Энэтхэг, ХП, Дарамсала - Цэлмэг хөх тэнгэрт нар уулын толгойд мандахтай зэрэгцэн Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өөрийн өргөөнийнхөө үүдэнд залрав. Дээрхийн Гэгээнтнийг Төвөдийн Төв Захиргааний ерөнхийлөгч Пенпа Цэрэн, парламентийн тэргүүн Гэвш Сонам Цэнпэл болон Хууль зүйн ерөнхий захирагч Карма Дадул нар хүндэтгэлтэйгээр угтан авлаа.
Лам хуврагууд бүрээ бишгүүр үлээхтэй зэрэгцэн төрийн гурван эрхэм Төвөд болон гадаад дахь нийт иргэдээ төлөөлөн зохион байгуулж буй Бат Оршил өргөх ёслол болох дуганы цэцгэн хэлхээт үүдээр Дээрхийн Гэгээнтнийг урин залав. Дээрхийн Гэгээнтэн түр саатаж уран сайханчдын дуу бүжгийн өргөлийг хүлээн авав.
Дээрхийн Гэгээнтэн сэнтийдээ залрахад Гандан Ширээт Лам Дээрхийн Гэгээнтэнд хүндэтгэл үзүүлэн мэндчилээд Төвөдийн бүх шашны уламжлалын төлөөлөлүүд заларч буй эгнээний голын суудалд залрав.
Гэлүгба уламжлалын тэргүүн Гандан Ширээт Ламын зүүн гар талд сажа уламжлалыг төлөөлөн Чопгэ Тичэн ринбочэ, нинма уламжлалыг төлөөлөн Рингу түлкү болон Кэнчэн Няма Галсан нар, мөн Гандан Ширээт Ламын баруун талд Бон уламжлалыг төлөөлөн Мэнри Тизин ринбочэ, Брүгба гаржүд уламжлалыг төлөөлөн Кэнпо Недон ринбочэ, Жонан уламжлалыг төлөөлөн Жонан Гялцав ринбочэ нар тус тус заларсан байлаа.
Бат Оршил өргөх ёслол Тулшиг ринбочэгийн ‘Гайхамшигт адистэдийн үүлс’ залбиралаар эхлэв. Энэ үеэр цугласан олонд цай, бэрээс тарааж байлаа.
Бат оршил өргөх ёслолын хүрээнд найман амирлахуйн орон, 24 дагинасын орон болон ариун орныг бэлэгдсэн гоёмсог хувцас асаасан таван лам хуврага Дээрхийн Гэгээнтний урд залрав. Тэд багшийг дэлхийд бус ариун оронд тэдэнтэй хамт залрахыг хүсэхэд Бат Оршил өргөх ёслолыг үйлдэж буй лам хуврагууд ‘Бурхан Багшийн сургаал номлол оршсоор байгаа учраас түүнийг залгамжлагч энэ дэлхийд залрах учиртай’ хэмээн хариулж байлаа. Цаашлаад лам хуврагууд дагинасуудыг ариун орон руугаа буцахыг хүсч буй зан үйл үйлдэв.
Шавь нар багшид өргөсөн тангараг санваараа сэргээн дахин өргөөд түүнийг өнө удаан залрахыг хүсэхийн хамт дагинасуудыг ариун орон руугаа буцах зан үйл үйлдлээ. Мутар хоосон буцаахгүйн тулд дагинасуудад багшийн оронд хөрөг зураг өргөв.
Бат Оршил өргөх ёслолыг тэргүүлэгч Гандан Ширээт лам. дагинасуудад хүссэн бүхнийг нь өргөхөө айлдаад багшийг ариун оронд залах гэрлэн туяаг бэлэгддэг туузнуудыг түүнд үлдээхийг хүслээ. Тэрээр даруйд багшийн ариун оронд залрах замыг тасдаж буйг бэлэгдэн туузыг таслан дагинасуудын хүзүүнд ороов. Дагинасыг төлөөлсөн лам хуврагууд нэг нэгээрээ хийдээс гарсаны дараа багшийн хөрөг дүрийг мөн гадагш залав.
Үүний дараа Найчун чойжин Дүйнхорын дуганд буугаад Зүглаг хан дуганд залран орж ирлээ. Тэрбээр Дээрхийн Гэгээнтэнд хүндэтгэл үзүүлэн Бурхан Багшийн лагшин, зарлиг, таалалын гурван шүтээнийг өргөв. Дараа нь Дээрхийн Гэгээнтэнд Юдонма чойжин хүндэтгэл үзүүллээ.
Найчун чойжин бээр Гандан Ширээт Лам болон Төвөдийн Төв захиргааны тэргүүн, парламентийн дарга нарыг Дээрхийн Гэгээнтний өмнө дуудан айлдвараа айлдаад буцав.
Гандан Ширээт Лам Төвөдийн Төв захиргааны тэргүүн болон парламентийн даргын хамтаар урд залран Дээрхийн Гэгээнтэнд мандал өргөсний дараа үйлс зохионгуйг дурьдан соёрхол талбиж өнө удаан залрах айлтгал өргөлөө.
“Төрөлх Төвөд болон цагаачлан суугаа нийт Төвөдийн ард түмнийг төлөөлөн Төвөдийн Төв захиргаа бид таны өлмийд сөгдөн мөргөж өнө удаан залрахыг хүсч байна. Мөн бид хад чулуу мэт бат ам тангарагаа дахин өргөж байна.”
“Жанрайсиг бурхан бол Төвөдийн ард түмэнтэй машид онцгой барилдлагатай билээ. Та урьдын “Цаст Төвөдийн орны амьтан бүгдийн эцэг эх нь байх болтугай би” хэмээх ерөөл тангарагынхаа дагуу бидний ‘Гурван хаан эцэг болсон Соронзон Гомбо, Тэсрон Дэцэн, Ти Ралбажан’ хаадын дүрээр, улмаар үе үеийн Далай Ламын дүрээр хувилгаан болж заларсаар ирсэн билээ.”
“Та Амдо нутгийн Зонха Дэхамд лагшин мэндэлж Төвөдөд цагийн байдал ороо бусгаа байх үед өссөн ч дээдийн номонд сайтар шамдан хичээж гэвш лхаарамбын цолоо амжилттай хамгаалан оройн дээд номч мэргэдийн нэг болсон билээ. Та арван зургаан настайдаа Төвөдөд нийт ард түмний өмнө оюун санаа болоод улс төрийн үүрэг хариуцлагыг хүлээсэн билээ. Та Төвөдийн засаглалын тогтолцоог шинэчилсэн билээ.”
“Та алсын хараагаар Төвөдөөс дүрвэн ирсэн ард иргэдээ тэтгэж байна. Та тэдний суурьшин амьдрах олон суурин газруудыг байгуулж, томоохон дацан хийдүүд болон сургуулиудийг ахин сэргээн байгуулсан билээ.”
“Та Төвөдийн Төв захиргаанд ардчилсан тогцолцоог нэвтрүүлж Төвөдийн Төв захиргаа, парламент, хуулийн байгууллагыг эмхлэн байгуулсан билээ. Эцэст нь та өөрийн улс төрийн бүх эрх мэдлээ сонгогдсон төрийн тэргүүнд хүлээлгэн өгч ардчилсан тогтолцоог бүрэн утгаар нь хэрэгжүүлсэн билээ.”
“Та асрал хайр, энэрэл нигүүслийн үнэ цэнийг олон түмэнд тайлбарлан зааж дэлхийг илүү энэрэнгүй, энх тайван болгохыг хичээж ирсэн билээ. Та шашин хоорондын эв найрамдлыг сурталчилж ирсэн билээ.”
“Та Төвөдийн ард түмний итгэл, найдварыг биелүүлэх үүргийг өөртөө хүлээсэн юм. Үүнд Төвөдийн соёлыг хадгалан үлдээх, Төвөдийн байгаль орчныг хамгаалах хэрэгцээг ойлгуулах зэрэг олон үйл хэрэг багтаж байна. Та Төвөдийн бурханы шашныг дэлхийн хосгүй өв гэдгийг таниулж эртний Энэтхэгийн билэг ухаан, сэтгэл судлалын уламжлалтай холбоотой мэдлэгийг сэргээхийн төлөө өөрийгөө зориулж буй билээ. Эдгээр бүгд таны хамаг амьтдын сайн сайхны төлөө өөртөө хүлээсэн үүргүүд билээ.”
“Та ‘Оюун ухаан ба амьдрал’ сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний олон хуралд оролцож орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтэд болон бурханы шашны мэргэдүүдэд харилцан бие биенээсээ суралцах боломжийг бий болгосон билээ. Та хүний үндсэн үнэт зүйлс болох энэрэл нигүүлсэл, бусдыг энэрч хайрлах сэтгэлийг орчин боловсролын хөтөлбөртэй хэрхэн хослуулж болохыг ‘Нийгмийн харилцаа, сэтгэл хөдлөл, ёс зүйн сургалт’-ын хөтөлбөрөөр бүрэн харуулсан билээ.”
“Та Номт гурван орон буюу Төвөд, Хятад болон Монголын ард түмэнд авран хамгаалагч, авралын орон хэмээгдэн өргөмжлөгдөн хүндлэгдэж ирсэн билээ.”
“Дээрхийн Гэгээнтэн танд бурхадын далай мэт өргөн оршихуйг бэлэгддэг хаан төрийн долоон эрдэнэ, бурханы лагшин, зарлиг, таалалыг бэлэгддэг гурван шүтээн хийгээд урт удаан наслахыг бэлэгдсэн өлзийт найман тахил тэргүүтнийг өргөж байна. Таныг өнө удаан заларч хайрлана уу хэмээн залбирч байна.”
“Дээрхийн Гэгээнтэн таныг 125 гаруй насална гэсэн тангарагаасаа буцахгүйгээр өнө удаан заларч хайрлана уу хэмээн чин сэтгэлээсээ залбирч байна.”
Та,
Аврал үгүй Цаст Төвөдийн орны амьтдыг
Алс хойч орчлонгийн эцэс хүртэл
Ханьцашгүй гурван нууцын хүчээр
Дөрвөн аймгийн цог дор хүргэн хайрла
“Дээрхийн Гэгээнтэн та 2011 онд өөрийн улс төрийн эрх мэдлээ сонгогдсон төрийн тэргүүнд хүлээлгэн өгөхдөө зөвхөн “XIV Далай Лам” гэснийг засч залруулан Далай Лам болон Төвөдийн ард түмний түүхэн салшгүй бат барилдлагыг хэвээр хадгалан үлдээсэн юм.”
“Дээрхийн Гэгээнтэн таныг өнө удаан залрахыг хүссэн Төвөдийн ард түмэн бидний чин сэтгэлийн угаас өргөж буй Долдугаар Далай Ламын туурвисан ‘Жанрайсаг бурханы магтаал’-ыг таалан болгооно уу.”
Өөрсдийн уламжлалаа төлөөлөн энэхүү Бат Оршил өргөх ёслолд оролцож буй дээдсүүд Дээрхийн Гэгээнтэнд албан ёсоор бурханы лагшин, зарлиг, таалалын гурван шүтээнийг өргөн хүндэтгэл үзүүллээ. Энэ зуур Зүглаг Хан дуганд олон янзын өргөлийн эд зүйлс барьсан сүсэгтэн олны цуваагаар дүүрсэн байлаа. Арын эгнээнд хөгжимчид, дуучид эгшин дууны өргөл өргөж байв. Цувааны төгсгөлд Төвөдийн төрийн далбааг гартаа барьсан цагаан өмсгөл бүхий настан алхаж байлаа.
Дээрхийн Гэгээнтэн цугларсан олонд хандан “Надад хэлэх олон зүйл алга. Өнөөдрийн Бат Оршил өргөх ёслолд Цаст Төвөдийн орны биет ба нүдэнд үл үзэгдэгч сахиус тэргүүтэй олон амьтад ч мөн оролцлоо.”
“Цаст Төвөдийн ороны ард түмэн хэдийгээр хүнд хэцүү цаг үеийг туулсан ч бид Хятад, Монгол, Төвөд тэргүүтэй олон ард түмний тусын тулд бурханы шашны соёл, уламжлалаа хадгалан авч үлдэхийг хичээсээр ирсэн билээ. Үүнтэй зэрэгцэн Барууны улс болон орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтэд буддын сэтгэл судлалын талаар ихээр сонирхон судалж байна. Энэ үйл хэрэгт аль чадахын хэрээр оролцсоны хувьд би бурханы шашинд тустай үйл хийж чадсан гэж өөрийгөө боддог. Би ойрын хэдэн арван жилийн турш энэ үйл хэргээ үргэлжлүүлэх болно.”
“Өнөөдөр Төвөдийн ард түмэн болон Найчун чойжин тэргүүтэй Төвөдийн ард түмнийг хамгаалагч сахиусууд надад зориулан Бат Оршил өргөх ёслолыг үйлдэж байна. Миний бие сайн байгаа. Би Хималайн бүс нутаг тэргүүтэй уламжлалт бурханы шашинт орнуудад дээдийн номыг хадгалж өвлүүлэн үлдээх үйлсэд нь аль чадахын хэрээр үргэлжлүүлэн туслах болно. Бурханы номын гол зорилго бол амьтны тусыг бүтээх юм. ‘Энэ биед тулгуурлан хамаг амьтны тусыг бүтээсээр байх болтугай’ хэмээн би үргэлж залбирдаг. Та бүгд ч мөн миний энэ залбирал ерөөлд нэгдээрэй.”