Энэтхэг, ХП, Дарамсала - Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон АНУ-ын Энх тайвны хүрээлэнгийн залуу удирдагчдын уулзалт өнөө өглөө дахин үргэлжиллээ. Зохицуулагч Дэвид Ян өчигдөр дайны хөлд нэрвэгдсэн хүүхдүүд хэрхэн энх тайвны төлөө удирдагч болох талаар ярилцсанаа бүгдэд сануулав. Тэрээр энх тайвныг тогтоох нь оюун санааны хүчин чармайлт бөгөөд өчигдөр энэрэн нигүүлсэхүйг ярилцсан бол өнөөдрийн хэлэлцэх сэдэв нь дотоод амар амгалан, тэгш байдал, шударга ёсны төлөөх амлалт байх болно гэж танилцуулав.
Эхлээд нийгмийн сорилт, олон талт байдал, олон талт соёлыг сонирхдог сэтгэл судлаач Колумбын Анги өөрийгөө танилцуулахдаа боловсрол, суралцах дуртай тухайгаа ярив. Тэрээр илүү олон хүнийг боловсролын сонирхолд татахыг хичээж ажилдаг талаар тайлбарласан юм.
Суданы Эсра нь контент бүтээх ажилд гүнзгий оролцож, хувь хүмүүс болон байгууллагуудын алсын хараагаа биелүүлэхэд нь тусалдаг гэлээ. Тэрээр нийгэмд эерэг нөлөө үзүүлэхийг хичээдэг бөгөөд зохиол бүтээлүүд, боловсролын хичээлүүдээрээ дамжуулан боловсрол, энх тайвныг тогтоох ажилд идэвхтэй оролцдог ажээ. Эсрагийн сурагчид боловсрол эзэмшсэнээр дотоод амар амгалангийн талаар илүү их ойлголттой болж эхэлсэн байна.
Өмнөд Суданаас ирсэн Патрик залуучууд, энх тайван, аюулгүй байдлын асуудалд онцгой анхаарал хандуулдаг гэв. Тэрээр эерэг өөрчлөлтийн төлөө бодлого боловсруулах, шийдвэр гаргахад залуучуудын оролцоог тууштай дэмжиж ирсэн байна. Тэрээр 2016 онд өөр улсад гацаж, эх орноо аврахад хувь нэмрээ оруулж чадаагүйдээ хичнээн харамсаж байгаагаа ухаарсан тухайгаа тайлбарлав. Энэ нь түүнийг бусад залуучуудтай энх тайвныг тогтоох ажилд оролцоход түлхэц болсон байна.
Тунисын Ариж бол мэтгэлцээний хөтлөгч юм. Тэрээр олон нийтийн өмнө үг хэлэхдээ эхэндээ сандардаг байсан ч илтгэх чадвар эзэмшсэн нь түүнд энх тайвантай холбоотой янз бүрийн сэдвээр семинар хийж, эерэг нөлөө үзүүлэх боломжийг олгосон байна. Өөртөө итгэлтэй болсон тэрээр бусдыг ч гэсэн үг хэлэх аргад сургажээ. Зарим хүмүүс Тунис хэзээ нэгэн цагт амар амгаланг олно гэсэн итгэл найдвараа алдаж байгаа ч цөхрөхгүй байхаар шийдсэн гэж тэр хэлэв.
Хажир бол Иракаас гаралтай курд юм. Тэрээр улс төр, эдийн засгийн шинжээч, ISIS-ын дайныг сурвалжилж байсан сэтгүүлч юм. Дайныг сурвалжилснаас хойш тэрээр дүрвэгсдийг орон байр, хоол хүнсээр хангах ажилд гар бие оролцож байна. Тэрээр өөрөөсөө юу хүсч байгаагаа асуухад хамгийн чухал нь Курдистаны ард түмэн болон тэгш байдлыг хүсч байгаагаа ойлгосон гэжээ. Бусад хүмүүс таныг байнга хууран мэхэлж, эрхийг чинь үгүйсгэдэг бол дотоод амар амгаланг мэдрэх нь хэцүү гэж тэр хэлэв. Ийм нөхцөлд курдууд өөрсдийн мөн чанарыг хадгалахыг хичээж байна гэлээ.
Ливийн Роя нь энх тайван, эвлэрэл, урлаг, соёлын оролцоо, хөгжил, эдийн засгийн тогтвортой байдал, боловсролыг дэмжих төслүүдийг удирдан чиглүүлж, дэмжин ажилладаг. Өөртөө өөрчлөлт авчрах чадвартай гэдгээ ухаарсан тэрээр бидний хүн нэг бүр бусдад тусалж чадна гэдгийг ойлгуулахын тулд бусдыг урамшуулахыг зорьдог гэж тэр хэлэв. Тэрээр “Бид өөрчлөлт хийж чадна.” гэлээ.
Венесуэлийн иргэн Софиа хамгийн сайн найзтайгаа хамт сургуулийнхаа НҮБ-ын байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон тухайгаа ярьжээ. Оюутнууд эхлээд Софиягийн найз хамгийн тохиромжтой, харин Софиа тохиромжгүй байх болно гэцгээж байсан байна. Гэсэн хэдий ч түүнийг үнэхээр сонгогдох үед бүгд гайхжээ. Хэрэв та удирдагч болох гэж байгаа бол өөртөө итгэлтэй байх ёстой гэдгийг тэрээр бүрэн мэдэрсэн байна.
Давид Ян Дээрхийн Гэгээнтнээс Төвөдөөс гарахад ямар мэдрэмж төрж байснаа хуваалцахыг хүсэв.
Дээрхийн Гэгээнтэн,
“Юуны өмнө манай нийгэмд болон миний амьдралд аюул заналхийл ойрхон байсан. Нөхцөл байдал нэлээд хүндэрсэн тул би зугтсан. Хятадын цэргийн офицерууд Далай Ламыг Норбулинга ордонд хаана байрлаж байгааг мэдэхийг хүсэх үед тэдний хэлснээр бөмбөгдөлтөөс хамгаалж чадах уу, эсвэл намайг илүү амархан онилж чадах уу гэдгийг бид мэдэхгүй байсан юм. Нэгэнт би дүрвэгч болж эрх чөлөөтэй болсон тул илүү аз жаргалтай байж ирлээ.”
"Өнөөдрийн нөхцөлд долоон тэрбум хүн төрөлхтөн бүгд ижил төстэй байхыг хүсч байна. Миний хэлсэнчлэн бид бүгд адилхан. Хэн ч бусдаас илүү, илүү гавьяатай хүн гэж байхгүй. НҮБ-д зөвхөн улс төрийн удирдагчид төдийгүй жирийн хүмүүсийн төлөөлөл оролцох ёстой. Бид бүгдээрээ хамтдаа амьдрах ёстой учир нөхцөл байдалд бодитой хандах хэрэгтэй.”
“Бид Европын Холбооны эрхэмлэдэг нийтлэг ашиг сонирхол гэж юу болох талаар илүү их бодох хэрэгтэй. Бидэнд хүмүүнлэгийн холбоо хэрэгтэй байна.”
Дээрхийн Гэгээнтэн залуу удирдагчдын тавьсан асуултад хариулахдаа шийдвэрт хүрэх талаар ярилаа. Хэдийгээр улс төрийн бүх ажлаасаа татгалзсан ч ямар нэгэн шийдвэр гарах бүрт холбогдох хүмүүстэй байнга зөвлөлддөг гэж тэрбээр тайлбарлав.
Дээрхийн Гэгээнтнээс таны мэдэх зарим хүмүүс Хятадын эсрэг тэмцэхийг хүсдэг үү гэж асуув.
“Зарим нь тэгдэг. Гэсэн хэдий ч энэ нь аливаа зүйлийг бодитойгоор тунгаан бодсоны үр дүн гэхээсээ илүү сэтгэл хөдлөлийн илрэл гэж би зөвлөдөг. 30 жилийн өмнө дэлхий дээр санал бодлоо илэрхийлэх нь хүч багатай байсан. Өнөөдөр санал бодлоо илэрхийлэх нь өөрлчлөлтийг авчрах гол хүчин зүйл болоод байна. Одоо бол асуудлыг яриа хэлэлцээгээр шийдвэрлэх ёстой цаг үе юм.”
Энэрэнгүй байх нь хүний үндсэн мөн чанар гэдгийг дахин онцоллоо. Тэрээр, бид үүнийг өнгөц ялгааг үл тоодог хүүхдүүдээс харж болно. Энэ болон бусад арьс өнгө, үндэс угсаа, шашин шүтлэгээр нь ялгаварлан гадуурхах нь эртний сэтгэлгээ юм гэдгийг онцлов.
"Бид Төвөдөөс гарахдаа төвөдүүд болон Хятадын коммунистуудын ялгааны талаар бодож байсан. Хэрэв бид хүн төрөлхтний хувьд нийтлэг, газар нутаг нь хүн төрөлхтнийх гэдгийг бодож үзсэн бол үр дүн нь өөр байх байсан.”
“Бид өнгөрсөн зүйлд хэт их анхаарал хандуулах ёсгүй гэж би бодож байна. Бид аливаа зүйлийг өөр өөр өнцгөөс харах ёстой. Дүрвэгч болсон нь надад илүү ашигтай болсон юм."
XV Далай Лам төрөх үү, хэрэв төрөх бол хаана төрөх вэ гэсэн асуултад Дээрхийн Гэгээнтэн инээгээд “Энэ миний хэрэг” гэж хариулав.
“Би одоо 87 настай, дахин 15, 20 жил амьдрах боломжтой гэж бодож байгаа тул XV Далай Лам байх эсэх нь одоо миний гол асуудал биш. Магадгүй би энэ дэлхийтэй холбоотой учраас энэ гариг дээр төрөх байх.”
"Миний шийдэмгий зорилго бол бусдад үйлчлэх явдал билээ. Би энэ гараг болон энд амьдарч буй хүн төрөлхтнийг сайн мэднэ. Гэхдээ би хаана төрөхөө мэдэхгүй байна. Би хутагт Жанрайсиг бурхантай холбоотой. Би түүнийг төлөөлж буй тул миний хаана төрөх нь түүний хүслээр шийдэгдэж магадгүй.”
“Төвөдөд алдартай нуур байдаг бөгөөд нуурын мандалд миний төрсөн газрыг харуулсан гурван үсэг үзэгдсэн билээ. “А” үсэг нь Амду муж, “Г” үсэг нь Гүмбүм хийд, “М” үсэг нь Лхамдондүв гэх миний нэрэнд орсон үсгийг илэрхийлсэн гэж шинжээчид дүгнэсэн юм. Ийм нууцлаг хүчийг ашиглах нь ирээдүйг харахад бидэнд тустай байдаг."
Дэвид Ян эрх тэгш байдал, шударга ёсны талаар ярих таван залуу удирдагчийг танилцуулав.
Өмнөд Суданы иргэн Глория хүний эрх, иргэний эрхийн асуудалд маш их санаа зовж байна гэлээ. Тэрээр жендэрийн тэгш бус байдлыг бууруулах, ялангуяа сургуулиудад зориулсан ариун цэврийн бүтээгдэхүүнүүдийг татвараас чөлөөлөхийг уриалав. Тэрээр сургуульд байхдаа анхны сарын тэмдэг ирэхэд нь айж сандарсан сургуулийн найзынхаа түүхийг ярьлаа. Найзуудынхаа тусламжийг үл харгалзан ангийнхаа бусад хүүхдүүдийн ёжтой үг хэллэгээс ичиж байв. Маргааш нь тэр сургуульдаа ирээгүй байна.
Тэр үед Глория бие махбодийн энэ үйл явц яагаад ийм ичгүүртэй байдалд хүргэх ёстой вэ гэж өөрөөсөө асууж байжээ. Тэрээр охидын бие махбодь болон тэднийг ойлгоход нь туслах, сарын тэмдгийн гутаан доромжлолыг багасгахын тулд ямар нэгэн зүйл хийх ёстой гэж шийдсэн байна.
Хүчээр заналхийлсэн эсвэл дээрэлхсэний нөлөөгөөр шийдвэр гаргах ёсгүй гэж Дээрхийн Гэгээнтэн тайлбарлав. Энэ бол эртний сэтгэлгээ юм. Одоо бид бүгд тэгш эрхтэй бөгөөд аливаа зүйлийг өөрсдөө шийдэх эрхтэй.
Сирийн Мамдух дайны үед амь үрэгдэгсэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, орон нутгийн иргэд, дотоодын дүрвэгсдэд тусалж, дайны үед энх тайвныг тогтоох, хөгжүүлэх хоёр төслийг удирдаж байжээ. Өөрчлөлт хийхийг оролдохдоо сэтгэл дундуур байгаагаа тэрээр тайлбарлав. Тэрээр арван жилийн турш хаалга тогшиж явсан ба зарим нь онгойдог, зарим нь онгойдоггүй гэв. Бид хичээж байна, бид бусдад туслахыг зорьж байна гэлээ.
Сомалийн Мохамед мөргөлдөөний дараах шударга ёс, орон нутгийн засаг захиргаа, энх тайвныг бэхжүүлэх чиглэлээр практик туршлагатай ажээ. Тэрээр хуулийн хэрэг нь олон жил сунжирсан эмэгтэйтэй уулзсан тухайгаа ярилаа. Түүний хэргийг сонсоод шударга ёсыг хойшлуулж, шударга ёсыг үгүйсгэсэн хэрэг гэж дүгнэсэн байна. Үндсэн хуульд заасан эрхийг ард түмэн эдэлж чадахгүй байгааг тэрээр тэмдэглэв. Олон хүмүүс өөр сонголт хайж эх орноо орхин явсан боловч хэрэв тэр үлдэхгүй бол илүү тайван Сомали улсыг байгуулахын тулд хэн үлдэх вэ гэж боддог гэсэн юм.
Дээрхийн Гэгээнтэн дэлхий ардчилалтай болж байгаа тул хүмүүс дуу хоолойгоо өргөж, тэдний дуу хоолойг сонсох боломжтой гэж тэмдэглэв.
Колумбын иргэн Исабела хүний нэр төр, үндсэн эрхийг хамгаалахын тулд ажиллаж байгаа гэдгээ тайлбарлалаа. Ээж нь дөрөвхөн настай байхад түүний аав бууг хэрхэн хэрэглэхийг зааж өгөөд, өөрийгөө хамгаалахыг зөвлөж дэрэн доор нь буу тавьдаг байсныг сонсоод тэрээр цочирдсон тухайгаа ярьжээ. Хүмүүс яагаад ийм айдастай амьдрах ёстой гэж Исабела өөрөөсөө асууж, хуульч болохоор шийджээ. Тэрээр хүний нэр төрийг хамгаалж, бүх хүүхэд боловсрол эзэмших боломжийг бүрдүүлэхийн төлөө санаа зовж байна гэв.
Ливийн Нисса цаг уурын өөрчлөлтийн төлөө тэмцэгч гэдгээ зарлав. Тэрээр бохирдол, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх баримтуудыг харуулсан "Эвгүй үнэн" кинонд сэтгэл хөдөлсөн тухайгаа ярьжээ. Тэрээр хүүхдүүдэд эдгээр зүйлийн талаар заахаар шийдсэн бөгөөд дэлхийн удирдагчдын чадахгүй байгаа зүйлийг хүүхдүүд амархан ойлгож чадна гэдгийг олж мэдээд ихэд гайхжээ.
“Уур амьсгалын өөрчлөлт ноцтой байна” гэж Дээрхийн Гэгээнтэн хүлээн зөвшөөрөв. “Бид олон мод тарьж, арчлах замаар дэлхийг ногоон болгох алхам хийх ёстой. Би саяхан Энэтхэгийн Ладакт байх үед мод тарьсан учир хуурай, элсэрхэг орчин өөрчлөгдөж байгааг олж харлаа. Уур амьсгалын өөрчлөлт гэх мэт хямралтай тулгараад байгаа бид өөр хоорондоо тэмцэж чадахгүй. Хамтарч ажиллах ёстой” гэлээ.
Дээрхийн Гэгээнтэн асуултад дахин хариулахдаа аливаа зүйлийг илүү өргөн өнцгөөс харах хэрэгтэй гэж давтан хэлэв. Төвөдийн тухайд тэрээр төвөдүүдийн оюун ухаан, сэтгэл хөдлөлийн үйл ажиллагааны гүн гүнзгий ойлголтыг агуулсан соёлын нандин өвийг дурдав. Бид энэ үнэт өв соёлыг хадгалсаар ирсэн гэдгээ тайлбарлав. Тэрээр цөөхөн төвөд хүн коммунист болсон ч түүнээс хэд дахин олон хятад хүн буддист болсон гэж онцолсон юм.
Дээрхийн Гэгээнтэн Хятадын их дээд сургуулиудын багш нар Энэтхэг дэх төвөдүүдийн хэвлүүлсэн Буддын шашны шинжлэх ухаан, гүн ухааны номуудыг уншсан тухай дурдлаа. Төвөдийн буддизм нь шинжлэх ухаанч, учир шалтгааны арга барилыг баримталдаг Наландагийн уламжлалыг үнэхээр хадгалсаар ирсэн гэдгийг тэд хүлээн зөвшөөрсөн байна.
Энэрэнгүй сэтгэлээ алдахгүйгээр шударга ёсонд хэрхэн хүрэх вэ гэсэн асуултад Дээрхийн Гэгээнтэн хамгийн чухал зүйл бол хор хөнөөл учруулахгүй байх явдал гэдгийг тайлбарлав. Бусдад туслах нь маш их сэтгэл ханамжийн эх үүсвэр болдог гэж нэмж хэллээ.
Дээрхийн Гэгээнтэн та хэрхэн дуу хоолойгоо хүргэж байгаа талаар асуухад эхлээд шударга байх ёстой, хоёрдугаарт энэрэнгүй сэтгэлээр аливаа үйлдэл хийх хэрэгтэй гэж хариулав.
Төгсгөлд нь Дэвид Ян Дээрхийн Гэгээнтний ажлын албаны гишүүд, ажилчид болон дуу дүрсний багийнханд талархал илэрхийлэв. Тэрээр ирээдүйн итгэл найдварыг илэрхийлж буй 26 залуу удирдагчдад талархал илэрхийлсэн юм. Эцэст нь тэрээр Дээрхийн Гэгээнтэнд урам хайрласан явдалд баяртай байгаагаа дурдлаа.
Дээрхийн Гэгээнтэн хариуд нь “Баярлалаа. Өнөөдөр амьд байгаа долоон тэрбум хүний нэг хэсэг бид аз жаргалтай хүн төрөлхтөн, энх тайван дэлхийг бий болгохын төлөө ажиллах үүрэгтэй.” гэлээ.
Дараа нь тэрээр залуу удирдагчид болон USIP-ийн туслах ажилтнуудыг хамтдаа үдийн зоог барихыг уриалав.