Австрали улс, Куинсланд муж, Брисбэн хот, 2011 оны 6 дугаар сарын 17 (Цэрэн Кийнзом Дхонгдүгийн мэдээ)-ны өдөр сэтгэлийн шинжлэх ухааны талаар эрдэмтэдтэй хийсэн ярилцлага ч бай, бизнесийн үдийн уулзалт эсвэл олон нийтийн илтгэл гээд аль ч арга хэмжээ байсан Дээрхийн гэгээн XIV Далай ламын үндсэн захиас хувиршгүй байдаг нь ердөө л хайр хийгээд энэрэх сэтгэлийн тухай байдаг билээ. Тэрээр үүнийг хүн бүрт бий төрөлхийн эерэг чанар агаад саруул ухаан руу өнгийх байдлаар хийдэг билээ. Дээрхийн гэгээн “Бид бүгд л хүн төрөлхтөн. Бид бүгд л аз жаргалтай байх ижилхэн хүсэлтэйн зэрэгцээ ижил тэгш эрхтэй. Өнөөгийн шинэ бодит байдал бол бид бүгд хоорондоо харилцан хамааралтайн учир бие биеэ халамжлах нь бидний үүрэг юм” хэмээжээ.
Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай лам “Сэтгэл ба шинжлэх ухаан” форумын өмнө бусад оролцогчдын хамт үзэгчдэд мэндчилгээ дэвшүүлж буй нь…Австрали улс, Куинсланд муж, Брисбэн хот. 2011 оны 6 дугаар сарын 17. Гэрэл зургийг: Расти Стюарт/DLIAL
Өнөө өглөө Дээрхийн гэгээн “Happiness & Its Causes” бага хурлын нэг хэсэг болох “Сэтгэлийн шинжлэх ухаан” форумд оролцов. Зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус хуралд дэлхийн өнцөг булан бүрээс шашин, шинжлэх ухаан, урлагийн нэрт эрдэмтэд болон сэтгэгчид оролцдог билээ. Дээрхийн гэгээн өмнө нь ч уг хуралд хэд хэдэн удаа оролцож байсан бөгөөд энэ удаад тэрээр “Аз жаргалтай амьдралд хүрэхийн тулд оюун санаагаа хэрхэн өөрчлөх тухай” сэдвээр илтгэл тавьжээ. Mөн тус илтгэлд АНУ-ын сэтгэл хөдлөлийн судалгааны тэргүүлэгч доктор Пол Экман, Калифорнийн их сургуулийн профессор Марко Якобони мөн Австрали улсын оны шилдэг сэтгэцийн эрүүл мэндийн төлөө дуу хоолойгоо идэвхтэй өргөсөн профессор Пэт МакГорри нар оролцсон байна. Доктор Экман энэрэх сэтгэлийн сэтгэл хөдлөлийн мөн чанарын талаар, профессор Якобони толин мэдрэлийн эсийн үүргийн тухай, харин профессор МакГорри сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд ёс зүйн манлайллын ач холбогдлын талаар тус тус илтгэл тавьжээ.
Дараа нь Дээрхийн гэгээн XIV Далай лам бизнесийн үдийн уулзалтад оролцож, удирдлагын үнэт зүйл, хүрээлэн буй орчны талаарх сэтгэлгээ болон үүнд шаардлагатай үйлдэл юу болох тухай санал бодлоо хуваалцсан байна.
Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай лам илтгэлээ тавихаас өмнө тухайн онд үерт нэрвэгдсэн бүсийн оршин суугчидтай уулзаж буй нь…Австрали улс, Куинсланд муж, Брисбэн хот. 2011 оны 6 дугаар сарын 17. Гэрэл зургийг: Расти Стюарт/DLIAL
Үүний дараа Дээрхийн гэгээн XIV Далай лам Австрали улсад хийж буй энэ удаагийн айлчлалынхаа хамгийн олон үзэгчтэй олон нийтийн илтгэлийг тавьжээ. Брисбэн хотын Ботаникийн цэцэрлэг доторх Ривэрстэйж талбайд 8000 гаруй хүн цуглан “Амьдралын аялалдаа аз жаргалыг олох, гарз хохирлыг даван туулахуй” сэдвийг чих тавин сонордлоо. Tухайн оны эхээр хүнд үерт нэрвэгдсэн зон олонд асар үнэ цэнтэй хийгээд сэтгэлийн дэмтэй илтгэл байлаа. Илтгэлийнхээ өмнө Дээрхийн гэгээн үерт хамгийн хүнд хохирол амссан Локйер хөндийн төлөөлөгчидтэй уулзаж, Ипсвич хотын дарга түүний хамт тайзан дээр гарсан байна.
Нар төөнөсөн үдийн энэ үеэр Дээрхийн гэгээний хайр, энэрэх сэтгэл болон гашуудлын тухай ярих нарийн ойлголтууд нь цугларсан үзэгч олонд урам зориг, сэтгэлийн тайтгарал өгчээ. Тэрээр амьдралдаа сэтгэлзүйн хүнд сорилттой тулгарч буй хүмүүсийн асуултад хариулсан байна.
|
Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай лам илтгэлийн үеэр үзэгчдэд хандан сэтгэлийн дэмжлэг үзүүлж буй нь...Австрали улс, Куинсланд муж, Брисбэн хот. 2011 оны 6 дугаар сарын 17. Гэрэл зургийг: Расти Стюарт/DLIAL |
Тархины хагалгаанд есөн удаа орсон нэгэн эмэгтэй нүдэндээ нулимс цийлэгнүүлэн ганцаардлын мэдрэмжийг хэрхэн даван туулж болох талаар асуухад Дээрхийн гэгээн түүнд тайзан дээр гарахыг урьж, халуун дулаанаар тэврээд
“Та ганцаараа биш харин зургаан тэрбум хүний нэг юм. Хүн төрөлхтөн бид чинь бусдын зовлонг ойлгож, хуваалцах чадвартай байдаг юм шүү дээ” гэж хэлсэн байна. Тэрээр мөн түүнд өөрийн хаягийг өгч, цаашид холбоо барьж асуудлаа хуваалцахыг зөвлөжээ.
Уй гашуудлын тухайд Дээрхийн гэгээн “Бид энэхүү мэдрэмжийг хувирган эрч хүч болгон шинчилж, амьдралаа илүү утга учиртай болгохын төлөө зүтгэж чадна” гэж хэлсэн байна.
Дээрхийн гэгээн XIV Далай лам маргааш өглөө Перт хот руу мордож, 6 дугаар сарын 20-нд Энэтхэг улс руу буцах юм.
Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун