Энэтхэг, ХП, Дарамсала - Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өөрийн дотны найз доктор Аарон Бек 100 насандаа таалал төгссөн тухай мэдээг хүлээн авсан даруйдаа Бекийн охин Жудитэд захидал илгээж, түүнд болон түүний ээж, гэр бүлийн бусад гишүүдэд эмгэнэл илэрхийлжээ.
"Таны аав үнэхээр утга учиртай амьдарч байсан юм. Олон жилийн турш бид хоёр Филадельфиа дахь гэрт нь уулзах зэргээр олон удаа учран золгож байсныг та мэднэ. Бид харилцан сонирхсон асуудлууд, ялангуяа оюун санааны үйл ажиллагааны талаар, энэ нь хүмүүст аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдрахад нь хэрхэн тус болох талаар ярилцах дуртай байсан билээ. Би түүний сэтгэлийн эрүүл мэндийн салбарт оруулсан онцгой хувь нэмрийг гүнээ үнэлж байна."
Дээрхийн Гэгээнтэн захидлынхаа төгсгөлд “Аавын тань тантай хамтран үүсгэн байгуулсан Бэк Институт түүний үнэ цэнтэй ажлыг цаашид үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ нь түүнд хүндэтгэл үзүүлж, амьдралыг нь тэмдэглэх хамгийн сайн арга байх нь дамжиггүй." гэжээ.