Энэтхэг, ХП, Дарамсала – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хатагтай Роберта Мецолад захидал илгээж, Европын парламентын даргаар сонгогдсонд баяр хүргэв. Дээрхийн Гэгээнтэн өнгөрсөн хугацаанд Европын холбооны их хуралд зочилж байсан тухайгаа дурсаад өөрт нь болон Төвөдийн ард түмэнд дэмжлэг үзүүлсэнд талархаж байгаагаа илэрхийлэв.
Тэрээр Европын парламентын түүхэн дэх хамгийн залуу ерөнхийлөгч, гурав дахь эмэгтэй ерөнхийлөгчөөр томилогдсонд баяртай байна гээд, "Бусдын сайн сайхны төлөө чин сэтгэлээсээ санаа тавих тал дээр эмэгтэйчүүд эрчүүдээс илүү байдаг гэдэгт би итгэдэг. Тиймээс, эмэгтэйчүүд дэлхийг илүү тайван түвшинд хүргэхэд илүү сайн байр суурьтай байх нь зүйтэй." гэсэн байна.
Дээрхийн Гэгээнтэн Европын Холбоог магтахдаа "Энэ нь өөр өөр үндэстэн, ард түмнүүдийн хамтын ажиллагаа, энх тайвнаар зэрэгцэн орших урам зориг өгөх үлгэр жишээ болж, илүү сайн ойлголцол, нягт хамтын ажиллагаа хэрэгтэй гэдэгт бат итгэдэг над шиг хүмүүст гүн гүнзгий урам зориг өгч байна" гэжээ.
"Одоогоор дэлхий олон сорилттой тулгараад байгаа бөгөөд урт хугацааны алсын хараатай удирдагчид хэрэгтэй байна. Би хүмүүсийн ихэнх зөрчилдөөнийг нээлттэй, эвлэрлийн тууштай яриа хэлэлцээрээр шийдвэрлэж чадна гэдэгт итгэлтэй хэвээр байна."
Дээрхийн Гэгээнтэн Төвөдийн талаар ярихдаа, "Үнэндээ 1988 онд би Хятадын удирдлагатай Төвөдийн асуудлыг харилцан ашигтай байдлаар шийдвэрлэхийг албан ёсоор санал болгосон. Чухамдаа энэ санаагаараа би Европын парламентыг уулзах газар болгон ухамсартайгаар сонгосон юм. Жинхэнэ нэгдэл нь холбогдох бүх талуудад хангалттай ашиг тустай байх үед л сайн дурын үндсэн дээр бий болно гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна."
Төгсгөлд нь Дээрхийн Гэгээнтэн дахин мэндчилгээ дэвшүүлж, ажлын өндөр амжилт хүсжээ.