Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Бурхан Багшийн их дүйчэн өдрийн номын айлдвар 2021 он 5 дугаар сар 26

Түгээх

Энэтхэг, Х.П, Дарамсала, Тэгчин Чойлин - Өнөө өглөө Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо Гандантэгчэнлин хийдэд зуны эхэн сарын шинийн 15-ны их дүйчэн өдөр буюу Бурхан Багшийн их дүйчэн өдрийг тэмдэглэх үйл ажиллагааг Гандантэгчэнлин хийдийн хамба лам Д.Чойжамц мандал өргөн нээлээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам зуны эхэн сарын шинийн 15-ны их дүйчэн өдөр цахим сүлжээгээр дамжуулан айлдвар айлдаж байгаа нь. Энэтхэг, ХП, Дармасала. 2021.05.26. Гэрэл зургийг Тензин Жамфел

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам "Бурхан Багш Шагжамүнид бид гүн хүндэтгэлтэй ханддаг. Энэ өдөр Бурхан Багшийн их дүйчэн өдрийг үндэсний амралтын өдөр болгон тэмдэглэж байгаатай холбогдуулан би Монголын ахан дүүстээ хандан цөөн үг хэлье" хэмээн айлдвараа эхлэв.

“Бурхан Багш айлдахдаа “Өөрөө өөрийнхөө эзэн мөн тул ирээдүй таны гарт байна” хэмээн айлдсан билээ. Шашны бусад уламжлалыг харахад ирээдүй нь Эзэн тэнгэрийн гарт байна гэж үздэг. Харин Бурхан Багш “Хэрэв бид сайн үйл хийвэл сайн үр дүнг амсдаг, хэрэв ингэж чадахгүй бол Бурхан ямар нэгэн зүйл хийх боломжгүй гэж айлдсан байна. Тиймээс аз жаргалыг, эсвэл зовлонг амсах эсэх нь бидний л асуудал юм.”

“Хүн төрөлхтөн саруул оюун ухаантай учраас сэтгэлээ анхааран авч үзэх чадвартай. Хэрэв бид сэтгэлээ захирахгүй бол хор хөнөөлтэй зүйл хийхэд хазайж, түүний үр дагаврыг нь амсах болно. Харин сэтгэлээ номхоруулбал аз жаргалтай байх болно. Бүх шашны уламжлалууд бидэнд сэтгэлээ хүмүүжүүлэхийг заадаг ч буддын шашин мөргөл залбирлыг бус, харин сэтгэлтэйгээ ажиллах, аливаа зүйлийг хийхдээ эхнээс нь нягтлан бодохыг зөвлөдөг юм.”

“Хамаг амьтад аливаа юмсыг хоосон чанартай гэдгийг мэдэхгүйн улмаас сансарын хүрдэнд эргэлддэг. Бурхан Багш энэрэн нигүүлсэх сэтгэлээр зовж буй эдгээр амьтдыг эрх чөлөө рүү хөтлөхийн тулд олон зуун арга замыг заасан билээ.”

“Эрдэмтэд биднийг нийгмийн амьтад гэж үзэж байна. Бид нийгмээс хамааралтай учраас бусдыг хайрлаж энэрэх нь чухал юм. Амьдралын эхэн үед биднийг ээж маань халамж, энхрийллээр өсгөдөг ч хожим нь бид бусдаас хамааралтай гэдгээ умартаж, бусдаас тусдаа сайхан амьдрахыг эрмэлздэг. Тиймээс бид бусдыг энэрэн хайрлахад анхаарал бага хандуулж байна.”

“Буддын шашинд бусдад энэрэл хайраар хандахад тулгардаг хамгийн гол саад нь бидний өөрийгөө эрхэмлэх явдал гэж үздэг юм. Энэ нь хүмүүс, аливаа зүйлс өөрийн гэсэн мөн чанартай гэж үзэх баттай хандлагад тулгуурладаг.”

“Квантын физикт аливаа зүйлс бодитойгоор оршиж буй мэт харагдах боловч энэ нь үнэндээ тийм биш гэж үзэж байна. Түүнчлэн бид зарим хүмүүсийг бидний хувьд эрхэм, заримыг нь дайсан гэж үздэг. Бид өөрийн эрхэм ойр дотнын хүмүүстээ шунадаг ба харин тааламжгүй хүмүүст дургүйцэн уурладаг. Гэсэн хэдий ч эдгээр хүмүүс харагдаж байгаа шигээ бодитойгоор оршин байдаггүй.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам зуны эхэн сарын шинийн 15-ны их дүйчэн өдөр цахим сүлжээгээр дамжуулан Монголчуудад зориулан айлдвар айлдаж байгаа нь. Энэтхэг, ХП, Дармасала, 2021.05.26. Гэрэл зургийг Вен Тензин Жамфел

“Миний монгол нөхөддөө хэлэхийг хүсч байгаа зүйл бол, бид бүгдээрээ өөртөө болон бусдад баяр баясгалан, аз жаргалыг хүсдэг бөгөөд үүний тулд бид сэтгэлийн амар амгаланг төлөвшүүлэх хэрэгтэй. Та нарын ихэнх нь Богд Зонховын шашныг шүтэгчид бөгөөд Ганданлхавжа номонд тэрээр хэрхэн эрдэм ухаанд суралцсан тухай гардаг.”

“Түүнтэй адил бид ч мөн судалж, уншиж, сонссон зүйлээ хэрэгжүүлэх хэрэгтэй. Бурхан Багш юмсыг хоосон чанартай гэж айлдснаар хамаг амьтдыг эрх чөлөөнд хүргэх замыг заасан юм. Бид эдгээр ном сургаалуудыг судлах ёстой. Би Монголд очихдоо та бүхнийг зан үйл хийхээс гадна сурч, судлахыг уриалсан билээ. Одоо манай Өмнөд Энэтхэгтийн дацан хийдүүдэд суралцаж буй Монгол лам нар Монголдоо эргэж очоод бусдыг суралцахад туслах ёстой.”

“Бидний олонх нь бага наснаасаа эхлэн дүйра болон чойрын бусад номд суралцсан билээ. Бидний баримталдаг Наланда уламжлалд логик хэрэглээг онцолсон байдаг. Төвөдөд Чаба Чойжи Сэнгэ учир шалтгааны ухаанд тулгуурлан Төвөдийн мэтгэлцээний (дагсал хаялцах) аргыг албан ёсны болгосон юм.”

“Өмнө нь манай дацан хийдүүдэд Монголын олон агуу эрдэмтэд сурч байсан. Тэдний дунд миний багш нарын нэг Ойдов Цогни байсан билээ.”

“Өнөөдөр бид зөвхөн мухар сүvгээр бус, философи, учир шалтгаан, логикийг судлан, сурч мэдсэн зүйлээ өөртөө хэрэгжүүлж чаддаг XXI зууны буддын шашинтан болох хэрэгтэй. Бурхан Багшийн сургаалыг ойлгох нь мухар сүсгээс хамаарахгүй бөгөөд харин учир шалтгаан дээр тулгуурладаг нь чухал зүйл юм.”

Дээрхийн Гэгээнтэн цааш нь айлдахдаа төвөдүүд Энэтхэгт цагаачлан ирсний дараа хамгийн эхэнд тулгарсан зүйл бол төвөд хүүхдүүд өөрсдийн хэлээр сурч, өөрсдийн үнэт зүйлтэй байхын тулд тусгай сургууль байгуулах явдал байсныг дурсав. Дараа нь Дээрхийн Гэгээнтэн сургалтын хөтөлбөрт мэтгэлцээний ур чадвар заахыг нэмж оруулах санал гаргажээ. Тэрээр дацан хийдийн сургалтын төвүүдэд энгийн хүмүүсийг мэтгэлцээнд сургахыг зөвлөсөн байна.

Дараа нь орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтэдтэй хийсэн хэлэлцүүлгийнхээ талаар ярилаа. Тэд шашны талаар төдийлөн сонирхдоггүй ч буддын шашны сэтгэл зүй, сэтгэлийн амар амгаланг хөгжүүлэх арга замыг сонирхдог болсон байна.

Дээрхийн Гэгээнтэн Монголчуудад хандан "Би та бүхний хүрч чадах зүйлд маш их итгэж байна. Би Бурхан Багшийн сургаал XXI зуунд, мөн цаашлаад ирээдүйд ч дэлгэрнэ гэдэгт итгэдэг. Дэлхий ертөнц өөрчлөгдөж байна, та бүхэн өөрт буй боломжоо ашиглан дээдийн номыг судлаарай.” хэмээн айлдлаа.

Камерууд Гандан Ширээт лам мандал өргөхийг харж, сонсох боломжтой Өмнөд Энэтхэгийн томхийдүүд рүү шилжлээ.

“Зуны эхэн сарын шинийн 15-ны их дүйчэн энэ өдөр гурван том хийдийг төлөөлж буй олон улсын Гэлүг сан болон Брайбун Лосалин дацангийн Түлгү холбооны зүгээс надад Богд Зонховын "Мөрийн гурван эрхэм" номыг тайлбарлаж, бодь сэтгэлийн увидас хүртээх хүсэлт тавьсан юм.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам зуны эхэн сарын шинийн 15-ны их дүйчэн өдөр цахим сүлжээгээр дамжуулансургаал айлдах үеэр Гандэн Ширээт лам мандал өргөл өргөхийг харж байгаа нь. Энэтхэг, ХП, Дармасала, 2021.05.26. Гэрэл зургийг Вен Тензин Жампел

“Мөрийн гурван эрхэм ном нь ‘Бодь мөрийн зэрэг’-ийн гол утга болох магад гарахуйн сэтгэл, бодь сэтгэл, хоосон чанарын талаархи зөв ойлголтыг багтаадаг. Долоо ба наймдугаар шүлэгт бодь сэтгэлийг хэрхэн бий болгохыг харуулдаг.”

Хүчирхүй бэрх дөрвөн мөрөний урсгалд автаж,

Тайлахуй бэрх үйлийн хүлээсээр чанга хүлэгдэж, 

Басхүү би-д барихуйн төмөр торонд хоригдоод 

Балар мунхагийн түнэр харанхуй бүрхсэн 

Хязгаар үгүйеэ сансарын төрлөөс төрөлд 

Тасралт үгүйеэ гурван зовлонд нэрвэгдэх 

Энэ мэт энэлсэн эхүүдийн мөн чанарыг

Эгнэгт санан сэтгэлийн дээдийг үүсгэхтүн

“Зовлонгоос магад гарах тууштай шийдвэр гаргахын тулд гурван зовлонд хэрхэн нэрвэгдэж байгаагаа бодох ба бусад амьтад эдгээр гурван зовлонд тасралтгүй нэрвэгдэж байгааг хараад бодь сэтгэл үүсгэх хэрэгтэй.”

“Аливаа зүйлс өөрийн мөн чанараараа оршдог мэт харагддаг балар мунхагийн   харанхуй биднийг бүрхсэн байна. Тиймээс аливаа зүйлд жинхэнэ буюу өөрийн мөн чанар байдаггүй гэдэг нь бидний ойлгох ёстой зүйл юм.”

“Бурхан Багш анх дөрвөн үнэний сургаалаа айлдсан юм. Дараа нь билиг билгүүний сургаалаа тайлбарласан байна. Бид ‘Билгүүний зүрхэн’ сударт хоосон чанарыг дөрвөн талаас нь дүрслэсэн байдгийг харж болно. Хутагт Нагаржуна эдгээр санааг маш оновчтой тодруулсан тул Богд Зонхов‘Шүтэн барилдлагын магтаал’-даа түүнд хүндэтгэл үзүүлдсэн юм.”

"Хутагт Нагаржуна ‘Билгүүний үндэс’-номондоо бидний өөрийнхөө тухай  буруу ойлголтуудыг дурдсан байдаг."

Дээрхийн Гэгээнтэн Чандракиртигийн 'Төвд орохуй' номонд тайлбарласан дөрвөн логик няцаалтыг дурдав. Тэдгээр нь:

1. Хутагтийн оюун ухаан аливаа зүйлс өөрийн мөн чанартай эсэх талаар дүн шинжилгээ хийсний эцэст юмс бүгдийн эцсийн мөн чанар хоосон чанарыг илтэд ухаарч мэдсэн байдаг. Хэрэв юмс бүгд бодит мөн чанартай байсан бол Хутагтийн энэ билиг оюун түүнийг олох байсан. Юмс бүгд ямар нэгэн өөрийн мөн чанараар оршин тогтнодог бол юмс бодитой орших боломжгүй гэж үзсэн Хутагтийн тэгш агуулахуйн билиг оюун нь тэдгээрийг үгүйсгэснээр юмсыг үгүй хийгч болох байсан, тиймээс энэ нь логик утгагүй зүйл юм.

2. Хэрэв юмс бусад хүчин зүйлээс хамааралгүйгээр өөрийн мөн чанартай байсан бол энгийн бодит байдал нь эцсийн дүн шинжилгээнд тэсэн үлдэх ёстой атал үл тэсэх нь логик алдааг харуулж байна. Бодит байдлыг харуулж чадсан ч түүний туйлын мөн чанар нь эцсийн дүн шинжилгээнд үлдэхгүй.

Хэрэв юмс өөрийн гэсэн ямар нэгэн мөн чанартай байсан бол энэ нь энгийн бодит байдлыг давах чадвартай эцсийн дүн шинжилгээний логик алдаанд хүргэх болно.

3) Хэрэв өөрийн мөн чанартай зүйл нь шалтгаанаас үүдэлтэй харьцангуй үнэнийг үгүйсгэх аргагүй. 

4) Аливаа юмс үзэгдэл нь өөрийн мөн чанараар хоосон чанартай байдаг гэсэн Бурхан Багшгийн сургаал үнэн бус болно.

Дээрхийн Гэгээнтэн үргэлжлүүлэн, “Мунхаг нь оршихуйн мөн чанарыг буруугаар ойлгодог. Аливаа зүйлс үнэн чанартаа зөвхөн нэр томьёо төдий оршдог тул түүнийг эсэргүүцнэ.” хэмээгээд ‘Төвд орохуй’ номын зургаадугаар бүлгийн төгсгөлд Чандракирти эдгээрийг хэрхэн айлдсан талаар эш татан айлдлаа.

Дээрхийн Гэгээнтэн ‘Мөрийн гурван эрхэм’ номын хуудсыг нээгээд Богд Зонховын шавь Агваан Дагвазүүн Төвөдөд эргэж ирсэн тухай хэсгийг дурдав. Тэрээр нутгаасаа Богд Зонховт товчхон сургаал айлдахыг хүсч захидал бичжээ. Богд Зонхов хариу захидал илгээхдээ төгсгөлд нь миний энэ захиасыг сайтар дагаж чадвал хожмоо би бурханы хутагт хүрмэгц анхны дээдийн номын рашааныг чамд өгөх болно гэж айлдсан байна.

Аяа, энэхүү мөрийн гурван эрхэмийн 

Аньсыг өөрөө нарийвчлан мэдэх цагт 

Аглагыг шүтэн хичээнгүйн хүчийг үүсгээд 

Ашидын хэргээ түргэн бүтээхтүн, Хүү минь!

“Хэрэв бид түүний зөвлөсний дагуу сурч, дадлага хийвэл сүүлийн шүлэгт гарч буй ‘хүү минь’ гэдэгт хамрагдах болно.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам зуны эхэн сарын шинийн 15-ны их дүйчэн өдөр цахим сүлжээгээр дамжуулансургаал айлдах үеэр Богд Зонховын " Мөрийн гурван эрхэм" номныг тайлбарлан айлдаж байгаа нь. Гэрэл зургийг Вен Тензин Жампел

Дээрхийн Гэгээнтэн номыг уншиж байхдаа олон зүйлийг тодруулсан юм. Тэрбээр эхний мөрөнд ‘Богд, тойн, багш нарт мөргөмүй’ гэсэн нь зөвхөн багшийн ач холбогдлыг илэрхийлээд зогсохгүй мөн гурван төрөлхтний зам мөрийг багтаан харуулж байгааг онцлов. Эхний шүлэг дэх Богд Зонховын ‘Хэр чадлаар би номлосугай’ гэсэн нь даруу байдлын илэрхийлэл ажээ.

Дараагийн шүлгүүдэд магад гарахуйн сэтгэлийн шалтгаанууд, энэ сэтгэлийг хэрхэн төрүүлэх, түүнийг хэрэгжүүлэх арга замыг өгүүлдэг. Зургадугаар шүлгэнд зөвхөн магад гарахуйн сэтгэл нь бүхнийг болгоогч Бурханы хутагт хүрэх нөхцөл болдоггүйг онцолжээ. Ёс суртахуун, төвлөрөл, билиг билгүүн нь нирваанд хүргэх боловч бурханы хутагийг олохын тулд бодь сэтгэлийг төрүүлэх хэрэгтэй. 

Орших ёсыг оносон билгүүн үгүй бол 

Магад гарах ба бодь сэтгэлийг дадуулсан ч 

Орчлонгийн үндсийг таслаж үл чадах тул

Онож шүтэн барилдлагыг мэдэхүйн аргад шамд

“Мөн Богд Зонхов магад гарахуй, бодь сэтгэлийг дадуулсан ч зовлонт орчлонгийн үндсийг бүрэн тасалж чадахгүй тул шүтэн барилдлагыг ухаарах арганд шамд. Шүтэн барилдлагыг ойлгох нь хоосон чанарыг ойлгоход хүргэнэ гэж айлдсан байна.”

Дээрхийн Гэгээнтэн өөр дээрээ жишээ татан айлдлаа. Тэрээр бие, гар, хуруу гэх мэт биеийн хэсгүүдээс, мөн сэтгэлээс ч өөрийгээ олж чадахгүй байна гэв. Хутагт Нагаржунайн ‘Билгүүний үндэс’номын 22-р бүлгийн эхний шүлэгт бурхан нь бие цогцгүй, мөн бие цогцоос тусдаа бурханыг олох боломжгүйг тодорхойлсон эхний эшлэлийг татлаа. Дээрхийн Гэгээнтэн энэ нотолгоог өөр дээрээ бодож баясалгах дуртай гэв.

Тэрбээр тарнийн номлолд гэгээн гэрэлд хүрэх гурван шингэлтийн тухай тэмдэглэл байдаг гэв. Гэхдээ эдгээрийн аль нь ч би биш юм. Тэрбээр Их Төгсгөлийн номонд хоосон чанар, гэгээн гэрэлт сэтгэлийгхамтад нь сургаж, өдөр бүр энэ талаар эргэцүүлэн боддог тухай дурдлаа.

“Дээр дурдсанчлан Богд Зонхов шүтэн барилдлагыг ойлгохыг хичээгээрэй гэсэн билээ. Жоннэ Лам ринбочэ 'Шүтэн барилдлагын дуулал'-д шүлэглэсэн тайлбартаа “Шүтэхүй” нь өөрийн мөн чанарыг үгүйсгэх ба, “барилдаж гарахуй” нь юмс оршин тогтох ёсыг үгүйсгэхгүй гэж айлдсан байна. Үүнтэй адил Бромдон гэгээн гал ба өөрийн гарт мөн чанар байдаггүй, гэвч та галд гараа хийвэл түлэгдэхийгмэдэрнэ. Тиймээс өөрийн мөн чанар байхгүй ч үйл нөлөө бий.”

Аяа, энэхүү мөрийн гурван эрхэмийн 

Аньсыг өөрөө нарийвчлан мэдэх цагт 

Аглагыг шүтэн хичээнгүйн хүчийг үүсгээд 

Ашидын хэргээ түргэн бүтээхтүн, Хүү минь!

Дээрхийн Гэгээнтэн бид бүгд энэ зөвлөгөөнд багтсан гэв. Тэрээр Богд Зонховтой Төвөдийн нэгэн нутгаас гаралтай тул ойр дотно гэдгээ мэдэрдэг гэдгээ айлдлаа.

Дээрхийн Гэгээнтэн Төвөдийн уламжлалд судлахын ач холбогдлыг давтан тэмдэглэж, энэхүү аргыг VIII зуунд Шантаракшитагаас Наланда уламжлалыг нэвтрүүлж эхэлсэнтэй холбон тайлбарлав. Тэрээр Богд Зонховын ‘Сайн хувьтны эрдмийг өгүүлэхүй’ номноос эш татлаа.

Эхэнд би агуу ихээр сонсохыг хайв

Удаад би номыг ёсыг увидаст ургуулав

Эцэст би өдөр, шөнөгүй анхааран авав

Энэ бүхнээ шашин дэлгэрэхийн төлөө зориулав

Үүнийг санаваас зорьсон үйлс сайтар бүтжээ

Үнэнхүү ач ихтэй болой, Манзушри та!  

“Суралцах хэрэгтэй, дадлага хийх хэрэгтэй. Бурхан Багш, Наландагийн арван долоон эрдэмтэд хэрхэн суралцсаныг сайтар санах нь хамгийн сайн арга зам юм.”

Дээрхийн Гэгээнтэн бодь сэтгэлийг төрүүлэх увидас хүртээхээ мэдэгдээд ‘Төвд орохуй’ номын эхэнд энэрэнгүй сэтгэл ямар ч цаг үед хичнээн чухал болохыг тодорхой тайлбарласныг айлдлаа.

Дээрхийн Гэгээнтэн энэ үед Бурхан Багш Шагжамуни нь 2600 орчим жилийн өмнө эртний Энэтхэгт Шагж удмын хунтайж болж төрснийг дурдлаа. Пали ба санскрит уламжлалууд түүнийг зуны эхэн сарны шинийн арван таванд гэгээрэлд хүрсэн гэж үздэгээрээ адилхан билээ. Тэрээр анхнаасаа гэгээрсэн нэгэн байгаагүй, зохих нөхцлүүдийг ханган олон галавт буяны ба билиг билгүүний чуулганыг хуримтлуулахын тулд эрэлхийлэн явж Бурхан болжээ. 

“Бурханы дөрвөн лагшингаас төгс жаргалангийн лагшин нь хутагт бодьсадва нарт харагддаг бол дүрст хувилгаан лагшин нь бүгдэд харагддаг. Бурхан Шагжамуни нь дүрст хувилгаан лагшин байсан бөгөөд энэ нь хамаг амьтдад ач тусаа өгөх их үйлс байсан юм.”

Дээрхийн Гэгээнтэн Бодьсадва болон олон уламжлалуудын багш нараар хүрээлүүлсэн Бурхан Багшийг хэрхэн бодож бясалгах талаар тайлбарлав. Дараа нь айлдварыг сонсож байгаа хүмүүсийгудирдан авралын орон үүсгэх ба бодь сэтгэлийг төрүүлэх шүлгүүдийг давтан уншлаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам зуны эхэн сарын шинийн 15-ны их дүйчэн өдөр цахим сүлжээгээр дамжууланайлдсан сургаалын төгсгөлд Шахор Ханбрүл ринбочэ талархал илэрхийлж байгаа нь. Гэрэл зургийг Вен Тензин Жампел

Шахор Ханбрүл ринбочэ Дээрхийн Гэгээнтэнд талархал илэрхийлэв. “Бид таниас айлдвар айлдахыгхүссэн билээ. оролцсон бүх хүмүүсийн өмнөөс танд талархал илэрхийлье. Та урт удаан наслах болтугай, ингэснээр энэ болон дараагийн төрөлд үргэлжлүүлэн бидэнд айлдвараа айлдан, анхаарал халамж тавьж байх болтугай гэж залбирч байх болно.”

Энэтхэгт өргөн тархсан ковидын цар тахлын талаар Дээрхийн Гэгээнтэн дурдахдаа хэдийгээр нөхцөл байдал сайжрах шинж тэмдэг ажиглагдаж байгаа ч Мон, Ладак, Балбын ард түмэнд санаа зовниж буйгаа илэрхийлэв.

"Энэ цар тахлын үр дагаврыг намжаахад туслахын тулд хутагт Дарь Эхийн тарнийг уншаарай. Энэ нь өвдсөн хүмүүс болон энэ өвчинд нэрвэгдсэн хүмүүст тустай байх болно. Би өдөр бүр Дарь Эхийн тарнийг олонтаа уншиж байна. Та бүхэн ч уншаарай.”

Айлдварын төгсгөлд Дээрхийн Гэгээнтний өнө удаан залрахын төлөө мандал өргөв.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт