Энэтхэг, УТ, Ладак, Занскар, Падум - Өнөө өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Падумын мусульман шашинтнуудын нийгэмлэгийн урилгаар Ид Гахад зочиллоо. Түүнийг тус нийгэмлэгийн удирдагч угтан авсны дараа нутгийн Имам залбирал уншив. Дараа нь Дээрхийн Гэгээнтэн энэхүү нийгэмлэгийн гишүүд, тэдний дунд буй ахмадууд болон сургуулийн сурагчдад мэндчилгээ дэвшүүлэв.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам,
"Буддын шашны лам хүний хувьд би хаа ч очсон хүмүүст хандан шашин хоорондын эв нэгдлийг төлөвшүүлэхийг уриалдаг билээ. Шашны бүх уламжлал сүсэгтнүүддээ хайр, энэрэн нигүүлсэх сэтгэлийг хөгжүүлэх, мөн бусдын тусын тулд ажиллахыг зөвлөдөг. Тиймээс би боломжтой үедээ буюу өнөө өглөө энэ Ид Гахад -д ирсэн шигээ өөр өөр мөргөлийн газруудаар зочилдог юм.” гэлээ.
"Шашны янз бүрийн уламжлалыг дагагчдын хооронд мөргөлдөөн гарч байгааг харах нь гунигтай ч, ялангуяа адил итгэл үнэмшилтэй өөр өөр урсгалууд болох Афганистаны мусульман шашинт суннит болон шиа шашинтнууд хоорондоо таарамжгүй байгааг харах нь бүр ч таагүй байна.”
"Хэдийгээр шашны янз бүрийн уламжлалууд философийн өөр өөр үзэл бодлыг илэрхийлдэг ч нийтлэг зорилго нь дагалдагчдаа сайхан сэтгэлтэй байхад нь дэмжих явдал юм.”
"Олон жилийн турш Энэтхэг даяар материаллаг хөгжил тогтвортой явагдаж, Занскар ч мөн адил хөгжсөнийг би анзаарлаа. Гэвч урт хугацааны аз жаргал нь юуны түрүүнд сэтгэлийн амар амгаланг олохоос үүддэг. Сэтгэлийн амар амгалан тэнгэрээс бууж ирдэггүй. Бид бие биедээ эелдэг байж, эв найрамдалтай амьдарч, нийгэм даяараа ахан дүүсийн сэтгэлгээг төлөвшүүлэхийн төлөө хамтдаа хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Бид хүн төрөлхтний нэгдмэл байдал болон бидний адил чанар болох хүүхэд байхаасаа эхийн энэрэл, хайр халамжаар л амьд үлдэж чадсан тухай эргэцүүлэн бодох хэрэгтэй."
Дээрхийн Гэгээнтэн энэ нутгийн төвөдүүд болон Лхас дахь мусульман шашинтнуудын хооронд сайн харилцаатай байсныг дурсав. Төвөдийн засгийн газраас тэдэнд хүндэтгэл үзүүлж байгаагийн илэрхийл болгон бүхий л баяр наадамд оролцохыг урьдаг байсан билээ. Тэдний ихэнх нь Энэтхэгээс бараа бүтээгдэхүүн авчирдаг худалдаачид байсан бөгөөд мөн түүнчлэн тэд төвөдүүдэд гадаад ертөнцөөс мэдээ, мэдээллийг түгээдэг байжээ.
"Занскарт мусульман болон буддын шашинтнууд хоорондоо нягт эв найрамдалтай амьдарч байгааг хараад би баяртай байна. Иймээс би өнөөдөр мусульман ахан дүүстээ дахин талархал илэрхийлэхийг хүсч байна. Гималайн бүс нутагт эв найрамдалтай байх нь чухал ач холбогдолтой. Энэхүү бүс нутаг нь Төвөдтэй ойр дотно харилцаатай байгаад зогсохгүй бидний уламжлан авч үлдээхийг хичээж буй Наландагийн уламжлалаас үүдэлтэй буддын шашны гүн гүнзгий соёл цэцэглэн хөгжиж ирсэн билээ.”
"Би зүүн хойд Төвөдөд төрсөн, тэнд мусульман шашинтнууд их байсан тул би багаасаа л тэднийг сайн мэддэг байлаа. Нутгийн мусульман дайчин Ма Буфан надад онцгой анхаарал хандуулж байсан юм. Лхасын Төвөдийн Засгийн Газар намайг XIII Далай Ламын хойд дүр гэж зарлахад тэрээр миний бодож байсантай таарлаа гэж байсан юм.”
Дээрхийн Гэгээнтэн цааш нь цугларсан оюутан залуучуудад хандан сэтгэл, оюун ухааны талаар заадаг Нийгмийн харилцаа, сэтгэл хөдлөл, ёс суртахууны сургалт (SEE Learning)-ын талаар ярилаа. Энэхүү арга хэмжээнд 4000 гаруй олон нийтийн төлөөлөл хамрагдаад байгаа ажээ.
“Цаг үргэлж урагшилдаг ба түүнийг юу ч зогсоож чадахгүй. Бид өнгөрсөн үеийг өөрчилж чадахгүй ч ирээдүйг бүтээж чадна. Та хэдий чинээ энэрэнгүй сайхан сэтгэлтэй байна төдий чинээ дотоод амар амгаланг олох болно. Гэвч өнөөдөр боловсролын системүүд хүний үндсэн мөн чанарыг хангалттай хэмжээнд дээшлүүлэхгүй байгаа хандлага байна. Хүн төрөлхтөн аливааг тунгаан бодох чадвартай тул боловсрол нь илүү сайн ирээдүйг бүтээх гол хүчин зүйл юм.”
“Шашинд итгэх, эс итгэх нь таны хувийн асуудал. Гэхдээ бид дэлхий дахинд энх тайвныг тогтооход таатай нөхцлийг бүрдүүлэх хамтын үүрэг хариуцлага хүлээдэг. Мөргөлдөөнийг хүчээр зохицуулах боломжгүй тул бидний зорилго бол цэргийн дэглэмгүй дэлхийг бий болгох явдал билээ.”
“Энэрэнгүй сайхан сэтгэлтэй байх нь бидний зайлшгүй мөн чанар юм. Биднийг төрсөн цагаас эхлэн ээж маань асарч халамжилдаг. Ийм халамжгүйгээр бид амьд үлдэхгүй. Энэ нь энэрэнгүй сайхан сэтгэл бүх аз жаргалын үндэс гэдгийг олж мэдэх анхдагч учир шалтгаан юм. Гэвч энэрэл нигүүлсэлийн энэхүү ойлголт сургуульд орсны дараа бүдгэрч байх шиг байна. Эрүүл энх байх, сэтгэлийн амар амгалантай байх нь хайр, энэрэл нигүүлсэл дээр тогтдог гэдгийг сануулж байх хэрэгтэй.”
"Орчин үеийн боловсролыг эртний Энэтхэгийн мэдлэг, түүний дотор "каруна" ба "ахимса" гэдэг эртний зарчмуудыг шашнаас ангид (иргэний) ёс зүйн үүднээс авч үзэн хослуулбал илүү бүрэн төгс байх болно."
Дээрхийн Гэгээнтэн түүний хүмүүжил хүүхэд байхаас нь эхэлж, логик сэтгэхүй, учир шалтгааны сургаал, түүнчлэн сэтгэлээ сургах талаар хичээл, сургаалыг заалгаж байсан тухайгаа дурдав. Тэрбээр хэлэхдээ хэдийгээр ямар уламжлалыг дагаж мөрдөх нь хувь хүний асуудал боловч түүний хувьд Төвөдийн буддын шашны бүх гол уламжлалд хамаарах сургаалыг заалгасан гэв. Тэдгээр сургаалуудын гол зорилго нь амар амгалан сэтгэлийг бий болгох явдал байсан гэдгийг онцолсон юм.
Уулзалтад оролцогч нэгэн жирэмслэлтээс хамгаалах аргыг хэрэглэх нь дэлхийн байнга өсөн нэмэгдэж буй хүн амыг хязгаарлахад хувь нэмэртэй байх тухай асуухад Дээрхийн Гэгээнтэн нөхцөл байдлыг үнэлж, түүний дагуу явах нь чухал гэж хариулав.
Уулзалт өндөрлөхөд Дээрхийн Гэгээнтэн залуучуудад хандан Бурхан Багшийн заасан гурван сав аймгийн ном буюу Билиг билгүүн, Абидарма, Винай-д заасан ёс суртахуун, төвлөрөл, мэргэн ухааныг (билиг билгүүн) гэсэн гурван дээд номын сургалтад хамрагдахыг зөвлөв.
Төгсгөлд нь тэрбээр Манзушир болон Дарь Эх бурхадын тарнийн лүнг хүртээн, Манзуширын тарнийг унших нь оюутнуудад богино хугацаанд сурч боловсроход нь тустай бөгөөд урт хугацаандаа бурханы хутагт хүрэхэд хөтлөх болно гэв.
Дээрхийн Гэгээнтэн залуучуудтай ярилцах завшаан тохиосонд баяртай байгаагаа уулзалтад оролцогчдод хандан хэлээд буддын сургаалын мөн чанар болох бодь сэтгэл, хоосон чанарыг ухаарах мэргэн ухааныг (билиг билгүүнийг) төлөвшүүлэх нь тун чухал гэдгийг давтан хэллээ.
Тэрээр төгсгөлд нь тэдэнд хандан ”баяртай, дараа уулзацгаая" гэв.