Өнөөдөр би дэлхийн өнцөг булан бүрт, үүнд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад амьдран суугаа хятад ахан дүүсдээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна. Сүүлийн үед Төвөдөд болж буй үйл явдлаас үүдэн, би та бүхэнтэй Төвөд, Хятадын ард түмний харилцааны талаар санал бодлоо хуваалцаж, уриалахыг хүслээ.
Саяхан Төвөдэд болсон эмгэнэлт үйл явдлын үеэр хүний амь эрсдсэнд гүнээ харамсаж байна. Бас хятад иргэд ч амиа алдсан билээ. Хохирогчид болон тэдний ар гэрийн төлөө санаа зовниж, тэдний төлөө залбирч байна. Сүүлийн үеийн үймээн самуун нь Төвөдийн нөхцөл байдал хүндэрч, харилцан яриа хэлэлцээний замаар энх тайванч, харилцан ашигтай шийдлийг нэн даруй эрэлхийлэх шаардлагатайг тодорхой харууллаа. Энэ мөчид ч би Хятадын эрх баригчдад энх тайван, тогтвортой байдлыг бий болгохын төлөө хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.
Хятад ахан дүүс ээ, би Төвөдийг салан тусгаарлах хүсэлгүй гэдгээ батлан хэлье. Мөн Төвөд, Хятадын ард түмний хооронд хагарал үүсгэх хүсэл надад байхгүй. Эсрэгээрээ би хятад, төвөд иргэдийн урт хугацааны эрх ашигт нийцсэн арга замаар Төвөдийн асуудлыг шийдэх жинхэнэ шийдлийг олохын төлөө зорьж ирсэн билээ. Миний санааг зовоож буй гол асуудал бол Төвөдийн ард түмний өвөрмөц соёл, хэл, үндэсний онцлогийг хадгалах явдал юм. Өдөр тутмын амьдралаа бурхны шашны ёс жаягаар амьдрахыг эрмэлздэг жирийн нэгэн хувраг хүний хувьд миний урам зориг чин сэтгэлээсээ гэдгийг баталж байна. Хятадын эрх баригчдад би байр сууриа тодорхой ойлгуулахыг зорьж, эдгээр асуудлыг "баримтаас үнэнийг хайх" замаар шийдвэрлэхийн төлөө ажиллахыг уриалсан билээ. Би Хятадын удирдагчдад хандан мэргэн ухаанаар Төвөдийн ард түмэнтэй утга төгөлдөр яриа хэлэлцээ эхлүүлэхийг уриалж байна. Мөн БНХАУ-ын тогтвортой байдал, эв найрамдлын төлөө чин сэтгэлээсээ хүчин зүтгэж, үндэстэн хоорондын хагарал үүсгэхгүй байхыг уриалж байна. Төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Төвөдөд болсон сүүлийн үеийн үйл явдлуудыг худал, гуйвуулсан зураг дүрс ашиглан харуулах нь урт хугацаанд урьдчилан таамаглах аргагүй үр дагаварт хүргэх үндэстэн хоорондын хурцадмал байдлын үрийг тарьж болзошгүй. Энэ нь миний санааг машид зовоож байна. Түүнчлэн Бээжингийн олимпыг би удаа дараа дэмжиж байсан хэдий ч, Хятадын эрх баригчид хятад иргэд болон миний хооронд хагарал үүсгэх санаа зорилгоор намайг тус олимпын наадмыг болиулахыг оролдож байна гэж мэдэгдэж байна. Гэвч Хятадын нэлээд хэдэн сэхээтэн, эрдэмтэн Хятадын удирдлагын үйл ажиллагааны алсын таагүй үр дагавар, ялангуяа янз бүрийн үндэстний хоорондын харилцаанд ихээхэн санаа зовниж буйгаа илэрхийлсэнд би урамшин зоригтой байна.
Эрт дээр үеэс төвөд, хятад ард түмэн хөрш зэргэлдээ амьдарч ирсэн. Манай хоёр улсын ард түмний 2000 жилийн түүх шастирт бид найрсаг харилцаа тогтоон, бүр ураг садны холбоо барилдаж байсан ч, хоорондоо тэмцэлдэх үе ч бас гарч байсныг тэмдэглэсэн буй. Гэвч бурхны шашин Энэтхэгээс Төвөдөд ирж дэлгэрэхээс өмнө Хятадад цэцэглэн хөгжсөн тул төвөдүүд бид Хятадын ард түмэнд номын ах, эгчийн хайр хүндэтгэл үзүүлж ирсэн түүхтэй. Үүнийг номын айлдварт минь оролцохоор эх газрын Хятадаас ирдэг мөргөлчид ч, өөр улс оронд амьдардаг хятад сүсэгтнүүд ч сайн мэддэг болохыг тэдэнтэй уулзах завшааны үеэр байнга сонсдог. Эдгээр уулзалт нь манай хоёр ард түмний хоорондын ойлголцолд хувь нэмрээ оруулах боломжтой гэж би боддог.
Дэлхийн олон улс оронд ХХ зуунд асар их өөрчлөлт гарсан бөгөөд Төвөд ч мөн адил энэхүү давалгаанд өртсөн юм. Бүгд Найрамдах Хятад Ард Улс 1949 онд байгуулагдсаны дараахан Ардын чөлөөлөх арми Төвөдөд нэвтрэн орж, эцэст нь 1951 оны 5-р сард Хятад, Төвөдийн хооронд 17 зүйл бүхий хэлэлцээр байгуулсан. 1954-1955 онд намайг Бээжинд айлчлан, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их хуралд оролцох үеэр Мао дарга тэргүүтэй олон удирдагчтай биечлэн уулзах завшаан тохиосон юм. Чухамдаа Мао дарга надад олон асуудлаар зөвлөгөө өгсний зэрэгцээ Төвөдийн ирээдүйн талаар хувийн баталгаа гаргаж өгсөн юм. Эдгээр баталгаанд би үнэмшиж, тухайн үеийн Хятадын хувьсгалт удирдагчдын хичээл зүтгэлээс урам зориг авч, итгэл үнэмшил, өөдрөг сэтгэл дүүрэн Төвөдөд буцаж ирсэн. Хятадын Коммунист намын зарим төвөд гишүүд ч ийм итгэл найдвар тээж явсан. Лхас хотод буцаж ирснийхээ дараа би БНХАУ-ын бүрэлдэхүүн болсон Төвөдөд жинхэнэ автономит мужийн эрх олж авахын төлөө өөрийн чадах бүхнээ хийсэн билээ. Автономит эрх нь Төвөд, Хятадын ард түмний урт хугацааны эрх ашигт хамгийн сайн нийцнэ гэдэгт би итгэсээр байсан юм.
Харамсалтай нь Төвөдөд 1956 оноос нөхцөл байдал хурцдаж эцэстээ 1959 оны 3-р сарын 10-нд Лхас хотод тайван эсэргүүцлийн хөдөлгөөн гарсны улмаас би дүрвэхэд хүрсэн юм. Хэдий БНХАУ-ын засаглалын үед Төвөдөд олон эерэг өөрчлөлт гарсан ч, өмнөх Банчэн ламын 1989 оны 1-р сард тэмдэглэсэнчлэн эдгээр хөгжил дэвшил нь асар их зовлон зүдгүүр, сүйрлийн золиосоор бий болсон. Төвөдүүд байнгын айдастай амьдарч, Хятадын Засгийн газар тэднийг хардаж сэрдэхээ зогсоогоогүй. Гэвч Төвөдийн ард түмнийг хэрцгийгээр дарангуйлсан Хятадын удирдагчдад дайсагнахын оронд, би тэднийг найрамдаж нөхөрлөөсэй гэж залбирч Энэтхэгт ирснээсээ хойш нэг жилийн дараа буюу 1960 онд:
"Тэдний зөв, бурууг ялгах мэлмий нээгдэх болтугай
Тэд хайр хийгээд нөхөрлөлийн ёсыг дагах болтугай" хэмээх утгатай залбирал бичсэн билээ.
Төвөдийн зон олон, сургуулийн хүүхдүүд ч өдөр тутмын залбиралдаа эдгээр мөрийг уншдаг.
1974 онд би тухайн үеийн өөрийн кабинет (сайд нарын танхим), Төвөдийн Ардын Төлөөлөгчдийн Хурлын дарга, дэд дарга нартай нухацтай ярилцсаны эцэст бид Төвөдийг Хятадаас салгахгүй, харин Төвөдийг энх тайвнаар хөгжүүлэх “дундад мөрийн зам”-ыг эрэлхийлэхээр шийдсэн. Хэдийгээр соёлын хувьсгал ид өрнөж байсан тухайн цаг дор бид БНХАУ-тай ямар ч холбоогүй байсан ч, эрт орой хэзээ нэгэн цагт Төвөдийн асуудлыг хэлэлцээрээр шийдвэрлэх ёстой гэдгийг бид аль хэдийн ухамсарласан байв. Наанадаж орчин үеийн шинэчлэл, эдийн засгийн хөгжлийн хувьд Төвөд орон БНХАУ-ын бүрэлдэхүүнд байх аваас ихээхэн ач тустай гэдгийг бид бас хүлээн зөвшөөрсөн билээ. Төвөд хэдийгээр эртний соёлын баялаг өвтэй ч, материаллаг хөгжил сайн бүрэлдээгүй билээ.
Дэлхийн дээвэрт оршдог Төвөд орон бол Азийн олон гол мөрний эх сав газар юм. Тиймээс Төвөдийн өндөрлөгийн байгаль орчныг хамгаалах нь нэн чухал ач холбогдолтой. Бидний хамгийн их санаа зовнидог зүйл бол бүх нийтийг энэрэн нигүүлсэхүйн үнэт зүйлд үндэслэсэн Төвөдийн Бурханы шашны соёлыг хамгаалахын зэрэгцээ, мөн төвөд хэл, Төвөдийн үндэсний онцлогийг хамгаалах явдал тул төвөд зон олонд жинхэнэ утгаар бие даасан засаглалыг бий болгохын төлөө бид зүрх сэтгэлээсээ хичээнгүйлэн зүтгэж ирсэн. БНХАУ-ын үндсэн хуульд төвөд зэрэг үндэстэн ястнуудыг өөртөө засах автономит эрхтэй байхаар тусгасан байдаг.
Тухайн үеийн Хятадын их удирдагч Дэн Сяопин 1979 онд миний элчин төлөөлөгчид "Төвөдийн тусгаар тогтнолоос өөр бусад бүх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой" гэсэн баталгаа өгсөн. Бид Төвөдийн асуудлыг БНХАУ-ын Үндсэн хуулийн хүрээнд шийдвэрлэх аргачлалыг аль хэдийнээ тодорхойлчихсон байсан тул энэхүү шинэ боломжид хариу өгөхөд нэн таатай байсан юм. Миний төлөөлөгчид БНХАУ-ын албаны хүмүүстэй олон удаа уулзсан ба 2002 онд харилцаагаа шинэчилснээс хойш бид зургаан удаа уулзалт хийжээ. Гэвч үндсэн асуудлын талаар тодорхой үр дүн огт гараагүй. Хэдий тийм боловч өмнө олон удаа мэдэгдсэнчлэн, би “дундад мөрийн зам”-ыг тууштай баримталж, яриа хэлэлцээний үйл явцыг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа энд дахин нотолж байна.
Энэ жил Хятадын ард түмэн Олимпын наадмын нээлтийг бахархалтайяа, тэсэн ядан хүлээж байна. Би Бээжин хотод Олимпын наадмыг зохион байгуулах эрх олгохыг анхнаасаа дэмжиж ирсэн агаад тэр байр суурь өөрчлөгдөөгүй хэвээр билээ. Хятад улс дэлхийд хамгийн олон хүн амтай, урт удаан түүхтэй, баялаг соёл иргэншилтэй улс юм. Өнөөдөр Хятад улс эдийн засгийн гайхам ахиц дэвшлийнхээ ачаар дэлхийн агуу хүчирхэг гүрэн болж байна. Үүнийг сайшаахаас өөр аргагүй. Гэвч Хятад улс ил тод байдал, эрх чөлөө, хууль дээдлэх зарчмуудад суурилсан нээлттэй, эв найрамдалтай нийгмийг байгуулах замаар дэлхийн хамтын нийгэмлэгийн хүндэтгэл, бахархлыг олж авах ёстой. Тухайлбал, Хятадын олон иргэний амьдралд сөргөөр нөлөөлсөн Тянь Ань Мэний талбайн эмгэнэлт хэргийн хохирогчдод нөхөн төлбөр ч, албан ёсны хариулт ч өгөөгүй. Үүний нэгэн адил хөдөө орон нутагт амьдарч буй олон мянган жирийн хятад хүмүүс орон нутгийн шулаач, авлигачин албан тушаалтнуудын шударга бус үйлдэлд өртөж хохирород тэдний хууль ёсны гомдлыг үл тоомсорлодог, эсвэл хүчирхийлэлтэй тулгардаг. Би хүмүүн заяат хүний хувьд, бас өөрийгөө БНХАУ-ын нэгэн том гэр бүлийн гишүүн гэж үзэхийг хичээдэг нэгэн болохынхоо хувьд ч, дээрх төвэгтэй асуудлаар санаа зовниж байгааг илэрхийлж байна. Энэ талаар би Ху Жинтао Ерөнхийлөгчийн "Эв найрамдлын нийгэм" байгуулах бодлогыг өндрөөр үнэлж, дэмжиж байгаа ч, ийм нийгэм нь харилцан итгэлцэл, эрх чөлөө, үүнд үг хэлэх, хууль дээдлэх зарчмуудад тулгуурлаж байж бүрэлдэх боломжтой. Эдгээр үнэт зүйлсийг хүлээн зөвшөөрвөл Төвөд, Зүүн Туркистан, Өвөрмонголын нийт 24 сая хүн амын дөнгөж 20%-ийг эзэлдэг уугуул иргэд болох үндэстний цөөнхтэй холбоотой олон чухал тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломжтой гэдэгт би гүнээ итгэдэг.
Төвөдийн тогтвортой, аюулгүй байдал нь БНХАУ-ын тогтвортой, аюулгүй байдалд хамаатай гэж Ху Жинтао Ерөнхийлөгч саяхан мэдэгдсэн нь Төвөдийн асуудлыг шийдвэрлэх шинэ эрин эхэлж буйг илтгэж буй хэмээх найдварыг надад төрүүлж байлаа. Төвөдийг Хятадаас салгах гэж оролдоогүй байтал БНХАУ-ын эрх баригчид намайг “салан тусгаарлагч” хэмээн буруушаасаар байгаа нь тоогүй. Түүнчлэн Лхас хот болон бусад олон газар төвөдүүд өөрсдийн зэвүүцэл дургүйцлээ илэрхийлж жагсахад Хятадын эрх баригчид намайг уг жагсаал цуглааныг зохион байгуулсан гэж шууд буруутгаж байв. Энэ таамгийг нэр хүндтэй байгууллагаар шалгуулахыг би уриалсан.
Хятад ахан дүүс ээ, та бүхэнд хаана амьдарч буйгаасаа үл хамааран, манай хоёр ард түмний хоорондын үл ойлголцлыг арилгахад туслахыг би сэтгэлээ чилээн уриалж байна. Түүнчлэн Төвөдийн асуудлыг харилцан ойлголцол, яриа хэлцэл, энх тайван замаар, алсдаа өгөөжтэй байхаар шийдэхэд туслахыг та бүхнээс хүсэж, уриалж байна.
Залбирал, ерөөлөө зориулъя,
Далай лам
2008 оны 3-р сарын 28
Холбоо барих:
Нарийн бичгийн дарга Чимэ Ригзинг Чоекяпа: +91 (0) 9816021879
Дэд нарийн бичгийн дарга Тэнзин Таклха: +91 (0) 9816021813










