Энэтхэг, ХП, Дарамсала - Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өнөө өглөө онлайн виртуал уулзалтын өрөөнд ирэхдээ өөрийн өргөөндөө хадгалдаг Франчиско Варелагийн гэрэл зургийг авчирав. Европ дах Оюун санаа ба Амьдрал хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Габор Карсай ‘Илүү сайхан дэлхийн төлөө хэлэлцүүлэг - Франциско Варелаг дурсан санах нь’ уулзалтад Дээрхийн Гэгээнтэнг урьж, “Франчиско болон түүний найзууд - Нөхөрлөлийн биелэл” нэртэй анхны цуврал арга хэмжээ эхэллээ. Энэ цувралыг хориод жилийн өмнө таалал төгссөн Оюун санаа ба Амьдрал хүрээлэнг үндэслэгчдийн нэг Варелагийн дурсгалд зориулж буй ажээ. Уулзалтын эхэнд Карсай хүн бүрийг Варелагийн хэд хэдэн гэрэл зургийг үзэхийг урьсан юм.
Цюрихийн их сургуулийн биохимийн профессор, доктор Пиер Луижи Луиси уулзалтыг нээв. Тэрээр 1983 онд Австрийн Алпбах хотод болсон Дээрхийн Гэгээнтэн, Франчиско Варела нарын уулзалтын арга хэмжээнд оролцож байснаа дурсан ярьлаа. Тэрхүү арга хэмжээ хайр, нөхөрлөлийн уур амьсгал хослуулсан байсныг дурьдаад Варелатай нөхөрлөх нь Дээрхийн Гэгээнтний хувьд чухам юугаараа онцлог болохыг асуув.
Дээрхийн Гэгээнтэн,
“Би багаасаа механик зүйлийг сонирхдог байлаа. Надад XIII Далай Ламаас өвлөсөн киноны проектор байсан бөгөөд жижигхэн зай проекторыг гэрэлтүүлэх хүчийг хэрхэн яаж үүсгэдэг нь миний сонирхлыг татдаг байлаа.” хэмээгээд яриагаа эхлэв.
“Варелатай уулзахад тэрээр эрдэмтэн хүн боловч буддын шашныг гүнзгий сонирхдог хүн байсан юм. Буддын шашны үүднээс аливааг ярихдаа “Би үүнийг Буддын малгайгаа өмсөөд хэлж байна” гэх ба шинжлэх ухааны дүгнэлтийг дэвшүүлэхдээ “Одоо би шинжлэх ухааны эрдэмтнийхээ малгайг өмссөн байна” гэж хэлээд тайлбарладаг байлаа. Тухайн үед надтай адил буддын шашныг ойлгодог хэрнээ мэргэжлийн хувьд эрдэмтэн хүн хэрэгтэй байгааг тэрээр маш сайн ойлгосон байж билээ. Варела надад гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн бөгөөд би түүнийг үргэлж санан дурсах болно. Эдүгээ ч би түүний зургийг өргөөндөө хадгалдаг.”
“Хожим нь би олон эрдэмтэдтэй уулзаж эхэлсэн юм. Эрдэмтэд эсвэл бусад шашны хүмүүс оюун санаа, сэтгэл хөдлөлийн талаар нэг их ярьдаггүй. Гэтэл оюун санаа нь маш нарийн, боловсронгуй зүйл юм. Энэ нь бидэнд сэтгэх, бясалгах, өөрчлөгдөх боломжийг олгодог.”
“Сэтгэл хөдлөлөө удирдахын тулд оюун санаа, сэтгэлийн тогтолцоо хэрхэн ажилладгийг илүү сайн ойлгох хэрэгтэй. Франчиско Варела шинжлэх ухаан, буддын шашин зэрэгцэн ажиллаж болохыг үлгэр жишээгээр харуулсан билээ.”
“Бид адилхан хойд насны амьдрал байдагт итгэдэг байсан. Варела хойд насандаа миний дотны найзуудын нэг болно гэдэгт итгэлтэй байна. Намайг бага байхад XIII Далай Ламтай ойр байсан зарим хүмүүс манай гэрт ирэхэд би тэднийг хэн болохыг таньж байсан юм.”
“Варела бид хоёр хүчтэй холбогдсон бөгөөд хэрэв би дахиад 10-20 жил амьдарвал түүний талаар ярих онцгой хүүхэдтэй уулзана гэдэгт итгэлтэй байна. Одоо би эртний андынхаа тухай ярихдаа баярлаж, бахархаж байгаа бөгөөд түүний эхнэрийг ч бас бидэнтэй хамт байгааг харсандаа баяртай байна.”
“Илүү сайн дэлхийн төлөөх хэлэлцүүлэг" чухал ач холбогдолтой. Өнөөгийн өргөн цар хүрээтэй материаллаг хөгжлийн үед зэвсэг үйлдвэрлэхийн зэрэгцээ “бид ба тэд” гэж хуваагдсаар байна. Удирдагчид зөвхөн явцуу хандлагатай байдаг. Бусдын өөр үзэл бодлыг бид хэтэрхий амархан дайсагнан харж, тэднийг дайсан гэж үздэг. Харин томоохон эрдэмтэд жижиг бүлэглэлээс илүү нийт хүн төрөлхтөнд анхаарал хандуулж байна.”
“Өнөөдөр ‘бид ба тэд’ гэсэн хэт хүчтэй ойлголт бий болжээ. ‘Миний найзууд’ эсвэл ‘миний дайсан’ гэсэн ойлголт хэтэрхий их байна. Гэхдээ бид үүнийг өөрчилж чадна. Би хүн төрөлхтний нэгдмэл байдлын үзэл санаанд үнэнч байдаг. Хүмүүс бид бүгд адилхан. Бид бүгдээрээ энэ гараг дээр хамтдаа амьдрах ёстой. Бид нэг дэлхийн эдийн засагтай. Бид нэг нэгнээсээ хамааралтай. Тиймээс бид эдүгээ амьдран буй долоон тэрбум хүн төрөлхтний сайн сайхны талаар бодох ёстой юм.”
“Өнгөрсөн үе маань хүчирхийлэлд ихэд өртсөн билээ. Гэхдээ Европын Холбоо (ЕХ) ямар амжилтанд хүрснийг хараарай. Удаан хугацааны дайснууд Франц, Герман улсууд түүхэн дайсагналыг даван туулж ЕХ-г байгуулж чаджээ. Түүнээс хойш гишүүн орнуудын хооронд дайн тулаан болсонгүй. Дэлхий нийт яагаад ийм үзэл баримтлалыг хэрэгжүүлж чадахгүй байна вэ? Зөвхөн миний үндэстэн гэж бодохын оронд бүх дэлхийг холбон бодож үзээрэй. Энэ л миний уриалга юм.”
“Хүн төрөлхтний нэгдмэл байдлыг үнэлэх чадварыг хөгжүүлэх нь надад таатай байдлыг бий болгодог, учир нь энэ нь намайг хаана ч очсон, хэнтэй ч уулзахад бусдыг надтай л адил хүн гэдгийг мэдрэхэд тусалдаг. Хүмүүс бид ахан дүүс юм. Энэ гариг дээрх бүх хүний нэгдмэл байдлын тухай бодох нь айдас, үл итгэхийг арилгаж, сэтгэлийн амар амгаланг авчирна.”
"Би хүн төрөлхтний нэгдмэл байдал, шашны бүх уламжлалыг үнэ цэнэтэй гэж үзэх үзэл санааг хуваалцах болно. Учир нь бүх шашин хайр энэрлийг чухалчлан заадаг. Мөн би экологийг тууштай хамгаалагч билээ. Төвөдийн ахмад үеийнхэн надад урьд өмнө одоогийнхоос илүү их цас ордог байсан тухай ярьж байсан юм. Төвөд бол Азийн ихэнх хэсгийг усаар хангадаг томоохон голуудын эх үүсвэр учраас энэ нь нэн чухал болоод байна.”
Европ дахь Оюун санаа ба Амьдрал хүрээлэнгийн захирал Эми Коэн Варела Дээрхийн Гэгээнтнээс яагаад эрдэмтэдтэй яриа хэлцэл хийхэд маш их цаг хугацаа зарцуулдаг талаар асуув.
Дээрхийн Гэгээнтэн буддын шашинтны хувьд хамаг амьтанд туслахын тулд юу хийж чадахаа өдөр бүр өөрөөсөө асуудаг гэж хариуллаа. Мөн Шантидевагийн ‘Бодьсадвын явдалд орохуй’ номын нэгэн шүлгийг байнга санаж явдгаа дурдлаа.
Хэдий хүртэл орчлон оршино
Төдийг хүртэл амьд амьтан орших болно
Тэр болтол би хамт оршиж
Амьтны тусыг бүтээх болтугай
Гал, ус, шороо, хөвчин ой, салхи хийгээд
Газрыг бүрхэгч өвс ургамал тэргүүтнийг
Орчлонгийн амьтан бүгд тус тусын зоргоор
Олзуурхан эдлэх лугаа би бээр ч
Хорвоогийн амьтан бүгдийн горил хүслийг хангагч
Хотол баясгалангийн орон болох болтугай
“Би энэ ертөнцөд ямар тусыг авчирч чадна түүний төлөө би амьдралаа зориулж буй. Өөрийн өдөр тутмын амьдралдаа сайхан сэтгэлийг хөгжүүлэхийн зэрэгцээ хутагт Нагаржунайн хоосон чанарын талаарх гүнзгий үзэл бодолтой байхыг чухалчилдаг. Сайхан сэтгэлийн хувьд, бусдын оронд би өөрийгөө тавих бясалгалыг хэрэгжүүлсэн юм. Шантидева гэгээнтэн үүнийг:
Өөрийн жаргалыг бусдын зовлонгоор
Өнөд сольж чадахгүй бол
Бурханы гэгээрэлийг бүү хэл
Энэ орчлонд ч жаргалтай байж үл чадна
Ертөнцөд эдэлж буй зовлон бүр
Ер өөрийг бодсоны үр мөн
Ертөнцөд эдэлж буй жаргал бүгд
Ерөөс бусдыг бодсоны үр мөн
"Бидэнд тулгараад буй бэрхшээлүүд нь “би, минийх”, “бид ба тэд” гэсэн ойлголтоос улбаатай. Хамаг амьтдын төлөө гэдгийг түр хойш нь тавиад, ядаж бүх хүмүүст туслахыг хичээцгээе. Ийм харилцан хамаарлын үндсэн дээр бид бусдад хор хөнөөл учруулахаас зайлсхийхийн тулд өөрсдийн бодол санаа, биеэ авч явах байдлаа өөрчлөх боломжтой болно.”
Лондонгийн Брунелийн их сургуулийн сэтгэл судлалын багш Елена Антонова Дээрхийн Гэгээнтнээс эрдэмтэдтэй яриа хэлэлцээ хийх нь өөрийнх нь сэтгэлгээнд ямар нөлөө үзүүлэв гэж асуулаа.
Тэрээр бага байхаасаа л шинжлэх ухааныг сонирхож байсан гэж давтаж хэлээд Энэтхэгт очсоны дараа эрдэмтэдтэй уулзаж, тэдний оюун санаа, сэтгэл хөдлөлийн талаархи ойлголт хангалтгүй байгааг олж мэджээ. Буддын гүн ухаанд сэтгэлийн 51 төлөв, тэдгээрийн дотоод ялгааг нарийн гаргадаг бол англи хэл сэтгэл хөдлөл гэсэн ганцхан үгээр тэр бүгдийг илэрхийлж байна.
“Бидний сэтгэл хөдлөл бидэнд асуудал үүсгэдэг тул үүнийг мэдэх нь маш чухал. Тэдэнтэй тэмцэх арга техникийг сурах хэрэгтэй. Бид хамгийн их сэтгэл түгшээсэн сэтгэл хөдлөлөө даван туулах ерөндөг ба тэдгээрийг хөгжүүлэх арга замыг олж мэдэх хэрэгтэй. Бидний ойлголт өсөх тусам бид ахиц дэвшил гаргах болно. Энэ үүднээс буддын шашны хандлага нь шинжлэх ухааныхтай төстэй.”
“Шинжлэх ухаан нь хүний бие махбодь, бидний амьдарч буй биет ертөнцийн тухай мэдлэгийг бидэнд өгдөг. Нөгөөтэйгүүр бид бүгд амар амгалан, баяр баясгаланг олж авахыг хүсдэг бөгөөд энэ нь оюун санаандаа анхаарал тавих ёстой гэсэн үг юм.”
“Сэтгэл хөдлөл асуудал үүсгэдэг бол шийдэл нь оюун санаанд оршдог. Хэдийгээр уур хилэн таагүй байдлыг авчирдаг ч бид үүнийг зүгээр л хүсээд алга болгож чадахгүй. Бид үүнийг өдөөж буй зүйл, ямар үр дагавартай, мөн хайр энэрэл нь түүний эсрэг арга болохыг олж мэдсэнээр л асуудлыг шийдвэрлэх болно.”
Энэ зуур Варела шинжлэх ухаан, оюун санааны арга барилыг хослуулах хэрэгтэйг хүлээн зөвшөөрөв.
Дээрхийн Гэгээнтэн,
“Би ийм байдлаар шашны сургаалыг сурталчлах сонирхолгүй байна. Бид оюун санааны сургаалыг шашны бус агуулгаар ашиглаж чадна гэж итгэдэг. Энэтхэгийн эртний уламжлалд оюун санааг дадлагжуулахыг чухалчилдаг. Үүнд төрөл бүрийн оюун ухаан, хурц бөгөөд өргөн цар хүрээтэй оюун ухааныг хөгжүүлэх, илүү өргөн цар хүрээтэй ойлголтыг бий болгох боломжийг багтаасан болно. Энэ нь шашинтай холбоогүй тул бүх нийтийн боловсролоор олгох боломжтой.”
“Дадлагжуулснаар сайжруулж болох байгалиасаа өгөгдсөн чадавхи бидэнд бий. Цар тахлын өвчинтэй холбоотой хязгаарлалт дуусахаар миний тэсэн ядан хүлээж байгаа зүйл бол Дели хотод эртний Энэтхэгийн оюун санааны мэдлэг, түүнийг тодорхойлсон сэтгэл зүйн сургалтыг дэлгэрүүлэхэд илүү их цаг зарцуулах явдал юм.”
Орчин үеийн шинжлэх ухаан материалист үзэлд чиглэсээр байна гэж Дээрхийн Гэгээнтэн Луисид хандан ярьлаа.
“Хүний туршлагыг хүртэл ухамсартай холбож үзэхээс илүү тархи талаас нь авч үздэг. Хэрэв тархи нь зөвхөн анхаарлын төвд байх ба ухамсрын субьектив байдлыг харгалзан үзэхгүй бол энэ нь хүний туршлагын бүрэн дүр зургийг гаргаж чадахгүй. Энэ нь мэдрэмж, субъектив хэмжээс болох ухамсар, оюун санааны өвөрмөц шинж чанарыг орхигдуулах болно.”
Тэрээр бид бүгдээрээ баяр баяслыг мэдрэхийг хүсдэг, гэхдээ энэ нь бидний сэтгэлийн байдал, дотроо амар амгаланг олж мэдсэн эсэхээс хамаарна гэдгийг ажиглажээ. Хүний амьдралд чухал ач холбогдолтой чанаруудыг хэрхэн хөгжүүлэх, оюун санааны амар амгалан, сайхан сэтгэл, энэрэнгүй сэтгэлийг төлөвшүүлэхийг шинжлэх ухааны үүднээс сургуулийн хүүхдүүдэд харуулах, тайлбарлах чадвартай болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.
"Эрдэмтэд бол бидэнтэй л адил хүн мөн. Тэд мөн сэтгэлийн асуудалтай тулгарч, сэтгэлийн амар амгаланг эрэлхийлдэг. Гэхдээ сэтгэлийн амар амгаланг хөгжүүлж сурахад оюун ухаан хэрхэн ажилладаг талаар сайн ойлголттой байх шаардлагатай. Шинжилгээ, эргэцүүлэл бүхий арга барилыг баримтлах нь үүнийг хэрэгжүүлэхэд тусална. Жил ирэх тусам, бидний харилцан яриа өрнөх тусам өөрсдийн оюун санааны сайн сайхан байдалд анхаарлаа хандуулдаг шинжлэх ухааны эрдэмтэд улам бүр нэмэгдсээр байна.”
“Тэд уур уцаар нь сэтгэлийн амар амгаланг хэрхэн алдагдуулж байгааг шинжилж байна. Үүнийг юу өдөөж, хэрхэн үүсч байгааг судалж үзжээ. Шантидева гэгээнтэн хэтийн төлвийг чухалчилсан юм. Тэрээр тэвчээрийг төлөвшүүлж байгаа хүний өөдөөс дайсагнасан, уур уцаартай хүн хамгийн сайн багш болдог гэдгийг онцолсон билээ. Ийм хандлага нь бодит өөрчлөлт гарч болзошгүй зүйлийг харах өөр арга замыг нээж өгдөг.”
“Хоосон чанартай холбоотой нэг асуулт бол “би” эсвэл “минийх” гэх үед хэн, эсвэл юу болохыг асуух. Энэ нь юу гэсэн үг вэ? Уур хилэн ба хүсэл шунал нь бодит “би”-д хамааралтай гэж үздэг. Хутагт Нагаржунайн ‘Билгүүний үндэс’ номонд Татагата буюу Бурхан мөн чанарыг шалгасан нэг шүлэг бий. Бид өөрсдийгөө болон бүрэлдэхүүн хэсгүүдтэйгээ харьцах харьцаагаа үндэслэн дахин дүрслэх боломжтой.”
"Энэ шүлгийг эргэцүүлэн бодвол бид “би” нь оюун санаан болон бие махбодийг бүрдүүлдэг бус, тэднээс өөр ч бус гэдгийг хүлээн зөвшөөрч чадна. Бие махбодийн бүрэлдэхүүн хэсгүүд нь “би”-ээс хамааралтай биш, “би”- ч тэднээс хамааралтай биш юм. “Би” нь оюун санааны бүрэлдэхүүн хэсгүүдийг эзэмшдэггүй. Тэгвэл “би” гэж яг хэн бэ?”
“Бидний онцолж хэлдэг бодит “би” байхгүй гэдгийг бид олж мэдлээ. Бид сэтгэл хөдлөлийг шалгаж, бодит “би”-г шалгаж, бодитой оршиж байгаа эсэхэд эргэлзэж, хоёр талт хандлагыг баримтлах хэрэгтэй. Энэ нь сөрөг сэтгэл хөдлөлийг арилгахад онцгой нөлөөлөх болно.”
“Та үүнийг мэтгэлцээнд орж буй хүн дээр бодож үз. Тэдний хамгаалж буй “өөрийгөө” хаана байгааг хэлэхийн тулд уур хилэн, сэтгэлийн хөдлөлийг шалгаж үзэхийг хүс. Эцэст нь тэд өөрийн бодит чанарыг байхгүй гэж хүлээн зөвшөөрөхөд хүрнэ. Бидний буруу ойлголтын цаана байгаа олон таамаглалыг бид үнэхээр эргэлзээтэй болгож чадна. Энэ нь бид байхгүй гэсэн үг биш, бусдаас хамааралтай оршин тогтнодог гэдгийг ойлгуулдаг.”
Дээрхийн Гэгээнтэн ловон Чандракиртигийн ‘Төв үзэлд орохуй’ шүлэгт харьцангуй ба туйлын үнэний хоёр жигүүрт гэгээрэх, чөлөөлөгдөх тухай өгүүлсэн шүлгүүдийг эш татлаа.
Хүн төрөлхтний нийтлэг мэдрэмжийг сурталчлах талаар Дээрхийн Гэгээнтэн практик талаас нь харж байгаа гэдгээ мэдэгдэв.
“Бид нэг гаригт амьдардаг бөгөөд манай ертөнц үнэхээр харилцан хамааралтай байдаг. ‘Бид ба тэд’ хэмээн хуваагдвал харилцан бие биенээ сүйтгэхэд хүрнэ. Хэн ч хожихгүй. Нөгөө талаас бид хүн төрөлхтний нэгдмэл байдлын мэдрэмжийг бэхжүүлж, биднээс өөр хүмүүсийг дотночилох аваас бүгдээрээ илүү тайван, илүү аз жаргалтай амьдарч, сурч чадна. Энэ бол амьд үлдэх энгийн арга юм.”
Теист шашны уламжлалыг дагагчид бүтээгч Эзэнд итгэдэг бөгөөд тэд өөрсдийгөө Эзэний хүү гэж үздэг хэмээн Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэв. Нэг Эзэний хүүхдүүдийн хувьд бид бүгдээрээ ахан дүүс гэж үздэг тул хэрэв бид зодолдож, бие биенээ хөнөөвөл энэ нь Эзэнд ямар мэдрэмж төрүүлэх вэ хэмээн бодож үзэхийг уриалав.
Габор Карсай уулзалтыг амжилттай болсныг мэдэгдээд цоо шинэ судалгааны талбар - тунгаан бодох шинжлэх ухааныг бий болгож өгсөн мэргэн ухаан, нөхөрсөг байдлын төлөө Дээрхийн Гэгээнтэнд талархал илэрхийллээ.