Энэтхэг, ХП, Дарамсала - Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Камала Харрист Америкийн Нэгдсэн Улсын Дэд Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэж буйгаа илэрхийлэн захидал бичжээ.
Тэрээр:
“Төрийн албанд нэр хүндтэй ажиллаж байсан нь Америкийн ард түмэнд үнэтэй хувь нэмэр оруулах боломжийг танд олгоно гэдэгт би эргэлзэхгүй байна.”
“Таныг улс орныхоо түүхэнд энэ албан тушаалыг хашиж байгаа анхны эмэгтэй хүн болсонд би туйлын их баяртай байна. Энэ нь зөвхөн танай орны хүмүүст төдийгүй АНУ-аас манлайлал хайж буй олон хүмүүст урам зориг хайрлах эх үндэс болох юм.”
“Хатагтай Дэд Ерөнхийлөгч өө! Хайрт ээжээсээ анх олж авдаг энэрэнгүй сайхан сэтгэл эмэгтэйчүүдэд илүү байдаг. Тэд бусдыг мэдэрдэг гэдэгт би бат итгэдэг. Түүнчлэн эмэгтэйчүүд бусдын өвчинд илүү мэдрэмтгий байдаг гэсэн шинжлэх ухааны нотолгоо ч бий. Эмэгтэйчүүдийн манлайллын ач холбогдол, үнэ цэнийг улам бүр өргөн хүлээн зөвшөөрч байгаа нь урам зориг өгч байна. Хэрэв илүү олон эмэгтэйчүүд удирдагчид болвол дэлхий ертөнц илүү ойлгомжтой, тайван амгалан байх болно гэж би бодож байна.
"Би бага наснаасаа эхлэн эрх чөлөө, ардчилал, шашны эрх чөлөө, хууль дээдлэх хүсэл эрмэлзэлээр дэлхийн олон хүмүүсийн итгэл найдварын гэрэлт цамхаг болсон Америкийн Нэгдсэн Улсыг биширдэг байсан."
Төгсгөлд нь Дээрхийн Гэгээнтэн дэд ерөнхийлөгчид хандан агуу үндэстнийхээ ард түмний итгэл найдвар, хүсэл эрмэлзлийг биелүүлэх асар их даалгаврыг биелүүлэхийн тулд түүний төлөө болон ерөнхийлөгч Байдены төлөө залбирч байгаагаа дурдаад захидлаа төгсгөсөн байна.