Энэтхэг, ХП, Дарамсала - Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өнөөдөр өглөө АНУ-ын Энх тайвны хүрээлэнгийн (АЭТХ) залуу удирдагчид болон энх тайвныг дэмжигчидтэй уулзахаар өргөөнийхөө уулзалтын танхимд залран ирээд тэднийг анхааралтайгаар харан "Өглөөний мэнд" хэмээн халуун дотноор мэндчиллээ.
АЭТХ-ийн Зөрчилдөөнийг өөрчлөх асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч, модератор Дэвид Ян хэлэхдээ энэ нь Дээрхийн Гэгээнтэн болон АЭТХ-ийн төлөөлөгчдийн долоо дахь удаагийн харилцан яриа болж буйг гэдгийг хэлэв. Тэрээр өнөөдөр, маргааш Дээрхийн Гэгээнтэн мөргөлдөөнд өртсөн 12 бүс нутгийн 26 залуу удирдагчидтай уулзана гэлээ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд энэ уулзалт онлайн харилцан ярианы хэлбэрээр явагдсан ба одоо биечлэн уулзаж байгаадаа баяртай байгаагаа тэрээр дурдсан юм.
Залуу удирдагчдын ярилцлагын нэг хэсэг нь болсон үйл явдлыг ярих болно гэдгийг дурдаад Ян дайн болж байгаа бүс нутгийн хүүхдүүд хэрхэн энх тайвны удирдагч болж чадах талаар Дээрхийн Гэгээнтэнтэй хуваалцахыг хүсч байгаагаа хэлэв. Ярилцлага нь харьяалал, энэрэл, дотоод амар амгалан, түүнчлэн тэгш байдал, шударга ёс гэсэн дөрвөн сэдвээр байх болно гэлээ.
Өмнөд Суданаас ирсэн Куол ярилцлагыг нээж хүүхэд цэрэг байх гашуун туршлагаа энх тайвныг тогтоохын тулд ашиглаж, бага насандаа буу барьдаг хүүхэд байхгүй болгохын төлөө зорин ажиллаж байгаагаа ярив. Тэрээр эх оронд нь дайн ид өрнөж байсан тухай, тосгонд нь эрэгтэйчүүд үлдээгүй зөвхөн эмэгтэйчүүд, хүүхдүүд л үлдсэн байсан үеийг ярилаа. Нэг айл хоёр хүүтэй бол нэгийг нь цэрэг болгож авдаг байжээ. Тэрээр эдүгээ тэдэнд боловсрол ба бусад боломжуудыг олгохыг хүсч байна гэдгээ мэдэгдэв.
Сириэс ирсэн Руби амар тайванд хүрэхийн тулд антропологи, угсаатны зүйн мэдрэмж шаардлагатайг ойлгож, үүний дагуу судалжээ. Тэрээр энх тайвныг тогтоох, шударга ёс, эмэгтэйчүүдийн эрх, цаг уурын асуудалтай холбоотой төслүүд дээр ажиллаж байна. Мөн тэрээр эрэгтэй, эмэгтэй хүмүүс адилхан чадвартай, гэхдээ хоёулаа хүчирхэг, хүчтэй байх ёстой гэдгийг ухаарсан тухайгаа ярилаа.
Колумбиас ирсэн Анжела нь өсвөр насныхан болон насанд хүрэгчдийн албан бус боловсролын арга зүй, семинар, манлайлал, зөөлөн ур чадварыг хөгжүүлэхэд голлон анхаардаг сэтгэл зүйч юм. Тэрээр мөн мөргөлдөөнд нэрвэгдсэн бүс нутагт байгаа хүмүүс хүчтэй, зоригтой байж, шийдлийн нэг хэсэг болох хэрэгтэйг онцолсон юм.
Сомалиас ирсэн Мохамед нь нийгмийн инноваци, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, ядуурлыг арилгах, тогтвортой энх тайвныг бий болгоход голлон анхаарч байгаа ажээ. Тэрээр мөн буутай хоёр эртэй тааралдсан эгзэгтэй мөчийн тухай ярив. Тэдний нэг нь хуучин нэг ангид сурч байжээ. Ийм хүмүүст ажлын байртай болох, амар тайван Сомали улсыг байгуулахад хувь нэмрээ оруулах чадварыг эзэмшүүлэхийн тулд сурган хүмүүжүүлэгч болохоор шийдсэн байна.
Нигер улсаас ирсэн Можисола жендер, энх тайвныг бэхжүүлэх, хүний эрхийн чиглэлээр идэвхтэй ажилладаг. Тэрээр эмэгтэйчүүд, залуучууд, энх тайван, аюулгүй байдлын сэдвээр үлгэр ярих, дүрд тоглох, харилцан яриаг ашиглан семинар зохион байгуулдаг. Тэрээр ээжид нь тулгарсан бэрхшээл, эмэгтэйчүүдийг бие биенээ дэмжиж, өрөөсгөл ойлголт, дарамт шахалтыг даван туулахад нь туслах клуб байгуулах оролдлогыг талаар ярив.
Колумб улсаас ирсэн Леонардо урлаг, алтернатив хөгжил, байнга суралцах чиглэлээр ажилладаг. Тэрээр FARC-ын хуучин дайчид болон энгийн иргэдийг гараараа бичсэн захидал солилцох замаар нэгтгэсэн байна. Сургуулийн өрөөнд ганцаараа байхдаа түүнд хэнийг ч орхигдуулахгүй байх, орхигдсон мэт санагдуулахгүй байхын чухлыг ойлгожээ. Мөн хүмүүс бие биендээ хамаатай гэдгээ мэдрэх нь чухал гэв.
Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа:
“Бид илүү амар амгалан дэлхий, илүү аз жаргалтай хүн төрөлхтнийг бий болгохын төлөө хүчин чармайлт гаргах ёстой. Бид арьсны өнгө, үндэс угсаа, шашин шүтлэгийн ялгааг тодорхойлж болох ч хүн төрөлхтнийг бүхэлд нь авч үзэх нь илүү дээр юм. Бид бүгд тэгш эрхтэй. Бид бүгд эхээс төрсөн бөгөөд бидний ихэнх нь эхийн сүүгээр тэтгэгдэж өсдөг. Бид амьдрал эхлэх тэр л мөчөөс эхлэн эхийн энэрэл хайраас хамаардаг юм.”
“Орчин үеийн боловсрол нь дотоод үнэт зүйлсээс илүү материаллаг зорилгод төвлөрөх хандлагатай байдаг. Энэ нь бид адилхан бөгөөд бид хамтдаа амьдрах ёстой гэдгийг онцлохын оронд "бид" ба "тэд" гэсэн ойлголтыг өөгшүүлж байна.”
“Хүн бүр хоёр нүд, нэг хамар, нэг амтай. Хэрэв бидний хэн нэг нь гурван нүдтэй бол гэнэтийн зүйл болно. Хэрэв бид тархиа судалж үзвэл тэдгээр нь адилхан нарийн төвөгтэй байдаг. Тиймээс бид ах дүү, эгч дүүсийн харилцааг хүчтэй болгох ёстой.
"Бид бүгд адилхан төрсөн, эцэст нь бид бүгд адилхан насан эцэслэнэ. Ийм зүйл тохиолдоход ёслол биш, харин бидний эргэн тойронд хамаатан садан, найз нөхдийн дулаан сэтгэл байгаа эсэх нь чухал юм. Би ерөнхий сайд асан Манмохан Сингхэд хэлсэнчлэн би дахиад 15, 20 жил амьдарна гэж бодож байгаа бөгөөд насан эцэслэхдээ Хятадын хатуу сэтгэлт коммунист албан тушаалтнууд биш, Энэтхэгт найзуудаараа хүрээлүүлэн, эрх чөлөөтэй байхыг илүүд үзнэ.
“Эрх чөлөө нь бидний амьдралд чухал зүйл юм. Бид тархиа хөгжүүлж, “Яагаад?” гэж үргэлж асууж чаддаг байхын тулд чөлөөтэй байх хэрэгтэй. Энэ үүднээс авч үзвэл тоталитар тогтолцоо нь үл зөвшөөрөгдсөн тогтолцоо юм. Эрх чөлөө нь сайхан сэтгэл, энэрэл нигүүлслийг бий болгож, улмаар дотоод амар амгаланд хүргэдэг. Та сайхан сэтгэлтэй байвал айх үндэслэл байхгүй. Айдас нь оюун санаанд муугаар нөлөөлдөг бөгөөд хэт амархан уур бухимдалд хүргэдэг. Уур нь сэтгэлийн амар амгалангийн жинхэнэ дайсан юм.”
“Би энэрэл нигүүлсэлийг бясалгадаг учраас хаана ч явсан инээмсэглэж, аз жаргалыг мэдэрдэг. Хүн төрөлхтөн бид хэрхэн эв найртай амьдрах аргаа олох ёстой."
Сайн удирдагчийг бий болгодог хүчин зүйлийн талаар асуусанд Дээрхийн Гэгээнтэн сонгогдсон манлайллын давуу талыг онцоллоо. Уур хилэнгээ хэрхэн даван туулах вэ гэсэн асуултад тэрээр таныг уурлуулж буй хүмүүсийг өдөөж буй нөхцөл байдлыг судлахыг санал болгов. Тэрбээр илүү өргөн, урт хугацааны үзэл бодолтой байхыг зөвлөв. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс хэрхэн хамтдаа амьдарч сурах талаар зөвлөхийг хүсэхэд тэрбээр эрэгтэйчүүдэд эмэгтэй хүн хэрэгтэй, эмэгтэй хүнд эрэгтэй хүн хэрэгтэй гэдгийг сануулахад бүгд инээлдлээ.
Хоёр дахь бүлгийнхэн энэрэл нигүүлслийн тухай ярилаа. Дэлхийн өнцөг булан бүрт энх тайвныг тогтоох, асуудлыг шийдвэрлэх, засгийн газар, ардчиллыг бэхжүүлэх асуудалд хувь нэмрээ оруулсан Колумб улсаас ирсэн Себастьян дайчинтай тулгарсан тухайгаа дурсав. Бяцхан охин гарч ирэхэд тэрхүү эсрэг талын хүн түүнийг өргөж тэврэхэд өөрийнх нь дайсагнасан мэдрэмж хэрхэн арилж байсныг тэрээр ярив.
Залуу удирдагчдыг энх тайвны төслүүдэд оролцуулах, эмзэг бүлгийн нийгэм дэх эрсдэл, тэгш бус байдлыг бууруулах боломж олгох замаар өөрчлөлт хийхийг хүсдэг Этиопоос ирсэн Хелина нь өөрчлөлтийг бий болгохын тулд хүн төрөлхтнийг хүндэтгэн үзэх хэрэгтэй хэмээн санал болголоо.
Дээрхийн Гэгээнтэн Европын Холбооны үзэл санааг хүндэтгэн үздэг гэдгээ илэрхийлэн үгээ хэлэв. Тэрбээр Франц, Герман улсуудын хооронд олон зуун жилийн мөргөлдөөн, Дэлхийн II дайны дараа Аденауэр, де Голль нар ЕХ-г үүсгэн байгуулсан нь гүн сэтгэгдэл үлдээсэн хэвээр байна гэлээ. Түүнээс хойш тус холбооны гишүүдийн дунд хүчирхийлэл гараагүй. Тэрбээр дэлхийн бусад орнууд энх тайвныг тогтоохын тулд энэ үлгэр жишээг дагах нь зүйтэй гэж санал болгов. Хамгийн чухал зүйл бол дотоод амар амгаланг олж авах явдал юм, гэхдээ та дэлгүүрээс сэтгэлийн амар амгаланг худалдаж авч чадахгүй. Энэ нь үйлдвэрт үйлдвэрлэж болох зүйл биш гэдгийг онцолсон юм.
Венесуэлиас ирсэн Анна улсынхаа гудамжинд танк байхыг хараад дургүйцэж байгаагаа тайлбарлав. Тэр их гамшиг сүйрлийг хараад маш их ганцаардан, шаналсан байна. Аюулгүй газар буцаж ирээд яаж ийм зүйл тохиолдож болох талаар өөрөөсөө асуусан бөгөөд одоо залуучууд, ялангуяа эмэгтэйчүүдэд энх тайвныг бий болгоход туслахын тулд өөрийгөө зориулж байгаа ажээ.
Гайхалтай гэж Дээрхийн Гэгээнтэн хариуллаа.
“Бид бүгд аз жаргалтай байж, амар амгалан амьдрахыг хүсдэг. Гэхдээ бид үүний төлөө бүх хүн төрөлхтнийг нэгдиэл байдлаар харж ажиллах ёстой.”
"Бид бүрэн цэрэг зэвсэглэлгүй дэлхийг бий болгохыг зорих хэрэгтэй байна. Би Хятадын коммунистууд бүх зүйлийг хатуу хяналтандаа байлгадаг Төвөдөөс ирсэн. Гэхдээ Төвөдийн үзэл санаа хүчтэй, бид Наландагийн уламжлалыг хадгалсаар ирсэн. Бид буунд найдахын оронд энэрэн нигүүлсэх сэтгэлийг хөгжүүлдэг. Зургаан сая Төвөд хүн өршөөл, энэрэн нигүүлсэхүйн тухай Буддагийн заасан сургаалд итгэдэг.”
"Уур амьсгалын өөрчлөлт маш чухал учраас бид экологийн байдалд анхаарлаа хандуулах ёстой."
Өмнөд Суданаас ирсэн Денис нь усны менежмент, бохирдол, уур амьсгалын өөрчлөлт зэрэг байгаль орчин, энх тайвныг тогтоох чиглэлийн сэтгүүлчээр ажилладаг. Тэрээр хүний эрхийн маш олон зөрчлийг харсан ч үзэн ядалт, зовлон шаналалаас ангид амар тайван нийгмийг бий болгохын төлөө ажиллаж байсан Мартин Лютер Кинг, Нелсон Мандела, Махатма Ганди зэрэг хүмүүсийн үлгэр жишээ нь түүнд урам зориг өгдөг гэв.
Мөн Өмнөд Суданаас ирсэн Нябот нь энх тайван, хүйс, соёл, түүх зэрэгт онцгой анхаарал хандуулж нийгмийн асуудлын талаар ярьдаг ажээ. Тэрээр нотолгоонд суурилсан өмгөөлөл, энх тайвны өөрчлөлтийн төлөө кампанит ажил явуулах замаар амьдралыг өөрчлөхийг хичээн ажиллаж байна. 2013 онд мөргөлдөөн гарахад тэрээр Уганда улсын хилийг давж, үргэлж зугтан явж байснаа хэлжээ. Тэрээр буцаж ирээд гэр бүлийнхнийхээ сонгосон залуутай гэрлэхээс татгалзсаны улмаас ахдаа зодуулж амиа алдсан эмэгтэйн түүх түүний сэтгэлийг ихэд эзмэглүүлжээ. Тэр энэ талаар ямар нэг зүйл хийх хэрэгтэй бөгөөд дахиж зугтах хэрэггүй гэж мэдэрсэн байна. Тэрээр эмэгтэйчүүд, охидод сонголт хийх эрхтэй байх ёстой гэж үзсэн байна.
Нигерээс ирсэн Норал түүний есөн насны төрсөн өдөр ээж нь түүнд зориулж хамгийн дуртай будаатай хоол бэлдэж байсныг дурсав. Яг тэр өдөр гурван залуу орж ирээд ээжийг нь нүдэн дээр нь хүчирхийлэн хөнөөжээ. Тэрээр 20 жилийн дараа ч тохиолдсон явдлыг даван туулахад хичнээн хэцүү болохыг хэлсэн ба эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөхийг зогсоохын төлөө ажиллаж байна.
Дэвид Ян Дээрхийн Гэгээнтнээс түүнийг амьдралдаа энэрэн нигүүлсэхүйг хэрхэн хадгалж чадаж байгаа талаар асуухад ийнхүү хариулав.
“Хүн төрөлхтөн бид бүгд үндсэндээ энэрэнгүй гэдэгт би итгэдэг. Бид хүн төрөлхтний үнэт зүйлс дээр суурилсан цэрэг зэвсэггүй, зэвсгийн хэрэглээнээс хамааралгүй ертөнцийг байгуулах ёстой. Хүмүүс тулалдаж байгаад насан эцэслэхэд тэдний оюун санаа амар тайван байдаггүй, гэхдээ бид энэрэл нигүүлсэлд суурилсан ертөнцийг байгуулна гэж төсөөлж болно.”
Амар амгаланг бий болгоход ямар чанарууд хэрэгтэй вэ гэсэн асуултад Дээрхийн Гэгээнтэн хариуллаа.
“Би бурханы шашинтан бөгөөд өглөө бүр сэрээд бүх хүмүүс надтай адилхан, бид бүгд аз жаргалтай байхыг хүсдэг гэдгийг өөртөө сануулдаг. Би амьдралаа бусад амьтдыг аз жаргалтай байлгахын тулд зориулахаар шийдсэн билээ. Энэ нь уур хилэн, үзэн ядалт бус сэтгэлийн амар амгаланг авчирдаг энэрэнгүй сэтгэл учраас бид ахан дүүсийн хувьд нийт хүн төрөлхтөнд анхаарлаа хандуулах хэрэгтэй."
Дээрхийн Гэгээнтэн сөрөг сэтгэлийг ардаа орхиж, эерэг зорилго тавихыг зөвлөв. Тэрбээр бид бүгд амьдралынхаа эхэн үеэс л энэрэл нигүүлсэлийн эх сурвалжтай байдаг тул хүмүүст илүү энэрэнгүй байхыг заах боломжтой гэж хэллээ. Гол хүчин зүйл нь сайхан сэтгэлийг төлөвшүүлэх явдал юм.
Дэвид Ян харьяалал, гэр бүл, олон нийтийн харилцааны халуун дулаан уур амьсгалыг хөндсөн хуралдааныг дүгнэв.
Дээрхийн Гэгээнтэн,
“Ирээдүй хүлээж буй хүмүүстэй уулзаж байгаадаа би баяртай байна. Бид өдрөөс өдөрт хэрхэн амьдарч байгаа нь бидний ирээдүйд нөлөөлдөг. Дахин хэлэхэд сайхан сэтгэл нь гол хүчин зүйл юм. Энэ нь бидний сэтгэлд амар амгаланг авчирдаг халуун дулаан сэтгэл учраас би энэ тухай үргэлж боддог. Маргааш уулзацгаая." хэмээгээд яриагаа өндөрлөв.