Энэтхэг. ХП. Дарамсала - Лондонгийн Эдийн засгийн их сургуулийн профессор, “Аз жаргалын төлөөх алхам” төвийг үүсгэн байгуулагч, лорд Ричард Лайард Дээрхийн гэгээнтэн Далай Ламыг “Аз жаргалтай дэлхий ертөнцийг бүтээхүй” уулзалтад тавтай морилохыг уриад, энэ жил тус байгууллага үүсгэн байгуулагдсаны арван жилийн ой тохиож байгааг дурдахын зэрэгцээ манай төвийг хараахан байгуулагдаагүй байхад Далай Лам аль хэдийнээ гишүүнээр нь элссэн байсан юм гэв. Цюрих хотод нэгэн уулзалтын үеэр тэрбээр “Аз жаргалын төлөөх алхам” төвийг үүсгэн байгуулах гэж байгаа тухайгаа танилцуулахад Дээрхийн гэгээнтэн “Би нэгдье” гэж хэлснийг талархан дурлаа.
Лорд Лайард цааш нь үргэлжлүүлэн ярихдаа,
“Лондонгийн “Лицием” театрт Далай Лам тус төвийн “Хамгийн эрхэм зүйлсийн эрэлд” гэдэг сургалтын нээлтэд оролцсон билээ. Энэ сургалтаас ямар үр дүн гарсныг судалж үзэхэд нийт оролцогчдын сэтгэл санаанд эерэг өөрчлөлт гарч, урьд өмнөхөөс илүү аз жаргалтай болсон нь тогтоогдсон юм. Энэ арга хэмжээний төгсгөлд Би Би Си-гийн сурвалжлагч Дээрхийн Гэгээнтнээс хүмүүсийг аз жаргалтай болгодог хамгийн чухал зүйл юу болох тухай асуухад “халуун дулаан сэтгэл” гэж хариулахад миний хоолой зангирсан юм” хэмээн хэлээд Дээрхийн Гэгээнтнээс хүмүүс хэрхэн халуун дулаан сэтгэлийг хөгжүүлэх ёстойг асуулаа.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам,
“Хүн анх төрөхөөсөө л бусдыг энэрч хайрлах халуун дулаан сэтгэлийн чанартай байдаг юм. Бидний амьд тэсэж үлдэх эсэх нь эргэн тойронд буй хүмүүс буюу нийгмээс ихээхэн хамаардаг. Бид анх төрмөгцөө эхийн хайр, халамжид өлгийдүүлдэг билээ. Бага залуу наснаасаа бусдын хайр халамжийг мэдэрч өснө гэдэг нь хожим бусдад санаа тавьж чаддаг хүн болохын урьдач бэлтгэл мөн. Халуун дулаан сэтгэлтэй байх, бусдыг халамжилна гэдэг бол зүй ёсны хэрэг юм.” хэмээв.
“Хамгийн гол асуудал нь бидний одоогийн боловсролын тогтолцоо нь материаллаг зорилгод төвлөрөхөөс, сэтгэл болоод бие махбодыг эрүүл байлгах хэрэгцээг анхаарч үздэггүйд гол асуудал байна. Сурагчид ямагт уурлаж, хатуу чанд зан гаргадаг багшаас илүүтэй нүүрэнд нь найрсаг сайхан инээмсэглэл тодордог багшаар хичээл заалгах дуртай байдаг. Тэр ч байтугай амьтад хүртэл халуун дулаан сэтгэлтэй нэгэнтэй ойр байхыг хүсдэг. Халуун дулаан сэтгэлтэй, амгалан тайван хүний дэргэд нохой хүртэл сүүлээ шарван эрхэлж, тийм хүний гар дээрээс шувуу хоол иддэг шүү дээ.”
“Халуун дулаан сэтгэл гэдэг бол баяр баясал дүүрэн нийгэм, хамт олныг бий болгох гол түлхүүр юм. Халуун дулаан сэтгэлтэй байснаар хүмүүс ахан дүүс мэт болно. Тиймээс итгэл үнэмшил ба арьс өнгөний ялгааг хойш нь тавьж, хүн төрөлхтнийг харилцан нэг нэгээсээ хамаардаг нийтлэг, нэгдмэл мөн чанартай гэж үздэг нийгмийг бүтээхийн төлөө би зорьж байна.”
Лорд Лайард зарим хүн амьдралдаа олон хатуу бэрх нөхцөл байдалд орж байсны улмаас хүйтэн цэвдэг сэтгэлтэй болж хувирах нь бий гээд, Дээрхийн Гэгээнтнээс энэ бүх бэрхшээл дунд хэрхэн дотоод сэтгэлийн гэрэл гэгээ, асрал нигүүлсэл дүүрэн инээмсэглэлээ хадгалж чадсан тухайгаа ярьж өгөхийг хүсэв.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам,
“Манай Төвөдийн соёл бүхэлдээ бусдад, тэр ч байтугай өчүүхэн жижиг хорхойд ч хоргүй байхад анхаардаг. Хэрвээ жаахан төвөд хүүхэд нисэж байгаа ялаа, шавжийг бариад авбал гэрийнхэн нь “наадхаа битгий алаарай” гэж хэлнэ. Бид бол буддын шашинтнууд. Гэхдээ бусад шашны хүмүүстэй л адил бусдад энэрэнгүй, сайн хандахыг эрмэлздэг билээ.”
“Ээж минь маш сайхан сэтгэлтэй, зөөлөн хүн байсан. Энэрэл нигүүлслийн тухай би анх ээжээсээ суралцсан. Далай Ламын хойд дүрээр тодорч Лхаст очоод би энэрэл нигүүлсэл болон буддын философид суралцаж эхэлсэн билээ. Энэ үедээ энэрэл хайр хичнээн чухал хэрэгтэй гэдгийг нь ойлгож ухаарсан юм.”
“Дараа нь би дэлхийн бүх томоохон шашнууд энх тайвнаар мөр зэрэгцэн оршдог, эрх чөлөөт, ардчилсан Энэтхэг улсад цагаачилж ирсэн. Энэтхэгийн Засгийн газрын зочин би энд айх аюулгүй амар тайван сууж байна.”
“Дотоод амар амгаланг хэрхэн бий болгох тухай сурч мэдсэнээ бусадтай хуваалцахыг өөрийн үүрэг хариуцлага гэж ойлгодог.”
“Сүүлийн хэдэн арван жилд би эрдэмтэдтэй хэлэлцүүлэг, уулзалтыг өрнүүлж ирлээ. Тэд сэтгэлийн амар амгаланг олохын чухлыг ихэд талархан ойлгодог болж байна. Мөн тэд сэтгэл амар амгалан байх нь бие махбод болоод хүний сайн сайхан байдалд чухал нөлөөтэйг онцлон тэмдэглэх болжээ. Би маш олон газрын, янз бүрийн гарал үүсэл, туршлагатай хүмүүстэй уулзаж байлаа. Гэвч олон хүнтэй уулзах тусмаа “Би бол төвөд хүн, буддын шашинтан” гэж өөрийнхөө ялгааг дөвийлгөхөөс илүүтэй хүмүүс бүгд адилхан, нэгэн чанартай гэдгийг илүү сайн мэдэрдэг болсон билээ.”
Лорд Лайард Далай Ламаас бусадтай зөв, сайн харилцаатай байхын нууц юу болохыг асуулаа. Энэ асуултад “Өнөөдөр амьд байгаа долоон тэрбум хүн бүгд угтаа бол ахан дүүс юм. Тэгэхээр зөвхөн “миний үндэстэн”, “миний ард түмэн”, “миний амьдарч буй нийгэм” гэх хандлага үеэ өнгөрөөсөн. Ийм явцуу сэтгэлгээ зөрчил мөргөлдөөнд хөтлөхөөс цаашгүй юм. Өнөөдрийн дэлхий ертөнцөд хүмүүс бид хоорондоо харилцан шүтэлцээтэй амьдарч байна. Тэгэхээр хүн төрөлхтний нэгдмэл талыг бодох хэрэгтэй. Бид нэгэнт хамт амьдарч байгаа тул нийгмийг өргөн цар хүрээгээр авч үзэх шаардлагатай юм. Тийм учраас бид “хүн төрөлхтөн бол нэгэн гэр бүл” гэдэг ойлголтыг бусдад улам ихээр түгээх нь зүйтэй. Бид харилцан хамааралтайгаас гадна бидний өмнө уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал зэрэг томоохон асуудал тулгараад байна. Үүний эсрэг бид хамтдаа зогсож байж л даван туулахаас өөр аргагүй” хэмээн хариулав.
“Бид бол нийгмийн амьтад. Хэрвээ хэн нэгэн танд уурлавал үүний хариуд нь та халуун дулаан сэтгэлээр зөөлөн хандах хэрэгтэй. Өнөөдрийн дайсан гэгдэгч нь маргааш таны анд нөхөр ч болох юм билүү. Хүн танд муу хандсаны хариуд өс санаж, хорсоод байвал та хоёрын харилцан дайсагнал хэзээ ч дуусахгүй.”
Лорд Лайард Дээрхийн Гэгээнтэнд хандан “Энэ төвийг үүсгэн байгуулах нь таны ажил үүрэг биш байсан ч, тус төвийн ивээн тэтгэгч болсон билээ. Та уг хөдөлгөөний гишүүдэд юу гэж хэлэхийг хүсэж байна вэ?” хэмээн асуулаа.
Дээрхийн гэгээнтэн инээгээд, “Танай байгууллага бол тайван амгалан, халуун дулаан сэтгэлийн хандлагыг бусдад төрүүлэхийг зорьдог билээ. Маш сайхан үйл хэрэг, амьдралд их ойр ажил шүү! Энэ бол ирээдүйд итгэл найдвар байна гэдгийг харуулж байна. Бид хамтдаа дэлхийгээ, хүн төрөлхтнийг илүү аз жаргалтай, баяр баясгалантай болгож чадна аа. Энэ төвийн гишүүд аливаа хүн бусдад тусалж байхдаа илүү аз жаргалтай болдгийг аль хэдийн ойлгосон гэж би боддог” хэмээн хариулав.
Профессор Лайардын дараа доктор Марк Вильямсон ярилцлагыг үргэлжлүүлэн хөтлөв. Тэрбээр асуулт, хариултын хэсгийг хариуцаж “2015 онд Лондонд тантай уулзаж байснаа би баяртайгаар эргэн дурсдаг билээ. Өнөөдөр тантай дахин уулзаж буйдаа баярлаж байна” гээд ковидын цар тахлын улмаас сэтгэлээр унаж буй хүүхдүүдэд хэрхэн туслах тухай эхний асуултыг дамжууллаа.
Дээрхийн Гэгээнтэн энэ цар тахал дэлхий нийтийг ноцтой түгшээж буй хүлээн зөвшөөрөөд, эрүүл мэндийн чухал судалгаанууд хийгдэж байгааг дурдав. Гэхдээ хүүхдүүдийг хайрлан халамжилж, сэтгэл сэтгэл санаагаар ойр байж дэмжих хамгийн чухал. Ийнхүү бусдаас хайр, халамж мэдэрсэн хүүхдийн сэтгэл уужирч, итгэл найдвар төгс, өөдрөг болдог гэлээ.
Мөн нөхөр нь нас барсны улмаас маш их уй гашууд автсан нэгэн эмэгтэйн сэтгэлийг засаж, хэдий нөхөр нь үгүй болсон ч эргэн тойронд нь байгаа хүмүүс түүнд тусалж дэмжинэ, тодорхой хугацааны дараа дахиад өөр нөхөртэй ч болж болно гэлээ.
Нэг залуу Дээрхийн Гэгээнтнээс арьс өнгөөр ялгаварлах үзэл, уур амьсгалын өөрчлөлт зэрэг энэ бүх аюулын дунд хүн хэрхэн энэрэнгүй бөгөөд итгэл найдвар дүүрэн байж чадах тухай асуухад “Халуун дулаан сэтгэл гэдэг бол хүний өөрийн төрөлх мөн чанар юм. Халуун дулаан сэтгэлтэй байхаас гадна бид оюун ухаанаа ашиглах хэрэгтэй. Оюун ухаандаа хүн төрөлхтөн нэгэн гэр бүлийн ахан дүүс гэдгийг ойлгох нь нийгмийг амар амгалан, энх тайван болгох гол үндэс билээ. Саяхан Герман, Бельги болон Европын бусад хэсэгт үер болоход хүмүүс нэг нэгэндээ тусалж байсан нь тун гайхалтай сайхан хэрэг байлаа. Хүн дулаан сэтгэл, оюун ухаандаа түшиглэж аливааг үйлдэх нь амар амгалан, аз жаргалтай дэлхий ертөнцийг бүтээх арга зам мөн.” гэж хариуллаа.
Өмнөд Африкийн нэгэн эмэгтэй Дээрхийн Гэгээнтнээс “Бишоп Дисмонд Туту гуай та хоёрынх шиг сайхан нөхөрлөлийг хэрхэн бий болгож болох вэ” гэж асуухад “Хамгийн гол хүчин зүйл бол харилцан нэг нэгэндээ итгэж, хүндлэх явдал юм. Хэдий бид өөр өөр уламжлалыг дагадаг боловч хоёулаа л сайхан сэтгэл, өршөөл, уучлал зэрэг хүний эрхэм чанарыг дадуулахыг зорьж яваа билээ. Тэгэхээр бид хоёрын ялгаатай тал нь хоёрдогч түвшний зүйл болж байгаа юм. Би бишоп Туту гуайг үнэхээр хайрлаж хүндэлдэг. Тэрбээр нэгэн удаа миний мөргөл залбирлыг дагаж уншчихаад “Энэ хүн христэд итгэгч биш нь харамсалтай юм даа” гэж хэлж хэлээд инээмсэглэж байсныг би санаж байна. Хамгийн чухал зүйл нь бид хоёр өөрсдийгөө төрсөн ах дүүс гэж боддог. Учир нь бид хоёулаа л хүн шүү дээ.” гэж хариулав.
“Би өөрийгөө зүгээр л нэг хүн гэж боддог бөгөөд энэ ч утгаараа уулзаж учирсан бүх хүнээ итгэлт анд нөхрөө гэж үздэг. Хэрэв би өөрийгөө буддын шашинтан эсвэл төвөд хүн гэж онцлох юм бол энэ нь намайг бусдаас тусгаарлахаас л цаашгүй. Хамгийн гол хүчил зүйл нь би бол энгийн л нэг хүн юм. Олон газраар явж, янз бүрийн гарал үүсэлтэй хүмүүстэй уулзахдаа би инээмсэглэж харьцдаг. Үүний хариуд хүмүүс ч бас тэгж ханддаг. Энэ бол аз жаргалын уг эх үүсвэр юм. Халуун дулаан сэтгэлтэй байх нь өөрт тустай, тэгэхээр үүнийг бусадтай хуваалцахыг хичээдэг.”
“Төвөдүүд маш олон талаар зовлон бэрхшээлийг туулсан хэдий ч хятадуудыг уг мөн чанараараа дайсан гэж үздэггүй. Тэд бол яг бусдын л адил хүн гэж үздэг.”
Эрүүл мэндийн салбарын ажилтнууд ажлын хэт ачааллаас болоод ядарч, туйлдаж байгаад хэрхэн тусалж болох талаарх асуултад “Бусдын тусыг бүтээж байгаа хүмүүс ч гэсэн өөрсдөө ядарч, урам зориг мохох үе гарна. Тэгэхээр бид бодитой хандах хэрэгтэй. Бусдад туслахын тулд эхлээд тэд өөрсдийн хүчийг сэлбэж, бие махбод болон сэтгэл санаагаа амраах хэрэгтэй. Өөртөө анхаарал тавина гэдэг нь бусдын тусыг бүтээх чадвартай болоход чухал хэрэгтэй юм.”
Аавыгаа ковидын халдварын улмаас алдсан уй гашуугаа хэрхэн давж туулах талаар асуусан бүсгүйд хандан Дээрхийн Гэгээнтэн энэ байдлыг сайн ойлгож буйгаа хэлээд, эртний Энэтхэгийн нэгэн их гэгээнтэн “Өөрт тулгарч буй зовлонгоо нягталж үзээд хэрэв түүнийг даван туулах арга зам буй бол түүнийг хэрэглэх нь зүйтэй. Хэрвээ тийм арга зам байхгүй бол сэтгэлээ зовоогоод нэмэргүй” хэмээн айлдсаныг дурдан тайлбарлав.
Цааш нь тэрбээр “Ээжийгээ нас барсны дараа би сэтгэл санаа тавгүйтэж байсан. Гэхдээ хэт их хямрахын оронд хойдын буяныг нь бодож залбирал, ерөөл уншиж билээ. Тэгэхээр аав тань яг энэ үед таныг юу хийгээсэй гэж хүсэх байсныг бодож үзээрэй” гэж зөвлөлөө.
Хамгийн сүүлд нь Дээрхийн Гэгээнтэн “Урьд нь хүмүүс сэтгэлийн амар амгалангийн ач тусыг, түүнд хэрхэн хүрэх тухай мэддэггүй байлаа. Одоо энэ талаарх мэдлэг нэмэгдэж байна. Ирээдүй үеийнхэн буюу өнөөгийн хүүхэд багачууд хүн төрөлхтнийг нэг гэр бүл, нэгдмэл, нийтлэг мөн чанартай гэж үзэн халуун дулаан сэтгэлтэй байх нь аз жаргалын гол түлхүүр гэдгийг сайн ойлгох хэрэгтэй байна. Зөвхөн өөрт таалагддаг, өөртөө сайн байдаг хүмүүстээ л санаа тавих явцуу бодол үеэ өнгөрөөсөн. Хүн төрөлхтөн нэгдмэл, харилцан нэгнээсээ хамааралтай билээ. Одоо нэгэн цул болж, хамтран амьдрахад суралцах хэрэгтэй байна” гэв.
Доктор Марк Вильямсон асуулт тавьсан хүмүүст болон Дээрх гэгээнтэнд талархлаа илэрхийлэв.
Лорд Лайард “Өнөөдрийн арга хэмжээ тун сайхан болж өнгөрлөө. Олон жилийн турш бидэнд үлгэр дуурайл болж, урам зориг өгсөөр ирсэнд тань мөн өнөөдөр бидэнтэй уулзаж ярилцсан тань гялайлаа. Энэ арга хэмжээг зохион байгуулсан Лондон дахь Төвөдийн төлөөлөгчийн газар, оролцсон нийт гишүүддээ баярлалаа. Одоо бид “Улам их аз жаргалтай, найрсаг сайхан байцгаая” гэсэн шинэ уриатай боллоо” гэснээр өнөөдрийн арга хэмжээг өндөрлөв.