Энэтхэг, ХП, Дарамсала,Тэгчин Чойлин - Өнөө өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам суудалдаа заларсныхаа дараа,
“Өнөөдөр би Их энэрэлт, Жинасагара/Жалважамц бурханы авшиг хүртээнэ. 1000 мутарт Жанрайсиг бурхан нь үйлийн дандрын аймагт багтдаг бол энэхүү Жинасагара бурхан нь ханьцашгүй дандрын ёсонд багтдаг. Судрын ёс нь сэтгэлийн тухай номлодог бол ханьцашгүй дандрын ёсонд сэтгэлийн машид нарийн чанарыг тайларладаг.” хэмээгээд өнөөдрийн айлдвараа эхлэв.
"Машид нарийн сэтгэл нь хүнийг тодорхойлох гол үндэс болох угийн (төрөлхийн), гэгээн гэрлийн сэтгэл гэж үздэг. Ханьцашгүй дандрын ёсонд тэрхүү гэгээн гэрлийн сэтгэл нь аливаа объектив, бие даасан оршихуйгаасаа хоосон чанартай гэж үздэг. Энэ нь гурван шингэлт явагдсаны дараа бодитой болдог юм.”
“Дандрын ёсонд бид “Ум сумбава шудда сарва дарма сумбава шудда хам” тарнийг уншин хоосон чанарыг бясалгадаг. Ханьцашгүй дандрын ёсонд машид нарийн сэтгэл, угийн гэгээн гэрлийн сэтгэлийг жинхэнэ үнэний лагшин гэж үздэг. Энэ сэтгэл нь бие даасан оршихуйгаас ангид оршихуйн чанартай. Бид энэхүү угийн гэгээн гэрлийн сэтгэл гэж юу байдгийг ойлгож, бясалгалдаа ашиглах ёстой. Бүдүүн бие, хий гэх мэт бусад бүх элементүүд хураагдаж, гурван шингэлт явагдсаны дараа зөвхөн угийн гэгээн гэрлийн сэтгэл л үлддэг."
"Хэрэв та хоосон чанарын талаар тодорхой ойлголттой бол энэхүү угийн гэгээн гэрлийн нарийн сэтгэлийг гүн бясалгалдаа ашиглах боломжтой. Өөрийн гэгээн гэрлийн сэтгэлийг таньж сурахын тулд та нойрсох үедээ оюун ухаанаа ашиглах боломжтой юм. Таныг нойрсох явцад бүдүүн сэтгэл хураагддаг. Энэ нь бясалгалын өндөр түвшинд хамаарахгүй. Гүн нойрсох тусам сэтгэл улам нарийн болж, хураагдах үйл явцыг туулдаг. Нойрсох үед угийн гэгээн гэрлийн сэтгэл илэрдэг бөгөөд та үүнийг хоосон чанарыг бясалгахад ашиглаж болно.”
"Энэ гайхалтай сонсогдож магадгүй ч бид огт байхгүй зүйлийн талаар яриагүй байна. Бид гэгээн гэрлийн сэтгэлийн тухай ярьж байгаа бөгөөд энэхүү угийн гэгээн гэрлийн нарийн сэтгэлээс сэтгэл оюун үүсдэг. Бидний аяндаа үүссэн гэгээн гэрлийн сэтгэл, бурханы таалал хоёрт мөн чанарын ялгаа байхгүй.
"Бид сэрүүн байхдаа энэ нарийн сэтгэлийг ажиллуулж чадахгүй, учир нь бид бүдүүн сэтгэлд сатаарсан байдаг. Таныг тарнийн бясалгал хийх үед сэтгэлийн бүх зовлон зүдгүүр, хорт сэтгэл хөдлөл зэрэг зүйлүүд нь олдмол (тохиолдлын) зүйлс гэдэг нь харагдана. Гэгээн гэрлийн сэтгэл ийм бүдүүн сэтгэлийн төлөв байдлаас ангид байдаг. Гэгээн гэрлийн сэтгэл нь гэгээрэлд хүрдэг зүйл юм."
Дээрхийн Гэгээнтэн өнөөдөр хүртээх гэж буй Жинасагара/Жалважамц бурханы авшиг нь ханьцашгүй дандрын ёсонд хамаарна гэж давтан айлдлаа. Энэ нь бумбын, нууцын, билгүүний, үгийн авшиг гэх дөрвөн авшиг байдгийг тайлбарлав.
Тэрбээр оролцогчдоос урд шөнийн зүүдээ манахыг хүссэнийг санууллаа. Хэрэв зүүдэндээ бурханыг харсан бол энэ нь сайны шинж, хаа нэгтээ авирах нь эерэг зүүд гэж тооцогддог, харин доош уруудаж буйгаар зүүдлэхийг таатай зүүд гэж үздэггүй.
“Ерөнхийдөө, хэрэв та аз жаргалтайгаар сэрвэл сайн. Мөн бидний таамаглаж буй муу зүүдийг засах боломжтой.”
Дээрхийн Гэгээнтэн өчигдөр бэлтгэл зан үйл үйлдэж, өнөөдөр жинхэнэ авшигийг хүртээж байгаадаа баяртай байна гэлээ. Тэрбээр Төвөдийн ард түмэн Жанрайсиг бурхантай Соронзон Гамбу хааны үеэс онцгой холбоотой байсныг дурдлаа.
Хожим нь Тисрон Дэзэн хаан бясалгал хийх нь учир шалтгааны үндсэн дээр суралцахаас илүү чухал бөгөөд үр дүнтэй арга гэж үздэг Хятадын лам нарын үзэл санааг сорьж үзэхийн тулд Шантаракшитагийн шавь Гамалашилаг Төвөдөд урьсан юм. Шантаракшита, Гамалашила нарын нарийн нягт, учир шалтгааны үндэслэлтэй арга барил нь Төвөдийн ард түмэнд илүү тохиромжтой гэж хаан дүгнэсэн байна. Тэрээр тэдгээр Хятадын лам нарыг хүндэтгэж байгаагаа илэрхийлсэн ч тэднийг Төвөдөд үлдэх шаардлагагүй гэж үзжээ.
Дээрхийн Гэгээнтэн Төвөдүүд Жанрайсиг бурхантай онцгой холбоотой байдаг бөгөөд энэ нь 6 үет маанийн тарнийг үргэлж уншин, хамаг амьтдад энэрэнгүй сэтгэлээр хандаж, жижигхэн хорхой шавжийн амийг ч таслахаас болгоомжилж байдгаар илэрхийлэгддэг хэмээн айлдав.
Дээрхийн Гэгээнтэн авшиг өгч эхлэхдээ оролцогчдыг бодь сэтгэл буюу хамаг амьтны тусын тулд ерөөхүйн бодь сэтгэл бясалгахын чухлыг онцлон тэмдэглэв. Тэрбээр өглөө сэрсэн даруйдаа бодь сэтгэлийг бясалгадаг бөгөөд үүнийг бясалгахын тулд Жанрайсиг бурханыг урин залж бясалгадаг гэлээ. Бодь сэтгэлийн гол мөрдөх зүйл нь хэнд ч хор хөнөөл учруулахгүй байх, зөвхөн туслах явдал юм гэв.
Тэрбээр Шантидева гэгээний “Бодьсадвын явдалд орохуй” сургаалийн гол шүлгүүдээс эш татав.
Ертөнцөд эдэлж буй зовлон бүхэн амин хувиа хичээснээс үүдэлтэй
Ертөнцөд эдэлж буй жаргал бүхэн бусдын тусыг хийснээс гарна
Олон зүйлийг ярих хэрэг юун
Гэгээрсэн бурхадууд бусдын тусыг хийсэн
Эгэл нялхасууд амин хувиа хичээсний ялгааг хар.
Дээрхийн Гэгээнтэн оролцогчдыг өнөөдрөөс эхлэн бусдад ямар ч хор хөнөөл учруулахгүй, харин зөвхөн туслана гэж амлахыг уриаллаа.
“Миний бясалгалын гол зүйл нь бодь сэтгэл бөгөөд энэ нь надад амар амгаланг авчирдаг. Бодь сэтгэл нь өөрийн болон бусдын төлөө гэсэн сэтгэл бөгөөд аз жаргал, амар амгалангийн үндэс юм. Үүний нэгэн адил олон хүн тайван, энэрэнгүй сэтгэлийг мэдрэх үед л дэлхий дахинд амар амгалан бий болох болно."
Дээрхийн Гэгээнтэн бүхэн егүзэр бодь сэтгэлийн бясалгалыг удирдан явуулав. Тэрбээр эхлээд бодь сэтгэлийг бясалган бодох, энэ бодлыг зүрх сэтгэлдээ саран дэвсгэр болж буйгаар бясалгахыг тайлбарлав. Дараа нь хоосон чанарыг бясалгаж, энэхүү ойлголтыг саран дэвсгэр дээр буй цагаан очир хэмээн төсөөлөхийг хүслээ. Энэ бясалгалыг өдөр бүр дадлагжуулах шаардлагатайг тэрбээр онцолсон юм.
Тэрээр бодь сэтгэл болон тарнийн авшиг хүртээж, энэхүү дадлагыг нууц байлгахыг зөвлөв.
Тай Ситу ринбочэ Дээрхийн Гэгээнтнийг өнө удаан наслахын төлөө залбирал зохиосон бөгөөд хуулбарыг нь олон нийтэд тараалаа. Түүнийг уншиж байх үед Балбун болон Чанго нийгэмлэгийн гишүүд Дээрхийн Гэгээнтэнд товч Бат Оршил өргөлөө. Тэрбээр инээмсэглэж, гараа өргөн тэдэнд талархлаа илэрхийлэв.
Ёслолын үйл ажиллагаа "Үнэний үг"-ийн уншлагаар өндөрлөв.