Энэтхэг, ХП, Дарамсала - Өнөө өглөө Энэтхэгийн Менежментийн хүрээлэнгийн захирал, профессор Дхеераж Шарма Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд "Энэрэнгүй сэтгэл, мэргэн ухаанаар сорилтуудыг даван туулах нь" сэдэвт ярилцлагад оролцож байгаад талархаж, халуун мэндчилгээ дэвшүүлэв.
Зарим хүмүүс мөргөлдөөнд өртөж, зарим хүмүүс нэн тав тухтай амьдарч буй өнөөгийн дэлхийн талаар Дээрхийн Гэгээнтний байр суурь ямар байгааг асуулаа. Зарим хүмүүс бусдыг энэрэн нигүүлсэхүйн үүднээс харж чаддаггүй, зөвхөн өөрсдийн эрх ашгийн төлөө санаа тавьдаг нийгэм болсныг тэрээр тодорхойлов.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам,
"Энэтхэг найзуудтайгаа ярилцах боломж олдсондоо би туйлын их баяртай байна. Хятад, Энэтхэг бол дэлхийн хамгийн олон хүн амтай улс бөгөөд Энэтхэг орны хувьд хэдэн мянган жилийн турш хүч үл хэрэглэх "ахимса", бусдыг энэрч хайрлах "каруна" гэх уламжлалаа хадгалсаар ирсэн билээ. Үүнээс гадна дэлхийн бүх шашны уламжлалууд энэ улсад хамт зэрэгцэн оршиж байна. Энд шашны хүлээцтэй байдлын эртний уламжлал бий. Үймээн самуун дэгдээдэг цөөн хэдэн хүмүүс байх болно, гэсэн ч ямар ч хор хөнөөл учруулахгүй байхыг чухалчилдаг нь шашны эв найрамдал оршино тогтноход чухал нөлөөтэй байдаг.”
"Эрдэмтэд шашны уламжлалуудын баримталдаг гүн ухааны илүү нарийн үзэл баримтлалын талаар маргаж болох ч жирийн хүмүүсийн хандлага, зан үйлийн хувьд Энэтхэг улс аливаа шашны уламжлалууд эв найртай зэрэгцэн орших боломжтойг үлгэр жишээгээр харуулж байна.”
"Орчин үеийн боловсролын хувьд материаллаг амьдралын хэв маягийг хэт их онцолж байна. Энэ нь энэрэн нигүүлсэх сэтгэлийг хичээлийн хөтөлбөрт тусгах, хор хөнөөл учруулахгүй байх тал дээр илүү анхаарах шаардлагатай болж байна гэсэн үг.”
"Өнгөрсөн зуунд Махатма Ганди "ахимса" буюу хүч үл хэрэглэх зарчмыг Энэтхэгийн эрх чөлөөний тэмцэлд хэрхэн үр дүнтэй ашигласныг бид мэднэ. Үүний дараа Өмнөд Африк, АНУ-ын ижил төстэй удирдагчид түүний жишээг авсан билээ. Ёс суртахууны зарчмууд алдагдсаар буй өнөө үед Энэтхэг улс энэрэн нигүүлсэхүйн ач холбогдлыг бусдад түгээх боломжтой.”
“Бид бүгдээрээ хүн төрөлхтөн учраас нэг нэгнээ халуун сэтгэлээр хайрлах хэрэгтэй гэдгийг залуу үеийнхэнд ойлгуулах ёстой. Хүн бүр ээхээс мэндэлж, эхийнхээ халамж хайраар амьд үлдсэн билээ. Бидний амьдрал ийм байдлаар эхэлдэг учраас энэрэн нигүүлсэх нь хүний үндсэн мөн чанарын нэг хэсэг юм.”
“Олон зуун жил зэвсэг үйлдвэрлэхийн төлөө тэмцэж, бүхий л нөөц бололцоогоо зориулсан учир эдүгээ бид энэрэн нигүүлсэхүй, хүчирхийлэлгүй, дэлхий дахинд хор хөнөөл учруулахгүй байх үзэл санааг хөгжүүлэх ёстой. Үүний нэг арга бол орчин үеийн шинжлэх ухааны мэдлэгийг "ахимса" ба "каруна"-тай хослуулах явдал юм. Өнөө үед миний уулзаж байгаа эрдэмтэд сэтгэлийн амар амгаланг олох нь хувь хүн болон нийгэмд ямар нөлөө үзүүлдгийг улам бүр тодорхой болгосоор байна. Энэтхэг улс эртний болон орчин үеийн эх сурвалжаас авсан мэдлэгийг шашнаас ангид замаар нэгтгэх ажлыг удирдаж чадна гэдэгт би итгэдэг."
Дээрхийн Гэгээнтэн багш нар, оюутнууд болон тус хүрээлэнгийн гишүүдийн асуултад хариулж байхдаа дэлхийн бүх шашин Энэтхэгт зэрэгцэн эв найртай оршиж байгааг биширч байна гэдгээ дахин хэлэв. Тэдгээр шашин бүр энэрэн нигүүлсэхүйг хөгжүүлэх аргуудыг номлож байгааг дурдлаа.
Бидэнд тулгарч буй сорилт бэрхшээлүүдийг дэлхий нийтээр, бүх хүн төрөлхтөн анхааралдаа авах хэрэгтэй гэдэг нь улам тодорхой болсоор байгаа энэ үед эрх мэдэлд хэт туйлширч байгаа нь алсын хараагүй харалган явдал гэдгийг тэрээр санууллаа. Хэт их материаллаг байх нь ч үүнтэй адил гэв. Амьдралын зорилго нь бие биенээ хорлож, алах биш, харин хүн төрөлхтний нэгдмэл байдлыг санаж, эерэг нийгмийг төлөвшүүлэх явдал юм. Энэрэн нигүүлсэхүй, ямар ч хор хөнөөл учруулахгүй байх зарчмууд дээр үндэслэсэн нийгэмлэгүүд илүү тайван ертөнцийг бий болгоход хувь нэмэр болно гэлээ.
Дээрхийн Гэгээнтэн цааш нь өгүүлэхдээ бид энэ нэг гариг дээр хамтдаа амьдрах ёстой гэж мэдэгдэв. Тиймээс бусдыг дайсан гэж үзэх нь зохисгүй юм. Төвөдүүд, Хятадууд эцсийн дүндээ хамт амьдрах ёстой учраас бие биенээ хүчирхийлэх нь ямар ч ашиггүй.
“Бид хаана ч амьдарч байсан бидний зорилго бол илүү тайван ертөнцийг бий болгох явдал байх ёстой.”
“Уур амьсгалын хямрал, түүний ноцтой үр дагавар нь бид хамтдаа амьдрах, хамтдаа ажиллаж сурах ёстойг ойлгуулсаар байна. Бид эх дэлхийгээ хамгаалж, хүн төрөлхтөн болон бусад амьтдыг ч хайрлан хамгаалах ёстой.”
Мөргөлдөөнийг даван туулах боломжтой гэж Дээрхийн Гэгээнтэн онцоллоо. Тэрээр өнгөрсөн зуунд болсон дэлхийн хоёр дайны дараах хоёр эерэг өөрчлөлтийг онцлон тэмдэглэв. Нэг нь Нэгдсэн Үндэсний Байгууллага үүссэн, нөгөө нь Европын Холбоо (ЕХ) байгуулагдсан явдал юм. Олон зуун жил үргэлжилсэн мөргөлдөөн, дайны дараа Герман, Францын удирдагчид одоо хангалттай гэж үзээд Европын нийтлэг ашиг сонирхлыг ганц нэг улс орны ашиг сонирхолоос дээгүүр тавьж эхэлсэн байна. Дээрхийн Гэгээнтэн Африк, Латин Америк, Азийн улс орнууд энэхүү үлгэр жишээг дагах нь зүйтэй гэж санал болгов.
Дээрхийн Гэгээнтэн бидний өмнө тулгараад байгаа асуудлыг илүү өргөн өнцгөөс харж, урт хугацааны ашиг сонирхлыг эрэлхийлэхийг зөвлөв.
“Зөвхөн явцуу өнцгөөс харахад асуудал улам бүр дорддог. Хэвлэл мэдээллийнхэн хүний үндсэн үнэт зүйлсийг сурталчлах үүргээ биелүүлэх ёстой. Хамгийн сайн нь амьд үлддэг гэсэн ойлголт хоцрогдсон. Бид бүгд хамтдаа амьдрах ёстой. Зөвхөн өөрсдийн богино хугацааны ашиг сонирхлын талаар бодох нь цаг үеэ өнгөрөөсөн билээ.”
Яагаад өөрийгөө "Энэтхэгийн хүү" гэж нэрлэх болсон талаар асуухад тэрээр Төвөдөд төрсөн боловч Төвөдийн соёл нь Бурхан Багшийн сургаалаас улбаатай, ялангуяа Наландагийн Их Сургуулийн сургалт байсныг тайлбарлалаа. Тэрээр багаасаа Энэтхэгийн эх сурвалжууд, Энэтхэгийн их мастеруудын бүтээлийг судалсан болохоор оюун ухаан нь энэтхэг сэтгэлгээгээр дүүрсэн гэв. Улс төрийн хүндрэлийн улмаас тэрээр эрх чөлөөгөө эдэлдэг Энэтхэгийн засгийн газрын зочин болсон гэдгээ ч энд тэмдэглэн хэлэв.
Түүний өмнө дурдсанчлан Хятад, Энэтхэг бол дэлхийн хамгийн олон хүн амтай хоёр улс боловч ардчилал, шашин шүтлэгийн эрх чөлөө цэцэглэн хөгжиж байгаа нь Энэтхэг улс юм. Илүү олон эрдэмтэд оюун ухаан, сэтгэл хөдлөлийн үйл ажиллагааг сонирхох тусам эртний Энэтхэгийн мэдлэгт талархах хандлага нэмэгдсээр байна. Энэ бүхэн Энэтхэгийн бахархал юм гэлээ.
Профессор Дираж Шарма Дээрхийн Гэгээнтнийг өглөөний ярианд оролцсонд талархал илэрхийлээд түүний хэлсэн үгнээс үзэгчид их зүйлийг сурсан байх гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдлээ.
Дээрхийн Гэгээнтэн Энэтхэгийн анд нөхөдтэй санал бодлоо солилцох завшаан тохиосонд маш их баяртай байна хэмээгээд мөн талархал илэрхийлэв.