Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

"Оюун ухаан ба амьдрал" институт - Харилцан хамаарал, ёс зүй, нийгмийн сүлжээ – 2 дахь өдөр 2022 он 10 дугаар сар 13

Түгээх

Энэтхэг, ХП, Дарамсала, Тэгчин Чойлин  – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өнөө өглөө өргөөнд орж ирэн "Оюун ухаан ба амьдрал" институт, "Оюун ухаан ба амьдрал Европ" институтийн гишүүд болон тэдний найз нөхөд рүү инээмсэглэн, гараараа даллан мэндчилэв.

Тэрбээр суудалдаа суумагцаа сэтгэл ба оюун ухааны талаар ярихыг хүсч байгаагаа мэдэгдэв.

"Эрдэмтэд оюун ухамсрын талаар тийм ч гүнзгий судлаагүй байна. Тэд сэтгэлийг тархитай холбон бодох хандлагатай байдаг ч сэтгэл нь үүнээс өөр зүйл юм. Сэтгэл бол тархины бүтээгдэхүүн биш бөгөөд бие даасан обьект мөн. Өнөөдрийн сэтгэл нь өчигдрийн сэтгэлийн үргэлжлэл юм. Сэтгэлийн талаар илүү ихийг мэдэх ёстой.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам "Оюун ухаан ба амьдрал" институтын “Харилцан хамаарал, ёс зүй, нийгмийн сүлжээ” ярилцлагын хоёр дахь өдөр айлдвар айлдаж байна. Энэтхэг, ХП, Дармасала, 2022.10.13. Гэрэл зургийг Тэнзин Чойжор

"Хүний амьдрал тогтох үед бие махбодийн хүчин зүйлүүдийн нийлбэр нь үр тогтоход хүргэдэггүй. Гурав дахь хүчин зүйл бол ухамсар юм. Ийм учраас ухамсар гэж юу болохыг судлах нь зүйтэй болов уу.”

"Хүний амьдралын үүслийг зөвхөн бие махбодид тулгуурлан тайлбарлахыг оролдох нь хангалтгүй байх болно. Ихрүүд нэгэн хэвлийд бие махбодын хувьд нэг гарал үүсэлтэй  ч хувийн шинж чанараараа ялгаатай байдгийг бид хардаг.”

"Оюун ухамсар нь тунгалаг бөгөөд ухаарах чанартай гэдэг бөгөөд үүнийг тархины бүтээгдэхүүн гэж нотлоход хэцүү."

Ричи Дэвидсон "Таны бидэнд онцолсон зүйлсийн нэг бол сэтгэл нь тархитай адилхан гэсэн шинжлэх ухааны үзэл баримтлал нь бодит үнэн биш гэсэн итгэл үнэмшил юм. Энэ бол танаас олж авсан зүйлийн гол цөм юм. Үнэндээ эрдэмтэд бид сүүлийн 100 жилийн хугацаанд үүнийг судлахад бодитой ахиц дэвшил гаргаагүй байна."

Дээрхийн Гэгээнтэн “тархи нь бидний биеийн нэг хэсэг” гэж үргэлжлүүлэн хэлээд "ухамсар нь тархинаас хамаардаг боловч түүнээс тусдаа зүйл. Ухамсар ба бие нь хоёр өөр зүйл юм. Бид оюун санааны түвшинд амар амгаланг мэдэрдэг бөгөөд харьцуулбал бие махбодийн тухтай байдал тийм ч чухал биш ээ. Орчин үеийн ертөнцөд бид сэтгэлийн амар амгаланг хэрхэн олох талаар хайхрахгүй орхиод байна.”

“Бидэнд мэдрэхүйн ухамсрыг бий болгодог таван мэдрэхүйн эрхтэн байдаг бөгөөд мөн сэтгэлийн ухамсар байдаг. Жишээлбэл, бясалгал бол сэтгэлийн ухамсрын үйл ажиллагаа бөгөөд энэ талаар суралцах нь зүйтэй.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам "Оюун ухаан ба амьдрал" институтын “Харилцан хамаарал, ёс зүй, нийгмийн сүлжээ” ярилцлагын хоёр дахь өдрийн нээлтийн үг хэлэх үеэр. Энэтхэг, ХП, Дармасала, 2022.10.13. Гэрэл зургийг Тэнзин Чойжор

“Бид ухамсрын эх сурвалжийг хайвал энэ нь тасралтгүй үргэлжилдэг гэдгийг олох болно. Өмнө нь хэлсэнчлэн өнөөдрийн ухамсар бол өчигдрийн ухамсрын үргэлжлэл юм. Тасралтгүй үргэлжлэл нь өмнөх амьдралын талаар асуултуудыг гаргаж ирдэг бөгөөд өмнөх насны талаар тод дурсамжтай бага насны хүүхдүүд байдаг тул үүнийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй.”

“Сэтгэл, ухамсарын тасралтгүй үргэлжилдэг чанар нь сэтгэлийн чанаруудыг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулдаг. Үүний зэрэгцээ сэтгэл нь цул зүйл биш юм. Янз бүрийн нарийн мэдрэмжийн ухамсрын түвшин байдаг. Очирт хөлгөний номд эдгээр түвшинг нарийвчилсан, мөн бүдүүн ухамсрын төлөв нь нарийн төлөвт шингэдэг талаар дурдсан байдаг.”

“Сэтгэлийн нарийн түвшний нэг илрэл нь эмнэлзүйн хувьд нас барсан гэж зарласан ч ухамсрын хамгийн нарийн төлөв хараахан гараагүй байгаа тул бие цогцос нь муудаж өөрчлөгдөөгүй хэвээр байгаа хүмүүсийн жишээнээс харж болно.”

“Бясалгал хийдэг хүмүүс үхэх үедээ ухамсрын янз бүрийн төлвийн задралтай танилцдаг бөгөөд энэ нь ухамсрын хамгийн нарийн түвшин болох төрөлхийн (угийн) гэгээн гэрэл гарч ирэх үед ямар ч хүчин чармайлтгүйгээр түүнийг таних боломжийг олгодог.

“Бид үүнээс йогч, бясалгагчидын байгалийн жам ёсны үйл явцыг ашиглаж байгааг харж болох юм. Тэд үхэх байгалийн үйл явцын боломжийг ашиглан шингэлтийн үе шатуудын талаар мэдлэгтэй байж, эцэст нь "бүхэн хоосон" буюу гэгээн гэрлийн үе шатанд хүрдэг. Йогчид хоосон чанарт анхаарлаа төвлөрүүлэхийн тулд гэгээн гэрлийг ашигладаг. Өөрөөр хэлбэл, тэр хүн хоосон чанарыг ухамсарлахын тулд хамгийн нарийн сэтгэлийн төлөвт орно гэсэн үг юм. Үйлийн үрээр хэсэгчлэн удирдуулсан ийм йог нь тухайн хүн дараа нь хаана төрөхөө өөрөө сонгох чадвартай болгодог.”

“Оюун ухаан ба амьдрал Европ” институтийн Удирдах зөвлөлийн дарга Эми Коэн Варела Дээрхийн Гэгээнтэнд өнөөдөр Европын өдөр гэж хэлэв. Тэрээр “Оюун ухаан ба амьдрал Европ” институтийн гүйцэтгэх захирал Габор Карсай Дарамсала хотод ирэх байсан ч сүүлийн мөчид түүний ковидийн шинжилгээ эерэг гарч, аялах боломжгүй болсон гэв. Тэрээр түүний 35 жилийн турш хийсэн бясалгалын практикийн талаархи судалгааны үр дүнгийн тухай зурвасыг уншлаа. Тэрээр "Энэ нь найдвар төрүүлдэг". "Зовлонгийн дунд сэтгэлээ хөгжүүлэх нь бидний өмнө тулгардаг сорилтуудыг арилгах жинхэнэ эм юм." Тэрээр хамаг амьтанд ашиг тусаа өгөх нийгмийн сүлжээ бий болно гэж найдаж байгаагаа нэмж дурджээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын өргөөнд болж буй "Оюун ухаан ба амьдрал" институтын “Харилцан хамаарал, ёс зүй, нийгмийн сүлжээ” ярилцлагын хоёр дахь өдөр "Оюун ухаан ба амьдрал"-ын Европын Удирдах зөвлөлийн дарга Эми Коэн Варела хөтөлбөрийг танилцуулж байна. Энэтхэг, ХП, Дармасала, 2022.10.13. Гэрэл зургийг Тэнзин Чойжор

Өнөөдрийн модератор Мартижн ван Бек өчигдөр Жо Хенрих хөгжил дэвшил, хамтын ажиллагаа нь хүн төрөлхтнийг дэлхий дээр хэрхэн ноёрхогч болгосон талаар дурдсан. Үүний зэрэгцээ Молли Крокет илүү эерэг түүх, уулзалтууд нь бидний нийтлэг зүйлийг илүү сайн таньж мэдэхэд тусалдаг гэдгийг харуулсан. Тэрээр тухайн өдрийн анхны хөтлөгч, Дээрхийн Гэгээнтний найз Франсиско Варелагийн үзлийг дагадаг гүн ухаантан, танин мэдэхүйн эрдэмтэн Ханне Де Жэгерийг танилцуулав. Тэрээр оролцооны (хамтын ажиллагааны) мэдрэмж, хүмүүс уулзах үед юу болдог талаар судалдаг.

Тэрээр Дээрхийн Гэгээнтэнд “Би хүмүүс бие биетэйгээ хэрхэн харьцаж байгааг судалдаг. Бид хоорондын ялгаагаа үл харгалзан харилцдаг. Итгэлцлийг хэрхэн бий болгох вэ гэдэг асуулт байна. Таныг найз Бишоп Тутутай хэрхэн харилцаж байхыг би харсан. Та хоёр бие биенээ хэрхэн шоолж байгаа, юугаараа ижил төстэй, юугаараа ялгаатай болохыг хэрхэн таньж болохыг би ажигласан. Та хоёрын хооронд бодитой алиа хошигнол бий. Би танаас бид хоорондоо харилцахад ялгаа чухал уу гэж асуумаар байна."

Дээрхийн Гэгээнтний шулуухан “Үгүй” гэж хариуллаа. 

“Бидний хоорондын ялгааг хүлээн зөвшөөрөх нь өөрсдөдөө зориулж бий болгодог зүйл бөгөөд үүнийг хэт онцлон тэмдэглэх нь асуудалд хүргэдэг. Нөгөөтэйгүүр, бид бие биенээ хүн гэдэг талаас нь харвал амархан харьцаж чадна."

"Би зөвшөөрч байна" гэж Де Жэгер хариулаад, "Энэ их чухал санаа. Би энд байхдаа Төвөдийн соёлтой танилцах боломжийг чухалчилдаг. Энэ нь юугаараа ялгаатай, юугаараа ижил төстэй байдгийг ойлгох боломж юм."

"Явцуу сэтгэлгээг хадгалах нь ямар ч ашиггүй" гэж Дээрхийн Гэгээнтэн түүнд хэлэв.

Дээрхийн Гэгээнтэн Шантаракшита VIII зуунд төвөдүүдэд Энэтхэгт цэцэглэн хөгжсөн өөр өөр үзэл суртлын талаар хэрхэн зааж сургасан, тэдэнд аливааг өөр өөр өнцгөөс харж, өөр өөр үзэл бодлын талаар мэтгэлцэх боломжийг олгосон тухай ярив. Мэтгэлцээн бол бие биенээсээ суралцах тодорхой арга зам гэдгийг Де Жэгер тэмдэглэв.

Философич, танин мэдэхүйн эрдэмтэн Ханне Де Жэгер Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын өргөөнд болж буй "Оюун ухаан ба амьдрал" институтын “Харилцан хамаарал, ёс зүй, нийгмийн сүлжээ” ярилцлагын хоёр дахь өдөр илтгэлээ тавьж байна. Энэтхэг, ХП, Дармасала, 2022.10.13. Гэрэл зургийг Тэнзин Чойжор

Харилцааны санааг харуулахын тулд тэрээр коридороор алхаж байхдаа хэрхэн өөрийгөө олж болохыг, өөр хэн нэгэн таныг чиглэн ирж байгаагаар тайлбарлав. Чи хажуу тийшээ болоход тэд ч мөн адил хажуу тийшээ болно. Энэ нь биднийг өөрчилдөг. Бидний ижил төстэй байдал, хувь хүний шинж чанаруудын талаар ямар нэг зүйлийг харуулдаг харилцан үйлчлэл байдаг.

Дээрхийн Гэгээнтэн харилцаа холбоо нь зөрчилдөөнөөс зайлсхийх, хамтдаа амьдрах ёстойн тусгал юм гэж тэмдэглэв.

Мартижн ван Бек Ханне Де Жаегерийн илтгэлийг уулзалт, харилцан үйлчлэлийн ач холбогдлыг харуулсан гэж дүгнэв. Дараа нь тэрээр хиймэл оюун ухаанд төвлөрсөн ажил эрхэлдэг Абеба Бирханыг танилцууллаа.

Тэрээр Дээрхийн Гэгээнтэнд энд байгаадаа машид таатай байгаагаа илэрхийлээд дижитал технологийн талаар ярихыг хүсч байгаагаа хэлэв. Тэрээр Дээрхийн Гэгээнтнээс өөрт нь компьютер байгаа эсэхийг асуугаад "Үгүй" гэж хариулсанд бага зэрэг гайхав. Өрөөнд байгаа бараг бүх хүмүүс дижитал технологид сууриласан ухаалаг утастай гэж тэр хэллээ.

Тэрээр виз гаргах, дүрвэгсдийг бүртгэх гэх мэт үйл ажиллагаанд ашигладаг нүүр царай таних аргыг дурдав. Нэг талаараа энэ төрлийн технологийг үр ашигтай гэж үздэг ч сул талуудтай. Үүний нэг нь цагаан царайтай харьцахад царай таних нь бараг 100% нарийвчлалтай байдаг бол өнгөт хүмүүсийг танихад 35% буруу байдаг. Ийм технологи дээр үндэслэн хүмүүсийн талаар дүгнэлт гаргадаг бөгөөд ийм технологийг ажиллуулж буй компаниуд одоо зах зээлд тэргүүлэгч болж байгаа учраас энэ нь ноцтой зүйл ажээ.

Дээрхийн Гэгээнтэн "ерөнхийдөө технологийг сайн эсвэл муу гэж үзэж болох эсэх нь түүнийг хэрхэн ашиглахаас хамаарна. Хүмүүс бид технологи, машины боол байж болохгүй. Бид тэдгээрийг хянах ёстой” гэж хариулав.

"Компаниуд гүйцэтгэл, үр ашгийг үнэлдэг" гэж Бирхан хэллээ. “Гэхдээ ёс зүй, шударга ёсыг үнэлдэггүй. Ийм технологийг ашиглах нь бүх ялгааг бий болгодог. Технологийн компаниуд ашиг тустай байх бус мөнгө олохыг юуны өмнө сонирхож байх шиг байна.”

Тус өдрийн модератор Мартижн ван Бек Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын өргөөнд болж буй буй "Оюун ухаан ба амьдрал" институтын “Харилцан хамаарал, ёс зүй, нийгмийн сүлжээ” ярилцлагын хоёр дахь өдөр хиймэл оюун ухаанд гол анхаарлаа хандуулдаг Абеба Бирханыг илтгэл тавихыг нь харж байна. ХП, Энэтхэг, 2022.10.13. Гэрэл зургийг Тэнзин Чойжор

Дээрхийн Гэгээнтэн, 

"Би санал нэгтэй байна. Хүний үнэт зүйлийг хоёрдугаарт тавьдаг. Бид хэтэрхий материаллаг үзэлтэй байх үед ийм зүйл тохиолддог. Бид хүн шүү дээ, бид юу ч хийсэн хүний үнэт зүйлийг хэрэгжүүлэх хэрэгтэй гэдгийг санах ёстой. Үндсэндээ бид сайхан сэтгэлээс урам авах ёстой. Технологи нь хүний хэрэгцээнд үйлчлэх ёстой; тийм учраас хүн төрөлхтөн удирдах хэрэгтэй.”

“Таны яриад байгаа технологийг аль нэг улс хэдий чинээ их ашиглах тусам илүү давуу талтай гэсэн ойлголт байдаг юм шиг байна. Гэвч бидний төрөх, нас эцэслэх байдал хаана ч яг адилхан билээ."

Дижитал технологи нь гадна талын ялгааг эрэлхийж байгааг Бирхан ажиглажээ. Тэрээр Дээрхийн Гэгээнтнээс энэ салбарт ажиллаж буй хүмүүст хандаж юу хэлэхийг асуув.

"Бүх төрлийн технологи нь хүн төрөлхтөнд ашиг тустай байхын зэрэгцээ экологийг хамгаалахад хувь нэмэр оруулах ёстой."

Эми Коэн Варела Дээрхийн Гэгээнтэнд “Оюун ухаан ба амьдрал” институт болон “Оюун ухаан ба амьдрал”Европын төлөөлөгчид түүнтэй хамт байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэхийг хүсч буйгаа хэлэв.

Дээрхийн Гэгээнтэн төгсгөлд нь, 

"Бидний нөхөрлөл ганц хоёр уулзалтын үр дүнд үүсээгүй" гэж хариулав. "Бид удаан хугацаанд найз нөхөд болцгоосон. Бид итгэлцэл дээр суурилсан жинхэнэ нөхөрлөлөөр нөхөрлөдөг.”

“Би энд Энэтхэгт дүрвэгч болсон. Би эх орноо алдсан. Гэхдээ дараа нь би өөр олон газраас ирсэн хүмүүстэй уулзаж, энэ ертөнцийн нэг хэсэг болсондоо баяртай байна. Мөн Төвөд дэх төвөдүүдийн хувьд Далай Ламын найзууд бол Төвөдийн найзууд гэдгийг та бүхэн мэдэж авахыг хүсч байна. Миний эх оронд бидний сайн харилцааг гүнээ үнэлдэг бөгөөд эцэст нь үнэн ялна гэдэгт бид итгэдэг.” гэлээ. 

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт