Энэтхэг, ХП, Дарамсала - Энэ өдөр Тайваний Тайпэй хотын нэгэн том танхимд олон хүн Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын номын айлдварыг сонсохоор цугларсан байлаа. Цугласан олон Дээрхийн Гэгээнтнийг дэлгэцнээ гарч ирэх үест “Билгүүний зүрхэн” судрыг хятад хэлээр уншиж, дараа нь мандал өргөв. Үүний дараа Далай Лам номын мөрд шамдахыг сануулсан дараах залбирлыг үргэлжлүүлэн уншихыг уриалж, хамтдаа уншлаа.
Гурван хороос ангижрах болтугай
Билгүүний гэгээ бадрах болтугай
Гадаад, дотоодын тотгор бүгд арилах болтугай
Би бээр бодьсадвын явдалд орох болтугай.
Ингээд Дээрхийн Гэгээнтэн айлдвараа эхлэв.
“Өнөөдөр Тайвань дахь номын нөхөд маань ном номлохыг хүссэн билээ. Ном сонсохыг хүссэн шавь нар нэгэнт цугласан бол бурханы гэлэн санваартан хүн тэдэнд ном номлох үүрэгтэй байдаг. Тэгэхээр өнөөдөр ном номлох нь миний үүрэг бөгөөд “Билгүүний зүрхэн” судрыг тайлбарлах гэж байгаадаа баяртай байна. Буддын шашин бол дэлхий дээр байдаг олон шашны нэг нь юм. Бусад шашнаас ялгарах нэг онцлог нь Бурхан Багш өөрийн сургаал номлолыг дагагч нартаа “Сайн дархан алтыг гурван удаа шинжилж, чанарыг нь таньдаг лугаа та бүхэн миний сургаалыг эхлээд утга учрыг нь ойлгож ухаарсны үндсэн дээр дагаарай. Сонссон даруйдаа үнэн хэмээн шууд хүлээж авч болохгүй шүү” хэмээн айлдсанд оршдог. Шашин бүр бусдыг асрах сэтгэлийг чухалчилж сургадаг, харин сургаал номлолыг нь эхлээд шалгаж, магадалж байж дагаарай гэж сургасан шашны үндэслэгч Бурхан Багшаас өөр байхгүй.”
“Бурхан Багш хутагтын дөрвөн үнэнийг тодорхойлохдоо, зовлон үнэн, түүний шалтгаан үнэн, зовлонг хорих нь үнэн, зовлонгоос гэтэлгэх зам мөр үнэн гэж айлдаад, зовлонгоос гэтэлгэх арга зам буюу юуг үйлдвэл зохихыг зааж өгсөн юм. Мөн Бурхан Багш “Зовлон хүсдэг амьтан нэгээхэн ч үгүй тул яагаад бид зовж байгааг эхлээд ойлгож мэдэх хэрэгтэй” гэжээ. Энэ нь бид өвдсөн үедээ эмчид үзүүлж, шалтгааныг тодруулахтай адил юм. Зовлонгийн шалтгаан нь нисваанист муу сэтгэл буюу уур хилэн, шунал гэх мэт сэтгэлүүд мөн. Тиймээс Бурхан Багш зовлонгийн шалтгаан болох үйл, нисваанисыг дарах хэрэгтэй гэж сургасан билээ.”
“Бурхан Багш айлдахдаа “Хэрэв зовлонг танивал цаашид дахин танин мэдэх зүйл үгүй болно. Зовлонгийн шалтгааныг арилгавал цаашид дахин арилгах хэрэггүй болно. Зовлонг хорьсон цагт дахин цаашид хорих зүйл үгүй болох бөгөөд бурханы хутагт хүрэх мөрийг бүтээх л үлдэнэ. Бурханы хутагт хүрэх мөрийг бүтээвэл дахин цаашаа бүтээх мөр байхгүй” хэмээн айлдсан байна. Мөн тэрээр зовлон, түүний шалтгаан, шалтгааныг хорихуй хийгээд гэгээрэлд хүрэхүй зэрэг нь бие биеэсээ ангид тусдаа оршдоггүй гэдгийг тодорхой айлдсан юм.”
“Хутагт Нагаржуна хоосон чанарын үзэл онолыг машид дэлгэрэнгүй тайлбарласан, харин түүний шавь ловон Чандракирти энэ тайлбарыг нь учир шалтгааны үүднээс сайтар нотлон буулгасан билээ. Богд Зонхов “Шүтэн барилдлагын магтаал”-даа ийн дурдсан байдаг.
Бурхан таны ханьцашгүй хөлгөний ёсыг
Буй хийгээд үгүйн хязгаарт тэвчин
Буруугүй таны тайлбарлахад эш олсон
Богд Нагаржунайн гол ёсны гүмүда цэцэрлэг нь,
Хиргүй айлдлын хот мандал дэлгэрсэн
Хосгүй зарлигийн огторгуйд торолтгүй явагч
Эцэслэн барихын зүрхний харанхуйг арилгагч
Эндүүрэлгүй өгүүлэгчдийн од гаригийг сүрээр дарагч
Цогт Чандракиртийн сайн номлолын
Цагаан гэрлээр тодрон үйлдсэнийг
Авралт багшийн ачаар мэдсэн тэр цагт Аяа,
миний сэтгэл амирлалыг олов оо.
Мөн би ловон Чандракиртигийн “Төв үзэлд орохуй” болон түүний тайлбар, үүн дэр нэмээд хутагт Нагаржунайн “Төв үзлийн билгүүний үндэс” номыг уншин бясалгадаг.
Тиймээс шүтэн барилдаагүй
Нэгээхэн ч зүйл үгүй
Тиймийн тул хоосон бус зүйл
Нэгээхэн ч үгүй болой
Арьяадэва гэгээнтэн “Дөрвөн зуут” зохиолдоо,
Биед биеийн мэдрэхүй түгэх мэт
Нисваанис бүгдэд мунхаг түгсэн буй
Мунхгийг арилгаснаар
Нисваанис бүгдийг арилгах болой хэмээн айлджээ.
“Бүх буруу бодлууд мунхгаас үүдэлтэй байдаг. Шүтэн барилдлагыг ойлгосноор бид хэтрүүлэх ба үгүйсгэх хоёр туйлширлаас сална. Үүний тулд бид номыг сонсож, зохих ёсоор уншиж, ахин дахин эргэцүүлэн бодсоны үр дүнд сая ухаарах болно. Номыг дадуулна гэдэг нь сэтгэл оюуныг өөрчилж, хөгжүүлэхийг хэлнэ. Тиймээс ном сургаалыг сонссон төдийгөөр сэтгэлийг урвуулах боломжгүй юм.”
“Би багадаа л “Илт онохуйн чимэг”, “Төв үзэлд орохуй” зэрэг зохиолуудыг цээжилсэн юм. Гэвч дан ганц цээжлэх нь сэтгэлийг өөрчлөхөд тийм ч тустай биш байлаа. Тиймээс хамгийн гол нь уншсанаа эргэцүүлж, бясалган, дадуулах явдал чухал юм шүү.”
Бодьсадва нар нь хамаг амьтны тусын тулд гэгээрэлд хүрэхийг зоригддог. Энэ талаар Шантидэва гэгээнтэн,
Өөрийн жаргалыг бусдад өгч,
Бусдын зовлонг өөртөө авалгүйгээр
Үлэмжийн дээд гэгээрэл байтугай
Орчлонд ч жаргал үгүй хэмээн шүлэглэсэн нь бий.
“Ийнхүү хамаг амьтны тусыг бүтээе гэсэн оюуныг төрүүлэхийг зорих хэрэгтэй. Ингэж зорьж чадвал агуу их буяны чуулган хурааж эхэлдэг. Бид нэг талаасаа энэрэнгүй сэтгэлийг хөгжүүлэх, нөгөө талаасаа хоосон чанарыг ойлгохын төлөө зорих ёстой.”
Дээрхийн Гэгээнтэн “Төвд орохуй”-н зургаадугаар бүлгээс гурван бадаг шүлэг эш татлаа. Энэ гурван бадаг шүлэгт аливаа юмс өөрийн зүгээс үнэхээр бүтэж, оршдог эсэхийг учир шалтгааны үүднээс дөрвөн ухаанаар няцаасныг тайлбарлаж өгөв. Хоосон чанарыг оносон хутагтууд аливаа зүйлс бусдаас хамаарахгүйгээр оршдогийг үгүйсгэдэг. Хэрэв юмс өөрийн мөн чанараар оршдог бол хутагтууд юмсыг үгүйсгэгч болох гэх мэт дөрвөн няцаалт байдгийг тайлбарлав. Мөн үүнийг олон жилийн турш бясалган эргэцүүлж байгаа бөгөөд хоосон чанарыг гүйцэд ухаарна хэмээн найдаж байгаагаа айлдлаа.
Ингээд “Билгүүний зүрхэн” судрын тайлбартаа орлоо. Судрын нэр нь санскрит болон төвөд хэлээр бичигдсэн тул жинхэнэ эх судар мөн гэж тэмдэглээд билиг барамидын Зуун мянгат, Хорин таван мянгат, Найман мянгат хэмээх номууд байдаг ба “Билгүүний зүрхэн”судрыг “Билгүүнийг төгсгөх 25 бадагт” хэмээн нэрлэсэн байдгийг бас айлдсан юм.
“Бурхан Багш “Сайтар хичээж чадвал бидэнд үзэгдэж буй юмс өөрийн эрхээр бүтээгүй, орших мөн чанаргүй болохыг ухаарна” гэж айлдсан. Юмс нь маш олон хүчин зүйлээс хамаарч, шүтэлцэж оршдог. “Билгүүний зүрхэн” сударт хутагт Жанрайси таван цогцос ч өөрийн эрхээр бүтээгүй гэдгийг Шаритпутрад айлдсан байна. Энэхүү “ч” тодорхойлолт нь аливаа бодгаль өөрийн мөн чанараар оршдоггүйгээр үл барам бодьгал хэмээн нэрлэдэг бие цогцос ч хоосон чанартай гэдгийг тодруулж буй юм.”
“Дөрвөн хоосон” гэдэгт “Дүрс хоосон, хоосон нь ч дүрс юм, хоосноос тусдаа дүрс гэж байхгүй, дүрсээс тусдаа хоосон гэж байхгүй хэмээн айлдсан нь дүрс буюу бодит юмс (объект) нь хоосон чанарын суурь гэдгийг илтгэж буй. Бид хоосон чанарыг бодит зүйлээс салгаж болохгүй. Бодит зүйлс бидэнд яаж үзэгддэг вэ? Юмс нь биетээр, бодитой оршиж буй мэт үзэгдэж байгаас ч оршихуйн мөн чанарынхаа үүднээс хоосон чанартай. Хоосон чанар гэдэг нь огт байхгүй гэсэн үг биш ээ. Бид үүнийг тодорхой юмстай харгалзуулж авч үзэж байна. Бид дүрс буюу юмсыг энэ оршиж байна гээд бодитоор зааж болно. Гэхдээ тэдгээр юмс нь өөрөөсөө бүтэж, бусдаас үл харгалзан орших мөн чанаргүй гэдгийг ойлгож аваарай.”
“Хэрэв дүрс нь өөрийн мөн чанараар бүтсэн бол өөрчлөгдөхгүй, хувирахгүй байх ёстой шүү дээ. Гэтэл аливаа дүрс ямагт хувирч, өөрчлөгддөг. Тийм учраас бид тэдгээрий өөрийн зүгээс бүтэж оршдоггүй болохыг мэдэж болох юм.”
“Квантын физикт “Юмс харагдаж байгаа шигээ оршдоггүй, ажиглагдаж байгаа орон буюу объект нь ажиглагчийн оюунаас шалтгаалдаг” гэж үздэг нь буддын сэтгэл төдийтний үзэлтэй төстэй байна. Хэдийгээр юмс нь өөрийн зүгээс үнэнхүү бүтэж оршдоггүй боловч бидэнд гар, толгой байна, бид хэлээрээ ярьж байна. Гэсэн ч “энэ бол би” гээд зааж үзүүлэх зүйл олдохгүй. Энэ талаар хутагт Нагаржунайн “Билгүүний үндэс” зохиолд дэлгэрэнгүй айлдсан байдаг.”
“Бид юмсыг өөрийн мөн чанараар оршдог хэмээх буруу үзэлд баригдсан тул нисваанис буюу муу сэтгэлд эзлэгддэг. Хоосон чанарыг ойлгож, энэ талаар олон дахин эргэцүүлэн бодоод байвал эдгээр муу сэтгэлийн хүч нь сулрах болно. Ийм маягаар бид гэгээрлийн мөрийг дадуулна. Гэгээрлийн мөрөөр хэрхэн замнахыг гаргасан “Гадэ гадэ барагадэ бара самгадэ боди сууха” гэдэг тарни нь “Одохтун, одохтун, цаад чинадад одохтун, үнэнхүү сайтар одохтун, бодийн хутаг дор суурийг хатгахтун” гэсэн утгатай юм.”
Дээрхийн Гэгээнтэн ном сургаалыг сонссоныхоо дараа тэдгээрийг сайтар эргэцүүлэн бодох нь хичнээн чухал болохыг олон дахин дурдав. Тэрээр “Бодь мөрийн зэрэг” болон “Оюун судлахуй” сургаалыг Тижан ринбочэ багшаараа хөтлүүлсэн бол Лин ринбочэ багш нь түүнд сонгодог номлол, зохиолуудыг хөтөлсөн гэдгийг дурдав.
“Би Лин ринбочэ багшид ямар дадлага хийж байгаагаа айлтгахад багш минь “Огторгуй мэт егүзэрийн эрдэм олох болно” гэж айлдаж билээ. Би яагаад та бүхэнд үүнийг хэлж байна вэ гэвэл номын утгыг сайтар эргэцүүлж, дадуулж чадвал та хоосон чанарыг сайтар ухаарч чадна гэдгийг л ойлгуулах гэж шүү дээ. Энэ талаар гүнзгийрүүлэн судлахыг хүсвэл хутагт Нагаржунайн “Билгүүний үндэс” болон ловон Чандракиртигийн “Төв үзэлд орохуй” гэх мэт номуудыг уншиж, судалж, эргэцүүлээрэй.”
Ингээд асуулт хариулт эхэллээ. Эхний асуултанд “Бурхан багш анх номоо айлдаж эхлэхдээ л хоосон чанарын үзлийг тодорхой номлосон. Хожим гүн ухааны өөр өөр сургууль, уламжлал үүсч бий болсноор энэ үзлийг өөр өөрөөр тайлбарлах болсон юм. Прасангика үзэлтнүүд юмс нь өөрийн зүгээс үнэхээр бүтээгүй гэдгийг туйлын зөв нотлогоог гаргаж ирсэн” хэмээн хариулав.
Хоосон чанар хийгээд шүтэн барилдлагын талаарх асуултанд, Хэрэв юмсыг огт оршдоггүй гэж үзвэл энэ нь тасархай буюу үгүйсгэх туйлшралд унаж буй хэрэг болно. Юмс тодорхой биет байдлаар оршдог, гэхдээ бусад олон хүчин зүйлд дулдуйдаж оршдог. Тэгэхээр юмс өөрийн мөн чанараар оршдоггүй болж таарна. Бурхан Багш шүтэн барилдлага ба хоёр үнэнийг номлосон. Юмс оршин буй мэт харагдаж байгаа нь харьцангуй үнэн ба өөрийн мөн чанараар оршдоггүй нь үнэмлэхүй үнэнийг илэрхийлж буй” хэмээн хариуллаа.
Дээрхийн Гэгээнтэн өөр нэгэн сүсэгтний асуултанд хариулахдаа Бурхан Багшийг ертөнцөд заларч байсан үе хийгээд өнөөгийн бурхан шашинтуудын хооронд их ялгаа байхгүй гэж итгэдэг гэлээ. “Лам хуврагууд орхимж нөмөрч номын амьдралаар замнадаг ч, энгийн хүмүүс ердийн амьдралаар амьдрахдаа бурханы шашны сургаал, номыг дадуулах бүрэн боломж бий. Бурханы номыг анхааран авч, дадуулна гэдэг нь сэтгэл оюуныг өөрчлөхийг хэлэхээс гадаад дүр байдал ямар байхыг заадаггүй.” хэмээгээд номын айлдвар сонсож буй хүмүүст нэг нэгэндээ сайхан сэтгэлээр хандаж, аль чадахын хэрээр бие биедээ тус болж байхыг уриаллаа.
Мөн “Зөвхөн өөрөө орчлонгоос гэтлэхийн төлөө хоосон чанарыг бясалгавал энэ нь өөрийн тусыг бүтээгч ширвага нарын зам мөр юм. Хамаг амьтны тусын тулд хоосон чанарыг бясалгах бол та түйтгэр бүгдээс гэтэлж чадна. Улмаар төгс гэгээрэл бурханы хутагт хүрэх болно” гэлээ.
“Хүний оюун ухаан ер бусын гайхамшигтай. Зовлон бэрхшээл учирвал та үүнд сэтгэлээ хямраах хэрэггүй. Мэдээж бид хамаг амьтны сайн сайхны тусын тулд залбирдаг. Гэвч бидний гол зорилго бол тэднийг амар амгалантай учруулах явдал юм шүү. Бодь сэтгэлийг төрүүлж, хоосон чанарыг бодож бясалгахтай харьцуулбал залбирал унших, зан үйл үйлдэх нь хоёрдогч түвшний ач холбогдолтой. Хамаг амьтны тусыг бүтээхийг зорьж байгаа бол таны сэтгэл оюун аяндаа машид уужим, нээлттэй болно.”
“Хэрвээ та үндсэн эх сурвалжуудыг уншиж, судалбал бясалгал тань гүн гүнзгий хийгээд өргөн болно. Харин бурханы шашны талаар багахан мэдлэг олж авахыг хүсвэл, юуны түрүүнд бурхан, ном, хувраг нь ямар утгатайг ойлгох хэрэгтэй. Бурхан гэдэг нь багш буюу гэгээрэлд хүрсэн төрөлхтөн, ном гэдэг нь гэгээрэлд хөтлөх сургаал, хувраг гэдэг нь бурханы сургаалыг өөртөө дадуулж байгаа хүмүүс юм гэдгийг ойлговол Гурван Эрдэнэд аврал одуулах боломжтой болно.”
Нэгэн сүсэгтний асуултанд хариулахдаа тэрээр “Номыг олон багшаар хөтлүүлж заалгана гэдэг нь тухайн хувь хүний сонголт. Би өөрөө хорь гаруй багштай байсан бөгөөд багш бүр өөрийн өвөрмөц эрдэмтэй байлаа. Нөгөө талаас, Мял Богд Марва Лозова гэх ганц багшийг шүтсэн юм. Энэ мэт нэг л багшийг шүтэх ёс ч бас бий.” гэлээ.
Өөр нэг хүн хүн цочир уураа хэрхэн даван туулах вэ хэмээн асуусанд Дээрхийн Гэгээнтэн уур гэдэг нь өөрийгөө илүүд үзэхээс үүдэлтэй хэмээгээд Шантидева гэгээний “Бодьсадвын явдалд орохуй” зохиолыг өөртөө гарын авлага болгож, тогтмол уншиж байхыг зөвлөв. Энэ зохиолын зургаадугаар бүлэгт уурын гэмийн тухай, наймдугаар бүлэгт бусдыг энхрийлэхийн ач тусын талаар тайлбарласан байдаг гэлээ.
Өнөөдрийн номын айлдвар сонссон Тайпэй хотын сүсэгтнүүдийн төлөөлөл болох хүмүүс Дээрхийн Гэгээнтэнд талархал илэрхийлээд, ирэх жил таныг Тайваньд морилон ирж, номын айлдвар айлдах боломж бүрдэнэ гэдэгт итгэж найдаж байна хэмээн айлтгалаа.
Дээрхийн Гэгээнтэн номын айлдварыг өндөрлөхөөсөө өмнө бодь сэтгэлийн төрүүлэх дараах залбирлыг хамтдаа уншихыг урив.
Бурхан, ном, хуврагын чуулганд би
Бодийн хутаг хүртэл аврал одуулая
Өөрийн ба бусдын тусыг бүтээхийн тулд
Бодь сэтгэлийг төрүүлэе
Эцэст нь Дээрхийн Гэгээнтэн ловон Шантидэвагийн бодь сэтгэлийн ерөөл уншиж өнөөдрийн айлдварыг өндөрлөв.