Энэ өдөр 2001 оны 9 дүгээр сарын 11-нд Нью-Йорк, Вашингтон хотод болсон халдлагаас хойш 10 жил өнгөрчээ. Энэ өдрийг мөн гэм зэмгүй олон мянган хүнийг дурсаж, тэртээх эмгэнэлт явдлын үр нөлөө одоо ч үргэлжилсээр буйг тунгаах учиртай. 9 дүгээр сарын 11-ний тэр аймшигт үйл явдал хүний оюун ухаан болоод хүчирхэг технологи үзэн ядалт, өшөө хонзонд автагдвал бид өөрсдөдөө ямар аймшгийг авчирч болдгийг сануулсан сургамжит явдал байлаа.
9 дүгээр сарын 11-ний өвдөлт дүүрэн дурсамжаас бид сургамж авч, үзэн ядалтын мэдрэмжид автагдвал ямар сүйрэл дагуулдаг болохыг улам тодорхой ухамсарлах хэрэгтэй. Энэ эмгэнэлт үйл явдал надад дэлхийн олон үндэстэн, шашин, соёл хүмүүсийн хооронд энх тайвнаар хамтран орших харилцан ойлголцлыг төлөвшүүлэх нь нэн яаралтай агаад чухал асуудал гэдэгт итгэх итгэлийг минь улам бэхжүүлсэн билээ. Иймд бидний олон төрлийн шашны уламжлал энэрэнгүй, тайван ертөнцийг цогцлоохын төлөө бүх хүчин чармайлт, хувь нэмрээ оруулах ёстой юм.
Дээрхийн гэгээн Далай лам 2011 оны 9 дүгээр сарын 9
Энэхүү мэдэгдэл нь “9 дүгээр 11-ний дараа бид шашны тухайтад юу сурсан бэ?” цувралын хэсэг болон 2011 оны 9 дүгээр сарын 10-нд “Washington Post”-ын “On Faith” цахим сэтгүүлд нийтэлсэн бөгөөд бусад шашны удирдагчдын мэдэгдлүүдийн хамт хэвлэгджээ.
Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун










