Энэтхэг, ХП, Дарамсала – Энэ өглөө Тайландын буддын шашны хэсэг лам нар Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг сэнтийндээ заларсны дараа пали хэлээр Мангала судрыг уншлаа. Дараа нь "Зүрхэн судар"-ыг хятад хэлээр уншсан ба төгсгөлд нь хятадын бурханы шашинтнууд уг номын төгсгөлд уншдаг ерөөлийн уншлагыг ч уншсан юм.
Нисваанисын гурван хорыг арилгах болтугай
Билгүүний гэрэл гэгээ бадрах болтугай
Саад бэрхшээлийг даван туулах болтугай
Бодьсадвын явдлаар замнах болтугай
Дээрхийн Гэгээнтэн хутагт Нагаржунайн “Билгүүний үндэс” номын төгсгөлд гардаг шүлгийг эш татан уншлаа.
Энэрэн нигүүлслийг ойр барьж,
Үзэл бүгдийг тэвчсэн ба
Дээдийн номыг үзүүлэн зохиогч
Гоудам дор мөргөмү
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам:
“Бид мунхагийн улмаас зовж шаналж байгаа тул бүх буруу үзлийг арилгаж, зөв үзэл онолыг хөгжүүлэх ёстой. Үүний тулд эхлээд суралцах, сурсан зүйлээ тунгаан бодох, ойлгосон зүйлээ өөрт дадлага болгох хэрэгтэй.”
“Хоосон чанарын талаар анх сонсоход надад сайхан санагдаж байсан ч “Билгүүний үндэс”, “Төвд орохуй” болон “Төвд орохуйн өөрийн тайлбар” номуудыг судалж, гүн гүнзгий ойлгож эхэлсний дараа л би итгэл үнэмшилтэй болсон юм.”
"Хэрвээ та анхааралтай бодож үзвэл аливаа зүйл өөрийн талаасаа орших боломжгүй гэдгийг ойлгох болно. Квантын физикчдийн ажигласнаар юмс харагдах байдлаараа оршдоггүй аж. Тэд ямар ч объектив оршихуй байхгүй гэж үзсэн байна.”
“Би багадаа л “Илт онохуйн чимэг”, “Төвд орохуй” номуудыг цээжилсэн юм. “Илт онохуйн чимэг” нь гол төлөв гэгээрлийн зам мөрийг харуулсан “арга”-ын талыг өгүүлдэг. Харин "Төвд орохуй" нь хоосон чанарыг ойлгох билиг оюуныг гаргасан “билиг”-ийн талыг үзүүлдэг юм. Буруу үзлийг дан ганц тарни унших, ерөөл тавих төдийгөөр арилгах боломжгүй, билиг оюунаар л үүнийг арилгах болно. Юмсын объектив оршихуйг үгүйсгэхийн тулд олон янзын арга ухааныг ашиглах ёстой.”
Дээрхийн Гэгээнтэн Бурхан Багш зургаан жил хатуу бясалгал хийсний эцэст зөвхөн төвлөрлийн бясалгалаар буруу үзлийг даван туулж чадахгүй гэдгийг олж мэдсэн гэж тайлбарлалаа.
“Хожим нь хутагт Нагаржуна тэргүүтэй багш нар түүний сургаалыг учир шалтгааны үүднээс судалсан бөгөөд эцэстээ юмс харагдаж байгаа шигээ байдаггүй гэдгийг тайлбарласан билээ. Тэдний мэдлэгээс Наландагийн уламжлал үүссэн бөгөөд энэ уламжлал өнөөг хүртэл хадгалагдан ирсэн юм.”
“Хүн төрөлхтөн бидэнд номыг судалж, түүнийг ойлгож, мэдэх боломж бий. Би бага байхдаа чухал номуудыг цээжилж, багш нарынхаа тайлбарыг сонсож, гүнзгий боддог байв. Энэтхэгт дүрвэн ирснийхээ дараа би сурч мэдсэн зүйлээ тунгаан бодох боломжтой болсон юм. Судалгаа, эргэцүүлэл, бясалгалаар л өөрчлөлт гардаг.”
“Би гэгээрлийн эрдмийг баттай олсон гэж хэлж чадахгүй ч миний хичээл зүтгэл намайг тайвшруулсан гэдэгт итгэлтэй байна. Би тайван амгалан байна. Хамгийн гол нь сэтгэл хөдлөлөө даван туулах буюу уур хилэн хэрхэн үүсч, түүнийг хэрхэн дарж болохыг судлах явдал юм. Хойд насны талаар бус, яг одоо сөрөг сэтгэл хөдлөлөө даван туулахад суралцах нь нэн чухал билээ.”
Юмс бодитой оршин тогтнохгүй гэсэн Бурхан Багшийн сургаалыг ойлгосноор бидний дотоод сэтгэлд өөрчлөлт бий болно. Бид бусдад хор хөнөөл учруулахгүй, тэдэнд туслахад суралцаж чадна, бусдыг энэрч хайрлаж чадна.”
Дээрхийн Гэгээнтэн “Төвд орохуй” болон “Төвд орохуйн өөрийн тайлбар” номыг уншиж эхэллээ. Энэ 2 номыг зохисон ловон Чандракирти бол хутагт Нагаржунайн тэргүүлэх шавь байсан гэдгийг тэрээр онцолсон юм. Дээрхийн Гэгээнтэн үндсэн шүлгийн аман дамжлагыг Лин ринбочэ, тайлбарын дамжлагыг Сажын кэмбу Гүнгаа Ванчүгээс хүртсэн гэдгээ мэдэгдлээ.
Тэрээр номын тайлбар дундаа ловон Чандракирти энэхүү шастирын эхэнд энэрэл нигүүлслийг магтсан нь бурхан, бодьсадва бүгд энэрэл хайрын хүчээс бий болдог гэдгийг харуулсан юм хэмээн тайлбарлав.
Дээрхийн Гэгээнтэн цааш нь тайлбарлахдаа эдгээр чанаруудыг төлөвшүүлбэл амьдрал илүү сайхан байх болно, тиймээс бусдыг энэрэн хайрлах нь хамгийн чухал болохыг онцолсон юм.
Бид төрсөн даруйдаа эхийн энэрэл хайранд өлгийдүүлдэг, тиймээс бид төрсөн цагаасаа л энэрэл хайрыг мэдэрдэг боловч өсөж том болохын хэрээр энэ бүгдээс холдож эхэлдэг гэдгийг мөн дурдлаа. Тэрээр боловсролын салбарт хайр, энэрэн нигүүлсэх сэтгэлийг сургах арга замын талаар боловсролын салбарынхантай ярилцах төлөвлөгөөтэй байгаагаа онцлов.
Махатма Ганди "ахимса" хэмээх эртний зарчим болох хүчирхийлэл үл үйлдэх, бусдад хор хөнөөл учруулахгүй байх үзэл санааг дэлхий дахинд таниулсныг эргэн дурсаж, өдгөө бид “каруна” буюу энэрэл нигүүлсэлд дэлхий нийтээрээ суралцах шаардлагатай байгааг тэмдэглэлээ.
Ингээд Дээрхийн Гэгээнтэн өглөгийг онцолсон эхний бүлгийн 12-р шүлгээс уншиж эхлэв. Бүлгийн төгсгөл хүртэл унших зуураа тэрээр бодьсадва нар өөрсдийгөө бусдын сайн сайхны төлөө бүрэн зориулдаг гэдгийг тайлбарласан юм.
Тэрээр 2-р бүлгийн эхэнд түр зогсоод номын айлдвар сонсож буй хүмүүст энэрэл хайр ба хоосон чанарыг хослуулсан бясалгалыг хөтлөх хүсэлтэй байгаагаа мэдэгдлээ.
"Хэрвээ та зөвхөн өөрийгөө л боддог бол нэг л хүнд санаа тавьж байна гэсэн үг юм. Энэ нь бусад бүх амьтад зовлон зүдгүүрээс зайлсхийж, аз жаргалыг хүсдэгээрээ надтай адил гэх ойлголтыг төрүүлэхэд саад болдог. Үнэндээ хувийн ашиг сонирхолд хандах илүү ухаалаг арга бол бусдыг анхаарч үзэх, бусдад хор хөнөөл учруулахгүй байх, тэдэнд аль болох туслах явдал билээ.”
“Үүний дараа аливаа зүйлс бие дааж өөрийн мөн чанараар бүтээгүй гэдгийг тунгаан бодоорой. Ловон Чандракирти үүнийг тайлбарлахдаа
Ийнхүү оюуны гэрлээр тодруулснаар
Өөрийн гарт буй жүрүра мэт
Үнэнхүү гурван ертөнцийг угаас төрөх үгүй хэмээгээд
Үнэмлэхүй үнэний хүчээр Хорихуйд одмуй
Өнөд Хорихуйд багтсан санаа төгөлдөр боловч
Итгэл үгүй амьтдад энэрлийг төрүүлмүй
Үүгээр ширвага, брадига сэлтийг
Үлдээлгүй оюунаар дарах ч болмуй
Харьцангуй үнэний уужим цагаан жигүүрээ
Хаан галуу бээр дэлгэн сүргийн өмнө нисч
Буяны салхины хүчээр
Бурханы эрдмийн далайн дээд чинадад одмуй
гэж айлдсан билээ.”
"Хэрэв та өөрийгөө хайж үзвэл таны бие та биш, таны оюун ухаан ч та биш ээ. Гэсэн ч та өөрийгөө гэх хүчтэй мэдрэмжтэй байдаг. Та хаа нэгтээ явж буй, эсвэл зүгээр сууж байгаа эсэхээс үл хамааран бие махбодь, оюун ухаанаас өөрийгөө тодорхойлж чадахгүй байгаа талаар бодоорой."
Дээрхийн Гэгээнтэн эдгээр бүгдийг тайлбарлаж дууссаны дараа бодь сэтгэлийг бясалгасан нь дотоод сэтгэлд саран дэвсгэр мэт болж буйгаар, юмс бүгдийн хоосон чанарыг түүний дээр байх очир мэтээр бясалгахыг удирдсан юм.
Төгсгөлд нь тэрээр олон жилийн турш өглөө сэрэхдээ хамгийн түрүүнд бодь сэтгэл, хоосон чанарыг бясалгасны үр дүнд өөрт нь хичнээн их өөрчлөлт гарч байгааг олж харснаа тэмдэглэв. Тэрээр номын айлдварыг сонсогч нарт ч ийнхүү аз жаргалтай байж, туршлагаа бусадтай хуваалцахыг уриалсан юм.