Энэтхэг, ХП, Дармасала - Өнөө өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Билгүүний зүрхэн” судрыг уншин, мандал өргөх ёслолын ажиллагаа дууссаны дараа айлдвараа айлдаж эхлэв.
“Өнөөдрийн энэхүү цахим номын айлдвар нь Монгол улсад байгаа хүмүүст зориулагдсан болно. Миний тайлбарлах ном бол Богд Зонховын ‘Мөрийн гурван эрхэм” ном юм. Энэ ном нь Зүүн Төвөдийн Гялронд амьдарч байсан түүний ойрын шавь Цахо нутгийн ноён Агваан Дагвын хүсэлтийн дагуу бичигдсэн билээ.”
“Хэрэв энэхүү номонд гарч буй увидсыг сайтар дагаж мөрдвөл Богд Зонхов бээр бурханы хутагийг олоод дээдийн номын анхны рашааныг түүнд хүртээх болно гэж шавь Агваан Дагвад айлдсан байна. Номын сүүлчийн шүлэгт ‘Ашдын хэргээ түргэн бүтээхтүн, Хүү минь’ гэдэг нь хэдий түүнд зориулсан ч гэлээ бид бүгд багтаж буй гэдгийг санаарай.”
“Би Богд Зонховтой нэг муж нутагт төрсөн учир надад их дотно санагддаг.”
“Бурхад бусдын нүглийг усаар угаадаггүй, амьтдын зовлонг мутраараа арилгадаггүй, өөрсдийн эрдмийг бусдад юүлдэггүйг санахыг зөвлөсний дагуу бид дадлага хийх ёстой. Тэд үнэнийг заах замаар л бусдыг гэгээрэлд хүргэдэг.”
“Мөн Бурхан Багш "Та өөрөө өөрийнхөө аврал мөн" гэж айлдсан билээ. Үүний дагуу бид нэгэн зүйл дээр төвлөрөх бясалгалыг хөгжүүлж, ажиглан шинжлэх бясалгалд суралцан тэдгээрийг дадлага болгоход суралцах ёстой.”
“Богд Зонховын арван найман боть зохиолууд бий. Бид тэдгээрийг уншиж, гарч буй зүйлсийг бодож, ойлгосон зүйлээ эргэцүүлэх хэрэгтэй. Түүний арван найман боть зохиолын эх сурвалжууд нь хутагт Нагаржуна, ловон Чандракирти нарын "Төвд орохуй" ба "Төвд орохуйн өөрийн тайлбар” ном бөгөөд би завтай үедээ байнга уншдаг. Бодь сэтгэлийг төрүүлэх тал дээр би ловон Шантидевагийн 'Бодьсадвын явдалд орохуй' хэмээх гайхамшигт номыг гарын авлага болгодог юм.”
"Би өглөө сэрсэн даруйдаа бодь сэтгэлийг бясалган, "Төвд орохуй" номыг уншдаг. Жорбон ринбочэ багш маань “Хэрэв та Богд Зонховын төв үзлийн талаарх 'Ухааны далай', 'Таалалыг машид тодруулагч', ‘Их бодь мөрийн зэргийн үлэмж үзэхүй’, ‘Дунд бодь мөрийн зэргийн үлэмж үзэхүй’, ‘Сайтар номлолын шим' гэх таван номыг уншиж судалбал хоосон чанарын тухай ойлголтыг олж авах болно. Гэхдээ энэ нь зөвхөн нэг удаа унших асуудал биш ээ. Тэдгээрийг ахин дахин унших хэрэгтэй. Ингэснээр та итгэл үнэмшилтэй болох болно.” гэж айлдаж билээ.”
“Төв үзэл ба бодь сэтгэлийн талаархи миний эргэцүүлэл бол зөвхөн оюун санааны дасгал биш бөгөөд надад сэтгэлийн амар амгаланг авчирдаг. Би Богд Зонховын чин сэтгэлээсээ дадлага хий гэсэн сургаалд үнэнч буй гэдгээ мэдэрдэг.”
Дээрхийн Гэгээнтэн “Мөрийн гурван эрхэм” номыг уншиж эхлээд үндсэн гурван зүйл болох магад гарах сэтгэл, бодь сэтгэл, хоосон чанарын зөв ойлголтыг тайлбарлалаа.
Ном нь эхлээд багш нарт мөргөл үйлдсэн ба ‘Бурханы бүх сургаалын гол утгыг би өөрийн чадлаараа тайлбарлах болно’ хэмээн дарууханаар амлалт өгч байгааг гаргажээ. Мөн хүлээн авагч шавь нарт уг сургаалыг сонсохыг уриалсан байна.
Бурханы эрхэм зарлиг бүхний шим утга,
Бодьсадва дээдэс нарын сайшаасан мөр,
Хувьт гэтлэхийг хүсэгчдийн орох оломыг
Хэр чадлаар би номлосугай
Сансарын амгаланд үл тачааж,
Чөлөө, учралын хэргийг гаргахад хичээснээр
Бурханыг баясгах мөрд сэтгэл итгэсэн
Хувьтан бүгд тунгалаг сэтгэлээр сонсохтун
Магад гарах буюу нирвааны гэгээрэлд хүрэх гэсэн жинхэнэ зориг үгүй бол орчлонгийн жаргалд ташуурсаар байх тул зовлонгоос гэтлэх ямар ч арга байхгүй. Зовлон бүхэн үйл ба нисваанисаас үүдэлтэй. Тэдгээр нь мунхагийн үндэс суурьтай байдаг. Тиймээс орчлонгоос магад гарах буюу зовлонгоос гэтлэн гарахыг хүссэн шийдвэрийг эрэлхийлэх хэрэгтэй.
Асар ариун магад гарахуй үгүйгээр сансарын далайн
Амгалангийн үрийг хүсэвч амирлах арга үгүй
Орчлонд шунаснаар амьтан бүгд
Огоот хүлэгдсэн тул магад гарахуйг эхэнд эрэхтүн
Гурав, дөрөв, тав дахь шүлэгт магад гарах шийдвэр гаргах болсон шалтгаан, түүнийг хэрхэн хөгжүүлэх, хэрхэн хэрэгжүүлэх арга хэмжээ зэргийг айлдсан байна. Дараа нь бодь сэтгэлийг төрүүлэх оюун ухааныг хөгжүүлэх шаардлагатай бөгөөд үүнгүйгээр бид Бурханы хутагт хүрч чадахгүй.
Магад гарахуй нь нэн ариун бодь сэтгэлээр
Машид эс эзлэгдвээс ханьцашгүй бодийн
Хотол чуулсан амгалангийн уг үл болох тул
Оюун төгөлдөрүүд бодийн дээд сэтгэлийг үүсгэ
Долоодугаар шүлэгт төрөх, хөгшрөх, өвдөх, үхэх гэсэн дөрвөн хүчит голын урсгалд хамаг амьтад хэрхэн эргэлдэн урсаж байгааг дүрслэн магад гарах арга замыг тодорхойлжээ. Тэднийг үйлийн хүчтэй хүлээсээр хүлсэн тул буцаахад хэцүү гэдгийг айлдсан байна. Тэд мунхагийн харанхуйгаар бүхэлдээ бүрхэгдэн, ‘би’-д баримтлахуйн төмөр торонд хашигдсан байгааг мөн айлджээ.
Хүчирхүй бэрх дөрвөн мөрөний урсгалд автаж,
Тайлахуй бэрх үйлийн хүлээсээр чанга хүлэгдэж,
Басхүү би-д барихуйн төмөр торонд хоригдоод
Балар мунхагийн түнэр харанхуй бүрхсэн
Хязгаар үгүйеэ сансарын төрлөөс төрөлд
Тасралт үгүйеэ гурван зовлонд нэрвэгдэх
Энэ мэт энэлсэн эхүүдийн мөн чанарыг
Эгнэгт санан сэтгэлийн дээдийг үүсгэхтүн
Бүх амьтад таны эх болж явсан нь олонтаа бөгөөд гурван зовлонд үргэлж нэрвэгдэн хязгааргүй сансарт ахин дахин төрөн зовж буй билээ. Тэднийг бодон гэгээрэх сэтгэлийг төрүүлэхийг хүссэн байна.
Долоо, найм дахь шүлгүүд нь бодь сэтгэлийг хэрхэн төрүүлэхийг үзүүлж буй боловч Дээрхийн Гэгээнтэн харин үүнийг өөр дээрээ бодон бясалгаж магад гарах шийдвэрээ бататгах дуртай хэмээн айлдлаа.
Тэрбээр бодь сэтгэл төрүүлэхэд уг үрийн долоон шалтгаан ба өөрийгөө бусдаар солих гэсэн хоёр арга байгааг тэмдэглэв. Эдгээрээс сүүлийн арга нь илүү хүчтэй болохыг тодруулаад ловон Шантидевагийн сургаалиас эш татлаа.
“Өөрийн жаргалыг бусдын зовлонгоор үнэнхүү эс соливоос Бурханы хутагийг олж үл чадах ба орчлонд ч жаргалгүй.”
Ес дэх шүлгийн гол утга нь хэдийгээр та магад гарах ба бодь сэтгэлийг төрүүлсэн ч хоосон чанарыг ухаарах билиг оюунгүйгээр сансарын хүрдний үндсийг таслах боломжгүй тул шүтэн барилдлагын ухаанд суралцах шаардлагатайг харуулсан байна.
Орших ёсыг оносон билгүүн үгүй бол
Магад гарах ба бодь сэтгэлийг дадуулсан ч
Орчлонгийн үндсийг таслаж үл чадах тул
Онож шүтэн барилдлагыг мэдэхүйн аргад шамд
“Хутагт Аряадева "Дөрвөн зуут" номондоо биеийн мэдрэхүй бие бүхэлд нь түгдэгтэй адил бодит үнэний талаарх мэдлэггүй мунхаг нь бүх нисваанист түгсэн байдгийг тайлбарласан юм. Тиймээс мунхагийг арилгаж чадвал бүхий л нисваанис арилна. Аливаа зүйл өөрийн мөн чанарөөр оршиж байгаа мэт харагддаг. Жишээлбэл бид өөрсдийгөө зөвхөн нэрийн төдийд оршиж байна гэж боддоггүй шүү дээ. Нарийн ухамсарыг хүн гэж нотлодог зарим философийн уламжлалууд бий. Гэвч прасангика үзэл үүнийг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй гэж үздэг.”
Дээрхийн Гэгээнтэн ловон Чандракиртигийн ‘Төвд орохуй’ номын зургаа дахь бүлгээс эш татлаа.
Хэрэв юмс үзэгдэл өөрийн мөн чанараар бүтэх аваас
Түүнийг үгүйсгэснээр юмс үзэгдлийг эвдэхтэй адил болно
Хэрэв тийм бол хоосон чанар үзэгдлийг эвдэх шалтгаан болно
Энэ нь зохисгүй учир аливаа бодит оршихуй гэж үгүй
“Хэрэв юмс үэгдэлд өөрийн мөн чанараар бүтэх өчүүхэн нэг зүйл байвал түүнийг хутагтын оюун ухаан олох ёстой атал олдоггүй. Тиймээс хутагтын билиг оюун нь юмсыг үгүй хийгч болох алдаа гарах юм. Ингэснээр тэрхүү билиг оюун бодит юмсийг устгагч болно. Түүнчлэн юмс үзэгдэл мөн чанараар бүтсэн бол задлан шинжлэх буюу учир шалтгааны ухаанаар шалгавал батлагдах болно. Хэрэв та аливаа зүйлс хэрхэн оршин байгаа талаар эцсийн дүн шинжилгээ хийвэл тухайн юмсыг илэрхийлэх жинхэнэ дүр төрхийг олж чадахгүй. Тиймээс энэ бүгдийн эцэст юмс зөвхөн нэрийн төдийд л оршдог гэж дүгнэх болно.”
Эдгээр дээр нэмж Чандракирти 'Төвд орохуйн өөрийн тайлбар’-т судраас эш татан, аливаа юмсын бодит оршихуйг баталбал Бурхан Багшийн юмс үзэгдэл нь өөрийн мөн чанаргүй гэж айлдсан нь худал болоход хүрнэ гэдгийг тайлбарласан байна.
Бүх үзэгдлийн үнэн шалтгааныг ойлгож, буруу ойлголтыг няцаагч тэр хүн Бурханы таалалд нийцсэн зам мөрд оржээ. Аливаа зүйл бусадтай гарцаагүй шүтэн барилдсан учир өөрийн мөн чанар нь хоосон байдаг. Тиймээс энэ хоёр ойлголтыг тус тусад нь салгавал Бурхан Багшийн эцсийн таалалыг ухаараагүй байна гэсэн үг. Энэ хоёр ойлголтыг нэгтгэж, шүтэн барилдаж гарахуйн үүднээс юмс үзэгдлийн мөн чанар хоосон чанарыг ухаарах хэрэгтэй.
Хэзээ нэгэнтээ сөөлжих үгүйгээр нэгэн зэрэг
Хуурмаггүй шүтэн барилдлагыг үзсэн төдийд
Магад мэдлийн орны баригдах бүгдийг эвдэвээс
Магадтайяа тэр л цагт үзлийн нягтлал гүйцнэ
“Хоосон чанартай байна гэдэг нь тэнд юу ч үгүй гэсэн үг биш ээ. Аливаа зүйлсийн уг чанар нь бидэнд хэрхэн харагдаж байгаагаас өөр, хоосон чанартай байдаг. Тэдгээр нь харилцан хамааралтай тул бие даасан оршихуй гэж үгүй.”
"Богд Зонховын төгсгөлд нь айлдсан "Аглагыг шүтэж, хүчин чармайлт гарган эцсийн зорилгодоо хурдан хүр, Хүү минь" гэсэн сүүлийн зөвлөгөө нь бидэнд бас хамаатай. “Дүшидийн орны зуун тэнгэр – Ганданлхавжа номыг унших үедээ үүнийг давхар бодох хэрэгтэй.”
“Монголын лам хуврагууд том дацан хийдүүдэд амжилттай сайн сурч байна. Суралцах зорилго нь сурч мэдсэн зүйлээ өөртөө хэрэгжүүлж, бусдад ч үр шимийг нь хүртээх юм гэдгийг байнга санаж яваарай.”
“Хэрэв боломж гарвал Өвөр Монголчуудад туслаарай. Урьд өмнө Өвөр Монголд буддын сургаал хүчтэй дэлгэрсэн байсан билээ. Миний чойрын багш нарын нэг Ойдов Цогни Өвөр Монгол хүн учир би Өвөр Монголтой холбоотой. Тэрээр надад чойрын ном заасан бөгөөд төв үзлийг бишрэн, сонирхдог минь түүний ач билээ.”
“Их дацангуудад сурч байгаа лам хуврагууд сайн сурч байна. Үүнийг үргэлжлүүлэхийг уриалж байна. Маш их бэрхшээлтэй байсан ч бид мянга гаруй жилийн турш уламжлалаа хадгалсаар ирсэн билээ. Бидний хадгалсан Наландагийн уламжлал бол бидний соёл, танин мэдэхүйн гол цөм юм. Шинжлэх ухааны эрдэмтэд бидний мэддэг зүйлийг сонирхож байна. Бид хоцрогдсон гэж бодох ёсгүй. Хүмүүс дэлхийн энх тайвны тухай ярьдаг ч эхлээд оюун санааны амар амгаланг олж авахгүйгээр амжилтанд хүрэх боломжгүй. Та нар чадах бүхнээ хийсээр л байгаарай.”
Дээрхийн Гэгээнтэн оролцогчдын асуултанд хариулахдаа залбирах, тарни унших, мөргөх, гороолох мөн суварга босгох зэрэг нь гэм нүглийг ариусгаж, буян хураах арга зам мөн гэв. Гэвч энэ бүгдийг буддын гүн ухааны өргөн мэдлэг дээр үндэслэн хийхийг уриаллаа.
Тэрбээр Бурханы сургаал гэр бүлийн амьдрал, хүүхдийн хүмүүжилд эерэгээр нөлөөлж чадна гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийллээ. Практик талаас нь авч үзвэл ловон Шантидевагийн ‘Бодьсадвын явдалд орохуй’ номыг уншихад хялбар байдаг. Ялангуяа зургаа ба наймдугаар бүлэгт уурлахгүй, хэрхэн эелдэг байхыг зөвлөсөн байгаа тул эдгээрийг сайн уншиж судлах хэрэгтэй гэж зөвлөв. ‘Бодьсадвын явдалд орохуй’-д,
Ертөнцийн зовлон бүгд өөрийгөө жаргаах хүслээс гарна
Ертөнцийн жаргал бусдыг жаргуулах сэтгэлээс төрна
Дараагийн асуултанд хариулахдаа Дээрхийн Гэгээнтэн эрт дээр үед ард түмнийг хаад, хатад захирч байсныг дурдав.
“Анги, каст, нийгмийн байдлын ялгаа урьд өмнө их байсан. Өнөө үед ардчилал улам бүр өргөн тархаж байна. Хүмүүс тэгш эрхтэй байх үед бусдын сайн сайхны төлөө санаа тавих илүү их боломж гардаг.”
Дээрхийн Гэгээнтнийг урт наслахыг бэлэгдсэн залбирал уншиж байх үед тэрээр бодь сэтгэлийн санваар өгөхөөр хүсч байснаа санав. Тэр даруй оролцогчдыг өөрийн өмнө Бурхан Багш, мөн Энэтхэг, Төвөд, Монголын их багш, дээдсүүд хүрээлүүлэн заларч байгаагаар төсөөлж, өөрийг нь Бурхан Багшийн төлөөлөгч байна гэж бясалгахыг айлдлаа. Дараа нь бодь сэтгэлийг төрүүлэх уншлага уншсан юм.
Баянхонгор аймгийн залуус уламжлалт хөгжимтэй ‘Ум мани бадмэ хум’ маани хөгжөөлөө.
‘Ламын гэгээн Монгол Сүнчой’ ТББ-ын тэргүүн Н. Түвшинтөр Дээрхийн Гэгээнтэнд талархал илэрхийлэв. Түүнчлэн Гандантэгчэнлин хийдийн хамт олон, тус ажлыг зохион байгуулахад хувь нэмэр оруулсан бүх хүмүүст талархал илэрхийлэв. Тэрээр төгсгөлд нь,
“Дээрхийн Гэгээн Далай багш таны өлмийн лянхуа 100 галавт батжин, нийт Монголын ард түмнийг авралдаа багтааж, Монгол орноо ахин дахин залрах болтугай.” хэмээх ерөөл өргөлөө.
Номын айлдвар өндөрлөхөд Дээрхийн Гэгээнтэн хариу талархал илэрхийлж, гараа даллаж байлаа.