Энэтхэг, Ладак, Лех- Цаг агаарын байдлын улмаас хойшлогдсон хоёр дахь өдрийн номын айлдвар өнөөдөр үргэлжилхээр болж өглөө эрт Шивацал талбай сүсэгтэн олноор дүүрсэн байлаа. Зохион байгуулагчдын тооцолсноор ойролцоогоор 65 мянга гаруй сүсэгтэн олон цугларсан бөгөөд тэдний ихэнх нь зөөлөн шиврэх борооноос зайлсхийн босч зогссон байв.
Өглөөний 6 цаг 30 минутанд гольф тэргэний урд талд бүрээ бишгүүр үлээн хүж тэргүүтнийг барин хүндэтгэл үзүүлж буй лам хуврагын төлөөллийн хамтаар Дээрхийн Гэгээнтэн морилолоо. Хүндэтгэлийн бэлэгдэл болох шар өнгийн торгон шүхэрийг мөн гольфын тэргэний дээгүүр эргэлдүүлж байлаа.
Дээрхийн Гэгээнтэн гольфын тэрэгнээсээ буун цугларсан олны зүг мишээн мэндчилээд асарт залсан Бурхан Багшийн дүрд хүндэтгэл үзүүлэн зул өргөл өргөлөө. Дээрхийн Гэгээнтэн тайзны голд залран цугласан олны зүг дахин мэндчилэхэд сүсэгтэн олон ч мөн хүндэтгэлтэйгээр хариу мэндчилж байлаа. Дээрхийн Гэгээнтэн сэнтийдээ залран номын айлдвараа эхлүүлэв.
“Өнөөдөр энд цугларсан лам хуврагууд болон энгийн сүсэгтэн олон бол үнэхээр чин сүсэг бишрэлтэй Ладакын ард түмэн юм. Хэдийгээр ажилтай ч гэлээ өнөөдрийн номын айлдварыг сонгон Их нигүүлсэлийн гуу сан Жанрайсиг бурханы авшиг хүртэхээр энд хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа.”
“Эхлээд би бэлтгэл зан үйл үйлдэх тул энэ хооронд та бүхэн ‘Ум мани бадмэ хум’ тарнийг урин уншаарай. Жанрайсиг бурханыг арван зүгийн, гурван цагийн бүх бурхадууд магтан сайшаадаг. Билиг билгүүний эрхэт Манзушри бурханы нэгэн адил Жанрайсиг бурхан бол бүхий л сайн эрдмийг өөртөө цогцлоосон их нигүүлсэлийн гуу сан юм. Жанрайсиг бурхан ‘Билгүүний зүрхэн судар’-т Шарипутрад айлдвар сургаалиа айлдсан байдаг нь онцгой гайхалтай.”
I Далай Лам Гэндүндүв болон үе үеийн Далай Ламууд Жанрайсиг бурхантай онцгой барилдлагатай явж ирсэн юм. Эдгээр дээдсүүдийн эрдэм бүхэн надад байхгүй ч би бодь сэтгэлийг байнга бодож бясалгадаг. Миний өдөр болгон урин уншдаг залбирал ерөөл бол:
‘Орчлон хэдий хүртэл оршино төдий хүртэл амьтад оршино.
Амьтад оршихтой зэрэгцэн би бас оршиж
Амьтдын зовлонг амирлуулах болтугай.’
“Төвөд болон Хималайн бүс нутгийн ард түмэн Жанрайсиг бурхантай маш ойрын барилдлагатай. Та бүхэн Жанрайсаг бурханд чин сүсэг бишрэлээр залбиран ерөөл өргөдөг учраас ийм ойрын барилдлагатай байгаа юм. Одоо Жанрайсиг бурханы авшиг хүртээнэ. Энэ бол сэтгэлийн амар амгаланг буй болгон хүн болж төрсний хэргийг гаргаж буй машид аз завшаантай үйл явдал юм.”
“Би ‘Далай Лам’ гэх нэр алдрыг авч яваа нэгэн хэдий ч миний хамгийн чухалчилж эрхэмлэдэг зүйл маань бодь сэтгэлийг хөгжүүлэн бясалгаж хоосон чанарыг таньж мэдэх юм. Бодь сэтгэл, хоосон чанарын бясалгал бол миний өдөр тутмын үндсэн дадлага мөн. Та бүхэн бүгдээрээ надад бат итгэл, чин сүсэг бишрэлтэй байдагтай яг адил сүсэг бишрэлийг Жанрайсиг бурханд төрүүлэн маанийн зургаан үсэгт тарнийг уншаарай.”
Дээрхийн Гэгээнтэн авшиг хүртээхийн өмнө шавь нарыг сэдлээ засахыг санууллаа.
“Зарим хүмүүс зөвхөн энэ насны эд баялаг, нэр хүнд, аз жаргалын төлөө авшиг хүртэхийг хүсдэг. Харин зарим нь буян хураахын тулд авшиг хүртэхийг хүсдэг. Гол нь ‘Хамаг амьтдад туслахын тулд Жанрайсиг бурханы хутагийг ольё’ гэсэн зөв сэдлийг өөртөө төрүүлэх нь хамгийн чухал шүү.”
“Зөвхөн өөрийн амар амгаланг хүсэх нь өөрт төдийгүй бусдад зовлонг авчирдаг. Тийм учраас хамаг амьтдын тус амгаланг бүтээхийн тулд төгс гэгээрэлд хүрье гэсэн зөв сэдлийг төрүүлэх нь машид чухал” хэмээн Дээрхийн Гэгээнтэн дахин санууллаа.
Цаашлаад Дээрхийн Гэгээнтэн шавь нар хэрхэн өөрсдийгөө Жанрайсиг бурханд хувирган бясалгах талаар тайлбарлан айлдсан юм.
“Ханьцашгүй дээд нууц тарнийн ёсонд ердийн ба нарийн, машид нарийн сэтгэлийг хэрхэн үе шаттайгаар бясалган хурааж гэгээн гэрлийг ил болгох талаар айлддаг. Энэ бол хоосон чанарын бясалгалтай холбоотой. Бид эхлээд өөрсдийн эгэл биеийг хоосон чанарын агаарт уусгаад тэндээс Жанрайсиг бурханыг үүсгэн бясалгана.”
Хоосон чанарыг хэрхэн бясалгах талаар хураангуйлан айлдахдаа Дээрхийн Гэгээнтэн “‘Би’ гэгч нь хаана байна вэ гэдгийг хайгаад үзээрэй. ‘Би’ гэгч нь миний бие үү, эсвэл миний сэтгэл үү гэж өөрөөсөө асуун сайтар бодож бясалгаарай. ‘Би’ гэгч нь таны бие, сэтгэлийн чухам хаана нь оршиж байна вэ? Сайтар нягтлан бясалгаваас ‘би’ гэгч нь хаана ч байхгүй, өөрөөрөө бие даан бүтээгүй болохыг олж мэдэх болно. Та өөрийгөө зөвхөн нэр томьёолол төдийд л оршин буйг ойлгоно.”
“Ердийн, нарийн сэтгэлийг хураах бясалгал бол шинжлэх ухааны үндэслэлтэй бөгөөд эрдэмтдэд энэ тал дээр биднээс суралцах, судлах зүйл байгаа тухай надад ярьж байсан.”
“Шавь нар өөрсдийгөө нисванист муу сэтгэлээ бүрэн ялсан Жанрайсиг бурхан болгон бясалгасан байгаа. Одоо амьтад зовлонгийн хүлээсэнд шаналж буйг, харин төгс гэгээрсэн бурхад зовлонгоос бүрнээ гэтлэн эрдэм бүгдийг өөртөө эрхшээсэн болохыг тунгаан бясалгаарай.”
“Ном сударт орчлонгийн хүрднээс гэтэлсэн бурхадын охь шим - Бурханлаг чанар гэсэн ойлголт гардаг. Үүнээс бид нисванист муу сэтгэлийг ариусгаж болдогийг ойлгох болно. Жинхэнэ үнэнийг гуйвуулан хардаг эндүүрэл, мунхагийг ч мөн бид арилгаж чадна.”
“Сэтгэл бол тунгалаг, гэгээн гэрлийн мөн чанартай, харин нисванист муу сэтгэлүүд нь мунхагаас үүдэлтэй үзэгдэл юм. Юмс бодитой мэт үзэгддэг ч үнэндээ бодитойгоор оршдоггүй. Үүнийг танихын тулд сайтар нягтлан шинжлэх машид чухал. Ингэснээр бид юмс үзэгдэлийг ‘бодитойгоор баттай оршдог’ гэж үздэг эндүүрэлт үзлийг аажмаар сулрууран түүнээс ангжирах ёстой.”
“Чандракирти бээр ‘Төвд орохуй’ номондоо айлдсанчилан “юмс үзэгдлийн жинхэнэ мөн чанарыг сайтар нягтлан шинжилвээс юмс харагдаж байгаа шигээ өөрөөрөө бие даан оршдоггүй” болохыг бид ойлгох болно. Юмс үзэгдэл зөвхөн нэр томьёоны төдийд л оршдог. Тиймээс юмсыг бодитойд эндүүрдгийг арилгах нь чухал юм.”
Цаашлаад Дээрхийн Гэгээнтэн,
“Чандракирти ‘Төвд орохуй’ номныхоо зургаадугаар бүлэгт юмс өөрөөрөө бүтсэн, бие даан оршдог байсан бол үүсч төрөх нь утга үгүй тухай айлддаг. Юмс өөрөөрөө бүтсэн эсэхийг сайтар шинжлэн бясалгаж юмс бодитой оршдог эсэхийг мөн шинжлэн бясалгах хэрэгтэйг энэ бүлэгт айлдсан байна.”
Юмс өөрөөрөө бие даан бүтсэн бол эгэлийн бодитой гэх юмс үзэгдэл нь ажиглан шинжлэхүйд олдож үлдэх ёстой. Гэвч бясалгаачид ‘энэ’ ‘тэр’ гэж заах юуг ч олж чаддаггүй.
Эцэст нь хэрэв өөрөөрөө бие даан бүтсэн юмс шалтгаанаас үүсч бий болох аваас юмсын эцсийн үр дүнг няцаах боломжгүй. Ингэснээр Бурхан Багшийн хоосон чанарын үзэл онол няцаагдах байсан. Хоосон чанар гэдэг нь юмс өөрөөрөө бие даан бүтээгүй, өөрөөрөө оршдоггүйг хэлж буй юм.
Чандракиртигийн айлдсанаар юмсыг бодитой, баттай оршдог хэмээх шунал, үнэмлэхүй үнэний тухай эндүүрэлт ойлголтыг юмс зөвхөн нэр томьёоны төдийд оршдогийг таньсанаар л няцаах боломжтой.
Дээрхийн Гэгээнтэн юмс үзэгдэл өөрөөрөө бие даан бүтээгүй, баттай оршдоггүйг учир шалтгааны үүднээс нотлох таван аргачлалыг тайлбарлан айлдлаа. ‘Очир эрдэнэ’-ийг юмс үзэгдлийг шалтгааны үүднээс нягтлан шинжлэхэд хэрэглэдэг. Харин ‘Орших, эс оршихуйг няцаах’ үзэл нь юмсыг уг үрийн үүднээс нягтлан шинжилдэг.
‘Үүсэхүйн үүд’ хэмээх үзэл онол нь шалтгаан, үр дагаврын үүднээс юмсыг шинжилдэг бол ‘Оршихуйг нэг ч бус, олон ч бус гэж үгүйсгэдэг’ үзэл онолыг бүх үзэгдлийн жинхэнэ мөн чанарыг шинжлэн судлахад хэрэглэдэг. Эцэст нь, учир шалтгааны үзэл онолын ‘хаан’ гэгддэг ‘Шүтэн барилдлага’-ын онолоор юмс үзэгдэл өөрөө бие даан бүтээгүйг батлана.
Хоосон чанарын үзэл онол хийгээд хоосон чанарын агаараас Жанрайсиг бурханыг хэрхэн үүсгэн бясалгахыг хураангуйлан айлдсаныхаа дараа Дээрхийн Гэгээнтэн авшиг хүртээх зан үйлийг эхлүүллээ.
Дээрхийн Гэгээнтэн сүсэгтэн олонд бодь сэтгэлийн увидас хүртээгээд өөрөө өдөр болгон ахин дахин сэргээн хүртдэг тухайгаа айлдав. Дээрхийн Гэгээнтний сэнтийд ойр заларсан Таглүг Матул ринбочэ, Тацак Күнделин ринбочэ, Үген Чопел ринбочэ, Гоман Кенсүр ринбочэ болон Жүмэ Кенпо ринбочэ нарт егүзэрийн өмсгөлийг тараав.
Дээрхийн Гэгээнтэн шавь нарыг эрдэм бүхний дээд бодь сэтгэлийг төрүүлэх бясалгалд хөтлөх зуураа хамаг амьтны тус амгалангийн тулд гэгээрэлд хүрье гэсэн бодь сэтгэлийг төрүүлэх нь бурхадын хутагыг олоход зайлшгүй хэрэгтэй гэдгийг онцлов.
Цаашлаад Дээрхийн Гэгээнтэн,
“Надад номыг сайтар дадуулсан туршлагатай сайн номын нөхөд олон бий. Миний хувьд дээдийн номтой учиран сайтар хичээн зүтгэсний үр дүнд бодь сэтгэлийг хөгжүүлж хоосон чанарыг гүн ухаарсан туршлагатай болж чадсан юм. Төвөдийн Амдо нутгийн Лхам Дондүв хүү би үнэхээр их хичээл зүтгэл гарган суралцаж гэгээрлийн мөрийн эхний “чуулганы мөр”-ийг олсон бөгөөд цаашдаа “барилдлагын мөр”-ийг гүйцээхийг хичээж байна.”
Дээрхийн Гэгээнтэн бодь сэтгэлийн увидасыг хүртээх зан үйлээ үргэлжүүллээ.
“Шавь нар бодь сэтгэлийг үүсгэн бясалгаад үүнийг саран дэвсгэрт хувиран та бүгдийн зүрхэнд оршлоо хэмээн бодож бясалгаарай. Юмс үзэгдэл өөрөөрөө бүтээгүй, бие даан оршдоггүй, зөвхөн нэр томьёоны төдийд оршдогийг бодож бясалгаад эл билиг билгүүнийг цагаан өнгийн таван үзүүрт очир болгон өөрийн зүрхэн дэх саран дэвсгэр дээр босоо байрлалтай байна хэмээн төсөөлөн бясалгаарай.”
Авшиг хүртээх ёслол мандалын голд цэцэг орхих хэсгээр үргэлжилэн Ладакын Буддын холбооны тэргүүн Церин Вандус болон Ладакын хийдүүдийн холбооны тэргүүн Түвдэн Цеван нар уг зан үйлийг гүйцэтгэв.
Дээрхийн Гэгээнтэн авшиг хүртээх зан үйлийг үргэлжлүүлэх зуураа мутар нь мянган ертөнцийн орныг, мэлмий нь сайн цагийн мянган бурхадыг бэлэгддэг 1000 мутарт Жанрайсиг бурхантай шавь нар маш ойрын барилдлагатай байгааг дахин айлдлаа.
Бодь сэтгэлийг тайлбарлах үеэр тэрээр “Би хорлолыг бүрэн тэвчсэн нэгэн. Хэн нэгнийг хорлох талаар бодол надад огт төрдөггүй. Намайг хорлосон нэгнийг би зөвхөн энэрэнгүй сайхан сэтгэлээр хайрладаг.” гэж онцолсон юм.
“Өнөөдөр та бүхэн надаас Жанрайсиг бурханы авшиг хүртлээ. Энэ номонд оролцсон сүсэгтнүүд бүгдээрээ адил тэгш адистэдийг хүртсэн байгаа. Бид бусдыг байгаа байдал, байр сууриар нь ялгаварлаж болохгүй. Хэн нэгнийг дорд үзэж хэзээ ч болохгүй, харин бид бүгдээрээ адил гэж үзэх нь чухал. Зарим хүмүүс өөрөөс нь байр сууриар доогуур хүмүүсээс идээ унд авахаас татгалздаг. Бид хэнийг ч дорд гэж бодох ёсгүй. Бид бүгдээрээ адилхан. Өмнө хэлсэнчлэн өнөөдрийн номын айлдварт оролцсон бүх амьтад Жанрайсаг бурханы авшигыг адил тэгш хүртсэн шүү.”
“Күннү ринбочэ багш маань хуврагын сахил сахиагүй энгийн дүртэй нэгэн байсан юм. Гэвч би Шантидева Гэгээнтний ‘Бодьсадвын явдалд орохуй’ номыг хөтлүүлэн тайлбарлуулахдаа багшдаа өчүүхэн ч эргэлзээгүй. Би багшийгаа өөрийн язгуур багш нарын минь нэг хэмээн шүтэж нэгэн үзүүрт тэгш сэтгэлээр итгэж хүндэлсэн билээ. Өнөөдрийн Жанрайсиг бурханы авшиг хүртсэн та бүхэн ч мөн амьтан бүгдийг ингэж хүндлээрэй.”
“‘Оюун судлахуйн найман шад’ шүлгийг би өдөр болгон уншдаг. Энэ шүлэгт
“Хаа одож хэнтэй нөхөрлөвч xэзээд өөрийг хамгаас дорд барьж зүрхний угаас хэнийг ч болов xүндлэн дээдлэх болтугай.” гэсэн мөртүүд гардаг.
Өндөр сэнтийд заларч, алдар нэрийг зүүсэн ч би өөрийгөө цаг ямагт эгэл даруу байхыг хичээдэг. Жанрайсиг бурханыг тодорхойлдог гол чанар бол бусдыг энэрч хайрласан энэрэнгүй сайхан сэтгэл юм. Бид хүн төрөлхтөн гэсэн нэгдмэл байдлаа санаж, хэн нэгнийг дорд үзэж доромжлохгүйгээр, бусдад зөвхөн сайхан сэтгэлээр хандахыг хичээх хэрэгтэй байна.”
“Хэн нэгнийг гутаан доромжилох, дорд үзэх, дарамтлахыг тэвчсэнээр таны ч, тэдний ч сэтгэл амар амгалан, аз жаргалтай байх болно. Сайн чанаруудыг өөртөө аажмаар дадуулснаар дээдийн номын эрдэм төгсөрч гэгээрэлд хүрч чадна.”
“Өнөөдрийн нийгэмд зарим хүмүүс түр зуурын жаргалд шунан химийн бодис, эм, мансууруулах бодис хэрэглэж байна. Үүнээс үүдэх аз жаргалтай мэт мэдрэмж хуурмаг, батгүй, түр зуурынх юм. Харин Жанрайсиг бурханд итгэж, чин сүсэг бишрэлээр энэрэнгүй сайхан сэтгэлийг хөгжүүлвээс тус эрдэм нь хэмжээлшгүй их агаад ашдын амгаланг олох нь дамжиггүй. Хэн нэгэн химийн бодис, эм, мансууруулах бодис хэрэглэж байгааг хараад тэднийг даган дуурайж огт болохгүй. “Энэ бол миний сонголт биш, Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас Их нигүүлсэлийн гуу сан Жанрайсиг бурханы авшиг хүртсэний дараа би ийм зүйлд уруу татагдаж болохгүй” гэж шийдэмгий бодоорой.”
“Авшиг хүртээх зан үйл энэ хүрээд өндөрлөж байна. Шавь нар талархалын мандал өргөөрэй.”
Дээрхийн Гэгээнтэн цугласан олны зүг мэндчилээд өргөөнийхөө зүг морилохтой зэрэгцэн уулын толгойд нар мандав.