Энэтхэг, ХП, Дармасала - Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын номын айлдварын хоёр дахь өдөр Вен Жин Ок ‘Билгүүний зүрхэн’ судрыг Солонгос хэлээр уншиж нээлээ. Дээрхийн Гэгээнтэн, “Өнөөдөр бид Азид санскрит уламжлалыг дагагчдын ихэнхи нь уншдаг энэхүү судрын тайлбарыг үргэлжлүүлэх болно” гэв.
“Бурхан Багш анхдугаар номын хүрдэнд зовлонг таньж мэдэх хэрэгтэй, мунхагийг арилгах ёстой бөгөөд хорихуйн мөр буюу жинхэнэ гэгээрэл нь гэгээрэх зам мөрийг хөгжүүлснээр бодит зүйл болох ёстой хэмээн тодорхой айлдсан билээ. Сэтгэлийн жинхэнэ мөн чанар нь цэвэр тунгалаг бөгөөд ухамсарлах чанар юм. Харин сэтгэлийн буртаг нь түр зуурын учраас тэдгээрийг оюун ухаанаасаа арилгаж болно. Наландагийн мэргэдүүд гэгээрэлд хүрэх боломж бидэнд байгалиас заяасан гэж сургасан билээ. Сэтгэлийн үндсэн мөн чанарыг таних боломжтой. Нисванист муу сэтгэлийг арилгахын хэрээр арван хүч гэх мэт эрдмүүд бий болж эхэлдэг.”
“Бид дацан хийдүүд болон сургалтын төвүүддээ хутагт Нагаржуна, ловон Чандракиртигийн учир шалтгаан, логикийн үндсэн дээр зохиосон бүтээлүүдийг судалдаг. Ловон Чандракирти зарим хүмүүс хоосон чанарын талаархи гүн гүнзгий үзэл баримтлалыг ухаарах боломжтой гэж үзсэн юм.”
“Сэтгэл төдийтөн ба төв үзлийн онол бол буддын шашны гүн ухааны хоёр үндсэн сургалт билээ. Сэтгэл төдийтний онол нь субъект ба объектын хооронд хоёрдмол байдал байхгүй гэж үздэг. Харин төв үзлийн онолоор аливаа зүйлс бие даан орших боломжгүй гэж баталдаг. Ловон Чандракиртигийн төлөөлж байсан төв үзлийн учир шалтгааныг баримтлагчид аливаа зүйл бодитой, эсвэл өөрийн мөн чанартай оршдог өчүүхэн зүйл байгаа гэж үзвэл дөрвөн логиктой зөрчилдөнө гэж тайлбарласан юм.”
“Хэрэв юмс ямар нэгэн байдлаар өөрийн мөн чанараар оршдог байсан бол тэр бүгд судалгаагаар олдох болно. Гэвч бидний эргэн тойронд байгаа янз бүрийн дүрс, дуу чимээ, үнэр нь өөр өөрийн талаасаа бидэнд мэдрэгдэж байгаа боловч тэрхүү зүйлс нь бодит байдлаар оршин тогтнож байгааг олох боломжгүй. Бидний бие махбодь болон Бурханы лагшинг ч олох боломжгүй.”
"Дүрс нь хоосон бөгөөд түүнийг нягтлан судлаад олох боломжгүй байна. Гэхдээ энэ нь байхгүй гэсэн үг үү гэвэл тийм биш ээ. Дүрс нь бусад хүчин зүйлээс хамааралтай байдаг. Би өчигдөр Хутагт Нагаржунайн ‘Шүтэн барилдаж үүссэн юмс нь хоосон чанартай байх болно” хэмээснийг эш татсан билээ. Шүтэн барилдлагын тодорхойлолт нь төв үзлийн онол юм. Дүрс гэх мэт зүйлс оршин тогтнодог бөгөөд бидэнд нөлөөлдөг тул бид тэдгээрийг оршдог гэж хэлдэг, гэвч өөрсдийн мөн чанараараа оршдоггүй.”
“Бодь сэтгэлийг сэрээдэг оюун ухаан, хамаг амьтны тусын тулд Бурхан болохыг зорьж буй зоригтой зүрх сэтгэл бол гайхалтай. Энэ нь өөрийгөө эрхэмлэн дээдлэх хандлагыг сөрөхийн зэрэгцээ хувь хүн болон юмс үзэгдлийн талаарх буруу ойлголтыг няцаахад хүчтэй нөлөө үзүүлдэг. Хэрэв та сайхан сэтгэлтэй бол таны сэтгэл санаа цэвэр ариун байх болно. Тааламжгүй нөхцөл байдал нь таатай нөхцөл болж өөрчлөгдөх болно.”
“Бодь сэтгэл нь богино хугацаанд аз жаргал авчирч, урт хугацаанд гэгээрэлд хүргэнэ. Түүнийг хөгжүүлэх хамгийн мэргэн арга бол өөрийгөө болон бусдыг адил тэгш үзэж, өөрийн оронд бусдыг тавих ухаан юм. Үүний гол утга нь бусдын зовлонг өөр дээрээ үүрч, тэдэнд аз жаргалаа өгч байгаагаар төсөөлөх гэсэн үг юм.”
Шантидева гэгээн 'Бодьсадвын явдалд орохуй' бүтээлдээ энэхүү хүчирхэг дадлыг дараах байдлаар магтжээ.
Өөрийн жаргалыг бусдын зовлонгоор солиж үл чадваас бурханы хутаг олохыг бүү хэл орчлонд ч жаргах боломжгүй.
Дээрхийн Гэгээнтэн 'Билгүүний зүрхэн' судрын тарнид гэгээрлийн зам мөрд хэрхэн ахиц гардагийг үзүүлдэг талаар тайлбарлав.
Гадэ гадэ – одохтун, одохтун - бодьсадвын анхны туршлагаар олж авсан чуулганы мөр, мөн хоосон чанарын анхны ойлголттой холбоотой бэлтгэлийн буюу найруулгын мөрийг үзүүлж байна.
Барагадэ - цааш одохтун - хоосон чанарыг илтэд онож мэдэх анхны гүн гүнзгий ойлголт ба бодьсадвын анхдугаар газар буюу үзэхүйн мөрийг харуулдаг.
Барасамгадэ- улам бүр одохтун - бясалгалын (дадуулахуйн) мөр болон бодьсадвын дараа дараагийн газарт хүрэхийг харуулж байна.
Боди сууха – гэгээрлийг олох буюу үл суралцахуйн мөрийг олох, гэгээрлийн суурийг хатгах гэсэн утгатай.
Дээрхийн Гэгээнтэн Бурханы хутагт хүрэхийн тулд бид өдөр бүр өөртөө бодь сэтгэл ба хоосон чанарын тухай ойлголтыг дадуулах хэрэгтэйг давтан айлдлаа. Мөн маргааш бодь сэтгэлийг төрүүлэх зан үйл хийхээ мэдэгдэв.
Өнөөдрийн анхны асуулт тавьсан хүн бид бясалгалын явцад өөртөө илүү их хүлэгдэх тохиолдол гарч болох уу хэмээн асуув. Дээрхийн Гэгээнтэн өөрийгөө хайрлах нь төрөлхөөс байдаг гэж хариуллаа.Тэрээр Бурхан Багш өөрийгөө төгс гэгээрэлд хүрэх боломжтой гэж үзсэн тул гурван их галавт буяны болон билиг билгүүний чуулганыг хураасан гэв. Хутагт Асанга нь бусдад туслах аугаа хүсэлтэй байсан тул Майдар бурханыг удаан бясалгаж түүнтэй учирч, түүнээс ном сонссон билээ. Хутагт Асангагийн түүх бол зорилгодоо тууштай хандах нь эцэст нь хүссэн үр дүндээ хүрэх боломжтой гэдгийг нотлох түүх юм гэлээ.
Дээрхийн Гэгээнтэн буяны садан багшийн талаар Богд Зонховын ‘Их Бодь Мөрийн Зэрэг”-т айлдсанүгийг эш татан, бусдын муу сэтгэлийг номхруулах хүмүүс хамгийн түрүүнд өөрийн муу сэтгэлээ номхотгох хэрэгтэй гэж тайлбарлалаа. Багш хүн номхон дөлгөөн, ёс зүйтэй, төвлөрөл болон билиг билгүүний эрдэмд суралцаж, тэдгээрийг хэрэгжүүлсэн байх ёстой.
Тэрээр багшийн ачийг хариулахын тулд, ялангуяа тэд хамт байхаа больсон ч тэдний сургаалыг дагаж мөрдөх хэрэгтэйг онцоллоо. Багшийн сургаалыг эргэн санаж, эргэцүүлэн бодож, бясалгаж, зааж сургасан зүйлийг нь өөртөө шингээж авах хэрэгтэй.
Түүний сэтгэлийг онцгой хөдөлгөсөн урлагийн бүтээлүүд байна уу гэж асуусан уран бүтээлчийн асуултанд хамгийн гайхалтай гэж үзсэн зүйл нь цөмийн зэвсэг бөгөөд тэр нь маш хүчтэй хор хөнөөлтэй байна гэж хариуллаа. Тэрээр мөн нисэх онгоцны талаар дурдав. Урлаг, эсвэл технологийг шаардлагагүй гэж хэлэхгүй ч тэдгээрийн үнэ цэнэ нь хэрхэн ашиглахаас хамаарна. Хэрэв урлаг, технологийг бусдыг устгахад ашигладаг бол энэ нь үнэхээр харамсалтай. Хэрэв бүтээлч сэтгэлгээ нь сөрөг сэтгэлээр хөтлөгдвөл үр дүн нь тусгүй байх болно.
Дээрхийн Гэгээнтэн цааш нь үргэлжлүүлэн айлдахдаа бидний хүсч буй зүйл бол хайр энэрэл юм гэдгийг тайлбарласан юм. Тиймээс урлаг нь хүмүүсийг бие биедээ сайхан сэтгэл, хайр энэрлийг өгөх урам зоригийг өгч байвал сайн байна. Бид бүгдээрээ бусдын сайхан сэтгэлийн ачаар амьд үлддэг учраас урлагийн бүтээлүүд биднийг эелдэг, энэрэнгүй байхад урам зориг хайрлавал маш сайн байх болно гэлээ.
Дээрхийн Гэгээнтэн бясалгалд хандах өөр өөр арга барилын талаар тайлбарлахдаа оюун ухааныг зүгээр хорьж, ямарч зүйлийг бодохгүй суух нь сөрөг сэтгэл хөдлөлийг арилгахад тус болохгүй гэж зөвлөв. Биднийг алдаа хийхэд хүргэдэг зүйл бол өөрийгөө эрхэмлэн дээдэлдэг хандлага, юмс үзэгдлийн дотоод оршихуйг буруу ойлгох явдал тул бид бодит байдлын талаар тодорхой ойлголттой болж, бусдын төлөө санаа тавьж сурах хэрэгтэй. Дан ганц төвлөрлийн болон мэдлэггүй бясалгал нь эдгээр зорилгыг биелүүлэхгүй гэж онцоллоо. Тэрээр бодь сэтгэлийг төрүүлэх, бодит байдлын талаархи ойлголтыг хөгжүүлэхийн ач холбогдлыг давтан тайлбарлав.
Дээрхийн Гэгээнтэн "Маргааш дахин уулзацгаая" хэмээгээд энэ өдрийн номын айлдвараа өндөрлөв.