Энэтхэг, ХП, Дарамсала – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өнөө өглөө Зүглаг Хан дуганы өмнөх талбайд морилон гарч ирэхдээ инээмсэглэл дүүрэн байлаа.
Түүний сургаалыг сонсохоор ирсэн 300 гаруй монголчуудыг төлөөлөн эрэгтэй, эмэгтэй хоёр монгол залуу түүнд цагаан идээ өргөв. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам тус бүрээс амсаад дараа нь тэдгээр залуучуудад амсууллаа.
Тэрээр хашааны голоор дамжин дуганыг чиглэн алхахдаа хоёр талд цугларсан хүмүүстэй мэндлэхийн тулд баруун, зүүн тийш хандаж байлаа.
Дээрхийн Гэгээнтэн Зүглаг Хан дуганыг нар зөв гороолон орохдоо 72 орны 6100 орчим цугласан олонтой мэндчилсэн юм.
Түүнийг арслант сэнтийд залармагц монголын сүсэгтнүүдийн төлөөлөл хэсэг хүмүүс “Билгүүний зүрхэн” судрыг монгол хэлээр уншлаа. Дараа нь түүнд Ламын Гэгээн Данзанжамбалчойжишинэнхувилгаан бурханы лагшин, зарлиг, таалалын шүтээн болон мандал өргөв.
Дээрхийн Гэгээнтэн:
"Бид Энэтхэгт цагаачлан амьдарч байгаа энэ үед номын айлдвар явуулах боломж бидэнд тохиогоод байна. Богд Зонхов бид хоёр Төвөдийн нэг нутагт төрсөн юм. Миний төрсөн газар түүний лагшин мэндэлсэн газартай тун ойрхон байдаг. Эргээд бодоход би Төвөдөд цэцэглэн хөгжсөн номын уламжлалаа хадгалахыг аль чадахаараа хичээсэн юм. Би байгаль орчныг хамгаалах, дэлхий дахинд энх тайвныг тогтоох, шашин хоорондын эв найрамдлыг дэмжихийн төлөө хичээсэн билээ. Тиймээс би Богд Зонховтой нэг нутаг бөгөөд түүний адил бусдын сайн сайхны төлөө тодорхой хувь нэмэр оруулсан гэж хэлж болно.”
“Өмнө хэлсэнчлэн би Богд Зонховын лагшин мэндэлсэн газартай тун ойрхон төрсөн юм. Тухайн үед энэ нутгийг Ма Буфан хэмээх хятадын цэргийн дарга захирч байсан юм. XIII Далай Ламын хойд дүрийг тодруулах үеэр намайг түүнтэй уулзуулахад тэр миний царайг хараад “Энэ хүүд ямар нэгэн онцгой зүйл байна” гэж хэлсэн гэдэг.”
“Энд цугларсан бид бүгд Бурхан Багшийн шавь нар билээ. Бид Төвөд, Монгол, Хималайн бүс нутагт өвлөгдөн ирсэн Бурхан Багшийн бүрэн сургаал болох Наландагийн уламжлалыг баримталдаг. Мөн би өөрийгөө Тисрон Дэцэн хааны хувилгаан гэдэгт итгэдэг. Иймдээ ч түүний удирдлага дор бий болсон Наландагийн хиргүй ариун уламжлалыг хадгалан авч үлдэхийн төлөө чадах бүхнээ хийсэн юм. Надад итгэл хүлээлгэсэн та бүхэнд баярлалаа гэж хэлмээр байна.”
“Ловон Шантаракшита Төвөдөд бурханы шашны ариун уламжлалыг дэлгэрүүлэх их үйлсийг удирдсан билээ. Үүнд хутагт Нагаржуна, хутагт Асанга нараас дамжигдсан уламжлал бүрэн багтана. Энэхүү Наландагийн уламжлалд хадгалагддаг оюун ухаан, сэтгэл хөдлөлийн үйл ажиллагааны талаархи ойлголт нь шинжлэх ухаан, практикт чухал ач холбогдолтой. Оюун санаа, сэтгэл хөдлөлийн талаарх энэ мэдлэг уламжлал дэлхийн олон асуудлыг шийдвэрлэх боломжтой.”
“Би амьд сэрүүн байгаа цагтаа Төвөдийн номын хаадын хүсэл мөрөөдлийг биелүүлэх төлөө шийдэмгий байна. Өмнө дурьдсанчлан би Төвөдийн номт хаан Тисрон Дэцэний үргэлжлэл бөгөөд түүний үйл хэргийг үргэлжлүүлэх нь миний үүрэг билээ. Мөн Наландагийн уламжлалын мэдлэг ухаан хүн төрөлхтний сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулах боломж байгааг би бүрэн мэдэрч байна.”
“Өнөөдөр би “Төгс баясгалант орны зуун бурхан/Ганданлхавжа” номыг тайлбарлана.
Энэ цөвүүн цагт олонтаа сонсож, бүтээхэд хичээн
Ертөнцийн найман номыг тэвчиж
Чөлөө, учралын хэргийг бүтээсэн
Итгэлт таны аугаа их зохиолд
Бид чин сэтгэлээсээ даган баясмуй
“Бид Бурхан Багшийн сургасан сургаал номлолд суралцах ёстой. Үүний адил Богд Зонхов дээдийн номд хэрхэн суралцсан, агуу их үйлсийг хэрхэн үйлдсэнийг ч мөн даган дуурайх ёстой юм.”
Дээрхийн Гэгээнтэн төвөдөөр Мигзэм уншив.
Зоригдол үгүй их энэрэлийн гуу сан Жанрайсиг
Хир үгүй айлдлын эрхэт Зөөлөн Эгшигт Манзушри
Шимнусын өмгийг хоцроолгүй даран зохиогч
нууцын эзэн Очирваань
Цастын мэргэдийн оройн чимэг Зонхава
Лувсандагвын өлмийд соёрхлыг талбия.
“Богд Зонховын номын сахиус нь Дамжан Чойжал бөгөөд энэ сахиус надад үргэлж тусалдаг гэдгийг би мэдэрдэг.”
“Бид суралцаж, дадлага хийснээр л Бурхан Багшийн сургаалыг хадгалж үлдэж чадна. Өнөө үед Бурхан Багшийн сургаалыг сонирхож буй шинжлэх ухааны эрдэмтэд болон өөр шашны хүмүүс ч нэмэгдсээр байна. Тэд сэтгэл хөдлөлийг даван туулах арга замыг заасан бидний мэдлэг ухааныг үнэлж байна."
Дээрхийн Гэгээнтэн:
“Бид Богд Зонховыг бясалгахдаа түүний баруун талын цэцгийн дэлбээ дээр илд, зүүн талын цэцгийн дэлбээ дээр судар байгаагаар бясалгадаг. Илд нь түүний саруул билиг ухааныг, харин судар нь түүний гүн мэдлэгийг бэлэгдэж буй” гэлээ.
Төсгөлд нь тэрээр “Бид эх орноо алдаж, цагаачлан амьдарч байгаа ч энэ бүхэн утга учиртай байсан юм. Та бүхнийг дээдийн ном сургаалыг хэрэгжүүлэхийн төлөө чадах бүхнээ хийхийг уриалж байна. Таши Дэлэг.” хэмээн айлдлаа.