Энэтхэг, Бихар, Бодьгаяа - Цаг агаар сэрүүн энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Магада их сургуулийг дайран өнгөрч Далай Ламын нэрэмжит “Төвөд ба эртний Энэтхэгийн билиг оюун” төвийг барихаар төлөвлөж буй газрын зүг морилов. Намжал дацангийн лам хуврагууд залбирал ерөөл өргөхтэй зэрэгцэн Дээрхийн Гэгээнтэн түүнийг даган бараа бологч Энэтхэгийн Хууль, шүүхийн яамны сайд Кирен Рижүжү, парламентын гишүүн Шри Сушил Моди, Энэтхэгийн соёлын харилцааны зөвлөлийн ерөнхийлөгч доктор Винай Сахасрабудде болон тус зөвлөлийн ерөнхий захирал, элч төлөөлөгч Кумар Тухин тэргүүтэй албаны хүмүүсийн хамтаар тус төвийн төслийг нээв.
Тус төслийн түр хорооны дарга Тэмпа Цэрэн нээлтийн ажиллагаанд хүрэлцэн ирсэн хүмүүстэй мэндчилээд хүндэт зочидыг тавтай морилохыг урив. Тэрбээр Далай Ламын нэрэмжит “Төвөд ба эртний Энэтхэгийн билиг оюун” төв нь Дээрхийн Гэгээнтний ‘Эртний Энэтхэгийн билиг оюун тэр дундаа сэтгэлийг удирдан залах арга ухаантай холбоотой мэдлэгийг сэргээж түгээн дэлгэрүүлвээс илүү амар амгалан, энэрэнгүй нийгмийг бий болгож чадна’ хэмээх тааллын дагуу байгуулагдаж буйг онцлов. Цаашлаад Бихар мужийн захиргаа, Энэтхэгийн Засгийн газарт гүн туслалцаа үзүүлж буйд талархал илэрхийллээ. Эцэст нь тэрээр тус төв нь Төвөд ба эртний Энэтхэгийн билиг оюуныг сонирхон судлахыг хүсч буй хүн бүхэнд нээлттэй болохыг онцлов.
Далай Ламын нэрэмжит “Төвөд ба эртний Энэтхэгийн билиг оюун” төвийн төслийн нээлтийн үеэр профессор Самдон ринбочэ хинди хэлээр үг хэлэв. Тэрээр “Олон жилийн өмнө Виноба Бхавэ “Энэтхэгийн соёл дэлхий дахинд үлгэр дуурайлал болох цаг ирнэ” хэмээн ярьж байсныг дурьдаад хэдийгээр тухайн үед түүний хэлсэн үгэнд төдийлэн ач холбогдол өгч байгаагүй ч алсын хараатай хэлж байжээ гэдгийг онцлов. Цаашлаад профессор Самдон ринбочэ “Шинжлэх ухаан, технологийн хөгжил, материаллаг эд зүйлс нь дотоод сэтгэлийн амар амгалан, сэтгэл ханамжийг нэгэнт авчирч чадахгүй учраас эртний Энэтхэгийн билиг оюуны мэдлэг, үнэт өв энэ цоорхойг нөхөж болох юм.” хэмээлээ.
Хуучин цагт Энэтхэгийн шашны уламжлалууд учир шалтгаан логикын үүднээс хэлэлцэн өөр хоорондоо мэдлэг туршлагаа хуваалцан хөгжиж ирсэнийг Самдон ринбочэ бээр онцлов. Тэрээр “Төвөдийн Бурханы шашны уламжлалууд энэ арга барилыг одоог хүртэл хадгалсаар ирсэн билээ. Далай Ламын нэрэмжит “Төвөд ба эртний Энэтхэгийн билиг оюун” төв байгуулагдсанаар Энэтхэгийн эл хуучны уламжлал сэргэх болно.” хэмээв.
Ерөнхий сайд Нитиш Кумарыг төлөөлөн Бодьгаяагийн парламентын гишүүн, Хөдөө аж ахуйн яамны сайд Кумар Сарвжет үг хэлэв. Тэрээр цугласан олонд Дээрхийн Гэгээнтний тааллыг Ерөнхий сайд бүрэн дэмжиж буйг тэмдэглээд Бихар мужийн Засгийн газар уг төслийг амжилттай хэрэгжихэд чадах бүхнээ хийх болно хэмээв. Эцэст нь тэрбээр Бихар мужийн Засгийн газар, ард түмэн болон нутгийн иргэд тус төвийг Бодьгаяад байгуулагдаж байгаад ихэд баяртай байгааг онцолсон юм.
Энэтхэгийн Хууль, шүүхийн яамны сайд, Аруначал Прадэш мужийн харьяат Кирен Рижүжү Дээрхийн Гэгээнтэн, Сажа Гонма Тичэн болон бусад хүндэт зочдын амар мэндийг эрэн ёслов. Тэрбээр “Бодьгаяад ирэх бүрт надад ‘2500 жилийн өмнө энэ ариун дагшин газарт Бурхан Багш бодитойгоор заларч байсан юм шүү’ гэж бодогдон сэтгэлд өөрийн эрхгүй амар амгалан төрдөг. Бодьгаяа бол яахын аргагүй ариун дагшин газар бөгөөд үүний нэг том баталгаа бол Дээрхийн Гэгээнтэн энэ газарт заларч буй явдал юм. Бурхан Багш хүн төрөлхтөнд гэгээрэлд хүрэх арга замыг зааж сургасны нэгэн адил энэ цаг үед Дээрхийн Гэгээнтэн биднийг энэ зам мөрд хөтөлж байна.” гэлээ.
Тэрбээр цааш нь “Дээрхийн Гэгээнтэн Энэтхэг оронд залран эртний Энэтхэгийн билиг оюуныг сэргээхийн төлөө өөрийгөө зориулж байна. Дээрхийн Гэгээнтэнд хүндэтгэл үзүүлэхээр маш олон хүмүүс дэлхийн өнцөг булан бүрээс Энэтхэгийг зорьсоор байна. Дээрхийн Гэгээнтэн ‘Энэтхэгийг багш, төвөдүүдийг шавь нар’ хэмээдэг ч миний хувьд Дээрхийн Гэгээнтэн бол энх тайвны элч, хүн төрөлхтөний багш юм. Энэтхэгийн Засгийн газар болоод нийт ард олны өмнөөс Дээрхийн Гэгээнтэн таньд талархал илэрхийлье. Таны Энэтхэгт заларч байгаа явдал бол бидний хувьд их хувь тохиол юм.” хэмээв.
“Далай Ламын нэрэмжит “Төвөд ба эртний Энэтхэгийн билиг оюун” төвийн төслийн нээлтэнд оролцох нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. Дээрхийн Гэгээнтэн бээр “Наландагийн уламжлал бол Хутагт Нагаржуна, Арьяадева, Чандракирти тэргүүтэй дээдэс мэргэдийн билиг оюунаар тэтгэдсэн, учир шалтгааны үүднээс нотлогдсон хиргүй ариун уламжлал бөгөөд Төвөдөд өвлөгдөн үлдэж одоог хүртэл хадгаладсаар ирсэн” хэмээн онцлон айлддаг билээ. Энэ бол шашин шүтлэг гэхээсээ илүү сэтгэлийн шинжлэх ухаан юм. Энэ чиглэлийн дагуу судалгаа хийж, сургалт явуулах тусгай төв байгуулагдаж, дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс ирж суралцах боломжтой болж байгаад баяртай байна” хэмээн тэмдэглэв.
“Дээрхийн Гэгээнтэн энэрэнгүй сайхан сэтгэл, ёс суртахуун, хүлээцтэй хандлага, уучлан өршөөхүй зэрэг хүний үнэт зүйлийг сурталчилах, Төвөдийн соёлыг хадгалан үлдээх, Төвөдийн байгаль орчныг хамгаалахын хэрэгцээ, ач холбогдолыг ойлгуулах үүргийг өөртөө хүлээсэн билээ.”
“Энэтхэгийн Засгийн газар тус төвийг дэмжиж байгаа нь бидэнд сэтгэлээ тольдох урам зориг өгч байна. Энэ төв бол дэлхийн хэмжээний судалгааны төв, хүн төрөлхтөнд өргөх бидний бэлэг бөгөөд сэтгэлийн амар амгаланг дэлхийн энх тайвантай холбох гүүр болно гэдэгт итгэлтэй байна.”
Тэмпа Цэрэн Дээрхийн Гэгээнтнийг цугласан олонд хандан айлдвар айлдахыг хүслээ.
Дээрхийн Гэгээнтэн:
“Бурхан Багшийг хүндлэн дээдэлдэг учраас бид бүгд өнөөдөр энд цуглараад байна. Бид бүгдээрээ сэтгэлийн амар амгаланг хүсдэг учраас энэрэнгүй сайхан сэтгэлийг төрүүлж бусдад хорлолгүй байхыг дадуулах хэрэгтэй юм. Бурхан Багшийн ном сургаал сэтгэлийн амар амгалан, аз жаргалыг хэрхэн яаж олохыг харуулаад зогсохгүй зовлонгоос гэтлэх арга замыг ч мөн зааж сургадаг.”
“Зөвхөн залбирал, ерөөл өргөх төдий бус зовлонгийн шалтгаан болох амин хувиа хичээсэн бодол, нисванист муу сэтгэлийг таньж мэдэх нь хамгийн чухал юм. Дэлхийн энх тайван бидний дотоод сэтгэлийн амар амгалангаас шууд хамаарна.”
“Шантидэва Гэгээн ‘Бодьсадвын явдалд орохуй’ номондоо энэ тухай маш тодорхой айлдсан байдаг.
Ертенцийн жаргал бүгд
Бусдад жаргал хүссэнээс гарна
Ертөнцийн зовлон бүгд
Өөрт жаргал хүссэнээс гарна
Олныг номлох хэрэг юун?
Нялхас өөрийн л тусыг,
Бурхад бусдын тусыг зохиодог
Энэ хоёрын ялгааг шинжихтүн
Өөрийн жаргалыг бусдын зовлонгоор
Үнэнхүү сольж эс чадваас
Эгэлгүй бурханы хутагийг олох ч үгүй,
Энэ хорвоод жаргал ч үгүй болой
Алжаал, уйтгар бүгдийг арилгагч
Агуу бодь сэтгэлийн хүлгийг хөлөглөөд
Улам амгалангаас амгаланд зорчихоос
Ухаант хэн бээр татгалзах билээ
“Бусдын энэрч хайрладаг, бусдын тусыг хичээдэг хүний сэтгэл амар амгалан, баяр баясгалантай байдаг. Тийм учраас бид бүгдээрээ энэ бүгдийг зааж сургасан Бурхан Багшид талархах хэрэгтэй.” хэмээв.
“Олон шашны уламжлалууд зэрэгцэн оршиж ирсэн Энэтхэг орон бол олон зуун жилийн турш “каруна” ба “ахимса”, энэрэл нигүүлсэл ба бусдад хорлолгүй байхыг эрхэмлэн дээдэлж ирсэн билээ. Дэлхий дээр энх тайвныг бий болгохын тулд бид үл хорлох буюу бусдад хорлолгүй байхыг чухалчлах хэрэгтэй. Төвөдүүд “ахимса” буюу бусдад хорлолгүй байхыг эрхэмлэж ирсэн газарт суурьшин амьдарч байгаа нь хувьтай хэрэг юм.”
“Миний хувьд өөр хэлэх олон зүйл байхгүй байна. Бихар мужийн болоод Энэтхэгийн Засгийн газрын дэмжлэг туслалцаа үгүйгээр энэ төслийг хэрэгжүүлэх амаргүй байх байлаа. Тиймээс тэдэнд талархал илэрхийлхийг хүсч байна.”
“Цаг ямагт бусдын тусийг хичээн энэрэнгүй сайхан сэтгэлийг хөгжүүлэх нь бидний амьдралыг утга учиртай, үнэ цэнэтэй болгох болно. Та бүхэнд баярлалаа.”
Карма Чундак Дээрхийн Гэгээнтэнд “Төвөд ба эртний Энэтхэгийн билиг оюун” төвийн төслийг таалан дэмжсэнд, өнөөдрийн нээлтийн үйл ажиллагаанд морилон ирсэнд талархал илэрхийлэв. Тэрээр Төвөдийн шашны уламжлалын дээдсүүд, лам хуврага, ани нар болон энгийн сүсэгтэн олонд хандан мөн талархал илэрхийллээ.
Эцэст нь Далай Ламын Итгэл сангийн нэрийн өмнөөс Энэтхэгийн Засгийн газрыг төлөөлөн хүрэлцэн ирсэн эрхэм Кирен Рижүжү, Бихар мужийн Засгийн газрыг төлөөлөн хүрэлцэн ирсэн Кумар Саржвет, Төвөдийн засаг захиргааг төлөөлөн хүрэлцэн ирсэн Сикён Пенпа Цэрэн, Кэнпо Сонам Тэнпэл нарт мөн талархсанаа илэрхийлэв.