Эх Дэлхийн Өдөр тохиож буй энэ мөчид бидний өмнө буй сорилт хийгээд боломжуудаа ахин нэг харахыг өөрсдийн цорын ганц цэнхэр гараг дээр, дэлхийн өнцөг булан бүрт зэрэгцэн амьдарч буй ахан дүүс та нараасаа хичээнгүйлэн хүсье.
Од, сарыг эндээс харахад хэчнээн үзэсгэлэнтэй ч бидний хэн нэг нь тэнд очоод амьдрахад хүрвэл мөн ч хэцүүднэ дээ гэж би хааяа хошигнодог юм. Амьдран буй энэ гараг маань бидний баясгалант гэр, амьдрах орчин минь билээ. Энэ дэлхий бидний Эх минь билээ. Бид яг л хүүхэд нь мэт бүхий л зүйлээрээ дэлхийгээс хараат оршдог. Дэлхийн дулаарал, озоны давхарга цоорох гэх мэт бүх нийтийг хамарсан бэрхшээл тулгарахад бие даасан байгууллагууд болон улс орнууд дангаараа хүчин мөхөсдөх болно. Бид хамтарч ажиллахгүй бол энэ бүгдийг шийдэж чадахгүй. Дэлхий ээж маань бидэнд бүх нийтийн хариуцлагын тухай хичээл зааж байна.
Тухайлбал, усны асуудлыг авч үзье. Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт урьд өмнөхөөс илүүтэйгээр ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангахуйц ундны усны хомсдолоос үүдэж эх, хүүхдийн эрүүл мэнд асар их эрсдэл ороод байгаа билээ. Дэлхий даяар хоёр тэрбум орчим хүн наад захын эрүүл, аюулгүй аж төрөх суурь үйлчилгээг хүртэж чадахгүй байна. Гэсэн ч үүнийг шийдэх боломж бий. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш дэлхий нийтээрээ энэ талаар тодорхой алхам хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн уриалсанд би ихэд талархаж байна.
Аливаа юм бүхэн нэг нэгнээсээ харилцан хамаарч, шүтэлцэж оршдог нь байгалийн үндсэн хууль мөн. Энэхүү шүтэлцээг таниж ухаараагүйн хор уршгийг байгаль орчин төдийгүй хүний нийгэм амсаж байна. Тиймээс бид “Нэгдмэл хүн төрөлхтөн” гэх ойлголтыг сайтар ухамсарлаж, улам их түгээх хэрэгтэй байна. Хүн бүр зөвхөн өөрийнхөө төлөө, гэр бүл, төрөлх улс үндэстнийхээ төлөө зүтгэх бус, нийт хүн төрөлхтний тусын тулд ажиллахад суралцах хэрэгтэй. Үүнтэй холбогдуулан АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден “Эх Дэлхийн өдөр - Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх удирдагчдын уулзалт”-ыг зохион байгуулж, дэлхийн улс орнуудын тэргүүлэгчдийг нэгтгэн, бүх нийтэд нөлөөлж буй уур амьсгалын асуудлаар хэлэлцэж байгаад ихэд баяртай байна.
Бид эх дэлхийгээ тогтвортой байлгаж, байгаль орчны боловсрол, хувь хүний хариуцлагыг ямагт дээшлүүлж байх ёстой. Байгаль орчноо хайрлан хамгаалах нь бидний амьдралын хамгийн чухал хэсэг юм. Миний хувьд Энэтхэгт дүрвэж ирснээсээ хойш буюу Төвөдөөс өөр орчинтой танилцсанаас хойш байгаль орчны талаар гүнзгий ухамсарлах болсон юм. Тэр үед би анх Төвөдийн байгаль орчин цэвэр, ариун дагшнаараа хадгалагдаж үлдсэнийг анзаарч, хэт материаллаг хөгжил дэлхий дээр оршин буй биологийн төрөл зүйлсийг хэрхэн доройтуулж байдгийг ойлгосон юм.
Эх Дэлхийн Өдөр тохиож буй энэ өдөр бидний цорын ганц гэр болох энэ сайхан дэлхийнхээ байгаль орчныг сэргээн хамгаалахын төлөө өөрөөс шалтгаалах бүхнээ хийе гэсэн чин эрмэлзлийг төрүүлцгээе!
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам.