийг тогтоох үүднээс “түгдам”-д сууж байгаа ийм жишээ олныг судлах хэрэгтэй.”
“Энгийн хүн насан эцэслэх үед махбодууд нэг нэгэндээ шингэж хураагддаг. Буддын шашинтнууд урьд ба хойд төрөл байдаг гэж итгэдэг. Тэгэхээр энэ үйл явц төрөл дамжихтай холбоотой байж болох юм. Миний багш Лин ринбочэ түгдам-д 13 хоног суусан. Саяхан Жүдод дацангийн нэгэн хувраг түгдам-д 37 хоног суусан байна. Энэ бол ажиглан судалж, учрыг нь тайлбарлавал зохих бодит судлагдахуун мөн юм.”
“Одоо бидэнд харж, хэмжилт судалгаа хийж болох нотолгоо байна. Сандуйн ёсны дандруудад үхлийн үеийн шингэх дарааллыг туулж байгаа хүн дотооддоо юу үзэж, мэдэрдэг тухай дэлгэрэнгүй тайлбарласан байдаг. Тэдгээрийг бид үзэж судлах хэрэгтэй. Шинжлэх ухааны эрдэмтэд та бүхэн үүнийг анхааран судалж үзээд тодорхой тайлбар дэвшүүлнэ гэдэгт найдаж байна.”
Москвагийн Улсын их сургуулийн Нейрофизиологи, Нейро-компьютер интерфэйсийн судалгааны лабораторийн эрхлэгч, профессор Александр Каплан “Барууны шинжлэх ухааны эрдэмтдэд тархины үйл явцыг сайтар ойлгоход нь тус болж чадахуйц ямар үзэл баримтлал буддын шашинд байдаг вэ?” хэмээн асуухад Дээрхийн Гэгээнтэн “Орчин үеийн шинжлэх ухаан баруунаас гаралтай бөгөөд харж, хэмжиж болохуйц гадаад юмс, үзэгдэлд илүүтэй төвлөрөх хандлагатай байсан. Яваандаа хүмүүс сэтгэлийн амар амгалан байдал бидний өдөр тутмын амьдралд маш их хэрэгтэй гэдгийг ойлгож эхэлсэн юм. Үүний үр дүнд шинжлэх ухааны эрдэмтэд сэтгэлийн амар амгаланг хэрхэн хөгжүүлэх талаар сонирхон судлах болжээ. Сөрөг сэтгэлийн хөдөлгөөн болох уур, айдас, бухимдал нь бидний эрүүл мэндэд таагүй нөлөөлдөг. Тийм учраас, дараа төрөл, гэгээрэлд хүрэх зэргийг түр орхиод энэ дэлхий дээр амьдарч буй долоон тэрбум хүнд яг одоо сэтгэлийн амар амгаланг олох бодит хэрэгцээ байгаа гэдэгт анхаарах хэрэгтэй.” гэж хариулав.
“Сэтгэлийн амар амгаланг олж, хадгалж байхын тулд оюун ухаан ба сэтгэл хөдлөлийн тогтолцоог бүхэлд нь таньж мэдэх хэрэгтэй. Буддын шашинд тавин нэгэн нөхөр сэтгэл байдаг гэж үздэг. Тэдгээрийг хотол түгээмэл тав, орныг магадлагч тав, буяны арван нэг, ойрын нисваанис хорь, үндсэн нисваанис зургаа, бусдад урвах дөрөв хэмээн зургаан бүлэгт ангилдаг юм. Энэ тавин нэгэн сэтгэлийг ойлгож, мэдсэний үндсэн дээр бид муу сэтгэл төрж эхлэх үед, тэр ч байтугай маш хүнд нөхцөл байдалд байсан ч, түүнийг танин хорьж сурах юм. Сэтгэлийн амар амгаланг олох арга бидний гар дор ойрхон байдаг.”
Москвагийн Улсын Их сургуулийн “Тархи судлалын хүрээлэн”-ийн захирал Константин Анохин урьд төрөл байдгийг нотлох баримт байдаг уу гэж асуулаа. Энэ асуултын хариуд урьд, хойд төрөл байдаг гэдэгт итгэдэггүй хүмүүсийн дунд төрж өссөн хүүхдүүд өмнөх амьдралынхаа талаар илэрхий тодоор дурсан ярьж байсан тохиолдлуудын тухай сонсож байсан. Харин урьд, хойд нас байдаг гэх үзлийг хүлээн зөвшөөрдөг энэтхэг, төвөд хүмүүсийн хүүхдүүдэд тохиолдсон ийм жишээ бол гойд сонин бус, хэвийн л зүйл гэлээ. Үүнтэй холбоотой нэгэн жишээг дурдав.
“Төвөдөд төрсөн нэгэн хүү эцэг, эх хоёроосоо “Энэ миний нутаг биш ээ. Би Энэтхэг явмаар байна” хэмээн шалсан гэдэг. Тэд хүүгээ Энэтхэгт авчирч, Дарамсала хот руу дагуулж иржээ. Хүү Дарамсалад ирсэн хойноо ч “Энэ миний нутаг биш” гэсэн тул түүнийг Өмнөд Энэтхэгийн Төвөдийн суурьшлын бүс Мундгод-д аваачжээ. Тэнд байх Гандан хийдэд очиход хүү “Миний гэр мөн байна” гэж хэлээд, аав, ээж хоёроо нэгэн өрөө рүү дагуулж оров. Өрөөнд орж ирээд нэгэн шүүгээг зааж “Миний нүдний шил тэнд байх ёстой” гэв. Хүүгийн хэлснээр шүүгээг онгойлгож үзэхэд үнэхээр нэг нүдний шил тэнд хадгалагдаж байжээ.”
“Миний хувьд гэвэл би жаахан байхдаа Далай Ламын хойд дүрийг хайж явсан лам нарыг таньсан билээ. Заримыг нь бүр нэрээр нь дуудсан. Хойд дүрийг тодруулахын тулд эргэлзээ бүхий хүүхдүүдэд тухайн өмнөх дүрийн хуврагийн эдэлж, хэрэглэж байсан зүйлсийг үзүүлэх ёс байдаг. Хэрэв хүүхдүүдийн хэн нэг нь өмнөх дүрийн эдэлж, хэрэглэж байсан зүйлсийг өөрийнх мөн хэмээн зөв таньж чадвал энэ нь хойд дүр мөн болох нэг нотолгоо болдог.”
“Өөр нэг илэрхий жишээ гэвэл, зарим хүүхэд хичээл номд үе тэнгийнхнээсээ илүү түргэн, сайн суралцдаг. Энэ нь тэр хүүхэд урд төрөлдөө тухайн хичээлийг судалж байсан гэсэн үг. Хүүхэд өсөж томрохын хэрээр урд насныхаа дурсамжийг мартдаг. Би багшийнхаа заасан номыг түргэн тогтоож, ойлгодог хүүхэд байсан. Энэ нь би урьд нь сурсан зүйлээ л сэргээж байсан хэрэг юм.”
Санкт Петербург хот дахь “Хүний тархи судлалын хүрээлэн”-ийн Нeйро-төсөөлөл зүйн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Юлия Бойцова бясалгаач хүн бясалгалын гүн төвлөрлийн төлөвт орсныг илтгэх ямар нэг гадаад шинж байдаг уу хэмээн асуув. Дээрхийн Гэгээнтэн “Бясалгалын хоёр төрөл байдаг бөгөөд эхнийх нь нэгэн үзүүрт сэтгэлийг хөгжүүлэх бясалгал буюу анхаарал төвлөрүүлэх чадварыг хөгжүүлэх, сарниж, сатаарсан сэтгэл оюуныг тогтооход чиглэдэг. Энэ бясалгал түгээмэл. Харин нөгөөх нь тодорхой юмсын талаар гүнзгий ойлголт олж авахад хэрэглэдэг шинжлэх бясалгал юм. Энэ бясалгалыг хийснээр сэтгэл тайвширч, зүрхний цохилтын тоо буурдаг. Бясалгал хийж байгаа хүний бие амардаг тул эрүүл мэндэд нь ч сайнаар нөлөөлдөг” гэж хариуллаа.
ОХУ-ын Шинжлэх ухааны төвд ажиллаж буй Сэра Жэ хийдийн гэвш Наваан Норбу асуулт тавихдаа хүний сэтгэл оюуны хөгжлөөс хамааралгүй, сэтгэлийн амгаланд хүрэх бясалгалын арга байдаг эсэх талаар асуулаа. Энэ асуултад, ерөнхийдөө нэгэн үзүүрт сэтгэлийг төвлөрүүлэх бясалгал болон шинжлэх бясалгалын хувьд гаднаас нь ажиглахад ялгаа багатай. Гэхдээ бясалгалын орон буюу хоосон чанар зэргийг шинжлэх байдлаараа ялгаатай гэж хариулав.
Профессор Александр Капланы оюутан Лев Яковлев гэгээн гэрлийн сэтгэлийг хүн амьд сэрүүндээ мэдэрч болдог эсэхийг асуулаа. Түүний асуултад, эхлээд тухайн судалгаанд орж байгаа, судалгаа хийлгэж байгаа хүний тархи, физиогномид бий болж буй нарийн өөрчлөлтийг хэмжих үүднээс толгой болон бие дээр байрлуулсан хэмжигч электродууд байрлуулж үзвэл тодорхой шинж тэмдэг гарч болох юм.” гэлээ .
Мөн “Зарим эрдэмтэд үзэгдэх, түгэх, олохуй гэсэн гурван үзэгдэл болж өнгөрсний дараа 80 атгаг хураагддаг гэдэг, нөгөө хэсэг нь дээрх хоёр үйл явц зэрэг болдог гэж үздэг” хэмээн нэмж айлдав.
“Сэтгэл ухамсрын өөр өөр түвшнийг тодорхойлох нэг арга бол нойроо анхаарах юм. Анхааралтай байж нойрсож чадвал, нойрны үеийн гэгээн гэрлийг бүдүүвчлэн мэдрэх боломжтой. Энэ бол гэгээн гэрлийн сэтгэлийн бүдүүн түвшин юм.”
“Унтаж байхдаа зүүдний сэтгэлээ физик биеэсээ салгаж, биеэсээ гарч явдаг хүмүүс байдаг. Нэгэн төвөд настай эмэгтэй хүүдээ хэдэн өдрийн турш тасралтгүй унтах гэж байгаа тухайгаа хэлж, унтаж байх үед нь саад болохгүй байхыг сануулсан байна. Ингээд зүүдэндээ биеэ орхин явж, газар сайгүй аялжээ. Урд насандаа ийм дадлага хийсэн хүмүүс зүүдэндээ биеэ орхиж чаддаг. Тэрээр нойрноосоо сэрээд зүүдний аяллынхаа үеэр уулзсан хүмүүс, үйл явдлыг ярьж өгсөн гэнэ. Ингэж зүүдлээгүй бол тэр хүмүүстэй уулзах боломжгүй шүү дээ.”
Сэра Жэ хийдийн хувраг бөгөөд судлаач Лувсан Пунцаг Дээрхийн Гэгээнтнээс зохих ном ёсоор түгдам-д сууж байгаа хүн болон шунал хүслийн эрхээр оюун ухаан нь биеэ орхихгүй оршсоор байгаа хүнд ямар ялгаа байгааг асуув. Энэ асуултад “Хэрэв нас барсан хүний оюун ухаан ямар нэг зүйлд хүчтэй шунаж хоргодсон бол биеэ орхихгүй байх тохиолдол бий. Харин жинхэнэ бясалгаач бол өдөр тутам тарнийн ёсоор үхлийн үеийн шингэх дарааллыг бясалгахаар “түгдам”-д ордог. Тэдний хувьд амьдралдаа тогтмол дадуулж ирсэн зүйлээ хэрэгжүүлж байгаа хэрэг юм.” гэж хариуллаа.
Профессор Александр Капланы оюутан Николай Сиров Дээрхийн Гэгээнтнээс эрт үеийн хүмүүсийнхтэй харьцуулахад орчин цагт хүмүүсийн амьдралын хэв маяг өөрчлөгдсөн нь бясалгалын чанарт нөлөөлж болох эсэхийг асуув. Энэ асуултад нөлөөлөх үгүй нь нөхцөл байдлаас гэхээсээ илүүтэй, тухайн бясалгалыг дадуулагч хүнээс хамаарна. Мял Богд хоосон агуйд амьдарч, бясалгалаа үйлддэг байсан. Харин түүний багш Марва Лозава нь орон гэртээ эгэл жирийн ёсоор амьдардаг ч мөн ялгаагүй бясалгалаа сайтар хийж чаддаг байсан хэмээн хариулав.“Богд Зонхов судар номыг сайтар уншиж, уншсанаа эргэцүүлж, түүнийгээ бясалгалаар дадуулж туршлага олж авдаг байсан. Лам, хуврагууд түүн шиг номоо дадлага болгох хэрэгтэй. Тэхор Жорбон ринбочэгийн багш асан Брайбун хийдийн Тонпон ринбочэ (хожим Гэн Нима болон Хэнсүр Пема нарт ном хөтөлсөн) хийдийн дуу чимээ ихтэй орчинд ч гүн бясалгаж чаддаг байсан юм.”
Профессор Каплан амьтдыг шинжлэх ухааны туршилтад ашиглахтай холбоотой зөвлөгөө өгөхийг хүсэхэд, Дээрхийн Гэгээнтэн оюун ухаан, уураг тархи, бие махбодийн хоорондын харилцааг судлахад амьтдыг ашиглаж болох юм. Хамгийн гол нь тухайн амьтдыг гэмтээхгүй байж, энэрэнгүй хандах нь чухал гэдгийг сануулав. Ийм туршилтуудыг хамаг амьтны тусыг бүтээх гэсэн өргөн цар хүрээтэй зорилгын үүднээс хийж болох юм гэж хариуллаа.
Константин Анохин дахин төрөл авах тухай өөр нэгэн асуулт тавилаа. Дээрхийн Гэгээнтэн өмнөх төрлийнхөө тухай санахгүй байгаа хүмүүсийн хувьд энэ үзэгдэл ер бусын нууцлаг бөгөөд зөвхөн учир шалтгааны үүднээс нотолж болох үзэгдэл байдаг. Харин өнгөрсөн амьдралаа санадаг хүмүүст бол энэ нь бодитой мэдэрсэн туршлага болохыг тодорхой тайлбарлалаа.
“Дахин төрөл авах нь оюун ухаан буюу сэтгэлтэй холбоотой. Бидний оюун ухаан сэтгэлийн үргэлжилсэн хормуудаас бүтдэг. Оюун ухаан нь тунгалаг бөгөөд юмсыг танин мэдэх мөн чанартай. Амьд бодгаль бүрд ийм оюун ухаан бий. Хэрэв бид оюун ухааны эхлэлийг олъё гэвэл түүнтэй ижил төстэй бөгөөд, оюуныг үүсгэж чадахуйц уг шалтгааныг олох хэрэгтэй болно. Оюун ухаан нь өмнөх оюун ухаанаас үүснэ. Өмнөх оюун ухаан нь бас мөн л өмнөх оюунаас үүснэ. Эндээс харвал оюун ухаан эхлэлгүй гэх дүгнэлт гарч байгаа юм.”
“Хэдий амьтдын мэдрэхүйн эрхтнүүд хүнийхээс илүү хүчтэй, мэдрэмжтэй байдаг ч, хүний оюун ухаан илүү хурц. Сэтгэл оюун нь хүн, амьтан аль алинд нь чухал үүрэгтэй. Оюун ухаан тасралтгүй үргэлжилдэг гэсэн ойлголтод тулгуурлан өмнөх төрлийн тухай ярьж байна. Бидний маш нарийн сэтгэл эхлэлгүй бөгөөд төгсгөлгүй. Тэгэхээр бидний оюун ухаан буюу сэтгэл бурханы хутагт хүрлээ төрөл дамждаг байх нь.”
Лувсан Пунцаг ламын асуултад хариу болгон “Буддын шашныг орчин үеийн шинжлэх ухаантай нэгтгэн хослуулж болох нэг сэжим нь хоёулаа учир шалтгаан ба логик дээр суурилдаг явдал юм. Шинжлэх ухааны сургалтыг дацан, хийдүүдийн хөтөлбөрт оруулж эхэлсэн. Брайбун Лосалин дацанд шинжлэх ухааны судалгааны лаборатори байгуулсан. Шинжлэх ухааны судалгааг гэвшийн шалтгалтын сургалтын хөтөлбөрт оруулсны зэрэгцээ буддын лам хуврагууд орчин үеийн эрдэмтдэд хүний оюун ухааны талаар сайтар судалж мэдэхэд нь тусалж байгаа” хэмээн айлдлаа.
Гэвш Лодой Сампо “Бие махбодид түгдам-д орсныг илтгэх тодорхой шинж гардаг уу?” хэмээн асуухад Дээрхийн Гэгээнтэн өөрийнх нь багш, гавж Лин ринбочэ зарим хүмүүс тугдамд сууж байгаа мэт харагдав ч үнэн хэрэгтээ ад зэтгэрт эзлэгдсэн байх тохиолдол байдаг тухай айлдаж байсан гэв.
“Ерөнхийдөө мөрийн гурван эрхэм буюу орчлонгоос гэтлэх зоригдол, бодь сэтгэл, юмсын оршихуйн хоосон чанарыг сайтар судалж, дадуулсан хүмүүс ийнхүү түгдам-д сууж чаддаг. Тэд гурван үзэгдлийг сайтар дадуулж, гурван биеийг мөрд урвуулах дандрын бясалгалыг сайтар үйлдсэн хүмүүс байдаг.”
Төслийн зохицуулагч Дилав Хутагт Данзанламэд өнөөдрийн уулзалтад оролцсон ОХУ-ын тархи, мэдрэл судлалын салбарын эрдэмтэн, судлаач, оюутнууд, Сэра Жэ болон Мэ, Гандан Жанзэ, Шарзэ,Брайбун Гоман, Лосалин, Таши Лхүнпо, Жүмэ зэрэг хийдийн судлаач, хуврагуудыг төлөөлөн Дээрхийн Гэгээнтэнд гүн талархал илэрхийлэв. Мөн тэрээр Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын ОХУ, Монгол болон Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудыг хамаарсан бие төлөөлөгчөөр ажиллаж, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг бэхжүүлэх үйлсэд оролцож байгаадаа ихэд талархдаг болохоо айлтгаад Дээрхийн Гэгээнтний өлмий бат орших залбирлыг уншлаа.