Сүүлийн үед Төвдөд болсон харамсалтай, эмгэнэлт үйл явдалд санаа зовниж буй дэлхийн улс орнуудын удирдагчид, парламентын гишүүд, төрийн бус байгууллагууд, олон нийтэд талархаж буйгаа илэрхийлье. Хятадын эрх баригчдыг тайван жагсагчидтай хүлээцтэй харьцахыг сануулж, асуудлыг шийдвэрлэхийн тулд үр дүнтэй яриа хэлэлцээ хийхийг уриалж байгаад би бас талархаж байна.
Энэхүү эсэргүүцлийн жагсаал цуглаан нь Төвдийн Өөртөө Засах Муж дахь төвд ард иргэд төдийгүй түүнтэй хил залгадаг Чинхай, Ганьсу, Сычуань, Юнань мужид харьяалагддаг Төвдийн уламжлалт газар нутаг олноор оршин суудаг төвд иргэдийн олон жил бугшсан дургүйцлээ илэрхийлж буй хэлбэр гэж би үзэж байна.
Баттай эх сурвалжийн мэдээлснээр, Хятадын эрх баригчид Төвдийн уламжлалт эдгээр бүс нутагт их хэмжээний цэргээ байршуулж, үймээн самуунд оролцсон гэх нэрийдлээр төвд иргэдийн эсрэг хүч хэрэглэж, эсэргүүцлийн жагсаал болсон газрыг бүсэлж хаасан аж.
Иймд жагсагчдын эсрэг хүчирхийлэл үйлдэж буйг нэн даруй зогсоож, баривчлагдаж саатуулагдсан бүх хүмүүсийг суллан, шархадсан хүмүүст зохих эмчилгээ хийлгэхийг уриалахад та бүхний дэмжлэгийг хүсч байна. Шархадсан олон төвд иргэд хятад эмнэлгүүдэд очихоос эмээж байгаа гэх мэдээлэл байгаа тул, эмнэлгийн тусламж хүртэх боломж хомс байгаад бид маш их санаа зовниж байна.
Иймд олон улсын хараат бус хөндлөнгийг байгууллагын төлөөлөгчдийг илгээж, эмх замбараагүй байдал ба түүний гол үндсэн шалтгааныг судлах, мөн хэвлэл мэдээллийнхэн болон олон улсын эмнэлгийн багийг гамшигт өртсөн бүс нутагт очиж ажиллахыг хөхиүлэн дэмжихийг би та бүхнээс хүсч байна. Дээр дурдсан төлөөлөгчид газар дээр нь очсоноор Төвдийн ард иргэдэд итгэл найдвар төрүүлэхээс гадна Хятадын эрх баригчдын үйлдлийг зогсоож хязгаарлах нөлөө үзүүлнэ.
ДАЛАЙ ЛАМ
2008 оны 4-р сарын 2
Холбоо барих:
Нарийн бичгийн дарга Чимэ Ригзин Чойкяпа: +91 (0)9816021879
Дэд нарийн бичгийн дарга Тэнзин Таклха: +91 (0)9816021813










