АНУ, Баффало — 2006 оны 9 сарын 20 (Жэй Рэй, Жэй Токаш / The Buffalo News)
“Зөөлөн сэтгэл” бол амьдралын гол түлхүүр хэмээн оюун санааны удирдагч Дээрхийн гэгээн цугласан олонд айлдлаа.
Мягмар гарагт Амхерст хот дахь Баффалогийн Их Сургуулийн хойд кампусын танхимд мянга мянган хүн цугларч, өөрийгөө “энгийн л лам хүн” хэмээн тодорхойлдог Дээрхийн гэгээний айлдварыг сонсохоор хөлхөлдсөн юм. Тэрээр хүн төрөлхтний энэрэн нигүүлсэх сэтгэлийн хүч чадлын тухай энгийн боловч гүнзгий айлдвар айлдлаа.
Амьдралдаа утга учир, жинхэнэ амжилтыг хайгч бүхэнд “зөөлөн сэтгэл” хэрэгтэй хэмээн тэрээр онцлов.
“Миний бодолоор зөөлөн, энэрэнгүй сэтгэл бол гол түлхүүр бөгөөд илүү гүн сэтгэл ханамж, цаглашгүй их аз жаргалыг авчирдаг” хэмээн айлдав.
1989 оны Нобелийн Энх тайвны шагналт Дээрхийн гэгээн танхимд цугласан хүмүүсд хандан “Эцэст нь, дэлхий дахинд бодит өөрчлөлт авчирих сэтгэл бол нэг талыг бариагүй энэрэл нэгүүлсэл дүүрэн зөөлөн зүрх сэтгэл. Ийм сэтгэлд хоёр нүүр, шударга бус явдал, бусдыг мөлжих санаа багтах зайгүй болдог юм. Энэ зуун бол хэлэлцээрийн зуун байх ёстой. Хүчирхийллийн зуун хэрхэвч байж болохгүй” хэмээхэд цугласан олон алга ташилт нижигнүүлэв.
Дээрхийн гэгээн 14-р Далай лам Тэнзин Гяацо, Баффалогийн Их сургуулийн түүхэнд байгаагүй 30 мянга гаруй хүмүүсийн өмнө хүндэт илтгэгчдийн цувралыг нээн эхлүүллээ.
Их сургуулийн хичээлүүд Хойд кампус дээр бүрэн зогссон байв.
Сургуулын талбайн эргэн тойронд сувенир, бурхан шашны ном худалдаачид мөн ажилаа хойш тавин ирсэн ахимаг настангууд болон сургуулаа түр мартаж ирсэн хүүхдүүд… бүгд адилхан нэг л хүний айлдварыг сонсохоор нэгэн дор цугласан байлаа. Кампус дээр хамгаалалт ч тун өндөр.
“Энд юу болж байна аа?” хэмээн асуух эмэгтэйн дуу олны дундаас дуулдахад,
“Далай лам морилож байна” хэмээн нөгөө нь хариулна.
Орон нутаг дахь буддын шашинтнууд харьцангуй цөөн хэдий ч, Дээрхийн гэгээний нэр хүнд Баруун Нью-Йорк дахь бүсийн олныг хамарч, хөлбөмбөгийн томоохон цэнгэлдэхийг дүүртэл хүмүүс цуглажээ. Даваа гарагийн үдээс хойш болсон шашин хоорондын уулзалтад дахиад 6 мянган хүн ирж, “Алумни Арена” танхимыг дүүргэн суусан байна.
Сургуулийн захиргаа хэлэхдээ, Далай ламыг сонсохоор зөвхөн оюутан, багш ажилтнууд бус, Канадын хилээс, Рочестер, Сиракьюс мужуудаас, бүр Вашингтон, Флорида мужаас ч хүмүүс зорин ирсэн хэмээлээ.
Өдөр бүрийн айдас, түгшүүрээр дүүрэн энэ ертөнцөд, дотоод амар амгалангаар бялхан гэрэлтсэн тэр л хүнийг олон хүмүүс сонирхон, биширч байлаа.
“Би Бурханы шашины тухай төдийлөн сайн мэдэхгүй. Гэхдээ тэр бол дэлхийд танигдсан хүн, тэгээд өнөөдөр Баффало хотод байна шүү дээ, үнэндээ түүний нэр хүнд намайг энд авчирсан” хэмээн Баффалогийн оршин суугч 32 настай Шарон Нисэнгард ярив.
Түүнийг хэн бэ, юу хэлэх бол гэж сониучирхан ирсэн бол энэ нь огт буруу зүйл биш, харин түүнээс ид шид болон ямарваа зүйлийг эдгээх далдын хүч хайж ирсэн хүмүүсд хандан Дээрхийн гэгээнтэн:
“Ид шид гэдэг миний бодлоор утгагүй зүйл” хэмээн инээмсэглээд,
“Би энгийн л нэг хүн… яаг л та нарын нэгэн адил” хэмээн даруухнаар айлдав.
Энэ удаагийн айлдварын гол сэдэв “Боловсролоор дамжуулан энх тайваныг хилийн чандад түгээн дэлгэрүүлэх нь” байсан ч тэрээр дахин дахин “зөөлөн сэтгэл”-ийг чухалчлан онцолж байлаа.
Хүүхдүүдийг бага наснаас нь эхлэн сургууль, цэцэрлэг, их сургууль хүртэл сурагчдад энэрэл нигүүлсэл, бусдыг хайрлан хүндлэх сэтгэлийг төлөвшүүлэхийн төлөө ажиллах хэрэгтэй хэмээн багш, боловсролын салбарынханд тэрээр уриаллаа.
Мөн гэр бүлийн харилцаанд ч энэ сэдэв чухал болохыг сануулав.
“Бидэнд илүү их хүлээц, нэг нэгнийгээ ойлгох сэтгэл хэрэгтэй. Ялангуяа хүүхэдтэй хүмүүс. Хүүхдүүдийнхээ төлөө илүү энэрэнгүй байгаарай” хэмээн Дээрхийн гэгээн зөвлөлөө.
Өглөө эрт эхэллээ.
Өдөр тутамд үргэлжлэх түгжрэлийг даван, зохион байгуулагдсан олон лекцүүдээс сонгон суухын тулд сониуч зочид мягмар гарагийн өглөө 9 цаг гэхэд кампус руу цугларч эхэлжээ.
Далай ламын айлчлалын хүрээнд болсон зарим боловсролын арга хэмжээнүүд урт дараалал үүссэн байна. Тухайлбал, Төвөд лам нар гурван өдрийн турш урласан элсэн мандалыг хураах ёслол, мөн Далай ламын хажууд олон жил сурч, баруунд Төвөдийн Бурханы шашиныг түгээн дэлгэрүүлж буй, Баффалогийн Их сургуулийн төгсөгч Лама Сурья Дасын лекц зэрэг арга хэмжээ танхим дүүрэн хүнтэй байв.
Кампус дахь зарим хүмүүсд Дээрхийн гэгээнтэнтэй уулзаж түүний дулаан, зөөлөн байдал ба хошин шогийн мэдрэмжийг нь ойроос тольдох боломж олджээ.
“Тэр ямар ауратай, ямар зан чанартай хүн бол гэдгийг мэдэх сонирхолтой байсан,” хэмээн өглөө Далай ламтай нэг цаг орчим уулзсан 300 орчим багш нарын нэг Томас Сзиперски ярив. “Тэр маш тайван хүн. Маш найрсаг, ихээхэн хошин мэдрэмжтэй.” хэмээн хэллээ.
Дээрхийн гэгээнд сургуулын багш нар “бид яагаад энэ дэлхий дээр төрсөн юм бэ?” гэх мэт философийн асуултаас эхлээд дэлхийн хүн амын өсөлт зэрэг өргөн сэдвүүдийн найман асуулт тавьсан хэмээн Сзиперски хэлэв.
“Түүний хариултууд нэлээд урт, дэлгэрэнгүй байсан,” гэж химийн профессор ярилаа. Түүнчлэн Азийн оронуудаас ирсэн 175 орчим оюуутнуудын төлөөлөлтэй Дээрхийн гэгээн нэг цаг орчим уулзлаа.
“Тэр үнэхээр онцгой хүн,” гэж Тайвань гаралтай бизнесийн магистр, оюутан Крис Ли хэлэв. “Түүнийг одоо Тайваньд очихыг зөвшөөрдөггүй. Тиймээс энэ бол бидний түүнийг харах цорын ганц боломж ч байж магадгүй.”
Далай ламыг Баффалогийн Их сургуулийн ерөнхийлөгч Жон Б. Симпсон тайзнаа 3 цагийн үед урьж танилцуулсан бөгөөд Нью-Йорк мужийн их сургуулийн Канцлер Жон Райан түүнд хүмүүнлэгийн ухааны хүндэт докторын цол гардууллаа.
Улаан орхимж болон салхи, нарнаас хамгаалсан малгай өмссөн Далай лам орчуулагчийн хамт тайзны зүүн талд сууж, хааяа зөв үгийг тайлж хэлэхийн тулд орчуулагчдаа хандана. Тайзны ард мужийн, орон нутгийн болон их сургуулийн албан тушаалтнууд сууж байсан ба Дээрхийн гэгээнтэн илтгэлээ цагаас илүү хугацаанд тавьж, дараа нь урьдчилан ирүүлсэн асуултуудад хариуллаа.
Илтгэлийнхээ үеэр Дээрхийн гэгээнтэн түүний айлдварыг сонсоод таалагдаагүй хүмүүст хандан:
“Асуудалгүй. Зүгээр л март” хэмээн инээмсэглэн айлдлаа.










