Энэтхэг, Колката хот - Дээрхийн гэгээн Далай лам өнөөдөр өглөө Колката хотод оршин суугаа 150 орчим төвөд иргэнтэй уулзалт хийлээ. Уулзалтад оюутан залуус, лам хуврагуудаас гадна тус хотод ноосон цамцны худалдаа эрхэлдэг иргэд оролцов. Дээрхийн гэгээн уулзалтын эхэнд Калькутта хотын тухай бага байхын мэддэг байснаа дурсаад, тухайн үед энэ хотод ирж үзсэн төвөдүүд хотын өнгө төрхийг түүнд сонирхуулан ярьдаг байсныг дурдсан юм. Тэрээр 1956 онд Энэтхэг улсад анх удаа айлчлахдаа энэхүү хоттой биечлэн танилцаж байжээ.
Дээрхийн гэгээн хуран цугласан олонд хандан: “1959 оноос хойш дүрвэгсэд болсон цагаасаа эхлэн бид Төвөдийн соёл уламжлалаа дэлхий дахинд таниулж чадсан. Бид Энэтхэг, Европ, Австрали, Америк гээд дэлхийн өнцөг булан бүрт аж төрөн суугаа газар нутагтаа өөрсдийн дүр төрх, төвөд хүний мөн чанар, үзэл санаагаа хадгалан хамгаалж ирлээ. Эрх чөлөөт дэлхийд амьдарч буй бид бүхэн Төвөд нутагтаа байгаа ахан дүүсийнхээ төлөөлөл юм. Төвөд хүний мөн чанар, халуун сэтгэлийг хадгалж хамгаалж ирсэн нийт төвөдүүддээ миний бие чин сэтгэлээсээ талархаж байна” хэмээн айлдлаа.

“Бид Энэтхэг улсад хүрэлцэн ирсэн даруйдаа тус улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр хүүхэд багачууддаа зориулан сургуулиудаа байгуулсан. Үүний дараа Өмнөд Энэтхэгийн төвөд суурингуудад эртний Наландагийн уламжлалыг өвлөн хадгалсан сүм хийдүүдээ дахин сэргээж чадсан юм. Энэхүү уламжлалыг анх VIII зуунд Шантаракшита гэгээн, XI зуунд Атиша гэгээн нар бидэнд түгээн дэлгэрүүлсэн бөгөөд тэд хоёулаа бидний өнөөдрийн саатан буй энэхүү Бенгал нутгаас гаралтай билээ. Наландагийн уламжлалын нэг гол онцлог нь аливааг учир шалтгаан, логик сэтгэлгээнд тулгуурлан таньж мэдэх явдал юм. Бурхан багш өөрөө:
Аяга тахимлаг болон мэргэд ээ,
Алтны чанарыг шатааж, тасдаж, давтаж үрж шалгадаг шиг
Миний зарлигийг сайтар шинжээрэй,
Шинжсэнийхээ дараа хүлээн аваарай — Сүсэг бишрэлийн тулд биш шүү” хэмээн сургасан байдаг.”
Дээрхийн гэгээн үргэлжлүүлэн Бурхан багшийн сургасан сэтгэл судлал, учир шалтгаан, логик ухааныг хамгийн нарийн бөгөөд оновчтой илэрхийлж чаддаг Төвөд хэлний ач холбогдлыг онцлон тэмдэглэв. Тэрээр санскрит хэлнээс орчуулагдсан Бурхны шашны асар их өв соёл болох Ганжуур, Данжуурын ном судрууд энэхүү хэл дээр бичигдсэн болохыг хуран цугласан олонд сануулан айлдлаа.
Дээрхийн гэгээн "Бодь сэтгэлийг үүсгэх" зан үйлийг хөтлөн явуулахынхаа өмнө Бурхан, Ном, Хувраг буюу Гурван эрдэнийн тухай тайлбарлав. Ингэхдээ "Ном" гэж чухам юу болохыг ойлгох нь нэн тэргүүний зорилт бөгөөд үүнд тулгуурлан Бурхан болон Хувраг эрдэнийг илүү гүнзгий таньж мэдэх боломжтойг онцоллоо. Тэрээр Номын мөн чанарыг ойлгохын тулд "Хоосон чанар"-ын тухай тодорхой ойлголттой байх хэрэгтэйг сануулав. Гэхдээ энэ нь аливаа зүйлийг огт байхгүй гэж үзэх "хоосон үзэл" биш юм. Харин оршин буй бүх зүйл бусад хүчин зүйлээс хамааран, харилцан шүтэлцээтэйгээр урган гардаг тул өөрийн мөн чанараас бүтээгүй, хоосон гэсэн утга юм. Энэхүү үзэл санаа нь орчин үеийн квант физикийн шинжлэх ухааны "юмс үзэгдэлд бодит (объектив) оршихуй гэж үгүй" хэмээх онолтой яв цав нийцэж байгааг Дээрхийн гэгээн онцлон тэмдэглэлээ.

Дээрхийн гэгээн хуран цугласан оюутан залууст хандан төвөд хэлээ марталгүй, түүнийг эзэмшихийн тулд ямагт хичээл зүтгэл гаргахыг урамшуулан дэмжив. Тэрээр Бурхны шашны гүн ухаан болон сэтгэл судлалыг заавал шашин талаас нь бус, харин шинжлэх ухааны арга барилаар, эрдэм шинжилгээний үүднээс судалж үзэхийг зөвлөв.
Бурхан багш юмс үзэгдлийн харагдах байдал болон мөн чанарын ялгааг тайлбарласан "Үнэмлэхүй" ба "Харьцангуй" хэмээх хоёр үнэний тухай сургасан байдаг. “Зүрхэн судар”-т "Дүрс бол хоосон чанар" хэмээн өгүүлдэг нь юмс үзэгдэл өөрийн талаас бие даан орших чанаргүй бөгөөд зөвхөн бусад хүчин зүйлээс хамааран оршдог гэсэн утга юм. Энэхүү хоёр үнэнд тулгуурлан Бурхан багш "Хутагтын дөрвөн үнэн" буюу зовлон, зовлонгийн шалтгаан, зовлонг гэтлэх нь болон түүнд хүрэх зам мөрийн тухай сургаалаа айлджээ. Дээрхийн гэгээн эртний Наландагийн 17 бандида нарын гүн ухааныг дээдлэн, тэдэнд зориулж өөрийн туурвисан 'Наландагийн 17 бандидагийн магтаал'-аас нэгэн бадгийг ийнхүү эш татлаа:
“Юмс үзэгдлийн оршихуйн мөн чанар болох хоёр үнэнийг таньж мэдсэнээр,
Орчлонд хэрхэн хүлэгдэж, түүнээс яаж ангижрах Хутагтын дөрвөн үнэний учир шалтгаан тодорхой болно.
Учир шалтгаанд суурилсан бодит танин мэдэхүйгээр Гурван эрдэнэд бишрэх итгэл маань цуцашгүй бат болж,
Гэтлэх мөрийн үндсийг өөрийн сэтгэлд цогцлоох адис ерөөлийг хайрлан соёрх.
Дээрхийн гэгээн Далай лам энэхүү айлчлалынхаа хүрээнд Энэтхэгийн Худалдааны танхимын (ICC) урилгаар тус хотноо саатан морилов. Танхимын 250 орчим гишүүн болон хүндэт зочид түүнийг халуун дотноор угтан авсан бөгөөд арга хэмжээний эхэнд Дээрхийн гэгээн зул өргөөд, хүрэлцэн ирсэн олонд хандан айлдвараа айлдахаар тухлан суув.

“Би илтгэлээ ямагт ‘Хүндэт ах, эгч дүүс минь’ хэмээх мэндчилгээгээр эхэлдэг. Учир нь өнөөдөр дэлхий дээр оршин буй 7 тэрбум хүн бүрийг би ингэж л ах дүү шигээ боддог юм. Бид бүгдээрээ эхээс мэндэлж, эхийн хайр энэрэлд өлгийдүүлэн өссөн. Энэхүү хайр халамж нь бусдыг хайрлах сэтгэлийн үрийг бидэнд суулгаж өгдөг билээ. Хүний үндсэн мөн чанар нь энэрэнгүй сэтгэл байдаг гэдгийг шинжлэх ухаан ч баталдаг. Нийгмийн амьтны хувьд бид бүгдэд энэрэн нигүүлсэх сэтгэл байдаг ч тэр нь ихэвчлэн унтаа байдалд байдаг. Үүнийг сэрээхийн тулд бид, хүн төрөлхтөн нэг гэр бүл, бид бүгд ах дүүс мэт нэгдмэл гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Хүн бүрт үүнийг ойлгуулах нь миний амьдралын гол зорилгын нэг юм.”
“Бурхны шашны лам хүний хувьд би шашин хоорондын эв нэгдлийг бэхжүүлэхийн төлөө зүтгэдэг. Энэтхэг улс бол шашны олон урсгалууд эвтэй найртай зэрэгцэн оршиж болдгийн бодит жишээ юм. Энд үүссэн Санкья, Жайн, Хиндү, Бурхны шашин болон хожим үүссэн Сикх зэрэг уламжлалууд нь гаднаас орж ирсэн Зороастризм, Иудаизм, Христийн болон Исламын шашинтай олон зууны турш амар амгалан зэрэгцэн оршиж ирсэн билээ.”
“Харин төвөд хүний хувьд миний бие 2001, 2011 онуудад ардчилсан сонгууль явуулж, удирдагчдаа сонгосноос хойш улс төрийн үүрэг хариуцлагаасаа бүрэн татгалзсан төдийгүй, цаашид Далай лам нар ийм албан тушаал хашихыг бүрмөсөн зогсоосон юм. Учир нь энэхүү зан заншил нь феодализмын үетэй холбоотой бөгөөд өдгөө цаг үеэсээ хоцрогдсон тул үүнийг өөрчлөх цаг нь болсон. Би кастын тогтолцооны талаар ч мөн ижил бодолтой байдаг. Нийгмийн нэг хэсэг нь онцгой эрх эдэлж байхад, нөгөө хэсгийг нь 'нийгмээс ангид, дорд гаралтан' хэмээн ялгаварлан гадуурхах нь хэдийнээ цаг үеэ өнгөрөөсөн, ардчилсан бус үзэл юм. Үүнийг ч мөн өөрчлөх цаг нь болсон.”

“Би Төвөд орны өндөрлөгийн байгаль орчныг хамгаалах зайлшгүй шаардлагад олны анхаарлыг хандуулах үүрэг хүлээсэн хүн. Энэ нь зөвхөн төвөд хүмүүст биш, харин эх авч урсдаг гол мөрнөөс нь ундны усныхаа хэрэгцээг хангадаг Ази тивийн тэрбум гаруй хүмүүст амин чухал ач холбогдолтой юм.”
“Үүнээс гадна бид Төвөдийн соёлын өвөө хадгалж, хамгаалж авч үлдэхэд ихээхэн анхаарч байна. Өнгөрсөн цаг үед та бүхэн буюу энэтхэгчүүд манай ‘Гүрү’ буюу багш нар байсан бол, төвөдүүд бид та бүхний ‘чела’ буюу шавь нар байсан. Философи, сэтгэл судлал, сэтгэл хөдлөлийн мөн чанар болон учир шалтгаан, логик ухааныг ашиглах талаар бидний та бүхнээс сурсан тэрхүү мэдлэг ухаан өнөөдөр ч дэлхий дахинд хэрэгцээтэй, тустай хэвээр байна.”
Дээрхийн гэгээн өнөөгийн дэлхий ертөнцөд ёс зүйн хямрал нүүрлээд буйг онцлон тайлбарлав. Бидэнд тулгарч буй олон асуудлын үндэс нь ёс зүйн зарчим буюу энэрэн нигүүлсэх сэтгэл дутагдаж байгаатай холбоотой юм. Үүний нэг шалтгаан нь орчин үеийн боловсролын тогтолцоо дотоод үнэт зүйлсийг орхигдуулж, зөвхөн материаллаг зорилгод чиглэж байгаад оршино. Хэрэв бид бусдыг өөрийн ах дүү мэт чин сэтгэлээсээ хүлээн зөвшөөрч чадвал, хүүхдүүд өлсгөлөнгөөр амиа алдахыг зүгээр хараад сууж чадахгүй, мөн өнөөгийнх шиг хүмүүс нэгнийхээ аминд хүрэх аймшигт явдлыг хүлцэн тэвчихгүй байх байсан хэмээн Дээрхийн гэгээн айлдлаа.

Дээрхийн гэгээн айлдахдаа, нийгмийн олон асуудлын уг сурвалж болох сөрөг сэтгэл хөдлөлийг таньж, тэдгээрийг дотоод сэтгэлдээ хэрхэн дарах арга ухаан эртний Энэтхэгийн мэдлэгт хэдийнээ оршиж буйг дурдав. Тэрээр орчин үеийн боловсролыг сэтгэл болон сэтгэл хөдлөлийн мөн чанарыг танин мэдэх эртний Энэтхэгийн гүн ухаантай хослуулах нь хамгийн том шийдэл гэж үзэж байгаа бөгөөд үүнд ихээхэн итгэл найдвар хүлээлгэж байна.
“Иймээс ч,” хэмээн тэрээр тунхаглаад, “миний бие амьдралынхаа үлдсэн хугацааг эртний Энэтхэгийн энэхүү мэдлэг ухааныг тус улсад дахин сэргээж, боловсролын тогтолцоогоор дамжуулан түгээн дэлгэрүүлэх үйлсэд зориулах болно” гэлээ.
Дээрхийн гэгээний энэхүү чин сэтгэлийн үгсийг сонссон зочид талархан хүлээн авч, алга нижигнүүлэн ташив.
Асуулт хариултын үеэр Дээрхийн гэгээн хиймэл оюун ухааны (AI) талаарх үзэл бодлоо хуваалцахдаа, энэ нь хүний оюун ухааныг гүйцэж түрүүлнэ гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлэв. XXI дүгээр зууныг бид өмнөх зуунаасаа илүү амар амгалан байлгахыг хүсэж байгаа бол хуучинсаг сэтгэлгээнээсээ салж, аливаа зөрчил мөргөлдөөнийг хүчээр шийдвэрлэхийг эрмэлздэг хандлагаасаа татгалзах хэрэгтэйг тэрээр санууллаа. Үүний оронд илүү хүнлэг хандлага шаардлагатай байгаа нь Энэтхэгийн олон зууны турш баримталж ирсэн "Ахимса" буюу хүчирхийлэл үл үйлдэх уламжлалт үзэл санаатай яв цав нийцэж байгаа юм. Тэрээр бидний урт хугацааны зорилго нь "зэвсэггүй дэлхий ертөнц" байх ёстойг онцлоод: “Энэ нь тийм ч хурдан бүтэхгүй ч, бидний тэмүүлэх ёстой туйлын зорилго мөн” хэмээн айлдлаа.

Дээрхийн гэгээн өнөөгийн эрчимтэй даяаршиж буй дэлхий ертөнцөд үндэсний хил хязгаар гэдэг өмнөх үеийнх шигээ чухал ач холбогдолтой байхаа больсныг тэмдэглэв. Тэрээр Калифорни мужийн амбан захирагч Жерри Браун "Сансраас энэхүү цэнхэр гарагийг харахад ямар ч улсын хил хязгаар харагддаггүй" хэмээн өөрт нь ярьж байсныг дурдлаа. Дээрхийн гэгээн Европын Холбооны гишүүн орнууд хувийн ашиг сонирхлоосоо илүү Европын нэгдсэн эрх ашгийг дээдэлж ирснийг бахархан сайшаав. Үүний үр дүнд сүүлийн 70 гаруй жилийн турш Европын орнуудын дунд энх тайван тогтож ирсэн түүхэн баримтыг тэрээр онцлон тэмдэглэв.
Бурхны сургаалыг орчин үеийн амьдралд хэрхэн хэрэгжүүлэх тухай асуултад хариулахдаа, Дээрхийн гэгээн Бангалор хотод нэгэн Свамитай (Хиндү шашны багш) хийсэн яриагаа эргэн дурсав. Тэд Бурхны болон Хиндү шашны уламжлалуудад ёс суртахуун, самади, билиг билгүүн – шийла, шамата, випашяна - хэмээх гурван суртгаалыг ижилхэн эрхэмлэдэгт санал нийлжээ. Хэдийгээр тэд "Би бий" (Атман) болон "Би үгүй" (Анатман) хэмээх онолын хувьд зөрдөг ч, энэ нь хувь хүний бясалгалын асуудал юм. Энэтхэгийн олон уламжлалт сургаалууд дотоод сэтгэлийг өөрчлөхөд чиглэдэг бөгөөд Дээрхийн гэгээн үүнийг "сэтгэл зүйн эрүүл ахуйг" сахих буюу сэтгэлийг ариусгах үйл явц хэмээн тодорхойлдог.
Уур хилэн, үзэн ядалт, айдас зэрэг сөрөг сэтгэл хөдлөлүүд нь хүний дархлааны тогтолцоог сулруулдаг бол энэрэнгүй зөөлөн сэтгэл, дулаан уур амьсгал нь хүний нүүрэнд инээмсэглэл тодруулж, эрүүл мэндэд тустай байдгийг шинжлэх ухааны баримтууд ч баталж байгааг тэрээр онцлон айлдлаа.

Талархлын үгс хэлж, арга хэмжээ өндөрлөх мөчид Дээрхийн гэгээн хүрэлцэн ирсэн олонд хандан: “Би ганцаараа юу хийж чадах билээ гэж бүү бодоорой. Аливаа өөрчлөлт ямагт урам зориг дүүрэн нэгэн хувь хүнээс эхэлдэг. Тэр хүн цааш арван хүнд нөлөөлж, нөгөө арван хүн нь дахин арван хүнд нөлөөлөх замаар шинэ санаа түгэн дэлгэрч, эерэг өөрчлөлт бий болдог юм.” хэмээн сүүлийн захиасаа айлдлаа.
Дээрхийн гэгээн үдийн зоог бариад, Дели хот руу нисэхээр Колкатагийн нисэх онгоцны буудлын зүг хөдлөв. Тэрээр маргааш өөрийн оршин суудаг Дарамсала хотноо эргэн морилох юм.










