Энэтхэг, ХП, Дарамсала - Өнгөрсөн шөнийн хүчтэй аадар борооны дараа өнөөдөр өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өргөөнийхөө үүдэнд заларч тэндээс шүхэр асаан дуганы хашааны зүг морилов. Уламжлалт хувцасаар гоёсон төвөдүүд Дээрхийн Гэгээнтэнд ‘Чэма Чангпу’ өргөн барьж хүндэтгэл үзүүлэв.
Дээрхийн Гэгээнтэн цампа болон сүүний дээжийг өлзий дэмбэрлийг бэлэгдэн өргөлөө. Ногоон өнгийн уламжлалт хувцсаар гоёж, цагаан хадаг барьсан сурагчид төв замын дагуу эгнэн зогссон байлаа. Хажуугийн өргөн талбайд Таши шолпа бүжигчид Дээрхийн Гэгээнтэнд дуу бүжгийн өргөл өргөв.
Дээрхийн Гэгээнтэн алгуур морилсоор дуганы дотогш орж цугласан олны зүг мэндчилээд сэнтийдээ залрав. Ингээд Дээрхийн Гэгээнтэн түүний өмнө эгнэн зогссон сурагчид руу инээмсэглээд ‘За эхлэе’ хэмээн дагсал хаялцахыг эхлүүлэх дохио өглөө.
Дээрхийн Гэгээнтэн “Өнөөдрийн номын айлдварыг Төвөдийн хүүхэд залуучуудад зориулах болно” хэмээн айлдвараа эхлүүлэв.
Уг номын айлдварт орон нутгийн хэд хэдэн сургууль, 181 коллеж, Дарамсала дахь буддын шашны сургуулийн нийт 985 сурагчдаас гадна 58 орны 5695 сүсэгтэн олон цугласан байлаа. Дээрхийн Гэгээнтэн “Өнөөдөр бодь сэтгэлийн увидасыг хүртээж бодь сэтгэлийг хэрхэн хөгжүүлэх, бясалгах талаар тайлбарлах болно.” гэлээ.
“Өдөр бүр би сэрсэн даруйдаа бодь сэтгэлийг төрүүлж бясалгадаг. Хамаг амьтан бүхэн, тэр дундаа энэ дэлхийн хүн бүхний төлөө залбирч тэднийг энэрч хайрласан энэрэнгүй сайхан сэтгэлийг төрүүлдэг. Ингэж бясалгах үед сэтгэлд амар амгалан аяндаа төрдөг юм. Амьтан бүгдийг энэрч хайрласан энэ сэтгэлийг би хоосон чанартай хослуулан бясалгадаг. Мөн Шантидэва Гэгээнтний ‘Бодьсадвын явдалд орохуй’ номын энэ шүлгийг байнга уншиж бодож бясалгадаг.”
Орчлон хэдий хүртэл оршино
Төдий хүртэл амьтад оршино
Тэр хүртэл би бээр бас оршиж
Амьтдын зовлонг амирлуулах болтугай
“Энэ залбирал ерөөл надад хамаг амьтан бүгдийн тусын тулд хичээх урам зориг, эрч хүчийг өгдөг. Сэтгэл амар амгалан бол тайван унтаж амрахад ч тустай байдаг. Бусдыг энэрч хайрласан энэрэнгүй сайхан сэтгэлийн хүчээр надад өчүүхэн төдий ч уур төрдөггүй. Орой унтахдаа би орой дээрээ Жанрайсиг бурханыг залж бясалгаад маани уншингаа амардаг. Сэтгэл амар амгалан бол бие ч мөн эрүүл саруул байх болно.”
Цугласан олонд цай, гамбир тараав. Дээрхийн Гэгээнтэн гамбираас багаханыг хуваан авч хүртээд үлдсэнийг нь урд эгнээнд ихэд баяр баясгалантай суугаа хүүхдүүдтэй хуваалцав. Дараа нь ахмад багш ажилчид Дээрхийн Гэгээнтэнд мандал өргөлөө.
“Өнөөдөр би бодь сэтгэлийн тухай тайлбарлаж, маргааш оюун ухааныг тэтгэгч Манзушир бурханы даган соёрхолыг хүртээнэ. Эрдэм номонд шамдагч сурагч та бүхэнд машид тустай байх болно.”
“Шантидэва Гэгээнтний ‘Бодьсадвын явдалд орохуй’ номонд бодь сэтгэлийг ‘итгэл, хүндлэлийг бүрнээ хүлээхүйц’ хэмээн тодорхойлсон байдаг. Бодь сэтгэл буй бол хорлолийг эсэргүүцэн буцаах, дарах бодол огт төрдөггүй. Бусдыг энэрч хайрласан энэрэнгүй сайхан сэтгэлтэй байх нь хамаг амьтан бүгдийн амар амгалан, баяр баясгалангийн эх үндэс юм. Бодь сэтгэл бол сэтгэлийн амар амгаланг авчирдаг, ашдын амгалангийн үндэс суурь юм шүү.”
“Бусад хүмүүс та бүгдийн юу хэлж, юу үйлдэж буйг буруугаар хүлээн авч тайлбарлаж болно. Гэвч та бүгдийн сэдэл зөв бол тэдэнд уурлах шалтгаан байхгүй ээ. Бусад хүмүүс намайг шүүмжилсэн ч надад уур огт төрдөггүй, би тайван амгалан байдлаа хадгалж чаддаг. Бодь сэтгэлийг байнга бясалгадаг учраас тэр юм. Бурхан Багшийн дүрийг устгаж буйг харлаа ч миний сэтгэл бусдын тусын тулд гэсэн энэрэнгүй сайхан сэтгэлээ алдахгүйгээр тайван амгалан байж чадах тийм түвшинд байгаа гэж хэлж болно.”
“Жанрайсиг бурханы адистид оршсоор ирсэн Цаст Төвөдийн орны ард түмэн бид өчүүхэн хорхой шавьжид хүртэл хор хүргэхгүй байхыг зорьдог. Төвөдүүд биднийг амаргүй байдалд оруулсан Хятадуудыг хүртэл би энэрч хайрладаг. Тэдний үйлдсэн бүгдийн хариуд би илүү энэрэнгүй сайхан сэтгэлтэй байхыг хичээдэг.”
“Би бодь сэтгэлийг өдөр, шөнийн турш алгасарал үгүйгээр төрүүлэн бясалгадаг. Бүхий л эрдмийн ахиц дэвшил эндээс л хамаарна. Бусдыг энэрч хайрласан энэрэнгүй сайхан сэтгэлтэй бол агшинаас агшинд хэмжээлшгүй их буянг хураасаар байх болно. Төгс гэгээрэлд хүрэхийн тулд бид амьтан бүгдийг энэрч хайрласан эл энэрэнгүй сайхан сэтгэлийг хичээнгүйлэн урам зоригтойгоор анхааран авлагаа болгох нь чухал юм.”
“Биднийг хорлож буй хүмүүсээс аль болох болгоомжлон анхааралтай байх нь чухал ч үзэн ядалт тэднийг ялахад огтхон тус үгүй юм. Харин бусдыг энэрч хайрласан энэрэнгүй сайхан сэтгэл машид тустай. Тийм учраас энэрэнгүй сайхан сэтгэл бол хамгийн нандин, үнэлж баршгүй эрдэнэ гэдгийг санаарай.”
“Бид уншлага уншиж, тарни тоолж, хэнгэрэг дэлдэж болно. Гэвч дээдийн номын охь шим, гол түлхүүр болох бусдыг энэрч хайрласан энэрэнгүй сайхан сэтгэлийг төрүүлэх нь хамгийн чухал. Элдэв зан үйлийг дээдэд барьж бодь сэтгэлийг үл тоомсорлох нь том алдаа юм шүү.”
“Төвөдүүд ерөнхийдөө нинжин сайхан сэтгэлтэй хүмүүс гэгддэг. Бусдыг энэрч хайрласан энэрэнгүй сайхан сэтгэл хийгээд нинжин сэтгэлийг төлөвшүүлэх нь Төвөдийн үйл хэрэгт тустай байх болно.”
“Би өөрийгөө онцгой гойд нэгэн гэхгүй ч бодь сэтгэлийн хүчээр, орчлон хэдий болтол оршино тэр хүртэл хамаг амьтны тус амгаланг бүтээхийн тулд аль чадахын хэрээр хичээсээр байх болно. Бодь сэтгэл зөвхөн бусдын тулд бус, өөрийн тус амгаланг бүтээхэд ч тустай. Та бүгд миний шавь болоё л гэвэл бодь сэтгэлийг анхааран авлага болгоорой.”
Дээрхийн Гэгээнтэн түүний бодь сэтгэлийн тухай айлдварыг хятадууд олноор сонирхож буй талаар сонссон тухайгаа айлдав. Тэрээр “Өнөөдөр нарийн зан үйл хийхгүй, харин харьцангуй болон үнэмлэхүй бодь сэтгэлийн увидасыг хүртээх болно” хэмээн айлдлаа.
Цаашлаад,
“Амьтан бүхэн мунхагийн эрхээр үйл хурааж, хураасан үйлийнхээ эрхээр зовж шаналдаг. Амьтад зөв бурууг ялгах чадваргүй, харин оюун ухаант хүн төрөлхтөн бидэнд зөв бурууг ялгах чадвар бий. Мөн бид хамаг амьтан бүгдэд зорисон энэрэнгүй сайхан сэтгэлийг төрүүлж чадна.”
Дээрхийн Гэгээнтэн сурагчид болон цугласан олонд хандан энэрэнгүй сайхан сэтгэлийг төрүүлэн бясалгаад, ‘Хамаг амьтан бүхэн амар амгалан хийгээд түүний шалтгаан төгөлдөр болтугай, зовлон зүдгүүрээс ангид байх болтугай’ хэмээн залбираарай’ хэмээв.
“Бидний амсаж буй зовлон бүхэн ‘би’-д шунасан амин хувиа хичээхээс үүдэлтэй. Тийм учраас бидний шунаад байгаа ‘би’ гэгч хаана байна вэ гэдгийг хайж нягталж үзэх хэрэгтэй. Миний толгойд байна уу? Эсвэл миний зүрхэнд байна уу? Бид ‘миний бие’, ‘миний толгой’ гэхчилэн ярьдаг. Гэвч энэ бүгдийн эзэн болсон ‘би’ гэгч хаана байна вэ? Бидний хувьд ‘би’ гэгч нь маш бат, хөдлөшгүй мэт үзэгддэг ч хэрэв бид сайтар нягтлан хайгаад үзвэл ‘энэ байна’ гэж тодорхойлох зүйл байхгүй. ‘Би’ гэгч нь шүтэн барилдлагын дүнд буй болж байгаа ойлголт юм гэдгийг л бид хэлж чадна.
“Намайг Данзанжамц гэдэг. Гэвч хайгаад үзвээс өөрөөрөө, биеэ даасан Данзанжамцыг олж чадахгүй. Би сая гамбир хүртсэн, гэвч гамбир хүртсэн ‘би’ гэгчийг хайгаад үзвэл олдохгүй. ‘Би’ гэгч нь мөн чанартаа зөвхөн нэр томьёоны төдий оршиж буй юм. Өөрийн мөн чанараараа бүтээгүй ‘би’-н талаар нягтлан бодож үзэцгээе.”
“Хэрэв бид толгойн оройноос хөлний ул хүртэл хайгаад үзвэл өөрөөрөө бүтсэн бие даасан ‘би’-г олж чадахгүй. Юмс үзэгдэл бодитойгоор оршиж буй мэт үзэгддэг ч зөвхөн нэр томьёоны төдий л оршдог. Энэ нь юмс үзэгдэл огт байхгүй гэсэн үг биш, харин тэд зөвхөн нэр томьёо, орчлонгийн ёс төдий оршдог гэсэн үг юм.”
“Бурхан Багшийн лагшин бол бодь сэтгэлийн илэрхийлэл. Харин түүний бүхнийг мэдэгч сэтгэл бол билиг билгүүний бясалгалаас төрдөг. Бүх юмс үзэгдэл шүтэн барилдаж буй болдог.”
“Миний ярьж буй бүгдийг та бүхэн цааш нь түгээгээрэй. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам биднийг нинжин сайхан сэтгэлийг хөгжүүл гэж захисан гэдгийг гэр бүлийнхэн, найз нөхөддөө хэлээрэй. Энэ бол миний гол дадлага гэдгийг ч мөн дамжуулаарай.”
Сурагчдын асуултанд хариулах зуураа Дээрхийн Гэгээнтэн анхаарал төвлөрөл сул, амархан сатаардаг сурагчдад төвлөрөх бясалгал хийхийг зөвлөв. Төвлөрөх бясалгалыг шинжлэх бясалгалтай хослуулваас анхаарал төвлөрөл сайжирна хэмээн нэмж айлдлаа.
Дээрхийн Гэгээнтэн цаашлаад урд нь Төвөд гадаад улс орнуудтай төдийлэн харилцаа холбоогүй байсан тухай, мөн энэ байдал хэрхэн Төвөдийн материаллаг хөгжилд нөлөөлсөн талаар дурьдав. Барууны орнуудад эсрэгээрээ материаллаг нийгмийн хөгжил өндөр түвшинд хүрсэн ч сэтгэл оюуны талаарх ойлголт бага байсан тухай нэмж айлдлаа. Цаашлаад Дээрхийн Гэгээнтэн сүүлийн үед шинжлэх ухааны эрдэмтэд Төвөдийн Энэтхэгээс уламжилж авсан Бурхан Багшийн сэтгэл судлалын талаарх айлдвар сургаалийг ихээхэн сонирхон судалж байгаа тухай айлдав.
Дээрхийн Гэгээнтэн “Бодь сэтгэл бол их хөлгөний зам мөрийн хамгийн гол үзэл баримтлал юм. Бодь сэтгэлийг бясалгаснаар бид буяны чуулганыг хураадаг бол хоосон чанарын тухай үзэл ойлголтыг таниснаар билиг билгүүнийг олно.” хэмээн давтан айлдлаа.
Номын айлдварын төгсгөлд Дээрхийн Гэгээнтнээс нэгэн сурагч амьтан бүгдийг энэрч хайрласан их нигүүлсэл хэрхэн мэдрэгддэг талаар асуув. Дээрхийн Гэгээнтэн бээр урдын олон төрөл тутамдаа бодь сэтгэлийг дадуулсаар ирсэн учраас бүр бага байхаасаа өчүүхэн хорхой шавьжийг хүртэл хайрлаж хамгаалж ирсэн тухайгаа айлдав.
“Өсч том болоод Шантидэва гэгээнтний ‘Бодьсадвын явдалд орохуй’ тэргүүтэй ном судрыг үзэж, бусдыг энэрч хайрласан энэрэнгүй сайхан сэтгэлийг учир шалтгааны үүднээс судалсан. Би судалж мэдсэн зүйлээ дадуулахын тулд бусдыг тэгш үзэх хийгээд өөрийгөө бусдаар солих зэрэг маш үр дүнтэй бясалгалын аргуудыг анхааран авлагаа болгосон. Үүний дүнд хамаг амьтан бүгдийн тухай бодох бүрт өөрийн эрхгүй нулимс минь урсдаг.”
Унзад лам айлдварын төгсгөлд Дээрхийн Гэгээнтний туурвисан ‘Үнэний хүч’ номыг урин уншлаа. Сурагчид болон цугласан олон мөн нэгдэв.
Өргөөнийхөө зүг залрахын өмнө Дээрхийн Гэгээнтэн тайзны захад залран сурагчдыг эрдэм номондоо сайн шамдахыг захиад дагсал хаях нь оюун ухааныг хурцалдаг болохыг мөн нэмж тайлбарласан юм.