Энэтхэг, ХП, Дарамсала - Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өнөө өглөө захидалдаа Сиддарамаиад Карнатака мужийн ерөнхий сайд болсонд дахин баяр хүргэв.
Тэрээр,
“Өнгөрсөн дөрөвдүгээр сард бидний цагаачлан амьдарсны 64 жилийн ой тохиосон билээ. Тухайн үед Энэтхэг рүү дүрвэж ирсэн олон төвөдүүдийг нүүлгэн шилжүүлэхэд тохиромжтой газар олохын тулд ерөнхий сайд Пандит Неру Энэтхэгийн муж улсын ерөнхий сайд нарт хандан газар олгохыг хүссэн юм. Хамгийн өгөөмөр хариултыг танай мужийн тэр үеийн ерөнхий сайд С.Нижалингаппа өгч билээ. Би түүнтэй 1956 онд Энэтхэгт айлчлахдаа уулзаж байсан бөгөөд уулзалтын тухай маш тод санаж байна."
“Дараа нь 1960-аад онд Карнатака мужид 30,000 гаруй төвөд хүн суурьшсан нь цагаачлан амьдарч байсан төвөдүүдийн хамгийн том бүлэг байсныг та бүхэн мэдэж байгаа. Би Карнатака мужид талархсан хэвээр байгаа бөгөөд 2018 оны 8-р сард Бенгалуруд болсон тусгай арга хэмжээнд оролцож, тус муж болон түүний ард түмэнд найрамдал, өгөөмөр дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлж билээ."
“Карнатака мужид Төвөд үндэстнүүдэд бүхий л боломж олгосон таван сууринг байгуулахаас гадна манай сүм хийдийн томоохон дацангуудыг сэргээн босгож чадсанд би бахархаж байна. Эдгээр байгууллагууд судалгааны нарийн хөтөлбөрөөр дамжуулан эртний Энэтхэгийн мэргэн ухааны уламжлал, тэр дундаа Төвөдүүд бид Наландагийн уламжлалын нэг хэсэг болгон хүлээн авсан сэтгэлийн амар амгаланд хүрэх үнэ цэнэтэй мэдлэгийг амьд хадгалж байна."
"Иймээс би энэ эгзэгтэй үед төвөдүүдэд халуун дотно, найрсаг дэмжлэг үзүүлсэн Карнатака мужийн засгийн газар болон ард түмэнд гүнээ талархаж байгаагаа дахин илэрхийлэхийг хүсэж байна" гэж Дээрхийн Гэгээнтэн бичжээ.
Тэрээр "Энэ завшааныг ашиглаад Карнатакагийн ард түмний итгэл найдвар, хүсэл тэмүүллийг биелүүлэхэд тулгарч буй сорилтуудыг даван туулахад тань амжилт хүсэн ерөөе." хэмээн өндөрлөсөн байна.