Энэтхэг, ХП, Дарамсала - Өнөө өглөө нарны эхэн туяа уулсын дээгүүр тусах үед Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өргөөнөөсөө морилон гарч дуганы өмнөх цэцэрлэгт хүрээлэн рүү тайван алхав. Төвөдийн тайзны урлагийн дээд сургууль, Паонта, Калимпонг, Коллегал, Непалын Төвөдийн дуурийн нийгэмлэг, Мусури Төвөдийн сан, Бхандара, АНУ-ын Чаксампа хамтлаг зэрэг найман дуурийн хамтлагийн 260 гаруй гишүүн, Мундгод, Одиша, Чаунтра дахь Төвөдийн урлагийн хамтлагууд, мөн Майнпат хотын төлөөлөгчид оролцов. Эдгээр оролцогчдын дунд тав дахь ерөнхий хурлаа хийж буй Умий Лам (Дундаж хандлага) нийгэмлэгийн 70 гаруй гишүүд хамт байлаа.
Дээрхийн Гэгээнтэнд чема чанпугийн уламжлалт тахилын нэг хэсэг болгон өргөсөн сүүнд хуруугаа дүрээд дээш цацал болгон өргөлөө. Түүнийг дуганы дор байрлах сэнтийн зүг морилох зуур Төвөдийн дуурийн театрын хэсэг эмэгтэй жүжигчид албан ёсоор угтан авч, дуулж байлаа.
Дээрхийн Гэгээнтэн “Энэ бол бидний уламжлалт соёлоо тэмдэглэх боломж юм” гэж яриагаа эхлэв.
“Лхаст Шо-тоны наадам дөрөв хоног үргэлжилдэг байсан. Би энэ наадмыг үнэхээр их үзэх дуртай байлаа. Энэ нь надад хичээлээс чөлөө авах боломж бас олгодог байсан юм. Манай гэр бүл Норбулингад амьдардаг байсан тул ээж маань Шо-тоны наадамд оролцож, надтай уулзахаар ирдэг байв. Тиймээс миний хамгийн дуртай баяруудын нэг байсан юм. Тэр өдрүүдэд би их аз жаргалтай байдаг байлаа.”
Наадмын эхний өдөр “Гялхар чосон” хамтлаг Төвөдийн хаантай гэрлэсэн Хятадын гүнж (Гялса, Белса) болон Номын хаан Судхана (Норсан)-ын тухай дуурь тоглоно. Хоёр дахь өдөр Чун Ривоче хамтлаг ах дүү Донёо, Дондуп нарын тухай нэгэн түүхийг, Дакини Нангса Обумын тухай өөр нэг түүхийг толилуулдаг. Гурав дахь өдөр Шанпай хамтлаг Хятадын гүнж Төвөдийн хаантай гэрлэсэн түүх, мөн Диме Гүндэн хааны (Вишвантара хаан) түүхийг тоглодог. Эцэст нь дөрөв дэх өдөр Киомо Лунгийн хамтлаг Дакини Дрова Сангмо, Пема Обар (Падма Прабхажваля) нарын тухай дуурь тоглодог байна.
“Шо-тоны наадмын үеэр бид үнэхээр их баярладаг байсан тул энд оролцож буй хамтлаг бүр нэг дууг дуулж, тэр хөгжилтэй өдрүүдийг эргэн сануулах нь зүйтэй болов уу гэж бодлоо.”
“Өнөөдөр бид уламжлалт соёлоо тэмдэглэж байна. Бид цагаачлан ирснийхээ дараа ч гэсэн өөрсдийн соёл уламжлалаа хадгалахын тулд хүчин чармайлт гаргахдаа зөвхөн өөрсдийгөө бодохгүй байхыг хичээсэн. Тайзны урлагаа хадгалж үлдсэн нь үүний нэгэн тод хэсэг юм. Хятадад бүх зүйл өөрчлөгдөж байгаа нь гарцаагүй. Хятадуудтай тэмцэлдэж тулалдаад нэмэргүй. Бид Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-аас бүрэн тусгаар тогтнохыг эрмэлзээгүй. Дундаж Хандлагын дагуу жинхэнэ автономит эрхтэй л бол бид БНХАУ-ын дотор амьдрахад бэлэн байгаа бөгөөд төвөдүүд бидэнд хэл, уламжлалаа хадгалан авч үлдэх боломж бүрэн бий.”
“Эдгээр өдрүүдэд манай Төвөдийн буддын шашны уламжлалыг сонирхож буй хятад иргэд улам нэмэгдэж байна. Буддын шашинтай өөр ямар ч улс манайх шиг Наландагийн уламжлалыг хадгалаагүй. Энэхүү уламжлал нь зөвхөн сүсэг бишрэл бус, шүүмжлэлд тулгуурлан шинжлэх ухааны үүднээс ханддаг гэдгийг хүлээн зөвшөөрөх нь улам бүр нэмэгдсээр байна.”
Дээрхийн Гэгээнтэн цааш нь өгүүлэхдээ урьд өмнө төвөдүүд буддын шашныг бусдад түгээн дэлгэрүүлэх боломжгүй, зөвхөн өөрийн нутагтаа хадгалж ирсэн тухай онцоллоо. Цагаачлан ирсэн нь санаанд оромгүй боломжуудыг бий болгосон байна. Цагаачлан байгаа төвөдүүд цөөхөн хэдий ч шашин соёлоо хадгалан үлдээж чадсан төдийгүй дэлхийн өнцөг булан бүрээс тэдний хадгалсан өв соёлыг олон хүн сонирхож байгааг дурдлаа.
Тэрээр Соронзон Гамбу хаан төвөд бичиг зохиохыг хүсэхдээ Хятадтай ойр байсан хэдий ч Энэтхэгийн деванагари цагаан толгойн үсгийн загварыг сонгосон талаар айлдлаа. Соронзон Гамбу хаан Хятадаас хатан авсан ч Төвөд хүн гэдгээ маш сайн мэддэг байжээ. VIII зуунд Тисрон Дэзан хаан алдарт Наланда их сургуулийн нэрт философич, логикч Шантаракшитаг Төвөдөд урьжээ. Тэрээр төвөдүүдэд хандан Энэтхэгийн буддын эх сурвалжуудыг өөрийн эх бичигтээ орчуулан буулгахыг дэмжсэн байна.
Бурхан Багш, түүнээс хойш төрөн гарсан Энэтхэгийн их мэргэдийн тайлбар, сурвалжуудыг төвөд хэлэнд орчуулснаар Ганжуур, Данжуурын 300 гаруй боть ном бий болжээ.
Энэтхэгт цагаачлан ирээд төд удалгүй Төвөдийн тусгай сургууль байгуулсан нь өөсрдийн шашин соёлоо хадгалахад үнэтэй хувь нэмэр оруулсан байна. Өнөөдөр дэлхийн олон эрдэмтэд энэхүү уламжлалыг сонирхож, хүндэтгэн үзэж байна. Дээрхийн Гэгээнтэн хадгалан авч үлдсэн хэл, соёл уламжлалаараа бахархахыг уриалав.
Дуурийн хамтлаг тус бүрийн гоцлол дуучид дуу дуулахаар урагш алхаж, бүхэл бүтэн чуулган найрал дуугаар нэгдэн орж байсан нь сэтгэл хөдөлгөм үйл явдал болов. Эдгээр гоцлол дуучдын тоонд үндэсний хувцастай өндөр настай эрэгтэй, эмэгтэй хүмүүс, мөн залуу үеийнхэн багтжээ. Дуунууд Дээрхийн Гэгээнтний урт наслахын төлөөх залбирлаар эхэлж, дэлхий дахинд амар амгалан байхын ерөөлөөр төгсөв.
“Би Лхасаас алс хол орших Амдуу мужийн Зонха нутагт төрсөн. Дараа нь би Лхаст ирээд багш нарын ачаар буддын гүн ухаанд суралцаж гэвш цол хамгаалсан билээ. Би Датаг ринбочэ болон бусад багш нараасаа олон сургаал, мөн багш Ригзин Тэнпа, Хүннү Лама ринбочэ зэрэг эрдэмт багш нараар дээдийн ном заалгасан юм. Үүний үр дүнд Төвөдийн алс нутгийн Амдуу мужид төрсөн би буддын шашинд аль чадлаараа нэмэр болсон гэж боддог.”
“Өдгөө би 87 настай, гэвч урьдын бошго айлдварын дагуу би дахиад арав, арван таван жил амьдарна. Би чадах бүхнээ хийх болно, гэхдээ би та бүхнийг ч шаргуу ажиллахыг уриалж байна. Бид эрүүл байж, өв соёл, уламжлалаа авч явах эрүүл саруул үрсийг төлөвшүүлэх хэрэгтэй.”
“Төвөдөд нэгэн их сургуульд ажилладаг миний таньдаг хүн надад “Хятадууд одоо биднийг захирч байгаа ч оюун санааны уламжлалаараа бид ирээдүйд Хятадыг удирдах бодит боломж бий.” гэж билээ. Мао Зэдун миний шинжлэх ухааны эргэлт гэж нэрлэсэн зүйлийг сайшааж байсан ч “шашин бол хор” гэж хэлэхэд би зөвшөөрч байгаа дүр эсгэсэн. Миний хувьд Наландагийн уламжлалаас гаралтай Төвөдийн уламжлал нь учир шалтгаан, логик дээр суурилж, оюун ухааныг өөрчлөх зорилготой.”
“Энэ эрх чөлөөтэй оронд цагаачилж байхдаа би оюун ухаанаа ашиглаж, аливаад учир шалтгаанаар ханддаг чадвараа ашигласан билээ. Үнэхээр бид бүгд шаргуу хөдөлмөрлөж, ажил маань үр дүнгээ өгсөн. Үүнийг та бүхэн үргэлжлүүлээрэй.”
“Өнөө өглөө миний бага насны Шо-тон наадмын дурсамжийг сэргээсэн эдгээр сэтгэл хөдөлгөм дуунуудыг сонсоход үнэхээр их баяртай байна. Төвөдийн ард түмэн тийм ч амархан өөрчлөгдөхгүй нь Хятадын хатуу эсэргүүцэлтэй тулгарсан үед ч бид соёл уламжлалаа хамгаалж ирсэнээс тодорхой харагдаж байна. Манай уламжлал бол оновчтой бөгөөд практиктай, бусдад ашигтай байдаг. Тиймээс тийм ч амархан устгагдахгүй.”
Дараа нь Дээрхийн Гэгээнтэн Үнэний үгсийн залбирлын төгсгөлийн шүлгийг уншив:
Товчилбоос итгэл Жанрайсигийн эрхэт бээр
Бурхад ба бодьсадвын мэлмийн өмнө
Цастын орныг машид барихуйн их ерөөлийн
Цаглашгүй үр түргэнээ буух болтугай
Үзэгдэл ба хоосон чанарын гүн барилдлага ба
Үнэний үгийн хүч ба Чухаг дээдийн энэрлийн хүч,
Үйлийн үрийн хуурмаггүй үнэний хүчээр
Үнэн ерөөл саадгүй бүтэх болтугай
Эцэст нь тэрээр тусгаар тогтнол бус, Хятадтай хамт үлдэх талаар өмнө өгүүлснээ дахин мэдэгдлээ.
“Хатуу арга зам үүрд үргэлжлэх боломжгүй. Харин сэтгэлийн амар амгаланг бий болгоход чиглэсэн бидний уламжлал хадгалагдан үлдэх болно. Үүгээрээ бахархаж, сэтгэл амар, аз жаргалтай байгаарай.”