Энэтхэг, ХП, Дарамсала – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өнөө өглөө Зүглаг Хан дуганы зүг явах зуур сүсэгтнүүдийн адислуулахыг хүссэн олон шүтээн, эд зүйлийг анхааран зогсож адислав. Дараа нь цааш алхах зуураа замын хоёр талд цугласан олны зүг инээмсэглэн гар даллаж байлаа.
Дуганы дотор морилон орж ирээд сэнтийндээ залрахын өмнө түүнийг хүлээн буй Тайландын лам нартай мэндчилэв.
Вьетнамын лам хуврагууд "Зүрхэн судар"-ыг уншсан ба дараа нь Индонезийн сүсэгтнүүд мөн адил “Зүрхэн судар”-ыг өөрсдийн хэлээр уншлаа.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сингапур, Малайз, Индонез, Тайланд, Вьетнамын буддын шашинтнууд зэрэг дэлхийн 57 орны 650 гаруй зочид, нийтдээ 6100 гаруй хүн цугласан олонд номын айлдварын хоёр дахь өдөр эхэлж байгааг дурдлаа.
“Бид бүгдээрээ зовохыг хүсдэггүй, харин аз жаргалтай байхыг хүсдэгээрээ адилхан. Энэ гараг дээр олон янзын шашны уламжлалыг үндэслэгч олон багш нар байсан боловч зовлон зүдгүүр шалтгаангүйгээр бий болох боломжгүй гэдгийг Бурхан Багш айлдсан билээ. Эдгээр шалтгаанууд нь бидний буруу муу үйл, сөрөг сэтгэл хөдлөл юм. Тиймээс Бурхан Багш зовлонг таних, зовлонгийн шалтгааныг арилгах, гэгээрэлд хүрэх, түүнд хүрэхийн тулд арга замд суралцах хэрэгтэй гэж айлдсан билээ.”
“Бид зовлонгийн мөн чанар, цар хүрээг ойлгох хэрэгтэй. Зарим нэгэн зүйл тааламжтай мэт санагдаж болох ч үнэндээ зовлонгийн шинж чанартай байдаг. Зовлон зүдгүүр, сэтгэл ханамжгүй байдал нь бидний гадна талд байдаггүй, харин дотоод сэтгэлд бий. Бид ёс зүй, төвлөрөл, билиг оюун гэх гурван дээд эрдмийг олж авсанаар гэгээрэлд хүрэх боломж бүрдэх юм.”
“Зовлонг мэдээд мэдэх зүйл үгүй болно гэж Бурхан Багш айлдсан билээ. Дараа нь зовлонгийн шалтгааныг арилгах ёстой, арилгаад ахин арилгах зүйл үгүй болно, гэгээрэл хийгээд гэгээрэлд хүрэх арга зам ч үүнтэй адил гэж айлдсан юм. Хутагтын дөрвөн үнэн нь Бурхан Багшийн сургаалын үндэс бөгөөд үүнд зовлонгийн эцсийн шалтгаан нь мунхаг мөн болохыг тайлбарласан юм.”
“Бурхан Багшийн сургаал нь учир шалтгаан, үр дагаварт тулгуурласан логик зарчмаар явагддаг. Үнэн зөв зам мөрөөр явж мунхаг, буруу үзэл бодлыг даван туулах нь зовлонгоос салах бүрэн гүйцэд арга мөн.”
“Мунхагийг даван туулахын тулд зовлон гэж юу болох, түүний шалтгаан нь үйл ба сөрөг сэтгэл хөдлөл гэдгийг ойлгох явдал юм. Үүний тулд юмс харагдаж байгаа шигээ байдаггүй гэдгийг ойлгохыг шаарддаг. Бусдаас ямар ч хамааралгүй орших зүйл гэж байдаггүй. Гэгээрэлд хүрэхийн тулд сэтгэлийн тэнхээ хэрэгтэй. Үүнд хүрэх боломжтой гэдгийг ойлгосноор та тэр замаар замнахыг аяндаа хүсэх болно."
Энэ үед Дээрхийн Гэгээнтэн Богд Зонховын “Шүтэн барилдлагын магтаал”-аас эш татлаа.
Зүйрлэшгүй Бурханы шашин лугаа
Золоор учирсан нь багшийн ач мөн тул
Ариун буян үүнийг амьтан бүгд
Ачит буяны саднаар эзлэгдэхийн угт зориулмуй
Тэрээр залуудаа гэлэн сахил хүртэж, сахилаа баттай сайн сахихын зэрэгцээ Бурхан Багшийн айлдсан сургаал номлол, буддын гүн ухаанд өнө удаан суралцаж ирсэн гэдгээ дурдлаа. Түүний анхааран авлага болгодог гол эрхэм зүйл нь бодь сэтгэл, хоосон чанарыг таньж мэдэх арга ухаан гэдгийг мөн онцолсон юм.”
Ингээд Дээрхийн Гэгээнтэн сүсэгтнүүдийн асуултад хариулахдаа баяртай байх болно гэдгээ мэдэгдэв.
Тэрээр юмс үзэгдлийн жинхэнэ оршихуйг ойлгох нь хүний жинхэнэ оршихуйг ойлгох үндэс болдог тул үүнийг ойлгохгүйгээр хүний мөн чанарыг ойлгоход хэцүү гэж тайлбарлав.
Бусад уламжлал, шашны үзэл онолоор сэтгэл оюун болон бие махбодийн нэгдлээс хамаардаггүй “би” гэгч байдаг гэж үздэг бол Бурхан Багш үүнийг үгүйсгэдэг гэж тайлбарлалаа.
Хэдийгээр нэгэн цэгт төвлөрөн бясалгах нь чухал боловч аливаа зүйл хоосон чанартай гэдгийг дүн шинжилгээ, эргэцүүлэл хийх замаар ойлгох боломжтой гэж Дээрхийн Гэгээнтэн тодруулав. Ловон Шантаракшитагийн шавь Энэтхэгийн агуу их мастер Гамалашилаг тухайн үеийн хаан Тисрон Дэзэн Төвөдөд урьсан тухай дурдлаа. Дан ганц төвлөрлийн бясалгалын ач холбогдлыг сурталчилсан хятадын лам нартай ловон Гамалашила Самъяа хийдэд мэтгэлцсэний эцэст Тисрон Дэзэн хаан аналитик арга барилыг төвөдүүдэд илүү тохиромжтой гэж үзжээ.
Дээрхийн Гэгээнтэн олон арга ухаанаар юмсын хоосон шинж чанарт анхаарлаа хандуулах боломжтой боловч дараа нь шинжилгээ хийсэн оюун ухаанд ч мөн адил дүн шинжилгээ хийх нь бас тустай гэж хэлэв.
Тэрээр нас барсан хүмүүсийг зүүдлэх талаар тухай асуусан эмэгтэйд заримдаа өнгөрсөн харилцаа холбоо болон бусад нөхцөл байдлаас шалтгаалж зүүдлэх боломжтой гэлээ. Гэсэн хэдий ч тэрээр зүүд найдвартай биш гэж зөвлөсөн юм.
Тэрээр шашны уламжлалуудын хооронд илүү их харилцан нэгдэхийг зөвлөсөн бөгөөд ингэснээр бусад сэтгэхүй, үйл ажиллагааны талаар илүү тодорхой ойлголттой болох болно. Будда ганцаараа аглагийн амьдралыг сонгоогүй, бусад шашны уламжлалыг дагагчид ч үүнийг хийдэг гэж тэмдэглэв.
Бясалгалын тухайд тэрээр зөвхөн өөрийнхөө тухай бодож бясалгах нь аз жаргал авчрахгүй гэж зөвлөв. Энэ нь сэтгэлийн түгшүүр, сэжиг төрүүлэх хэмжээнд хүргэдэг. Гэсэн хэдий ч, хэрэв та сансар огторгуй мэт өргөн цар хүрээтэй бусдын сайн сайхны төлөө санаа тавиж байгаа бол та тайван амгалан байж чадна. Тэрээр ловон Шантидевагийн зөвлөгөөг эш татлаа.
“Өөрийн жаргалыг бусдын зовлонгоор сольж чадахгүй хүнд бурханы хутагт хүрэхийг бүү хэл энэ орчлонд ч жаргалтай байх боломжгүй.”
Дээрхийн Гэгээнтэн багшийнхаа урт наслахын төлөө залбирах нь нэг талаар ашиг тустай боловч бурханы шашинтнуудын хувьд бодь сэтгэл, хоосон чанарыг ойлгохыг заасан түүний сургаалыг хэрэгжүүлэх нь илүү үр дүнтэй гэдгийг онцолсон юм. Энэ нь багшаа урт наслуулах үр дүнтэй арга гэлээ.
Дээрхийн Гэгээнтэн зовлон зүдгүүртэй эвлэрэх энгийн алхам бол түүнийг илүү өргөн өнцгөөс харах явдал гэж тайлбарлалаа. Нэг талаараа өөрийгөө энэ дэлхий дээр амьдарч буй олон хүний нэг гэж бод, нөгөө талаас энэ нь бусад урьдчилан тооцоолоогүй нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөхөд тусална. Өөрийгөө эрхэмлэх хандлагад автсан л бол бид саад бэрхшээлтэй тулгарах болно, харин эсрэгээрээ бусдын төлөө гэх ойлголтыг хөгжүүлэх нь сөрөг сэтгэл хөдлөлөө даван туулахад тусалдаг гэлээ.
Тэрээр багш хүн шавь нарт дан ганц хэл яриагаар бус, өөрийн туршлагаар зааж зөвлөх хэрэгтэй гэв.
Бодь сэтгэлийг хөгжүүлэх хамгийн хялбар арга замыг тайлбарлахыг хүсэхэд тэрээр уг ба үрийн долоон увидас арга, мөн өөрийгөө болон бусдыг адилтгах, өөрийн оронд бусдыг тавих аргын аль алиныг нь тайлбарлав. Сүүлчийн аргыг хамгийн тод тайлбарласан ном бол ловон Шантидевагийн “Бодьсадвын явдалд орохуй” юм гэдгийг дурдлаа.
“Ертөнцөд эдэж буй жаргал бүгд бусдыг бодсоны үр, ертөнцөд эдэлж буй зовлон бүгд амин хувиа хичээсний уршиг юм.”
“Олон зүйлийг хэлэх хэрэг юун, Бурхад бусдыг тусыг хийсэн, эгэл бодьгалууд амин хуиа хичээсний ялгааг харахтун.”
“Энэ ном бидний дайсан гэж бодож буй хэн нэгний талаар дахин дүгнэхэд хүргэдэг. Хэдийгээр тэд хор хөнөөл учруулахыг хүсдэг дайсан мэт харагддаг ч тэднийг энэрэн нигүүлсэх боломжтой. Бидний хандлагыг өөрчилдөг учраас бид "дайсан"-ыг багш гэж үзэж болно.”
Эцэст нь нэгэн ээж хүүгээ хэрхэн буддын шашинтан болгон хүмүүжүүлэх талаар мэдэхийг хүссэн юм.
Дээрхийн Гэгээнтэн түүнд "Хүүдээ ямар нэгэн санааг тулгах гэж оролдохын оронд түүнд унших ном, магадгүй миний бичсэн номуудыг санал болгож болно." гэж хэлээд инээлээ.