Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Билгүүний Зүрхэн судар – 1 дэх өдөр 2021 он 1 дүгээр сар 5

Түгээх

Энэтхэг, ХП, Дарамсала – Өнөөдөр өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг камерын өмнө суудалдаа заларсны дараа Солонгосын хамба, хүндэт Жин Ок Дээрхийн Гэгээнтэнд мэндчилгээ дэвшүүлээд Солонгосын шавь нар ба сүсэгтнүүдээс “Билгүүний зүрхэн” судрыг тайлбарлан айлдахыг хүссэнийг уламжиллаа. Дараа нь тэрээр гартаа барьсан модон хонхны цохилтот айзмын дор “Билгүүний зүрхэн” судрыг солонгос хэлээр уншив.

Солонгосын хамба, хүндэт Жин Ок солонгос хэлээр "Билгүүний зүрхэн" судрыг уншиж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2021.01.05. Зургийг Тэнзин Жампел.

“Өнөөдөр Солонгосын номын анд нөхөддөө зориулсан гурван өдрийн номын айлдвар эхэлж байна” гэж Дээрхийн Гэгээнтэн яриагаа эхэллээ. 

“Надад ийм боломж тохиосонд би баяртай байна. Билиг барамидын 100,000 бадагт, 25,000 бадагт, бас 8,000 бадагт судрууд бий. Харин хамгийн товчийг “А” үсэг илэрхийлнэ. “Билгүүний зүрхэн” судар нь билиг барамидын 25 бадагт судар учраас харьцангуй товч бөгөөд цогц утгыг гаргасан судар билээ.”

“Билиг барамидын сургаалуудыг зөвхөн сүсэг бишрэл дээр суурилж дагаж болохгүй. Эдгээр сургаал номлолууд нь хурц ухаантай хүмүүс учир шалтгаан дээр суурилан даган судалдаг сургаалууд юм. Энд дурьдагдаж буй билиг билгүүн гэдэг үг нь эдгээр сургаалуудыг ойлгоход оюун ухаан ба учир шалтгаан, дүн шинжлэл шаардлагатай гэдгийг харуулж байгаа болно. Бурхан Багш ч шавь нартаа ‘Гэлэнгүүдээ, алтыг хайлуулж, тасдаж бас үрж шалгадгийн адил миний сургаал номлолуудыг зөвхөн намайг хүндэтгэх үүднээс хүлээж авах бус, сайтар шинжилж судалсныхаа дараа хүлээж авахаа шийдэхтүн’ гэж зөвлөсөн шүү дээ.”

“Наландын их сургуульд багшилж байсан, бас суралцаж байсан лам хуврагууд учир шалтгаан ба логик дээр суурилдаг байжээ.”

“Билиг барамидын сургаалуудад хоёр утга бий. Хоосон чанарыг ил утгаар шууд тайлбарласан бол зам мөрөөр хэрхэн дэвшихийг шууд бус, далд утгаар илэрхийлсэн юм. Энэ хоёр дахь утга буюу зам мөрөөр дэвших хэсгийг “Билгүүний зүрхэн” судрын тарниар тодорхой гаргадаг. Ширвага, брадигабудда ба их хөлгөний гэх гурван хөлгөн байдаг учраас тус бүрдээ таван зам мөр байдаг гэж үзвэл нийт арван таван зам мөр болох юм. Зам мөрөөр хэрхэн ахин дэвшихийг “Илтэд онохуйн чимэг”-т тайлбарласан билээ.”

“Эхлээд та бүгд анхдагч ойлголтуудыг авахын тулд сонсох хэрэгтэй, дараа нь сонссон мэдлэгээ гүнзгийрүүлэхийн тулд сайтар тунгаан эргэцүүлж бодсоныхоо дараа төгсгөлд нь ойлгосноо лавшруулан бясалгаснаар туршлагыг бий болгож чадна.”

“Билгүүний зүрхэн” нь дөрвөн зүйл хоосон чанарыг харуулах бөгөөд эдгээрийг дүрс бол хоосон, хоосон бол дүрс, дүрсээс тусдаа хоосон гэж үгүй, хоосноос ч тусдаа дүрс гэж үгүй хэмээн айлдсан байна. Энд өгүүлж буй хоосон гэдэг нь огторгуй мэт хоосон хөндий, юу ч үгүйг илэрхийлсэн утга биш юм. Бид юмс үзэгдлийг ажиглан шинжлэхэд тэр бүгд үзэгдэж харагдаж буй шигээ оршдоггүй болохыг олж мэднэ. Хоосон чанар гэдэг нь оргүй хоосонг хэлсэн бус, харин юмс үзэгдэл бүгд бусад юмс үзэгдлээс хамаарч оршдогийг илэрхийлж буй болно. Эдгээр юмс үзэгдэл нь бие даасан, бусдаас үл хамаарсан өөрийн мөн чанараар хоосон билээ.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Солонгосын сүсэгтнүүдэд зориулсан номын айлдварын эхний өдөр. Энэтхэг, ХП, Дарамсала. 2021.01.05. Зургийг Тэнзин Жампел.

“Бид юмс үзэгдлийг харагдаж үзэгдэж буйгаар нь бодитой, мөн чанартайгаар оршиж байна гэж бодсоноор эдгээрт шунал хүслийг үүсгэдэг. Нагаржуна энэ тухай машид тодорхой өгүүлсэн нь:

Шүтэн барилдлагат юмс бүгд

Хоосон чанартай бөгөөд

Шүтэн барилдлагын тодорхойлолт нь

Өөрөө Төв үзэл юм.

Шүтэн барилдлагагүй оршдог

Нэгээхэн ч зүйл үгүй бөгөөд

Иймээс хоосон чанар үгүй

Нэгээхэн ч зүйл үгүй.”

“Нисванист сэтгэлүүд юмс үзэгдлийн оршихуйг хуурмагаар, хэтрүүлэгтэйгээр төсөөлсөнөөс үүддэг бөгөөд улмаар эдгээр гэмт сэтгэлүүд нь зовлон бүгдийн үндэс болдог учиртай. Хутагт Нагаржунайн шавь хутагт Арьяндэва үүнийг мөн тодруулж:

Биед биеийн мэдрэхүйн мэдрэмжүүд

Биеийг бүхэлд нь эзэмдэх мэт

Мунхаглал бүх нисваанист түгнэ.

Мунхагийг давснаар та

Нисванист сэтгэл бүгдийг давж чадна” гэж айлджээ.

“Үүний утга нь хэдийгээр уур ба шуналыг дарах тодорхой арга замууд байж болох ч хоосон чанар ба шүтэн барилдлагыг ойлгосноор нисванист сэтгэл бүгдийг үндсээр нь арилгах боломжтой гэдгийг илэрхийлж байгаа юм. Бодитой, өөрийн мөн чанартайгаар юмс оршдоггүй гэдгийг ухаарч ойлгосноор тэдний үзэгдэл төдийд шунан тачаахын ерөндөг болох болно.”

“Илтэд онохуйн чимэг”-т бодь сэтгэл гэдэг нь хамаг амьтан бүгдийн тусын тулд бурханы хутагийг олохыг хүссэн тэр сэтгэл гэж дурьдсан байдгийг Дээрхийн Гэгээнтэн онцлоод үүнийг хутагт Нагаржунайн “Билгүүний үндэс” зохиолд тодорхой тайлбарласан хоосон чанарын гүн гүнзгий ойлголттой хослуулан бодож бясалгах нь маш тустай гэдгийг тайлбарлав.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Солонгосын сүсэгтнүүдэд зориулан номын айлдвар айлдаж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2021.01.05. Зургийг Тэнзин Жампел.

“Билгүүний зүрхэн” судрын тайлбарыг эхлүүлэхдээ Дээрхийн Гэгээнтэн судрын санскрит ба төвөд нэрийг уншихын хамт “Билгүүний зүрхэн” гэдэг нэрийн утгыг тодруулав. Удиртгалын хэсэгт номыг хаана, хэн айлдсан болон хэн хэн айлдварыг хүлээн авсан тухай гаргасан байна. Төгс гэгээрлийн хутагийг олсны дараа Бурхан Багш анхны номын хүрдэндээ зөвхөн Хутагтын дөрвөн үнэнийг айлдаад зогсоогүй танин мэдэхүйн авидарма, мөн хуврагуудын сахил санваарын ёс буюу винайн ёсны тухай номлосон билээ.

Бурхан Багшийн сургаал дөрвөн үнэнээр эхэлсэн боловч харин сүүлд Ражгирын Тас цогцолсон ууланд хувьтай шавь нар нь түүнээс билиг барамидын сургаалыг сонссон байна. Хутагтын үнэний сүүлийн хоёр үнэн болох хорихуйн үнэн ба зам мөрийн үнэнийг зөвхөн билиг барамидын номлолын хүрээнд бүрэн ойлгох боломжтой бөгөөд энд хүчтэй билиг ухаан шаардагдана. 

Хутагт Жанрайсиг заларсан хийгээд Шарипутратай ярилцсан зэргийг зөвхөн үйлийн үрийн гэмүүдээсээ бүрэн хагацсан хүмүүс л олж мэдэх боломжтой байсныг Дээрхийн Гэгээнтэн онцлов. Харин энэ үед Бурхан Багш “гүн бөгөөд үзэгдэл” хэмээгдэх самадийн бясалгалд оршсон байжээ. Сударт өгүүлснээр Хутагт Жанрайсиг “таван цогцос ч өөрийн мөн чанараар хоосон” гэдгийг айлдсан байна.

“Цогцос ч” гэх тодруулга нь хятад хэлний орчуулганд байхгүй учраас солонгос орчуулганд ч бас байхгүй байх магадлалтай. Үүгээр юуг онцлон тодотгосон бэ гэвэл “би” өөрөө таван цогцос дээр суурилан өөрийн мөн чанар үгүйгээр нэр томьёололын төдийд оршоод зогсохгүй таван цогцос ч бас өөрийн мөн чанараар хоосон гэдгийг онцолж буй юм. Хэдийгээр бид юмсыг хоосон чанартай гэж ярих боловч өөрсдийн таван цогцосдоо яг л мөн чанараараа оршин буй мэтээр шунадаг.

Дээрхийн Гэгээнтэн судрын хоёр ба гуравдугаар бадгуудыг уншив. Энэ хэсэгт дүрсийг субьект болгон хоосон чанарыг тайлбарлаж байна. Учир нь гадаад юмс үзэгдлийн тухай бидний дийлэнхи үзэл, төсөөллүүд материаллаг мэдрэмжээс хамаардаг гэдгийг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэллээ.

“Юмс үзэгдэл бүгд өөр бусдаас хамааралтай оршдог учраас өөрийн мөн чанараараа хоосон юм. Дүрс ба хоосон чанар хоёр нь мөн чанарын хувьд адил боловч илэрхийллийн хувьд ялгаатай.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам "Билгүүний зүрхэн" судрыг уншиж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2021.01.05. Зургийг Тэнзин Жампел.

Хэрэв юмс үзэгдэл өөрийн үнэн мөн чанартайгаар оршдог байсан бол дөрвөн логикийн алдаа гарахыг Чандракирти өөрийн “Төвд орохуй” зохиолдоо тайлбарласныг Дээрхийн Гэгээнтэн айлдлаа. Эдгээр дөрөв нь нэгд, Хутагтуудын хоосон чанарын тэгш агуулахуйн билгүүн нь юмс үзэгдлийг устгагч болно, хоёрт, харьцангуй үнэний түвшинд юмс үзэгдэл ухааны нягтлалд олдох болно, гуравт, үнэмлэхүй үнэний түвшинд юмс үзэгдэл төрөх үгүй нь буруудах болно, дөрөвт, юмс үзэгдэл бүгд хоосон чанартай гэж зарлигласан нь худал болно. 

“Энэхүү дөрвөн эндүүрлийг Богд Зонхов “Сайтар номлолын шим” болон “Их Бодь мөрийн зэрэг”-ийн гүнзгий утгын хэсэгт ч дурьдсан байдаг билээ.”

Билиг билгүүн нь өөрийн мөн чанартайгаар оршсон “би”-г баримтлахуйн ерөндөг болдог бол агуу их энэрэн нигүүлсэхүйн сэтгэл нь амин хувиа хичээхүйн хүчит ерөндөг болдог гэдгийг Дээрхийн Гэгээнтэн дурьдаад ловон Шантидэвагийн “Бодьсадвын явдалд орохуй” номонд машид тодорхой гардаг өөрийгөө бусадтай тэгшитгэн солих маш хүчтэй бясалгалын аргыг онцлон сайшаав. Тэрээр энэхүү номыг анх Хүннү Лама Ринбочэгээс тайлбарыг нь хүртсэнээс хойш байнга уншиж судалж, бодож бясалгах болсон бөгөөд хувьдаа энэ судар болон Чандракиртийн “Төв үзэлд орохуй” зохиол хоёр дээр суурилан дадлага үйлддэг гэдгээ тэмдэглэн хэллээ. Мөн Дээрхийн Гэгээнтэн Дигнага болон Дармакиртийн логик, учир шалтгааны тухай зохиолууд нь XXI зуунд нийцэх, учир шалтгааны арга замаар бурханы шашныг судлахад чухал үүрэгтэй болохыг онцлов.

Солонгосын гурван хийдээс хүрэлцэн ирсэн хуврагуудын асуултанд хариулж байхдаа Дээрхийн Гэгээнтэн шинжлэх ухаан ба бурханы шашин хоёр нь зорилгын хувьд ялгаатай гэдгийг хүлээн зөвшөөрөөд бурханы шашин нь сэтгэл ухамсар ба сэтгэл хөдлөлүүдийг авч үздэг бол шинжлэх ухаан нь илүү материаллаг зүйлс дээр анхаарлаа хандуулдагийг дурьдав. Гэхдээ бидний сэтгэлийн төлөв нь бидний биеийн эрүүл мэнд ба сайн сайхан байдалд нөлөөлдөг учраас шинжлэх ухаан сэтгэлийн амар амгаланг бий болгох бурханы шашны арга хандлагуудад анхаарал хандуулж эхлээд байна.

Аз жаргалын үндэс нь хайр, энэрэл нигүүлсэл бөгөөд бид үүнийг хамгийн түрүүнд өөрсдийн ээжээсээ мэдэрдэг учир аливаа нэг шашны үйлтэй хамаагүй гэдгийг Дээрхийн Гэгээнтэн онцоллоо. Тиймээс хайр ба энэрэл нигүүлслийн ач тусыг шашнаас ангид хүртэх боломжтой гэдэгт итгэлтэй байгаагаа тэрээр нэмж айлдлаа. Эцсийн эцэст бид бүгдээрээ өөрсдийн амьдарч буй нийгэм ба хүрээллээ хамгаалахыг зорьсон нийгмийн амьтад билээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам асуултанд хариулж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2021.01.05. Зургийг Тэнзин Жампел.

Сөрөг сэтгэл мэдрэмжүүдийг хэрхэн тэвчих талаар асуухад Дээрхийн Гэгээнтэн шунал, уур ба үзэн ядах сэтгэл хүчтэй төрөх үед эдгээрийг анзааран тэвчих нь нэг тусдаа хэрэг, бас эдгээр сэтгэлүүд нь далд байдалтай үед үүнийг хэрхэн багасгаж улмаар арилгах нь арай өөр, ялгаатай болохыг тайлбарлаад аль ч нөхцөлд зөөлөн сэтгэл, хайр, улмаар бодь сэтгэлийг бодож дадуулж байвал эдгээр сэтгэлүүдийг багасгахад их тустай гэж зөвлөв.

Буян ба билиг билгүүний чуулганыг хураахын тухайд Дээрхийн Гэгээнтэн бурханы дүрст ба номын лагшингийн ялгаатай уялдуулан тайлбарлалаа. Буяны чуулганы үрээр гардаг бурханы дүрст лагшин нь амьтны тусын тулд бүтдэг учиртай. Мөн үүний зэрэгцээ буян их хураахын хэрээр хоосон чанарыг илүү сайн ойлгох чадамжийг олно. Харин хоосон чанарын ойлголт сайжрахын хэрээр бурханы хутгийг олох нь үнэхээр боломжтой юм байна гэдэг итгэл үнэмшил хүчтэй төрөх юм. Иймээс ч буян ба билиг билгүүн нь бие биенийгээ нөхдөг жамтай.  Дээрхийн Гэгээнтэн “Билгүүний зүрхэн” судрын дөрөв, тав ба зургаадугаар бадгуудыг уншсаны дараа өнөөдөр номын айлдварыг үүгээр зогсоогоод маргааш үргэлжлүүлнэ гэлээ.   

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт